Үй Хуа зохиолчтой “Амьдрахуй” туужаар нь уншигч олон нэгэнт танилцаад авсан. Олон хүний оюун бодол, мэдрэмжийг хөглөөд авсан тус туужийн араас орчуулагдсан “Цусаа худалдсан тэмдэглэл” романыг өнгөрсөн сар уншиж дуусгалаа. Тус романы бичиглэлийн хэлбэр, агуулга, философи үзэл санаа, товч бөгөөд тодорхой дүрслэл, нарийн чамбай орчуулга, найруулгыг биширсэн гэдгийг цохон тэмдэглье.
Хятад хүн гэж тодотгоод байдаг цаад гүн ухаан, нарийн утга агуулгыг тус романыг уншиж байхдаа илүү ихээр мэдэрсэн гэхэд болно. 2018 оны зун урд зүг рүү анх удаа аялаад хятад хүний талаар дүр дүрслэл нэлээд буучихсан учир “Амьдрахуй” тууж, “Цусаа худалдсан тэмдэглэл” ромыг унших явцад дүрүүдийн зан авир, гаргаж буй үйлдэл, нүүр хувирал гэх мэт нарийн дүрслэлүүд сэтгэлд их л ойр буув. Ингээд өөрт төрсөн мэдрэмжээ хуваалцах нь…
НЭГ: ТҮҮХЭЭР АМИЛСАН ДҮРҮҮД
Түүх бол бүхий л үндэстэний хувьд асар үнэ цэнтэй сургамж, бахархал, үнэт зүйл, бүхий л тусгаар тогтнолын суурь хундаам билээ. Бүхий л түүх тэр чигээрээ сургамж байдаг. Амьдрал ба мөхлийн дундаас төрсөн асар их үнэ цэнээр бидэнд ирсэн сургамж юм. Тус роман 1966–1976 онд хүртэлх 10 жил үргэлжилсэн Соёлын хувьсгалын үеийг даван туулах Хятадын ард түмний аж амьдралаар дамжуулан тухайн үеийн нийгмийг нарийн дүрсэлж, хүний мөн чанар, хүний дотоод тэмцэл, асуудлыг хөндсөн гайхалтай зохиол…
Тухайн үеийн нийгмийн байдлыг дүр бүхэнд нарийн тусгаж, логик дараалал, үйл явдлын нарийн төлөвлөлт, товч бөгөөд тодорхой, олон зүйл нуршилгүй товчхон илэрхийлсэн нь уншихад төвөггүй, илүү амттай байлаа.
Соёлын хувьсгал өрнөсөөр өнөөдрийг хүрэхэд би багахан зүйл л ойлгож авч. Юунд “Соёлын хувьсгал” гэж нэрлэдэг гээч? Нидэр дээрээ хувийн өшөөг хувьсгалаар л авч байгаа хэрэг. Хуа “ Цусаа худалдсан тэмдэглэл” 173 дахь тал
Хятадын түүхийг төдийлөн судлаж байгаагүй ч тус романы ачаар нэлээд олон чиглэлийн мэдээллийг судлаж, ойлголт мэдлэгээ зузаатгаад амжсан. Зарим дүр дүрслэл, үйл явц нь Монгол улсад тохиож байсан их хэлмэгдүүлэлтийн үеийг ч санагдуулж байлаа. Яагаад түүхээр амилсан дүрүүд гэж нэрлэсэн гэхээр зохиолч өөрөө тус түүхийн гол гэрчийн нэг бөгөөд тухайн үед мэдрэгдэж байсан мэдрэмж, үйл явдал, дүр дүрслэлийг зохиолын дүр бүхэнд сайтар бодож тунгаан хувааж өгсөн нь сэтгэл хөдөлгөм байв. Түүхэн үйл явцын үр нөлөөнөөс үүдэлтэйгээр дүр бүхний хувирал, шилжилт, дүрийн дотоод мөн чанарыг улам бүр нээж уншигчийг улам бүр шимтэн уншихэд хүчтэй нөлөө үзүүлж байв. Зохиолыг унших тусам тухайн цаг хугацаанд аль хэдийн амьдарч байсан мэт, дүрийн мэдэрч буй бүхнийг өөрийн сэтгэлдээ хүлээн авч яг л соронз шиг байсныг нуух юун.
