***
“Нэрийн дэлгүүрийн эмэгтэй”
Зохиолч: Саяака Мурата
Иргэншил: Япон
Орчуулагч: Б.Дэлгэрмаа
Тагтаа паблишинг
-Уран бүтээлч хүнд уран бүтээлийн[тайзны] нэр гэж байдаг шиг уран бүтээлийн нас, төрсөн он гэж байдаг юм биш үү? Тэр нь олонд цуутай бүтээл туурвисан жилээ өөрийнхөө төрсөн он сар өдөр болгож явна гэсэн үг
Ийм яриа “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” номыг очиж авах үеэр бид гурвын дунд өрнөсөн юм. Авсан номоо гэртээ ирээд уншиж эхэлтэл түрүүчийн яриа маань зохиолч Муратагийн үзэл санаагаар батлагдаад, “ер нь бидний нас бол энэ махан бие цогцосыг л хэмжисэн тоо болохоос биднийг илэрхийлэх хэмжигдэхүүн биш юм биш үү?. Энэ биеэрээ эхээс төрөхөөс гадна, өөр олон хэлбэрээр ахин дахин төрж байдаг юм биш үү?” гэсэн бодол тархин дотор дүүжигнэж эхэллээ. Төдхөн би тэгээд тэр бодолд итгэчихсэн тууж явлаа. Тиймээ, бид нэг амьдралдаа хэд ч мэндэлдэг байж болох юм. Гагцхүү “ахин төрөх” гэдгийг ямар утгаар хүлээж авахаас их зүйл хамаарах нь мэдээж. Биологийн амьтныхаа хувьд бол мэдээж эхээс эхний удаа мэндлэх бол харин цаашид нийгмийн амьтныхаа хувьд хэд хэд мэндэлдэг байж болох.
Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл
"бид бусадтайгаа мэндчилж сурна гэсэн үг, хэл ярианд маань ойр тойрныхон ихэд нөлөөлж найзуудынхаа хэлдэг хараалыг хэлдэг болно гэсэн үг, нутгийн аялга маань засарна гэсэн үг, өөрөөсөө өмнө ахин мэндэлсэн хүмүүстэй адилхан хувцаслаж эхэлнэ гэсэн үг, ямар нэгэн зүйлд санаа зовниж шөнөжин хөрвөөнө гэсэн үг, ялааг сонингоор алж сурна гэсэн үг, цаг агаар, замын түгжрэлд ач холбогдол өгнө гэсэн үг, нямбайлан зассан хумстай гараараа жигнэмэгийг үзүүрээс жижигхэн жижигхэнээр эмтэлж идэж сурна гэсэн үг, хувийн шинжтэй асуултаас булзасхийж хундага тулгаж сүүмийн сууна гэсэн үг, дунд сургууль төгсөж, их сургуульд элсэж, намын гишүүн болж, гадаад хэл сурах гэж махаа идэж, дарга болох гэж үсээ зулгаана гэсэн үг, жолооны үнэмлэх, гэрлэлтийн баталгаа авна гэсэн үг, махны үнийг, шатахууны үнийг эсэргүүцэж олны дунд жагсана гэсэн үг, улсынхаа баяр наадамд зориулж үнэтэй дээл хийлгэнэ гэсэн үг, нийтийн жорлон, нийтийн унаагаар үйлчлүүлж, нийтийн инээд, нийтийн ууртай болно гэсэн үг." Зүгээр л хүн болоод төрөөдөхсөн чинь ийм балай балай юманд суралцах хэрэгтэй болно гэсэн үг. Суралцахгүй бол “галт тэрэгний олон дугуйнаас ганцхан дугуй гэдрэгээ эргэх гэвэл яах вэ? ган төмөр гурил шиг мушгиулж газрын хэвлийд хаягдаж шороо болно” гэдэг шиг л юм болно. Тэгэхээр бид бидэнд өгсөн гарын авлагын дагуу л амьдрах ёстой болж таарахнээ. Жишээ нь чи эрэгтэй хүн бол чухамдаа “ажилна” “гэрлэнэ” гэсэн үг харин эмэгтэй бол “гэрлэнэ” “ хүүхэд төрүүлнэ” гэсэн үг. Энэ бол нийтээр хүлээн зөвшөөрч батласан гарын авлага доторх заалт учраас чи зөрчиж болохгүй. Гэрлэхгүй бол чиний боовонд хүн бүр анхаарал тавиж эхлэнэ. Зүгээр байлгахгүй. Ямар нэгэн хүнтэй нэг гэрт амьдраад эхлэвэл тэд боовонд чинь анхаарал хандуулахаа болиод та хоёроос хүүхэд нэхэж эхлэнэ. Яасан ч зүгээр амьдруулахгүй. Зохиолд энэ асуудлыг маш хурц хөндсөн. Үүнтэй холбоотой санал болгоход “Lobster” гэж киног үзвэл зохиолчийн дэвшүүлсэн асуудалтай уялдаад үнэхээр тасархай мэдрэмж авах болно.
Хүн төрөлхтөний тархинд заавал гэрлэж үр удмаа үлдээх ёстой гэдэг зохиомол үүргийг хэн хэзээ хийчихсэн юм бэ?. Ер нь хүнтэй гэрлэхэд ухаангүй хайр дурлалаас илүү ухамсартай оюун ухаанаар шийдвэл илүү оновчтой гэж би боддог. Товчхондоо бол зүрхээ биш тархиа дага л гэж байгаа юм. Энэ санааг зохиолч маш тодорхой дэвшүүлсэн. Эцэст нь хэлэхэд тэгээд энэ нийгэм биднийг үргэлж ямар нэгэн зүйл хийж байх ёстой, чи өнөөдөр үхчихвэл маргааш нь өөр хүн оронд чинь ажлах ямар нэгэн дэлгүүрийн ч төлөө юм уу амь хайргүй зүтгээд байх, зүтгээд бай, хөдөлмөрлөөд бай гэдэг өвчинд сургачихаж. Орон дээрээ зүгээр сайхан дээшээ хараад хэвтэхийн буруу зүйл гээд ойлгуулчихаж. Аймар ядаргаатай.
Мө. Батбаяр