Д.ХУЛАН: БИДНИЙ ШАШИН БОЛ ХАЙР
2020-05-31 Уншигч 2287

Саяхан Б.Сувддуламын орчуулгаар тагтаа паблишингаас эрхлэн гаргасан “Хайрын дөчин дүрэм” будаг нь ханхалсан шинэхэн номыг гараасаа тавьж чадахгүй, тавьсан ч бодолд минь эргэлдсээр уншиж дуусгалаа.

13-р зууны үеийн суут найрагч Румигийн агуу нөхөрлөл, хайр, амьдралын оргил үеийн талаар номд өгүүлсэн. Түүний амьдралд Шамс ямар нөлөө үзүүлсэн хийгээд өөрчилсөн тухай. Номын өвөрмөц бүтэц намайг татсан. Роман доторх роман гэгчээр тэр үеийн Исламын ертөнцийн суут найрагчийн талаар өгүүлэхийн сацуу одоо үед амьдрах гурван хүүхэдтэй жирийн нэгэн бүсгүйн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буй талаар давхар өгүүлсэн аж. Чингэхдээ эдгээрийг сүлэлдүүлж байгаа өгүүлэмж нь өөрөө онцгой. “Яруу доромж” буюу Руми, Тебризийн Шамс, түүний хайрын дөчин дүрмийг өгүүлэх романы зохиолч Азизтай Элла бүсгүй ажил хэргийн шугамаар мэйл бичилцэж эхлэх ч яваандаа тэдний дунд хайрын гал маналзана. Ийнхүү эл хоёр тэс өөр өгүүлэмж явсаар эцэстээ уусан нэгдэхийг мэдэрлээ. Роман таван мах бодь буюу газар, ус, салхи,гал, огторгуй гэсэн таван хэсгээс бүрдэнэ. Таван махбодийн давтагдашгүй шинж чанарын дор үйл явдал өрнөсөн гэж ажиглав. Одоо юу гарах бол гэсэн догдлолыг эрхгүй төрүүлэхээс гадна номноос авч үлдэх сургамжууд үнэ цэнэтэй. Олон ч үйл явдлыг өгүүлж, нэгийг ухааруулсаар эцэстээ бүхний хариултыг хайр гэдгийг ойлгоно.Мөн “Яруу доромж” романы эхэнд “Дорно зүгт цэргийн суут жанжин Чингис хаанаар удирдуулсан сахилга бат өндөртэй монгол цэргүүд нүд ирмэхийн зуурт хүчийг авч байлаа” гэж өгүүлдэг. Монголчуудын байлдан дагууллын үеийн Исламын ертөнцийг өгүүлсэн тул бидний мэдэх түүхийг урвуугаар нь мэдрэх боломжийг олгожээ.Романаас христ, муслим, хинди буддист аль ч шашин бай нэг мөрөнд цутгах олон голын судал мэт нэг агуулгатай гэдгийг мөн ойлгоно. Руми энэ талаар Шамсд шүлэглэн өгүүлсэнд Шамс түүнийг хэтдээ дуурсагдах агуу найрагч гэдгийг нэхэн санадаг, Руми ч хожим түүний хүслээр гарамгай найрагч болон түүхэнд нэрээ дуурсгасан.“Христ, жүүд, муслим, хинди, буддист, суфи, зэн аль нь ч бишХаръяалагдах шашин, хамаарах соёл үгүйӨрнө хийгээд дорнын алинд ч үл багтахҮлдэх ул мөр, орших газар үгүй нэгэн билээ би.”Номын зохиогч Элиф Шафакийн үзэл бодол романд нэвт шингэсэн гэдгийг түүний өгсөн ярилцлаганд болон TED илтгэлээс нь мэдэх боломжтой. Шашин, соёлын, цөөнхийн, улсынхаа гээд олон хананд хашигддаггүй задгай сэтгэдэг сайн зохиолч санагдлаа.Эцэст нь дураараа биш дүрмээрээ хайрлацгаая.

“Хайрын дөчин дүрэм” номоос миний онцлох эшлэлүүд болон хайрын дүрмүүд

“Хувьсал өөрчлөлтөөс халширч бүү зугтаа. Харин ч таатайгаар хүлээн ав. Амьдрал орвонгоороо эргэлээ гэж адгаж бүү зов. Туулж гарснаас чинь илүү сайхан амьдрал тосоод угтах ч юм билүү, хэн мэдлээ.”

