Д.ДАШМӨНХИЙН САНАЛ БОЛГОХ НОМ
2015-02-22 Уншигч 1832

Та бүхэнд утга зохиолын "Хүрээ ахан дүүс" бүлгэмийн гишүүн, зохиолч, орчуулагч Д.Дашмөнхийн санал болгож буй 10 номыг танилцуулж байна. Д.Дашмөнх бол Роберт Блохийн  "Хэрэмний чихмэл” тууж /1998/, ” Үхлийн тууриуд” Японы сонгодог зохиолчдын өгүүллэгүүдийн түүвэр /2003/, “Харь гаригийн өгүүлллэгүүд” англи америкийн уран сэтгэмжийн өгүүллэгийн түүвэр /2011/, Р.Л.Стивэнсон “Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг” /2014/, “Аравдугаар сарын наадаан” англи америкийн зохиолчдын өгүүллэгүүдийн түүвэр /2014/ зэрэг орчуулгын бүтээлүүдээрээ уншигчдадаа бүрнээ танигдсан манай сайн орчуулагчдын нэг юм. Тэрээр 2012 онд богино өгүүллэгийн “Хуучин хүүхэлдэйнүүд” ном хэвлүүлсэн нь Монголын Зохиолчдын Эвлэлийн шилдэг уран бүтээлийн “Алтан өд” шагналыг хүртсэн билээ.

Мишэль Монтэнь "Эсээнүүд" /Туршцууд/

Энэ ном нь хүн өөрийгөө хэрхэн нээх талаарх хамгийн суут бүтээл гэж би хувьдаа үздэг. Өөрийнхөө мөн чанар дотоод ертөнцийг нээх, түүнийг баримт сэтгэгдэлтэй харьцуулан бичих талаар эдүгээ хүртэл энэ номтой өрсөлдөх уран бүтээл төрөөгүй байна гэж хэлж болно. Хамгийн гол нь баримт үйл явдлын задлан шинжилгээ, сэтгэлгээ, түүнээс урган гарах бодлууд зэргээ маш эмх цэгцтэй зөв логик дараалалтай илэрхийлсэн ном. Дөрвөн зуун жилийн өмнө бичигдсэн болохоор эдүгээ бол инээд хүрмээр баримт ёс суртахууны номлол хоосон хов жив гэмээр зүйлс энэ номд байдаг ч тэдгээр нь "Туршцууд"-ын мөн чанарыг бууруулж огт чадахгүй. Монгол хэлээр Г.Аюурзанын орчуулан гаргасан "Сонгомол эсээнүүд" ном нь сонголтын хувьд чамбай сайн бүтээл.

В.Хауф "Шпессар дахь буурчийн газар"

Аливаа хүн ном уншиж эхлэхдээ /тэр тусмаа монголд/ үлгэрээс эхэлдэг. Өрнөдөд бол Христийн шашин зонхилох учир багаас нь Библи заагаад байдаг бол харин манайд ийм уламжлал үгүй. Нимгэн үлгэр унших амархан харин зузаан үлгэрийн ном тэвчээртэй сууж унших өөр. Мөн угаас утга зохиол нь үлгэрээс эхтэй, хүн бүрийн сэтгэлгээний хөгжил өөр байж болох авч хийсвэр сэтгэж төсөөлөн мөрөөдөж түүнийгээ бодитчилж чаддаггүй хүн байх нь өрөвдөлтэй. Бас хөгширсөн шалтгаар эсвэл өөрийгөө сэтгэлгээний өөр түвшинд гарсан учраас үлгэр унших нь балай явдал гэж цэцэрхээд байдаг хүмүүсийг би хувьдаа ойлгодоггүй.

Рюноскэ Акүтагава "Өгүүлэггүүд"

Хүний мөн чанарыг "маажиж" бичих талаар түүн шиг хурц уран бүтээлч би үзээгүй. Монгол хэлээр орчуулагдсан түүний бүтээлүүд орос хэлнээс орчуулагдсан байдаг бөгөөд япон хэлнээс орос хэл рүү орчуулсан орчуулагч нар нь маш сайн сонголттой орчуулсан байх тул уншихад таатай. Гагцхүү зарим монгол орчуулагч андуурч эндүүрэн алдаа хийсэн байдаг ч Акутагава өөрөө агуу тул ямар ч хэлнээ ойлгогдож болоод байдаг юм болов уу гэж санадаг.

Ричард Бах "Жонатан Ливингстон хэмээх цахлай"

Энэ бол романтик үлгэр маягаар бичигдсэн хүсэл эрмэлзэл зорилго чиглэлийн тухай хамгийн яруу үлгэрүүдийн нэг юм. Энэ зохиолын гүн ухаан ёс суртахууны талыг хүмүүс онцгойлон өргөөд байдаг ч надад бол арай л өөрөөр санаанд буудаг.