Түүхэн үйл явцыг ромонаар дамжуулан уншигч олонд хүргэх хэн бүхний хийж чадах зүйл биш гэж бодож байна. Түүхийг гуйвуулахгүйгээр, тэр үеийн дүр дүрслэл, мэдрэмж бүхнийг хамгийн хүчтэйгээр амьлуулж чадах хүчин зүйл өөрөө мэдлэг дээр үндэслэгдсэн, түүхээр амьлуулсан дүрүүд гэж бодож байна. Тэр ч утгаараа тус бүтээлийн хамгийн хүчтэй зэвсэг дүр, дүрээр дамжуулан уншигч олонд өгч буй хүчтэй мэдрэмж, дүр дүрслэл, сэтгэлгээ, философи үзэл юм.
Хүн бүрд л энгийн амьдрал дээрээ илэрхийлж гаргаж болохгүй хүсэл, сэтгэл хөдлөл байдаг байх. Харин бичдэг хүн бол дотор нь төрөөд байгаа тэр хүсэл, сэтгэл хөдлөлүүдээ өөрийн зохиосон уран сайхны ертөнцдөө чөлөөтэй илэрхийлж болно. Бичих нь миний амьдралыг бүтэн болгодог. ҮЙ ХУА: БИЧИЖ БАЙЖ МИНИЙ АМЬДРАЛ БҮТЭН БОЛДОГ ярилцлагын хэсгээс
ХОЁР: ХҮНИЙ МӨН ЧАНАР БА АМЬДРАХУЙД ТЭМҮҮЛЭГЧ
Үй Хуа зохиолчийн “Амьдрахуй” туужийг уншаад хүний сэтгэлийг ингэж савлуулж чаддаг хүчтэй зохиолч вэ? Зүгээр ч нэг үйл явдлууд бус урам зориг, амьдралын хамгийн хатуу бүхнийг уншигчдад мэдрүүлж зоригтойгоор дүрүүдийг үгүй хийх явцдаа олон санаануудыг эвтэйхнээр дотоод ертөнц рүү гулгуулж чадсанаараа надад илүү их сэтгэгдэл төрүүлсэн юм.
Харин энэ удаагийн бүтээл “Амьдрахуй” туужаас арай өөр. Хэцүү гэвэл үгүй ээ. Харин үнэнг хамгийн ихээр шингээн бичсэн. Үнэн ба хүний мөн чанрын талаар хамгийн эвтэйхнээр уншигчдад ойлгуулж чадсан. Миний дотоод хүнийг хүчирхэг болгоход асар хүчтэй нөлөө үзүүлж чадсан. Бусад хүнд хэрхэн туссан гэдгийг мэдэхгүй ээ. Надад бол гүн сэтгэгдэл төрүүлсэн нь дүрийн хувирал. Хүнийг хэзээ ч харагдаж байгаагаар нь бүү дүгнэ. Дотоод хүнийг нь таниагүй байж хүн бүрийг гаднаас дүгнэх гээд байдаг одоо цагийн оршихуйн төлөөлөлд ёстой л дунд хуруу өгөх шиг л болсон.
Яагаад гэвэл би 17-р бүлэг /энэ хүртэл үнэндээ жаахан залхмаар болж эхэлсэн юм. Тэр ядаргаатай уйлаан, байдаг л нэг зөрүүд нөхөр, сураад авчихаар юу ч байхгүй юм шиг сонирхолгүй болхи санагдаж эхэлсэн/ хүртэл нэг өнцгөөр бүх дүрийг харж байсан. Шү Юй Лан болон Шү Сан Гуань бусад туслах дүрүүдийг ч өөрийн хүслээр аль хэзээний хайрцаглаад уншчихсан. 18-р бүлгээс хойш миний дотор өөрийн эрхгүй гэрэл асах шиг л болсон. Ялангуяа Шү Юй Лан, Шү Сан Гуань нарын алсын хараа, дотоод хүний хүчирхэг байдлууд илрэн гарч өмнөх төсөөллүүдийг минь зад цохиж чадсан. Цааш хөврөх бүрдээ дүрүүд дотроо нуугдаж байсан хамгийн сайхан талуудаа нээж эхэлсэн. Хайрламаар, бишэрмээр болж эхэлсэн. Хэчнээн хэцүү байсан ч, хэчнээн зовлонтой байсан ч амьдрах итгэлээ хэзээ ч алдаагүй. Амьдралд гоншогонож үзээгүй. Уншигчид маш их урам, маш их хүч өгсөн. Ёстой л бүхий л нууцаа дэлгэх шиг амттай байсан.
