Х.Болормаа: "Амьдрахуй”-г тойрсон эргэцүүлэл
2018-10-10 Уншигч 5311

Манай цахим хуудасны хамгийн идэвхтэй булангийн нэг “Уншигч” булангийн шинэ зочныг танилцуулж байна. Х.Болормаа МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгсөн өдгөө олон улсын байгууллагад ажиллаж байна. Тэрбээр “Номтой их багаасаа нөхөрлөсөн. Номыг шимтэн уншдаг ч тэмдэглэл бичих нь ховор байж. Сүүлийн хоёр жилээс бага багаар номын тэмдэглэл хөтлөөд явж байгаа. Ихэвчлэн намтарчилсан, бодит түүх дээр суурилсан, сурвалжийн, үнэн бодит эсвэл юм бодуулсан, илүү гүн ухаанлаг талын уран зохиолын номыг голчлон уншдаг. Хэтэрхий хийсвэр эсвэл хөнгөн талын ном унших тийм ч дуртай биш. Нэг зэрэг олон ном эхлүүлчхээд нэг нь унтаад байвал нөгөөг нь унших гээд сөөлжөөд явдаг” гэсэн юм. Түүний Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романы талаар бичсэн эргэцүүлэмж тэмдэглэлийг хүргэж байна.


“Амьдрахуй”-г тойрсон эргэцүүлэл

Тэнд хайр энэрэл, хүсэл шунал, хагацал зовлон, аз жаргал, итгэл үнэмшил, хичээл зүтгэл, урам зориг, эрч хүч байна.

 Тэнд ер нь бүх юм байна.

Амьдрал өөрөө баялаг, амьдралын туулж өнгөрүүлэх хугацаанд юу ч тохиолдож болно, тэр бүхнийг гагцхүү давж туулах сэтгэл, итгэлийн хүч байна уу, үгүй юу гэдэгт хувь хүний тэнхээ, тэвчээр, хат ухаан хэр байгааг шалгаж, сорьж байгаагийн хэмжээг тодорхойлж гаргадаг байх ...

Юу ч тохиолдож байсан хамгийн хайртай бүхэн орхиод явсан ч бай, хамаг хөрөнгө үгүйрэн сүйдсэн ч бай амьдрах ёстой бол амьдарна, эцсээ хүртэл ганцаараа ч үлдэх нөхцөл байдал бий болсон тэр үед ганцаараа л байж байх болно. Эс бөгөөс үгүй болох заримынх нь хувьд амархан бол, заримынх нь хувьд хүсээд ч хүрч чадахгүй тийм холын болж, зовлон мэт оршсоор л байна.

Нөгөө талаас ийнхүү хамаг зовлонтойгоо, нөгөөтээгүүр эвлэршгүй үнэнтэйгээ эвлэрэн, түүнд шаналан, тэр зовлонгоо бие, сэтгэл, оюунаараа мэдрээд, амьдраад байна гэдэг үйлийн үр ч юм шиг. Хэн нэгнийг зовоосон, хайртай хүмүүсээ шаналгасан, өөрт тохирохгүй буруу үйлдээ шунасан, эргээд олдохгүй цаг хугацааг умартан мансуурсан, хүн чанар, хүн сэтгэлээ гээсэн, ач элбэрэл, хайр халамжийг үл ойшоосон, ер нь амьдралд үйлдсэн бие, хэл, сэтгэлийн нүгэл бүхнийхээ золионд ирж буй үйлийн үрийг нь эргээд бие, хэл, сэтгэлийн зовлонгоор үүрүүлэх гэсэн хувь тавилангийн шийтгэл, өр төлөөс нь бодож үзвэл ойлгуулах, ухааруулах гэсэн сургаал байж гэж үзэх болох ...

Олон хүн хэлсэн юм билээ, хүн зовлонг туулж ухааждаг гэж... гэхдээ зөвхөн тэр зовлонг өөрийн биеэр туулаад ухаажих хэрэг юу ч билээ, зовлон үзсэн хүн, хагацал үзсэн хүн хаширсан сэтгэлээрээ хэлээд байхад яагаад ойлгож болдоггүй юм бэ? Эцсийн эцэст зовлонг өөрс ноогдсон цагт, өөрт тохоосон нөхцөл байдлын дор л ойлгох, мэдрэх, түүнийг даван туулах арга замыг өөрийн онцлогт тохируулан олж авах юм билээ. Тэгэхээр заримдаа би чамтай ижил зовлонтой, над шиг ингэ тэг гэхийнхээ оронд зүгээр л тэр хүнийг чин сэтгэлээсээ сонсох л хамгийн том бас хамгийн ойр тайтгарал болж чадах ...

Эмэгтэй хүмүүс ер нь чин сэтгэлээсээ хайрласан хүнээс хамгийн их тэвчээр, хамгийн их зориг гардаг шиг. Хэлэх үг, хийх үйлдэлдээ хайраа мэдрүүлээд байдаг тийм халамжийг эмэгтэй хүн мэдрэхдээ аз жаргалтай байдаг байх.

Түр хүлээнэ үү...
Top