"Уншигч" булан маань энэ удаад саяхан манай орчуулагч Б.Сувддуламын орчуулгаар уншигчдын гарт хүрсэн, Туркийн зохиолч Элиф Шафакийн "Хайрын дөчин дүрэм" романыг уншаад бидэнд сэтгэгдлээ ирүүлсэн Г.Энхгэрэлийн бичвэрийг танд хүргэж байна. Г.Энхгэрэл МУИС-д Утга зохиол судлаач мэргэжлээр 4-р түвшинд суралцдаг аж.
Хайрын дүрэм бус, оршихуйн мөн чанарын дүрэм
"Хайрын дөчин дүрэм" номд бол зөвхөн хайрын дүрэм бус, оршихуйн мөн чанарын дүрмийг сийрүүлжээ. Гэвч дүрэм гэх үг зүйд эс нийцнэ. Тэбризийн Шамсын хэлсэнчлэн “Хүн төрөлхтөн дүрэм, ёс зүйг өөрсдөө л гаргаж түүндээ захирагдах гэдгээс" бус бурхны заасан дүрэм огтоос биш ажээ.
Уран зохиолын шинжлэлд аливаа бүтээлийг орон, хэл, цаг, дүр гэсэн дөрвөн хүчин зүйлээс хамааруулан судлан шинжилвэл дөхөмтэй байдаг. Эл романы үйл явдлууд орон болоод цаг хугацааны шугаман бус урсгалд өрнөх аж. Зохиолын шугам орчин үеийн нэгэн эмэгтэйн амьдрал, 13-р зууны үеийн яруу найрагч Румигийн амьдрал (миний хувьд дэрвиш Тебризийн Шамсын байр суурийг илүүд үзэж байна) гэсэн хоёр замаар явсан нь сонирхол татам юм.
Тэбризийн Шамс балчирхан хүү байхдаа л бурхныг нүдээр үзэж, тэнгэр элчийг бодитоор харсан гэвч үнэндээ нүдээр үзэж, бодитоор харсандаа бус тэдний мөн чанарыг таньсанд л учир буй. Миний хувьд тэр өөрөө бурхан байж. Хүн шашинд сүсэгтэй дүр эсгэлээ ч түүн шиг мөн чанарыг нь таньсан нь даанч цөөхөн болов уу. Харин Руми Шамстай учрахаас өмнө бүхний хайр, хүндэтгэл, жаргалыг ханатлаа эдэлсэн ч зовлон гээчийг мэдрэлгүй явсан хүн байв.
Тэрээр огтоос мэдрээгүй зүйлийнхээ тухай бусдад номлосон ч сүсэгтнүүд үгэнд нь итгэж, даган дуурайхыг хичээдэг. Намайг багад гэрийнх нь шалыг дутуу арчсанд нагац эгч “Ийм юм хийж чадахгүй яаж айлын авгай (эхнэр ч биш шүү) болох вэ!” гэж загнаж билээ. Тэгмэгч гэдэн хөдлөөд “Тэгвэл иймэрхүү аар саар ажлыг хүн хөлслөөд хийлгэчих чадвартай болтлоо суралцаж, хөдөлмөрлөхөд л болно” гэж хариулсан сан. Зохиолд Кимьягийн ээж охиноо Румид шавь оруулж эрдмийн мөр хөөлгөхөөс илүү хөнжил нэхэж, гэрийн ажилд суралцсан нь дээр гэж хэлдэг шиг. Ер нь эмэгтэй хүнийг үнэлэх үнэлэмж ийм л юм даг уу даа. Их Британид л гэхэд дөнгөж 1870, 1872 он хүрч байж эмэгтэйчүүд хуулиар л хөрөнгө эзэмших эрхтэй болжээ. Түүнээс өмнө эмэгтэй хүний цалин, өв залгамжлал, газрын эзэмшил шууд нөхөрт нь шилждэг байж. Гэхдээ орчин цагт энэ мэт үнэлэмж өөрчлөгдөж байгаа гэж боддог.
Зохиолын бүтэц хүүрнэлийн, харилцан ярианы, захидлын гэх мэт аргуудыг бүтээлчээр ашигласан нь өвөрмөц онцлогтой болгожээ. Дүрмүүдийн нэгэнд нь “Жинхэнэ бузар буртаг, дотоод сэтгэлд л бий. Гаднах буртаг бол угаахад л арилна. Рашаан усаар угаагаад ч арилдаггүй буртаг бол сэтгэлд бугласан хар хор хийгээд хорсол зэвүүцэл. Биеэ ариусгая гэвэл мацаг барьж нүглийг тэвчихэд л болно, харин сэтгэлээ ариусгая гэвэл зүрхээ хайраар дүүргэх хэрэгтэй” гэжээ. Нээрэн л Цөлийн сарнай нэрт биеэ үнэлэгч, Хасан шиг гуйлгачин, архичин Сулейман мэт хүмүүстэй бид өдөр тутам таардаг. Арчаагүй, нийгмийн хог шаар гэж тэднийг зүхэж, хараадаг бид л тэндээс илүү бузар буртгийг сэтгэлдээ тээж явдаг биз. Учир шалтгааныг нь ч мэдэхгүйгээр шүү.
Эцэст нь энэ бол шашны тухай ч биш, яруу найрагчийн тухай ч бас биш, бид аливааг дэндүү өнгөцхөн дүгнэж, өөрт хамааралгүй зүйлийг ч шүүн тунгаах гэж оролддог гэх мэт олон санааг тусгасан бүтээл юм. Миний энд бичсэн зүйл ч зохиолыг өнгөц л дурдаж байгаа юм. Зөвхөн нэг талаас нь. Уншсан, мэдэрсэн хүн бүр олон талаас нь тайлах биз.
Хайр бол эгэл агаад ариухан, энэ л байгаагаараа төгс. Хайр бол ус. Хайрласан хүн бол гал. Гал, ус хоёр нэгдсэн цагаас эхлээд ертөнц тэр чигтээ өөрчлөгддөг. Хайрын дөчин дүрмийн хамгийн сүүлийнх нь энэ.