"Ширээний ном" буланд маань энэ удаад МУЗН-ийн төслийн ажилтан, Энхбаярын Энхтайван хэмээх уншигч залуу уригдлаа. Улс төр судлаач мэргэжилтэй Энхтайваны сонголт таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Номын нэрийн утга англиар бол SOUL гэж буух байх. ФБ дээр МонбүүкКлуб гэж их буянтай групп байдаг юм. 14 хоногтоо нэг цуглаж, сонгосон номынхоо талаар хэлэлцдэг. Ирэх улиралд ямар ном сонгохоо цуглан санал болгож, бусдаасаа дэмжлэг авч чадвал хэлэлцэх номын жагсаалтад оруулна. Хэлэлцэх номын жагсаалтад өөрийн санал болгож буй номоо оруулахын тулд сайн "рекламдах" хэрэгтэй болно. Энэ номыг Эрдэнээ гэх залуу их сайн рекламдсан гэх үү дээ, товчхондоо бол миний уншиж эхэлсэн шалтгаан тэр. Рекламдахдаа "Энэ номыг уншсанаар Япончууд яагаад харакири, сэппүки, амиа хорлолт гэх мэт зүйлтэй их нарийн холбоотой байдаг талаар, ер нь Япончуудын сэтгэлгээний онцлог шинжийн талаар ойлголттой болно," гэсэн нэг өгүүлбэр нь чихний минь хажуугаар сул өнгөрөөгүй гэх үү дээ. Чухам эдгээр асуултынх нь хариултыг шүүж уншсандаа ч тэр үү, дараа нь зохиолыг уншсан хүмүүстэй хэлэлцэж сууснаас ч болсон уу, надад лав энэ зохиол их амттай санагдсан. Амттай гэснээс зохиол их удаан хэмнэлтэй, өрнөл нь ч их удаан. Тэгсэн мөртлөө их амттай төгсөнө. Төгсгөл рүүгээ дөхөх тусам "-Битгий л ингээд дуусчихаасай," гэж эрхгүй бодогдуулсан ном байлаа. Зохиол Нэгдүгээр биеэс хүүрнэх бөгөөд өгүүлэгч этгээд өөрөө романы гол дүр байна. Басхүү түүний хуурай ах гэж хэлж болох нууцлаг, ертөнцийг үзэх өвөрмөц үзэлтэй /ямартаа ч өгүүлэгчид тэгж санагддаг/ Сэнсэй хоёрын харилцаа, тэдэнд тохиолдох бэрхшээлтэй асуудлууд, амьдралаас авах сургамжуудаас зохиолын гол санаа биелнэ. Энэ бүхэн нь мэдээж амиа хорлолтын тухайд тэдний үзэлтэй холбоотой гэхээр сонирхолтой сонсогдож буй болов уу гэж найдна. Уншаад үзээрэй гэж санал болгох байна.
Хэрвээ танд "Үхлийн тууриуд" нэртэй, Япон зохиолчдын, олон төрлийн үхлийг дүрсэлсэн богино өгүүллэгийн түүвэр таалагдсан бол Кокорог заавал уншаарай гэж зөвлөе. Гүүглдэхэд л э-ном нь англи дээр ядах юмгүй олдож байна лээ. Япон хэлтэй хүн болгон бараг энэ номыг уншчихсан байдаг болов уу гэмээр, Япондоо их алдартай ном гэж дуулсан. Зохиогч Нацумэ Сосэкэйн хөрөг нь 2000-иад оныг хүртэл 1000 иений дэвсгэрт дээр "заларч" байсан гэхээр ямар алдартай зохиолч гэдэг нь харагдах биз ээ.