Амьдралд тэмүүлэх гэдэг үхэлд тэмүүлэхийн нэр биш. Харин амьсгалахад, амьдралын үнэ цэн, үнэнд тэмүүлсэн тэмүүлэл юм. Амьдрахад хэр их тэмүүлнэ тэр хэмжээгээрээ чамд нууцаа дэлгэж болдогийг харуулах шиг. Би энэ зохиолоос маш их урам авсан.
Хүн хүний мөстэй байх ёстой шүү. Чамаас ямар ч хариу хүсэхгүй. Үй Хуа “ Цусаа худалдсан тэмдэглэл” 164 дэхь тал
ГУРАВ: НАМАЙГ ХАМГИЙН ИХ ДОГДЛУУЛСАН ХЭСГҮҮД
Шү Сан Гуань гэрийнхэндээ бүгдэд нь дуртай хоолыг нь хийж өгдөг хэсэг. Миний шүлс хүртэл урсаад л байсан. Гэхдээ тэр өлсөөд биш амьдралын хамгийн амттай хэсгийг дүрүүдтэй хамт амтлах шиг тийм л жаргалтай агшин байсан.
Шү Сан Гуань “Ууж дуусаад аавдаа бүгд мөргөөрэй, надад өгсөн бэлэг болог” гэж хэлдэг хэсэг. Амьдралд үнэтэй бэлэгнээс илүү сэтгэлийн бэлэг ямар хүчтэй гэдгийг мэдрүүлсэн.
И Лэ хүүгээс гарсан үйлдэл бүр… Хэлсэн үгс бүр түүнд улам бүр татагдахад хүргэсэн. Мэдээж Шү Сан Гуанийн гаргасан хатуурхал бүрийн цаад нинжин сэтгэл ухаан бол үнэхээр бишрүүлсэн. Ялангуяа хамгийн сүүлийн хүүгийнхээ төлөө хийж буй зүрх өвтгөм үйлдлүүд.Би чиний хүү юм бол чи миний аав биш гэж хэлдэг хэсэг.
Бас Шэн Лигийн хоолны газар луу дагуулж явдаг хэсэг, Хэ Шиао Юуны байшин дээрээс ааваа намайг аваарай гээд уйлдаг хэсэг. Бас үйлдвэрт И Лэгийн гаргасан үйлдэлд Шү Сан Гуань баярладаг хэсэг.Хамгийн сүүлд өөр өөртөө зориулж цусаа худалдах гээд чадаагүй ч гахайн шарсан элэг, шар архи эхнэр нь авч өгдөг хэсэг- Өөрийгөө хайрлах бас амьдралын чухал хэсэг дээ.
ДӨРӨВ: ЗОХИОЛООС ҮЛДСЭН ХҮЧИРХЭГ ИШЛЭЛҮҮД
Хүн бол төмөр, хоол бол ган, ган төмөр бол улсын хоол, нэг үгээр хэлбэл улсын тутарга, арвай. Өөр үгээр хэлбэл улсын загас, улсын мах. Ган төмөр боловсруулах нь газарт тутарга тарих лугаа адил…
Бүтэлгүй явдал тохиолдохын цагт бэлтгэлтэй байх нь бэлтгэлгүйгээс хавь илүү. Ухаалаг хүний үйлдэл ухрах зам өөртөө үлдээдэг.
Хүн ер нь сайн үйл их хийж явах ёстой юм. Саар мууг тэвчиж явахгүй бол хариу нь тэр дороо ирдэг.
Өнгөрсөн явдал бол өнгөрсөн л явдал. Бид зүрх сэтгэлээсээ арчиж хаях хэрэгтэй
Хүн хүний мөстэй байх ёстой юм шүү. Чамаас ямар ч хариу хүсэхгүй.
Хүний зүрх, ходоод хоёр юутай хол зайтай вэ. Хүний зүсийг танихаас зүрхийг нь танихгүй юм.
Хүч гэдэг зүйл мөнгөтэй адилгүй. Мөнгө хэрэглэх тутам хорогддог, хүч хэрэглэх тутам нэмэгддэг. Чи гэрт өдөржин ингэж хэвтэж байвал хүч тамир чинь тэр хэрээр багасна. Буцаж очоод өдөр бүр ажилла, өдөр бүр хөлсөө гарга, хүч тамир чинь эргээд ирнэ. Аажим аажим нэмэгдэнэ…
Мөнгөө битгий үрээрэй. Сайн төмрөөр хутга л хийх ёстой шүү…
2020.02.13
Улаанбаатар хот
У. Ганбаяр