***
Номын сүүлчийн хуудас хаагдахад зүрхэн тушаанаа хөндүүр төрж, базлан байхуй. Ажил амьдралын зөргөөр өдөржин адгаж хөлхөхдөө ойрд ингэж уран зохиолд шимтэж, шимширч, санаашраагүйгээ саналаа. Амьдралын аахар шаахарыг бодож санаашрахаас илүү сайхан зохиол, сайн ном уншиж зүрхээ базлуулан гуниглуулах ёстой гэдгийг дахин сануулсан “Цасан хөшиг” номын орчуулагч Мө.Батбаярт талархах хэрэгтэй болж байх шиг байна. Хятадын орчин үеийн уран зохиолын төлөөлөгч Чи Зи Жиантай уншигч биднийг танилцуулсан явдалд талархюу.
“Энэ номын өгүүллэгт буй ухаарч цөхсөн, хүлээж ганцаардсан эмэгтэйчүүдийн дүр товчхондоо Чи Зи Жиан өөрөө л юм, өөр хэн ч биш” хэмээн орчуулагч дүгнэжээ. Магадгүй л юм. “Цасан хөшиг”-ийн эхний хуудас нээгдсэн цагаас л эмэгтэй хүний нарийн торгон мэдрэмж, гуниг ганихрал, цөхрөл, уйт хөнгөн бодрол нүднээ дүрслэгдэж, сэтгэлд зуралзах аж. Түүнээ орчуулагч Мө.Батбаяр яруу тансаг монгол үгийн баялагаар илэрхийлсэн нь ихэд таалагдав. Тэнгэрийн тэхийд бүүрэглэж байгаа тагтаа адил, элстэй хөрсийг сарны гэгээ зулан хулджээ, тэр ягуу ягуухан өтөлсөөр, өвөө минь тэргэл сартайд ажирчээ, загас тэлчлэх, сэлдэгнэх, додомдох, гэх мэт үгсийг орчуулгын номоос олж харах нь жигтэй дотно. Энэ мэт үгсийг дурдахаа түр азная.
Номыг барьж авч уншихад л бодрол эргэцүүлэл, гуниглал төрөхүй.
Нэгэн эргэцүүлэл:
Ертөнц абугай эр эм хүмүүсийн явдал, тэгээд тэдний амьдрал дээр тогтдог гэдэгчлэн уран зохиол гэдэг ердөө л чиний, миний амьдрал юм.
Зохиолч Чи Зи Жиан нь ерөөс жижигхэн тосгонд өрнөх хэсэгхэн хормын үйл явдлаар төлөөлүүлэн бүхэл бүтэн дэлхий ертөнц, хүмүүний амьдрал-замнал, ирж буцах мөчлөг, дурсамж-эгээрлийг уншигч бидэнд өгүүлжихүй. Ирж буцах хүмүүний амьдрал замналыг хэсэгхэн хоромд өрнөх үйл явдлаар төлөөлүүлэн хүүрнэх аж. “Цасан хөшиг” ном “Бутан гахайн тос” өгүүллэгээр эхэлнэ. Өгүүллэг дурдсанаар хүмүүн амьдрал хэмээх урт замыг туулахдаа идэх хоол, үнэт эд эдлэлд ямагт шунан тэмүүлж байдаг амьтан юм. Бутан гахайн тос, маргад эрдэнийн бөгж гэж явсаар нэг насны амьдрал дуусахуйяа хичнээн өрөвдөлтэй. Маргад эрдэнийн бөгжнөөс болж хүнтэй сууж, бүр үхэлд хүрсэн хөөрхий эмэгтэй нөгөө талд нь гэр бүл, бүлтгэр хэдэн үрсээ тэжээх гэж бутан гахайн тос худалдан авч буй эмэгтэй. Ерөөс амьдрал хоёрхон өнгөтэй. Зохиолч амьдралын тэрхүү хоёр өнгийг энэхүү хоёр эмэгтэйн дүрээр сөргүүлэн гаргажээ. Эцэстээ цаг хугацаа, он жилүүд урсахад би, чи, маргад эрдэнийн бөгжний аль нь ч үлдэхгүй.
Угтаа бол энэ өгүүллэгийг уншсанаар амьдралын хоосон чанарыг би өөртөө нээж буй хэрэг биш, ердөө л надад сануулах аж. Уран зохиол ийм. Тухайлбал, “Хэрмэл” өгүүллэгт, амьдралын хоосон чанарыг өөртөө нээж гэгээрсэн гуйрамч хэрмэл эр, тосгоны иргэдийн эд бараанд шунагч сурвалжлагч хүүхэн хоёрын дүр эсрэгцэнэ.
