М.СУВД: Цусаа худалдагчийн тэмдэглэл (SPOILER ALERT!!!)
2019-12-02 Уншигч 866

Юу гэр бүлийг “Гэр бүл” болгон нэгтгэдэг вэ? Судсаар гүйх цус уу? Нэгнээ гэх сэтгэл үү?

Шү Сан Гуань том хүү И Лэ-гээ өөрийн төрсөн хүү бус, өөр нэгний хүү болохыг олж мэднэ. Ийнхүү хууртагдсанаа мэдсэн хойноо хүүгийн төрсөн эцэг болох Хэ Шиао Юн-д доромжлуулсандаа уурлаж И Лэ-г олон жил өсгөсөндөө ч харамсдаг.

Энэхүү романд өшөө авах, хариу авах талаар цөөн хэд дурдагдах ба тэр тоолонд М.Саруул-Эрдэнэ багшийн бичсэн нэгэн нийтлэл санаанд орж ирж байлаа. Тэрхүү нийтлэлд өшөө авалтыг дараах байдлаар тодорхойлсон байдаг.

"Өшөө авалт гэж юу вэ? Нэг тал нөгөөгөө эхлээд доромжлон гутаана. Үүнээс үүсэх сэтгэлийн шарх, үзэн ядалт, сэдэл тэмүүлэл бол өс хонзон юм. Доромжлогдсон тал хожим тэрхүү сэтгэлийн шархаа тайлахын үүднээс дор хаяж анх ямар зовлон амссантайгаа тэнцэхүйц хэмжээний доромжлол, шаналлыг нөгөө талдаа амсуулах нь “өшөөгөө авах”, “хариугаа авах” үйл юм."

Шү Сан Гуань Хэ Шиао Юнаас өшөөгөө авах гэсэндээ 2 бага хүүгээ дуудан ирүүлээд:
- “Би хоёр л хүүтэй. Та нар санаж авцгаа, хэн биднийг ийм янзтай болгосныг...? Хэ Шиао Юн надаас эчнээ ээжтэй чинь сүүлэрч И Лэг хийсэн. Та нар том болоод миний өшөөг Хэ Шиао Юунаас авах хэрэгтэй шүү. Том болоод түүний хоёр охиныг бузарлах юм шүү” хэмээн хэлдэг.

Уур хорсолдоо ийнхүү хэлж байсан Шү Сан Гуань хожим нь И Лэ-г төрсөн хүүгээ мэт хайрлана. Түүгээр барахгүй цусаа гаргаж хөршүүддээ үзүүлэн “дахиж И Лэг миний хүү биш гэж бүү хэл” хэмээн анхааруулж, цаашдаа би л чиний аав байх болно гэж И Лэ-д хандан хэлдэг билээ.

Өш санан байсан Хэ Шиао Юуны хүүг өөрийн хүү хэмээн хайрлах болсон шалтгаан нь юу байв? Хэ Шиао Юныг уучилсаных уу? Эсхүл хариугаа авсан гэж үзсэнийх үү?

Минийхээр бол түүний хариугаа авах сэтгэл нь аль хэдийн ханасных байх. М.Саруул-Эрдэнэ багшийн нийтлэлд бичсэнээр хариугаа авахад арга хэлбэр, боломжийн хувьд хязгаар дүрэм гэж байхгүй, хамгийн гол нь "сэтгэл нь ханах" ёстой. Тэгвэл Шү Сан Гуаны сэтгэлийг хангасан зүйл нь И Лэ-гийн аавыгаа гэх сэтгэл байв. И Лэ нь Хэ Шиао Юуныг төрсөн ааваа хэмээн үзэлгүй үл тоох бөгөөд Шү Сан Гуаныг л эцэгээ хэмээн хүндэлж хайрлана. Энэ нь Шү Сан Гуаны сэтгэлийг хангаж И Лэ-г хүүгээ гэж хайрлах сэдлийг төрүүлж байгаа юм.

Тэгэхээр гэр бүл гэдэгт бидний судсаар хэний цус гүйж байгаа нь гол биш. Тэр байтугай өстний хүү байсан ч хамаагүй, харин нэг нэгэндээ гаргах сэтгэл, хүн чанар билээ. И Лэ хэдий Шү Сан Гуаны мах цуснаас тасарсан хүү нь биш боловч хожим түүний төлөө олон удаа цусаа зарж, амиа эрсдүүлж байгаа Шү Сан Гуаны сэтгэл үүнийг баталж буй юм.

***

Ном унших явцдаа инээмсэглэх нь сайхан боловч дийлэнхи тохиолдолд хөгжилтэй явдал, инээдтэй наргианы талаар уншиж инээдэг байж. Харин Цусаа худалдсан тэмдэглэлийг унших үед инээмсэглэлтэй зэрэгцэн үе үе нүдэнд нулимс цийлэгнэх бөгөөд тэр нь гэр бүлийн мөн чанар, хүний сайхан сэтгэлийн агуу чанарыг биширсэн сэтгэлийн илэрхийлэл байв аа...

М.Сувд

Түр хүлээнэ үү...
Top