“Хүний амьдрал урьдаас хатуу төлөвлөгдөхийг хувь тавилан гэдэггүй. Тиймээс хорвоо ертөнцийн хөг аялгуу үүсэн бүрэлдэхэд хувь нэмрээ оруулахаас татгалзаж, бүхнийг хувь тавиланд даатган үлдээнэ гэдэг харанхуй бүдүүлгийн шинж. Хорвоо ертөнцийн хөг аялгуу хаа сайгүй тархаж, дөчин өөр түвшинд дуурьсдаг билээ. Чи өөрийн хөг аялгууг хаана дуурьсгана тэнд л чиний хувь тавилан буй.”

"Харин ч бүр тамын галыг унтрааж, диваажинг галдмаар байна, тэгж байж л хүмүүс бурхныг шалтгаангүй хайрладаг болно.”

"Хөлчүүрхсэн юм уу хөнгөн явдалтай эмэгтэй рүү харц шидсэн хүнийг чулуугаар шидэх атлаа бурхны нүдэнд бүр ч том нүгэлтэн болдог ховч этгээдийг буруу зүйл хийсэн гэж харах нь үгүй.”

“Үнэнийг хэлэх тусам өөртөө дайсан хураадаг. Хайрын тухай ярих тусам хүмүүс чамайг үзэн яддаг.”

“Хайр гэдэг чинь эгээ л торго шиг юм: зүрх шимширмээр эмзэг нандин атлаа гайхмаар бат бөх.”

"Хайрыг эрж эхэлсэн цагаас хүн өөрөө өөрчлөгддөг. Хайрыг эрж олох их аянд гарсан хүний бие, сэтгэл зам зуурт төгөлдөрждөггүй. Өөрөөр хэлбэл хайрыг хайж эхэлмэгц хүн өөрөө дотроосоо ч гаднаасаа ч өөрчлөгддөг.”

“Хэрвээ зөвхөн сайханд нь л анхаарал хандуулаад, саарыг нь авч хэлэлцдэггүй бол хайр гэгч зүйл нэр шигээ үнэ цэнэтэй байж чадна гэж үү? Сайныг сайшааж мууг нь муушаах шиг амархан зүйл үгүй. Хэн ч үүнийг чадна. Харин сайн, муу хоёрыг хамтад нь хайрлана гэдэг л жинхэнэ сорилт. Тэгэхдээ өөтэй, өөгүй хоёрыг ижил түвшинд байлгах гэсэн хэрэгцээнээс илүүтэй иймэрхүү хэвшмэл ойлголтуудыг огоорч, хайрыг байгаа чигт нь хүлээн авах тухайд хэлж байгаа юм шүү.”

"Там диваажин хоёр яг одоо энд бий. Тиймээс тамаас айж, диваажинг мөрөөсөхөө болигтун. Зүрхээ хайраар дүүргэх бүрдээ бид диваажинд хүрдэг. Харин үзэн ядаж, атаархаж, арцалдан тэмцэлдэх болгондоо тамын галд шатаж байдаг.”

"Хайрыг тайлбарах аргагүй. Гагцхүү мэдэрч л болно. Гэхдээ хайр хэдий тайлбарлагдашгүй ч тэр өөрөө бүхнийг тайлах түлхүүр билээ.”

“Байгаль эх тэр чигээрээ хөг аялгуунаас бүрддэггийг тэд анзаардаггүй юм байхдаа? Энэ ертөнцийн юм бүхэн айзам хэмнэлтэй- зүрхний лугшилт, шувуудын далавчны дэвэлт, шуургатай шөнийн салхи, төмрийн дархны багажийн дуу, эхийнхээ хэвлийд байгаа ургийн сонсдог чимээ...”

Өдөр бүрийг нэг л янзаар өнгөрүүлнэ гэдэг үнэхээр гунигтай. Бид урсан одох хором бүхний хэрээр, уушгиа цэнэглэх амьсгал бүрийнхээ тоогоор шинэчлэгдэж байх учиртай. Амьдралаа цоо шинээр эхлэх цор ганц арга бий: тэр бол үхэл ирэхээс өмнө үхэх.”

"Бидний шашин бол хайр юм. Хүн төрөлхтөн бид зүрх сэтгэлээрээ холбогдсон уртаас урт гинж билээ. Нэгэн хэлхээ тасрахад өөр нэг нь түүнийг нөхнө.”

“Сонсголонтой, сэтгэл хөдөлгөм, нууцлаг. Тэгэхдээ нэг л ер бусын, этгээд ч гэмээр. Яг л хайр шиг.”

“Хайранд шошго нааж, тайлбар зүүх ямар ч шаардлага байхгүй. Хайр бол эгэл агаад ариухан, энэ л байгаагаараа төгс. Хайр бол ус. Хайрласан хүн бол гал. Гал, ус хоёр нэгдсэн цагаас эхлээд ертөнц тэр чигтээ өөрчлөгддөг юм.”

Д.Хулан

Түр хүлээнэ үү...
Top