Мөн “Шинэ эхнэр” өгүүлэгт, Тосгоны даргын хүүгээр зодуулж ертөнцийн эрээн барааныг ажрахаа болчихсон Люй Чюй болон нөхрөө эзгүйчлэгч, шуналт эхнэр Хуа Шиу хоёр гээд тоочвол зохиолч нэг дүрээр нөгөө дүрийг сөргүүлэн тодосгохдоо “Амьдрал” урладаг гэлтэй. “Зүсэр борооны бүрий” өгүүллэгт анир гүм амгалан газрыг эрсээр ажин түжин тосгонд ирсэн нэгэн зохиолч, доод ертөнцийг мэдэрнэ. Эхэндээ жийрхэж сэтгэл нь тавгүйтэвч эцэстээ сүнсний гаргах дуу авианаас цааргалж байсандаа харамсдаг. “Модон байшингаас сүнс хөөж зайлуулж байсандаа харамсаж байна. Тэр бол хүмүүний оюун сүнсний дуу авиа буюу жинхэнэ байгалийн эгшиг байжээ. Би яах гэж түүнээс цааргалав аа” хэмээн өгүүлэх нь жигтэй сонин. Өдгөө бидний хэн маань ч доод ертөнцөөс жийрхэж хүлээн авч чаддаггүй ч, сүнс бол хүний оюун ухаан юм, тэрхүү оюун ухаанаас гарах цуурай юм гэдэг санааг зохиолч өгүүлсэн мэт.
Нэгэн гуниглал:
Гуниг ерөөс тархинаас гарч зүрхэнд хүрдэг юм шиг ээ. Зүрхэнд хүрээд цаашаа яадаг бол гэхээс. Уран зохиол уншаад гуниглал төрөх нь надад хамгийн гэгээн. Тэр гэгээ надад
Надад “Цаст булш”, “Шарил сахиж буй хүн үг ярьдаггүй” гэх хоёр өгүүллэг хамгаас “өөр” содон мэдрэмж төрүүлсэн юм. Хоёулаа л үхлийн тухай өгүүлнэ. Хэн нэгэн хорвоогоос одох нь ямархан их гуниг, харуусалд үлдэж буй хүмүүсийг унагадаг гэдгийг эдгээр өгүүллэгүүд өгүүлэх аж. “Үхлийг үхэж буй хүн биш үлдэж буй нь мэдэрдэг” гэдэг дээ. Хайртай дотно нэгнийгээ хөдөөлүүлж ирсний дараа гэр хөндий ханхайж, үгүй болсон хүний орон зайд “хүйтэн” орогнодог гэдгийг би эмээгээ хөдөөлүүлсний дараа л мэдэрч асан юмдаг. “Цаст булш” зохиол надад тэр л мэдрэмжийг нурууны шар үс бостол дахин мэдрүүлэв. Нөхөр нь өөд болоход үлдэж буй эхнэр, охин, хүү гурав нь үхэлтэй хэрхэн нүүр тулж, юу мэдэрч байгааг тодхон дүрсэлнэ. Үхэл гэгч ямархан хатуу, гашуун байдгийг үлдэж буй хэдээр төлөөлүүлж. Гэхдээ үхчихсэн хүний хувьд “Үхэл бол ердөө л амралт, магад хамгийн сайн анагаагч” юм. Гэвч хэзээ бид үхлээс айхаа болих вэ. Магад хэзээ ч болихгүй байх. Чи Зи Жиан үхлийн гашуун, хагацлыг амсан орь ганцаар шаналан, дотроо бэтгэрэх хэн нэгэнд үхлийн үнэнийг “Цаст булш”-аараа дамжуулан хүлээн зөвшөөрүүлэх ч юм бил үү, хэн мэдлээ. Түүнээс “Цаст булш” өгүүллэгт уншигч би дотор нь амьдарч амьсгалж буй мэт мэдрэмж төрснийг энд дурдах хэрэгтэй.
Төгсгөлийн оронд:
Өгүүллэг бүр нь жигтэй сонин мэдрэмжийг надад төрүүлэх эл номыг би хэдэнтээ уншив аа. Унших бүрт уртын урт санаа алдалт, цас лавсан будрах хүйтэнд бага зэрэг даардаг ч таатай мэдрэмж төрөх шиг л болов.
Чи бол амьдрал, би ч бас амьдрал. Цонх цантахад, эсвээс цасан хөшиг нээгдэхэд чи бидэн дуурьсал болон үлдэхээс өөр юу ч биш аж.
П. Урнаа