Хятадын шинэ цагийн хамгийн эрэлттэй зохиолчдын нэг, утга зохиолынхны дунд хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох Жеймс Жойсын шагналыг анх 2002 онд хүртсэн хамгийн анхны хятад зохиолч болох Үй Хуа (Yu Hua)-гийн “Амьдрахуй” романыхаа дараагаар бичсэн “Цусаа худалдсан тэмдэглэл” романыг уншаад эрхгүй эцэг хүний хайрыг мэдэрлээ.
Монголчуудын эцэг хүний тухай ярихдаа “Хал нь гаднаа хайр нь дотроо” гэж ярьдаг тэр л хайрын тухай энд өгүүлдэг юм шиг. Эцэг гэдэг хүн гэр орон, үр хүүхдүүдээ хүн болгон өсгөж хүмүүжүүлэхийн тулд юу бодож санаж, юу эсийг хийдгийг бас юу эсийг тэвчдэгийг харуулжээ. Эцэг хүнд тэвчээр дуусах гэдэг ойлголт байдаггүй бололтой. Бие сэтгэлийн аль аль тэвчээрийн тухай энд хэлж байна. Энэхүү зохиолд Хятадын Соёлын хувьсгалын үе болон түүний дараах үеийн хүнд хэцүү, ээдрээтэй, тодорхойгүй нийгэмд амь зууж буй нэгэн айлын амьдрал гарна. 3 хүү, эхнэрийн хамт амьдардаг жирийн нэгэн, олноос онцгойрох юу ч үгүй нэгэн залуу хэрхэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж буй түүхийг өгүүлдэг. Тэрээр амьдралынхаа туршид үр хүүхдүүдийнхээ төлөө цусаа худалдаж мөнгө олсон тохиолдол хэд хэдэн удаа гардаг. Зайлшгүй шаардлагаар мөнгө хэрэг болох үед тухайн үед цусаа худалдах нь хамгийн их мөнгө авчрах боломж байсан юм. Цус худалдах гэсэн энэхүү үйлдэл нь мөн эцэг эх хүн үр хүүхдийнхээ төлөө мах цусаа зориултал зүтгэдэг гэдгийг бас давхар харуулж байгаа символик үйл болов уу. Мөн зохиолын гол баатар том хүүгээ өөрийн хүү биш гэдгийг мэдсэнээс хойш хүн л болсон хойно эхнэртээ уурлаж, хүүгээ нүд үзүүрлэж, хүүгийн жинхэнэ эцгийг зэвүүцсэн ч эцсийн эцэст хэрхэн “хүний хүнээр хүн хийж байгаа”-г харуулдаг нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Хэдийгээр хүүг гомдоож, үнэнийг ил болоход өөрөө ч тэр ичгэвтэр байдалд орж байсан ч гэлээ чин сэтгэлээсээ хандвал юу тарьна түүнийгээ хураана гэдэг шиг төрсөн хөвгүүдээс нь ч илүү том хүүтэйгээ дотно болсон билээ. Тэр хүүгийн төлөө амь насаа золионд гарган явдаг тэр хэсэг үнэхээр өр өвдөм, хүндлэм санагдаж билээ.
Мэдээж миний дуртай Тагтаа паблишингийн орчуулагч орчуулсан болхоор үнэхээр чанартай бас баавартай байна лээ 😆. Мэдэхгүй мэдэхгүй монгол үг, хэллэг, хэлцүүд гарч ирээд л. Тэрийг нь мэдэхгүй өөрөөсөө ичмэр аядаад л 😝 Ялангуяа сүүлийн үеийн залуучууд бид эх хэлээ мартаж, гадны үг хэллэг, хэлц их хэрэглэж ярьдаг болсон цагт иймэрхүү орчуулга сайтай, үгийн баялаг ихтэй зохиол уншиж байхад гэмгүй.
Хүүрнэсэн харилцан яриа хэлбэрээр бичсэн болхоор ч тэр үү маш амархан уншигддаг зохиол санагдсан. Амттай, шимтэй, мөлжүүртэй сайхан зохиол байна аа. Манайд ч бас үр хүүхдээ өсгөх гэж юу эсийг хийдэг эцэг эх олон байдаг. Тэгсэн манай орчин цагийн зохиолчид яагаад энэ энгийн юм шиг хэрнээ амьдралын чухал сэдвийг, ийм гоёоор, гэхдээ хэтрүүлэг, элдэв маяггүйгээр бичихгүй байгаа юм бэээ? Бодит сэдэвүүд нь гудамжаар гараад жоохон анзааргатай явахад л байгаа шүү дээ уг нь. Тэрний оронд сонин сонин хайр дурлал, Америк боевик киноноос үзсэн гэмт хэрэг, эмэгтэйчүүдийн баахан зөвлөгөө ч юм шиг дурын сайтад л байж байдаг мэдээллийг хувь хүний хөгжил гэсэн сүржин нэр доор бөөгнөрүүлээд ном болгоод гаргачихдаг гээд шүүмжтэй л бас хандах юм. Илүү ихийг уншигч бид нар нь хүсэх юм. 😊 Заза юутай ч тануус бас умшаарай. #YuHua #chronicleofbloodmerchant
#Tagtaa_Publishing
Э. Уянга