Д.Төмөр-Очир: Тэжээвэр
2018-03-12 Уншигч 4943

Уншигч буландаа тулхтай номын сонголт, чансаатай номын тэмдэглэлүүдийн эзэн Д.Төмөр-Очирын "Тэжээвэр" туужийн талаарх сонирхолтой бичвэрийг хуваалцаж байна. Тэрбээр сэтгэл судлаач мэргэжилтэй ба "Хөх Толботын номын тэмдэглэл" фэйсбүүк хуудсыг хөтлөн явуулдаг. Түүний номын тэмдэглэлүүдийг мөн фэйсбүүкийн "Номын андууд", "Номонд дурлагсдын фэйсбүүк дахь холбоо" зэрэг группээс уншиж болно.


Зохиолч авьяас, уран чадвараа гайхалтай харуулсан бүтээл. Үнэнч шударга сурч, хөдөлмөрлөх, амьдрахыг шаарддаг, түүнийгээ нийгмийн үнэт зүйл гэж тодорхойлдог мөртлөө бусдын хөдөлмөрийг сорж мөлждөг зугаа цэнгэлээр амьдардаг бүхэл бүтэн сүрэг буй болж бугшсанд эгдүүцсэн уран бүтээлч хүний дуу хоолой юм. Товчхондоо социализмын гажуудал ба түүнийг эсэргүүцсэн хувь хүний оюун санааны этгээд тэмцлийг хайр сэтгэл, адал явдлын хэлхээн дунд сонирхолтой өрнүүлсэн зохиол юм.

Бичлэгийн ур чадвар, дүрслэл гайхалтай төдийгүй дүрийн дотоод сэтгэлзүйг торгон мэдэрч бичсэн шилмэл бүтээл яахын аргагүй мөн. Хүний сэтгэл хөдлөл, ааш авир, зан төрхийн хувирлыг маш сайн дүрслэн үзүүлсэн. Дүрүүдээ хэрхэн оновчтой тодорхойлж байгааг хэдхэн жишээ татаж үзье!

"Намайг дуудагдаж ирэхэд ээж минь зовлонгоосоо нэгэнт хагацсан байлаа"- Гөлгөөгийн ээж хэчнээн хүнд хэцүү зовлон туулсан нь төвөггүй төсөөлөгдөж байгаа биз. Үхлээр зовлонгоос хагацах!

"Саргай нулимстай архи ууж байлаа"-Учир утгагүй зугаа цэнгэл, самуурал, хуурамч амьдралаас залхаж гүйцсан бүсгүйн гуниг харуусал сэтгэлд бууж байна.

"Тэр бол амтат балыг нь зөгий шимж, үнэт тоосыг нь эрвээхэй зөөчихсөн цэцэг юм. Харахад тансаг сайхан цэцэг"- Хөгшин сайдад залуу насныхаа шим шүүсийг соруулсан үзэсгэлэнт бүсгүй Цэнгэлийг өрөвдөн гүн санаа алдаж билээ.

"Өндөр хөх тэнгэрийн хээл, уулын хяр, усны толион дотроос боловч дүүрэн алаг нүд нь мэлтэлзэн тодрох юм"- Хөдөө хээр орь ганцаар хайр дурлалдаа шатаж яваа хүний сэтгэлийг гайхалтай уран илэрхийлсэн нь энэ.

"Би өвөл газрын амийг хадгалан харзалдаг, зун өвлийг санагдуулам хүйтнээр цоргидог шанд ус шиг л байхыг хүсдэг" -Зохиолын гол баатар Гөлгөөгийн этгээд зан араншин, дотоод сэтгэлийн хүч тэнхээг мэдрүүлж байгаа гоё дүрслэл.

"Ахраа түлхсэн тэмээний гоёыг яана. Тэнгэр өргөсөн халиун ухаа юмнууд л байна" -Тэнгэрийн хаяанд нэлдээ хүрэнтэн, шаргалтаж харагдах тэмээн сүрэг нүдний өмнө тодорно. Ийм уран гоё дүрслэлүүд чамин хээтэй гартаам шиг зохиолыг мөн ч сайхан чимж байгаа юм даа.

Хэн нэгний хүсэл зорилгод хөтлөгдөн явах биш өөрийнхөө хүч чадлаар амьдрах гэж тэмцдэг Гөлгөөгийн дүр биеэ даасан хувь хүний хүчирхэг шинжийг бүрдүүлж, ТЭЖЭЭВЭР-үүдийн дунд амьдрах нөхцөлгүй болж байна. Тэр хорон санаатан биш, сэтгэлзүйн тоглолт хийж амин хувиа хичээсэн бэртэгчингүүдээс өвөрмөц маягаар өс хонзон авч сэтгэлээ тайтгаруулж байгаа, урьд өмнө нь манай утга зохиолд гарч байгаагүй сонирхолтой дүр юм.

Хойд эцгийн зодуур харгислал, нохойн гөлөгнөөс дор үзэж байгаа харьцаа, байнгын хүчирхийлэл дарамтан дор зовж зүдэрч яваа ээжийгээ өмөөрөх сэтгэл, ер нь багадаа үзсэн зовлон зүдгүүр нь түүнийг хүнд итгэдэггүй, хар сэртэй, дотогшоо зантай, хэний ч хараат байхыг хүсдэггүй, бие даасан, "чөлөөт" хүн, "чанга" эр болон хувирахад нөлөөлжээ.

Аквариумын загас шиг амьдарч байгаагаа ухаарч ойлгосон Цэнгэлд энэ амьдрал нь утга учиргүй үнэ цэнэгүй санагдсан учраас "Нохой шиг үнэнч" явахаа Гөлгөөд тангараглаж байна. 
Гөлгөө шиг өөрийнхөөрөө байж чадах хүн маш ховор, манай өнөөгийн нийгэмд ч тун цөөн. Ёс суртахууны үнэт зүйлээ хадгалан үлдэнэ гэдэг хэчнээн хэцүү, төвөгтэй болохыг Гөлгөөгийн туулсан амьдрал харуулж байна. Ийм хүмүүс л жинхэнээсээ хайрлаж дурлаж, бас амьдарч чадна. Гол өгүүлэмж нь энэ.

Шуурганаар төөрч алга болсон гурван настай хүүхэд заг түүж явсан яст Нямжавыг барьж аван, хүүрийн газрын хэлхээтэй яснууд унаж зугаацсан тухай хууч яриа бол толгойтой үс босмоор юм билээ. Яахын аргагүй болсон явдал юм шиг санагдсан, тэгж бодогдсон.

Гөлгөө амь үрэгдэв үү, амьд үлдэв үү гэдгийг ёстой мэдэж чадсангүй. Зохиолын төгсгөлд Цэнгэлтэй сугадалцан яваа нөхөр Гөлгөө мөн үү, мань эр хий хоосон юм харсан уу ёстой чөтгөр бүү мэд юм даа. 

Түр хүлээнэ үү...
Top