"Уншигч" буландаа бид нэгэн сонирхолтой бичвэрийг онцолж байна. Номын хорхойтон, сайн уншигч, сэтгүүлч Ц.Энх-Орчлонгийн энгийн хэр нь амттай тэмдэглэлүүдийг уншигчид мэдэх буй за. Түүний Хятадын зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" туужийг уншиж, хүний амьдралын талаар эргэцүүлсэн тэмдэглэлийг хүргэж байна.
Япончуудыг далай нь, Монголчуудыг мал аж ахуй нь бүрэн илэрхийлдэг шиг Хятадын ард түмнийг газар тариалангаас нь салгаж ойлгох аргагүй ажээ. Ядуу тарчиг амьдрал, амь зогоох тариа будаа, хөлсөө урсгаж олох хэдэн зоос, навтгар байшин, дайны өмнө ба дараах жилүүд, Мао Зедуны төр барьж байх үе гээд он цаг, орон зай, дүр дүрслэлийг шаггүй сайн гаргаж өгчээ. Тиймдээ ч яг л тэр үед, яг л тэр амьдралд хөтлөн аваачиж чадсан болов уу? Зохиолыг зөвхөн үйл явдлаар нь л хөөн унших нь өрөөсгөл санагддаг ч уг номын тухайд үйл явдал, зохиолын дүрүүдэд тохиох эмгэнэлт явдлуудыг онцлохгүй байхын аргагүй юм.
Хөрөнгө чинээтэй айлаас угсаа залгасан хэдий ч буруу замаар будаа тээж явсны харгайгаар бүхнээ үрэн таран хийх Фү гүйгийн амьдрал зохиолыг хөтөлнө. Хөнгөн явдалд толгой мэдүүлж явсан тэрбээр мөрийтэй тоглоомонд бүхнээ алдан тарчиг амьдралаар амьдарч эхэлдэг. Эхлээд аав нь, дараа нь ижий нь гээд хайртай дотны хүмүүс нь хорвоогоос халин одох эмгэнэлт үйл явдлуудаар түүний амьдрал дүүрнэ. Түүгээр зогсохгүй улс орны аж байдал, улс төрийн үйл явц, хурдтайгаар улиран өөрчлөгдөх он жилүүдийн замнал түүнд амсхийх сөхөө өгөхгүй. Амьдралд нь тохиосон бүхэн ухаан суулгаж, амьдралын өмнө, үхэл хагацлын өмнө өвдөг сөхөрч болохгүйг ахин дахин сануулдаг. Учир нь энэ бие, энэ амьдрал хүн бүрт цор ганцхан оногддог учраас зүгээр л буугаад өгчихөд дэндүү хайран ажээ. Үхэл гээч зүйл махан биеийг хорвоо ертөнцөөс авч одоогүй цагт хүнд бэрхийн өмнө, зовлон зүдгүүрийн өмнө өвдөг сөхрөх эрхийг амьдрал хэнд ч олгодоггүй юм шиг. Үүнийг зохиолын баатар нэгэнтээ ухаарч ойлгосон учраас ижий ааваа, энхрий үрсээ, хайрт ханиа алдсан ч зовлонгийн өмнө гудайлгүй насны төгсгөл рүүгээ гань ганцаар дөтөлдөг.
Амьдралын тухайд л бага сагахаан бодож явснаас амьд байхын үнэ цэнийн тухай бодож яваагүй эрмэг залуу нас минь. Алив зүйлийн үнэ цэнийг төдийлөн ухаардаггүй омголон насандаа ийм ном олж уншина гэдэг сугалаанаас хэмжээлшгүй их мөнгө хожихтой ч харьцууламгүй аз билээ. Амьд л байна гэдэг өөрөө яасан их зол жаргал вэ? гэж бодогдох. Зовлонгийн шуурга нүүр нүдгүй биднийг ташуурдлаа ч зовлонгоо үүрээд ч болов урагшлах хэрэгтэй юмсанж. Хэдэн арван саяд ганц л олддог “хүн байх” хувийг атган төрсөн бид Бурхны “өгсөн” цаг хугацаа дуусах хүртэл амьдрах л хэрэгтэй, амьдрах л хэрэгтэй…
Хэдэн сарын өмнө Канадын зохиолч Янн Мартелийн “Пигийн амьдрал” романд “Зарим хүмүүс санаа алдах төдийхнөөр амьдралд бууж өгдөг. Зарим нь сөрж тэмцдэг боловч төдөлгүй буугаад өгчихдөг. Харин үлдсэн хэсэг (над мэтийн улс) нь хэзээ ч бууж өгдөггүй. Тэд тэмцээд л, тэмцээд л, тэмцээд л байдаг” гэдэг нэгэн өгүүлбэрийг уншиж байлаа. Мөн саяхан П.Баярсайхан абугайн “Сармагчин бол сармагчин” номоос “Хорвоогийн амьдрал ямар ч утга учиргүй юм гэхэд “амьдаараа” үхэх нь тэрнээс илүү ухаангүй явдал биш үү?! Хөлдүү харанхуйд, хөрсөн доор хөгцөрч хэвтсэнээс өлсөж цангаад ч болов, өвдөж зовоод ч болов наран доор, газар дээр мөлхөж явсан нь хамаагүй сайхан юм. Амьд явна гэдэг бүхнээс үнэтэй” гэх өгүүлбэрийг олж уншив. Харин саяхан дуусгасан шинэхэн номон дээр “Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй” хэмээснийг олоод зогтусав.
Амьдралын, амьдрахын, амьд байхын үнэ цэнийг хэдийнээ ухаарсан зохиолчид “Чи амьд шүү, амьдрах хэрэгтэй шүү” хэмээх үнэт санааг бүтээлээрээ дамжуулан ийн бичиж байжээ. Баярлалаа.