Шү Сан Гуан - Xu "Sanguine"
"Цусаа худалдсан тэмдэглэл" номны гол дүрийн баатар Сан Гуаны нэр "sanguine" гэх англи үгтэй их төстэй. "Sanguine" хэмээх үг нь нэг талаас амьдралын ямар ч хүнд хэцүү нөхцөлд эерэг үлдэж чаддаг нэгнийг илэрхийлдэг бөгөөд нөгөө талаас цусан улаан өнгийг дүрсэлдэг билээ. Энэ үгийн тайлбар нь манай баатрын зан чанар болон уг номын онцлогтой ховил таарах бөгөөд Үй Хуа зохиолч гол дүрээ санаатайгаар ингэж нэрлэсэн эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч уг номын арын хавтсыг хаах агшинд Шү Сан Гуан миний хувьд "Xu Sanguine" болж төгссөн.
"Цусаа худалдсан тэмдэглэл" номын зохиолын дагуу 2015 хийгдсэн киног үзээд энэ номыг унших сэдэл анх төрж байлаа.
Тухайн үед монгол хэл дээрх хэвлэл байгаагүй бөгөөд орос эсвэл англи хэл дээр унших сонголт байсан. Даанч ази зохиолыг европ хэл дээр унших нь миний хувьд шийтгэл шиг л санагддаг. "Шү" гэхийг "Сюй" гэж бичихээс авхуулаад нүд өвтгөдөг, нөгөө талаас уншигчийн хувьд уран зохиолыг баруун, зүүн гэж хэт ялгадгаас үүдэлтэй байх.
Ихэнх улсад жижигхээн талхны хэлтэрхий хамгийн амттай зүйл болон хувирдаг цаг үе гэж бий. Уг номын үйл явдал яг л тийм цаг үед өрнөнө, Мао Зэдүн даргын коммунист бодлого, бүх улсыг хамарсан өлсгөлөн, ходоод хоосон, сэтгэл дундуур ард иргэд... "Цусаа худалдсан тэмдэглэл" бол ганц хүний амьдралыг бус, бүтэн улсын нэгэн цаг үеийн нөхцөл байдлыг уншигчийн тархинд тарианы зүү зоох шиг часхийтэл үзүүлсэн бүтээл гэж хэлье. Эгэл иргэний ганцхан үг нь бүхэл улсын төрийн дуулал болдгийг айхтар харуулж чаджээ.
"Хэн намайг тэжээнэ, тэр миний эцэг" гэж өөрийгөө дуудлага худалдаанд оруулах жаал хүүгээс авхуулаад дайлсан хоолныхоо төлөө эмэгтэй хүнийг эхнэр нь болохыг шаардах тийм "өлсгөлөн" нийгэм. Орчин үеийн барууны зохиолчдоос барагтаа гардаггүй тийм айхтар нийгмийн тухай эргэцүүлэл, дүрслэлийг энэ ном өөртөө тусгажээ. Гэвч ийм "хүйтэн" сэдвийг хөндөх атлаа ходоод, сэтгэл гэх хоёр эрхтэн шууд хамааралтай байдаггүйг ч бас уншигчдад сануулж, биднийг дулаацууллаа. А. Чеховын хэлсэн гайхалтай үг бий, "сэтгэл гэх эрхтэн хаана байдгийг хэн ч мэдэхгүй, гэвч яаж өвддөгийг бүгд мэднэ" гэж. Сан Гуаны хийсэн үйлдлүүд уншигч бүрийг сэтгэлээ тэмтрэхэд хүргэсэн байх.
Зургийг: Д. Оюунгэрэл
Номын эхэнд Сан Гуан жаахан тэнэг санагдаж байсныг нуухгүй ээ. Хүнд хэцүү, гарцгүй үед цусаа өгөөд л, ухаан муутай, аль эсвэл увайгүй ч юм шиг санагдаж байсан. Харин номын төгсгөлд энэ бодол минь бүрэн өөрчлөгдсөн юм. Хүүгээ дагавар хүүхэд гэдгийг нь мэдсэн атлаа түүний төлөө хичээсээр байх, түүний төлөө бүх зүйлээ зориулсаар байх, түүний төлөө цусаа худалдсаар байх тийм агуу сэтгэлийн тухай уншсан учраас дээрх бодол минь өөрчлөгдөхгүй гээд яах билээ. Үүнд л "хүний цус - худгийн ус" гэх үгний мөн чанар оршиж байгаа болов уу. Хүний цус гээч зүйл цагаа тулвал уснаас хямд атлаа чин сэтгэл, хайр энэрэл гэх зүйлтэй хамт цаг хугацааны лонхонд хйигээд дарчихвал маш үнэтэй дарс болдог ажээ.
Чиний цус хэний судсаар урсах нь хамаагүй, чиний цус хэний төлөө урсах нь л чухал.
Товчхон дүгнэвэл, жижигхээн хүний жирийн амьдралаар бүтэн улсын нэгэн үеийн түүхийг харуулаад зогсохгүй, хамгийн цөвүүн цагт ч энэрэнгүй сэтгэл оршсоор байдгийг жинхэнэ "ази маягаар" мэдрүүлж чаджээ.
Нармандахын Өнөржаргал