Ө.Төрболд: Хүрэх зам дэндүү холын учир...
2018-09-26 Уншигч 3014

Үй Хуагийн “Амьдрахуй” зохиол эх хэлнээ орчуулагдсанаас хойш уншигчдын сэтгэгдэл үл тасарч байна. Эгэл хүүрнэл, хурц эргэлт, эргэцүүлэмж бүхий эл зохиолыг уншиж мэдэрсэн, амьдралыг таньсан олон уншигч бидэнд тэмдэглэлээ илгээсний нэг нь Өлзийхишигийн Төрболд. Тэрбээр Францын нийслэл Парис хотноо хуулийн чиглэлээр суралцаж буй. Бичих, зурах, гэрэл зураг авах сонирхолтой тэрбээр хурц үг хэллэг, этгээд гаргалгаа, шулуун шударга илэрхийлэл бүхий тэмдэглэл илгээснийг та бүхэнд хүргэж байна.


Янхигар панзчид, сүүдэр шийн яншаа жүжигчид, пүүсийн бусхи худалдаачид мэтийн зүг бүрийн шаар шавхруу "Хөх асар"-т шоо хаяад, азаар зоос үсэргэж чадах юм бол есөн янчаан төлөөд, эмсийн хүрээлэнгээс хүүхэн сонгож дугтрах хагсан бодолдоо ужидлан уруул, амаа шилэмдсээр орж ирцгээнэ. Фу Гүйгийн (Фу"福"-Азтай, Гүй"贵"-Баян) оронд би өөрөө зуу илүү мү газартай, торгон хувцас эгэлдрэглэсэн ноёны хөвүүн болсон мэт санаж гараа нулиман Хөх асар луу ороод явчихлаа. "Гуашин зурагтай шаазан гүцнээс улун цай ууж, хөц будаа савхдан идэж ханаад, аягаа түлхэн ширээнээс сайрганан босож мөрийтэй тоглоомын хаан Лүн Эрийн урд өөрийгөө шоо сэгсэрч хаяж байна" гэж бодсонд "Үйл нь ирсэн оготно, Муурын сахлаар оролдох" гэгчээр Фу Гүй бид хоёроос дор мунхаг хөвүүн байхгүй бизээ гэж санав. Фу Гүй бол янханд үүрүүлж бахардтал нь майргануулаад сэтгэл нь зовдоггүй баян айлын ухвар мөчид зулбасга. 

Үй Хуагийн эл номыг уншсан багачуул "амьдрах чинь л аз жаргал юм байна шүү дээ" гэж толгой сэгсэрцгээнэ. Гэхдээ Фу Гүйг Ёу Чиний булшны дээр атирч хэвтээд "Шюй овгийн удам тасарлаа!" гэж цурхиран уйлахыг нь лавшруулан сонсъё гэсэндээ Эрлэг номун хаан золгүй эрийг авч яваагүй биз. Модыг нь бариулсан Лүн Эрээс түрээсээр авсан 5 мү газартаа ажиллаад эцэж туйлдавч тахианы дэгдээхий тэжээж галуу болгоод, галуугаа хонь, хонио үхэр болтол арчлан тэжээх Хятад ухаанд өөрийгөө суралцаж буй гэж бодно. Насны намар үдлэхэд үхэр авсан ч хүлээлгэж өгөх үр хүүхэд Фу Гүйд байсангүй ээ. Агталсан шараа л гэр бүл шигээ санана. Хүн хайрлаж үл мэдэх ачлалгүй хөвүүний өр зөөлөрч мал адгуусыг энэрэн, хайрлаж буйг Эрлэг номун хаан дээд тэнгэрээс үзээд хэг хэг инээж суусан байх. Хэнбугай ч үйлийн үрээс зам мөр буруулан дутааж чадахгүй ажгуу. Амьсгал хураасны хойно өөрийг нь нутаглуулах тариачин эрсийг гар хоосон буцаахгүй гэсэндээ Фу Гүй жинтүүн дор арван зоос хийж унтана. Нанхиадууд хүнд цөвгүй яс амрах нь дээдийн буян гэж үзэх бөлгөө. Хэрэв чи амиа егүүтгэе гэвэл эцэг эхээсээ асуух бус булшаа өөрийн гараар ухан, дотор нь орж хэвтээд судсаа ханачихвал сайн. Овог, нэрээ сийлсэн тэмээн чулуун дор хэдэн хүрэл зоос хадаганд ороож үлдээх аваас манаач өвгөн чамайг газарт булах биз. Базарваань хум пад. Монш минь машин тэрэгний урдуур хөндөлдөж хөдөлгөөнд бүү саад болоорой. Живэх тухай бүр бодох ч хэрэггүй. Лус бузарлана. Яршиг, уршиг удахгүй үхэх л хүн төрөлхтөнд хүргэж буй чиний тус юм. "Амьдрахуй" номын аль годронтой адил болж болохгүй вэ гэж надаас чи асуувал би шүдээ хавиран "Жан Гэн" гэж хэлнэ. Чи Фу Гүй шиг мунхаг, Кү Гэн шиг обжорство, Ёу Чин шиг эрдэм сурах хүсэлгүй пайнаг байж болно. Гэхдээ Жан Гэн шиг насаараа нэг ноёны гэрт сүрлээр шороо шүүрдэж амьдрах юм бол тулгуур мод унах үед чи бас хамт өгөршин унана. Хэн нэг хүнд хувь заяагаа даатгаж гараа хумхиад өөрөө үйл мэтгэхгүй байх увайгүй авир чамд суух учиргүй. Чи ноён болох албагүй. Гэхдээ булан бүрт суугаад цагаан будааны зутан нэхэх үрсээ хоосон хонуулахгүйн тулд эгэл борог тариачин болох ёстой. Суралцах хэрэгтэй. Фэн Шиа шиг зүсэн зүйлийн цэцэг ногоо тасдаж цуглуулаад, тэднээсээ нэг нэгээр нь сугалж ямар нэртэй болохыг нь эмэг эхээсээ асуу. Магадгүй олон жилийн дараа энэ номын үйл явдал, хүүрнэл, утга санааг нь нэгбүрчлэн нэхэн санахгүйд хүрж болох ч гэлээ чи хэзээ ч битгий Фу Гүйгийн дуулсан дууны хоёр мөрийг мартаарай. Хувь тавилан гэх зүйл байдаг бол “Төрболдоо" түүнийгээ дагах эсэх нь чиний дурын хэрэг юм шүү. Өвгөн баргил хоолойгоор эртний нэгэн дуу эхлүүлэв. Саргин харгисан сунжруу гэгчийн эхлэл хэсэг дууссаны дараа:

"Хаан намайг хүргэнээ болгохоор шийдэвч

Хүрэх зам дэндүү холын учир би явахгүй"

Түр хүлээнэ үү...
Top