 5. Хорхэ Луис Борхэс "Өгүүллэгүүд"

Пост модернизмийн оргилуудын нэг гэгддэг энэ хүний зохиолуудыг уншихад төдийлөн их юмс шаарддаггүй, энгийн сайхан, яруу бичигдсэн байдаг нь надад маш их таалагддаг юм. Кавабатаг уншихад орчны юмс тунгалагшаад явчихдаг бол Борхесийг уншихад дотоод сэтгэл амарлин цэлмэж, аугаа их зорилго, хүсэл эрмэлзэл сэтгэлд давалгаалж өөрийн эрхгүй орчин тойрныхонтойгоо найрсан өөрийгөө эрж хайхад түлхдэг. Монгол хэлээр орчуулагдсан "Хоёр хаан хоёр хонгил", "Зүүдний ном" зэрэг түүврүүд нь сонголт сайтай. Харамсалтай нь түүний шүлгүүд монгол хэлээр тун цөөхөн орчуулагдсан.

Агата Кристи "Арван негр хүүхэд"

Би дандаа хүнд зохиолууд уншаад байх дургүй. Детектив триллер аль аль нь надад зугаатай сайхан санагддаг. Энэ бол алуурчин нь түрүүлээд үхчихсэн байдаг, маш ээдрээтэй 10 аллагын тухай тун сайн бичигдсэн зохиол. Харамсалтай нь нэрээсээ болоод арьс өнгөний үзэл гэсэн хоч зүүгээд байдаг.

Монголын нууц товчоо

Энэ зохиолыг дахин дахин уншихад надад түүхэн үйл явдлууд нь бус харин түүнийг өгүүлсэн арга хэлбэр, шүлэглэл, баримтыг уран сайхантай хольж зүйж бичсэн чадвар нь маш сонирхолтой санагддаг. Магадгүй би сэтгүүлч мэргэжилтэй учраас ийн санагдаж байж болох юм.

М.Булгаков "Мастер Маргарити хоёр"

Миний хамгийн дуртай зохиолуудын нэг. Дуртай учраас санал болгож байгаа юм биш. Уншихад хөнгөн тэгсэн хэрнээ юм бодогдуулдаг, уншаад ургуулан хөврүүлэн бодоод байж болдог сайхан зохиолуудын нэг гэж би санадаг. Ер нь сайн зохиол уншигчийг цааш  үргэлжлүүлэн өөрийнхөөрөө бодоход, хүний сэтгэлийн хөдлөл мөн чанарыг өөрөө ч анзаараагүй зүйлсийг нь тухай нөхцөлд уудлан илрүүлэхэд оршдог байх.

 9.  Габриель Гарсиа Маркес "Зуун жилийн ганцаардал"

Энэ бол олон хүний тухай юм шиг хэрнээ ганцхан хүний тухай ч юм шиг зохиол. Зохиолын бүх баатрууд дотоод сэтгэлдээ хэн байхаасаа хамааран амьдарч байгаа нь сонин сайхан санагддаг. Тэр бүү хэл энэ зохиолыг уншихаар Бурхан Буддагийн номлосон амьдрал бол үйлийн үр зовлон гэсэн утгыг би бүр хамаг сэтгэлээрээ мэдэрдэг гэж хэлж болно.

С.Эрдэнэ "Шилмэл өгүүллэгүүд"

Дахин унших бүртээ маш их таашаадаг номуудын нэг. Уйлан хайлж эсвэл уяран догдлохгүй, айж сэртхийж баярлаж хөөрөхгүй ч уншаад л баймаар номуудын нэг. Маш сайхан яруу хэлээр бичигдсэн санагддаг юм

Жич тайлбар: Энэхүү жагсаалтыг Б.Баясгалангийн хүсэлтээр гаргасан бөгөөд монгол хэлээр унших боломжтой, надад таалагддаг гэсэн хоёр шалгуурын дагуу л гаргасан юм. Эдгээрт ямар нэгэн логик дараалал, уялдаа холбоо үгүй бөгөөд энэ номуудыг уншсанаар та ямар нэгэн мэдлэг боловсрол огт олж авахгүй, нэмэхгүй болуузай гэж эмээнэ. Мөн энэ жагсаалт нь ямар нэгэн хэмжүүр, мэдлэг боловсролтой хүн бүрийн унших учиртай ном гэхчилэнгийн жагсаалт огтоос биш болохыг зориуд цохон дурдсу. Мөн үүний цаана надад нэн таалагддаг олон арван ном үлдсэн бөгөөд тус бүрдээ өөрийн гэсэн өвөрмөц шинж чанартай онцлогтой тул тодорхой дэс дараалалд оруулан бичих нь ихээхэн түвэгтэй байгааг хэлсү.

Түр хүлээнэ үү...
Top