НА.Алмааз: Истанбул: дурсамж ба хот
2018-06-04 Уншигч 2403

Туркээс төрсөн Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн "Истанбул: дурсамж ба хот" баримтат бүтээл монгол хэлнээ буугаад удаагүй байна. Туркийн түүхийг хувь хүний дурсамж, эргэцүүллийн замаар нээсэн, баримтат бичлэгийн сонирхолтой хэлбэрээр бичигдсэн уг бүтээлийн талаар уншигчид сэтгэгдлээ ирүүлсээр байна. Тэдний нэг Өвөр Монголын Шилийн гол аймаг, Авга хошуунаас ирж суралцаж буй На.Алмааз маань бидэнд өөрийн сэтгэгдлийг ирүүлснийг та бүхэнд хүргэж байна. 


Тагтаа Паблишингийн орчуулгаар гарсан Орхон Памукийн арван гурван жилийн өмнө бичсэн энэхүү уй гунигаар дүүрэн номыг барин тавин уншсаар ард нь гарлаа. 

Уй гуниг гэсэн утга илэрхийлдэг хюзюн (huzun) хэмээх турк үг нь Араб гаралтай, Коран сударт ч энэ утгаараа буй. Зөнч Мухаммедын эхнэр Хатижэ, аваг ах Эбу Талип нь таалал төгссөн жилийг "уйт жил" хэмээн нэрлэдгээс үзвэл эл үг хагацал зовлонгоос үүдэлтэй сэтгэлийн гүн шаналлыг илэрхийлдэг ажээ. Энэ ойлголтоор авч үзвэл бид материаллаг зүйлс хийгээд биеийн жаргалд хэтэрхий их ач холбогдол өгөхөд хюзюн хэмээх зүйлийг мэдэрдэг аж. Харин суфи (Исламын шашны нэг урсгал) урсгалаас үүдэлтэй хоёр дахь ойлголт нь хюзюн хэмээх үгийг болоод амьдралд тохиох хагацал зовлон, уй гунигийг илүү эерүүлж тайлбарладаг. Суфичуудын хувьд хюзюн бол Аллахад ойртож чадаагүйгээс, түүний төлөө хийж чадах зүйлс энэ ертөнцөд хангалттай үлдээгүйгээс үүдэлтэй сэтгэлийн шаналал аж. (86-р тал)

Уй гунигийн тухай энэ тайлбар, энэ номыг бараг л уй гуниг гэдэг хоёрхон үгээр тайлбарлаж болох мэт санагдавч энэ амт шимт яг л энэ үгэнд буй. Удаан жил ууж дассан өнөө л ээжийн цайг шимж суухтай адил танил дасал, дотно санагдахыг яана. Ямар ч сүржин, уран цэцэн үг угсруулж уншигчдаа татах гэлгүй чин сэтгэлийн анд тань чамд зүрхэн тольт үгээ шивнэж буй мэт бидний өмнө маш жирийн бас нууцлаг Истанбул хотоо байгаа тэр л төрхөөр нь уншигч таны сэтгэлд хүргэх болно.  

Истанбулчуудын хувьд хюзюн бол "эдгээх учиртай эмгэг өвчин "эсвээс "зайлуулах ёстой зовон зүдгүүр" биш юм: Тэд үүнийг хүслээрээ л тээж яваа. Тийм ч учраас "Уй гуниг шиг амтат дарс хаана ч үгүй. Түүнээс бусад бүх мэдрэмж хий хоосон" хэмээсэн барууныхны үг тэдэнд хүрч, өөрсдийг нь хараар буддаг тэр л мэдрэмжийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг гэж зоригтой хэлж чаддаг биз. (99-р тал)

Хотын тухай дурсамж роман болохоор өмнө нь уншиж байсан туршлагаараа хотынхоо агуу гайхамшигт үүх түүх, шагшиж магтдаг барилга туурь, хүн ардынхаа жаргалтай сайхныг өгүүлэх байх хэмээн бодсон минь үнэн билээ. Гэхдээ намайг гайхаш алдуулсан нь миний бодсон зүйлийн талаар ганц үг унагахгүй өнгөрсөн нь. Түүнээс илүүтэй хотыг, хүн ардыг нь өвч хучсан уй гуниг, түүний учир шалтгаан, барууны ертөнцийн хүчтэй нөлөөнд будилж яваа түмэн олныхоо сэтгэлийн гүн рүү өнгийхийг илүүд үзэж төрсөн хотынхоо өнцөг булангаар хэрэн тэнүүчилж, зохиол бүтээл цуглуулж, хүн ардтай хөөрөлдөж, ном бүтээл туурвихаасаа өмнө асар их судалгаа хийсэн нь ажиглагддаг.

Хотод өсөөгүй хотын тухай ой дурсамж тийм ч их биш бидний хувьд аль хэдийн хотжиж иргэншиж амжсан түүхт Истанбулд төрж өссөн зохиолчийн энэхүү хотын тухай дурсамж роман бяцхан хөндий санагдаж болох ч эргэн тойрноо харвал бидний хошуу балгаснууд мань аль нь ч том хот болох нууцхан мөрөөдөлгүй билээ. Тун удахгүй иргэншлийн хүчтэй урсгалд чирэгдэж хотын хүүхдүүд үй олноор төрхийг хэн байг гэх вэ. Бас түүнийг дагалдан барууны хүчтэй нөлөөгөөр тэндхийн юм бүхэн нь сайхан санагдаж үг, үсэг бүрийг нь хүлцэн сонсож буй биш гэж үү. Өөрийнхөө үнэт өв соёл, итгэл үнэмшлээ эрэн хайхаас илүүтэйгээр барууныхан биднийг юу гэж хэлсэн бол хэмээн анхааралтай чагнаж, хэлсэн бүгдэд нь өөрсдийнхөө болоод соёл уламжлалаа нийлүүлэх гэж чадлаараа зүтгэж байгааг бид харж л байна шүү дээ. Энэ номоос бид бяцхан ч болов санаа оноо авч, юуны төлөө улайран тэмүүлээд байгаагаа, хот иргэнших гэж юу сан билээ гэж ойлгож болох мэт санагдаж ийм урт юм бичиж буйн санаа таны унших хүсэлд бага ч гэсэн хөтлөх гэсэндээ билээ.

Памук овгийн Осман султаануудын нэгнийх нь нэрийг авсан, Монголын нутгаар урсдаг Орхон голтой нэр давхацдаг Азийн нүүдэлчин овгийн дотроос цор ганцаар уран зохиолын төрөлд Нобель авсан энэ эрхмийг уншилгүй өнгөрөөж болохгүй юм шүү гэж бас дахин сануулахад дургүйцэхгүй биз ээ. Эцэст нь үнэхээр яруу сайхан орчуулсан Батсайханы Сувддулам танд гүн талархал илэрхийлье. Эх хэлээрээ өнөөгийн хамгийн алдартай зохиолчийн номыг унших боломж олдсонд ёстой л хөл газар хүрэхгүй баярлаж сууна.

 

 

Түр хүлээнэ үү...
Top