Д.Төмөр-Очир: Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй
2018-02-21 Уншигч 4506

Уншигч буландаа тулхтай номын сонголт, чансаатай номын тэмдэглэлүүдийн эзэн Д.Төмөр-Очирын "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романы талаарх сонирхолтой бичвэрийг хуваалцаж байна. Тэрбээр сэтгэл судлаач мэргэжилтэй ба Хөх Төлботын номын тэмдэглэл фэйсбүүк хуудсыг хөтлөн явуулдаг. Түүний номын тэмдэглэлүүдийг мөн фэйсбүүкийн "Номын андууд", "Номонд дурлагсдын фэйсбүүк дахь холбоо" зэрэг грүппээс уншиж болно.


Хүний амьдралын оршихуйн асуудлыг гүн гүнзгий эргэцүүлсэн энэ зохиол юутай их амттай, сонирхолтой болохыг уншиж үзсэн хүн бүр мэдэрсэн байх. Цонхоороо гадагш ширтэн бодлогоширч зогсоо Томас хүнд хэцүү асуултын өмнө иржээ. 
Яг л Гамлет "Орших уу, эс орших уу" гэж өөрөөсөө асуудаг шиг Томас "Терезаг дуудах уу, болих уу" хэмээн эргэлзээнд автаж байна. "Терезатай нийлэх үү, гоонь хэвээр үлдэх үү" гэсэн хоёр сонголтын өмнө ирсэн тэрээр аль нэгийг нь сонгох л болно. Чухам аль нь зөв оновчтой болохыг яаж мэдэх вэ? Энд л хүний хамгийн хүнд хэцүү асуудал оршиж байна.

Ницшегийн мөнхийн эргэлтийн тухай оньсого бурханы залхаалт мэт санагддаг бол тэр тамаас гарахын тулд хөнгөн оршихуйг хүсэмжилэх нь зүй ёсны хэрэг биз. Харин яаж? Хүн бол цор ганц давтагдашгүй бодгаль төдийгүй цор ганц удаа л энэ амьдралыг туулах учраас дахин давтагдах үйл явц гэж үгүй. Яг л Хераклитийн хэлсэн "Нэг голын усанд хоёр орж болохгүй " гэсэн санаа бол шулуун шугамтай цагийн урсгалд нэг үйл явц дахин давтагдах боломжгүй гэдэг утгаар хэлэгдэж байгаатай адил.
Зовлонгоос ангид хөнгөн амьдрах гэсэн хүний тэмүүлэл ямагт ирээдүйд горьдлого найдлага тавьж өнөөдрийн зовлонгоо тэвчин амьдрах аж. Үгүй ээ, нөгөө Ницшегийн мөнхийн эргэлтийн санаа чинь тун догь юм биш үү гэж бодогдоод эхэллээ. Урьд өмнөх явдлууд тэр чигтээ дахин давтагдахгүй тул хүн алхам тутамдаа шинэ сорилттой тулгарч өөрийнхөө сонголт шийдвэрээр өөрийнхөө хувь заяаг тодорхойлох учиртай болж таарах нь ээ. Тэгтэл санамсаргүй тохиолдол гэж яаж ч болохгүй гэнэтийн үйл хүний амьдралд далдаас нөлөөлдөг болохоор хүн хувь заяаныхаа эзэн гэсэн сайхан үгс зэрэглээнээс ялгаагүй болох шив. 

Томас даргынх нь нуруу өвдсөн ялимгүй шалтгаанаар тэр хөдөөгийн буйдхан хотод очиж бас л тун инээдтэй зургаахан тохиолын нөлөөгөөр Терезатай учирсан болохоор энэ бүхэн Томасын сонголтоос шалтгаалаагүй цааш гинжин урвалаар явагдсан үзэгдэл шүү дээ. Бурхан хүнээр даажигнаж байгаад зохиолч эгдүүцжээ. Амьдрал хэмээх хавхнаас гарах арга байна уу?
Сонголт хийх эрхтэйг бодохоор хувь заяаныхаа эзэн нь ч юм шиг, санамсаргүй тохиолдол хөндлөнгөөс шууд нөлөөлдөг гэхээр далдын зүй тогтолд удирдуулдаг ч юм шиг хоёрдмол байдал санаанд орж ирж байгаа биз. Зохиолын гол дүр хоёр бүсгүй оршихуйн асуудлыг хоёр өөрөөр тодорхойлж байвч уулзах цэг нь нэг юм. Тереза өндөр дээд тэмүүлэлд хүрэхийн тулд урвахгүй, өөртөө үнэнч байж, зовлонг туулж хөнгөн оршихыг хүсэж байгаа бол баригдашгүй нууц амраг, зураач Сабина урвалт бол хөнгөн орших хялбар арга зам хэмээн нэгэнт шийдсэн хүн юм. 

Сабина үхлийг хөнгөнд хувилгахын тулд цогцосоо чандар болгон салхинд хийсгэхийг мөрөөдөж байгаа бол Тереза хүнд чулуунд даруулан нойрсох тэр л жам ёсыг дагаж байна. Хэн хэн нь өөрийнхөө туулсан амьдралыг зөв гэж тооцож байгаа болохоор оршихуйн хүнд хөнгөний асуудал тухайн хүний амьдралыг үзэх үзэл, сонгож авсан замаас шалтгаалах юм биш үү гэсэн асуулт ургаж байна. Энэ мэт эцэс төгсгөлгүй эргэцүүлэх боломжийг энэ зохиол олгож байгаа тул гайхамшигтай л гэж дуу алдахаас өөр хэлэх үг алгаа.

Хайр, янаглал хоёр асар хол зөрүүтэй. Сексийн сэтгэл ханамжийг хайр гэж эндүүрэх явдал байдаг. Эрих Фроммын "Хайрлах урлаг " номын агуулга дахин хөндөгдөж байна! Хайртай хосуудын хайрын дэргэд нохой хүн хоёрын хайр илүү агуулгатай, илүү үнэнч! Учир нь энэ бол болзол нөхцөлгүй, энэлэн шаналангүй, тооцоогүй цэвэр сэтгэлийн хайр юм. Тиймээс л Тереза Толстойн "Анна Каренина" зохиолын Карениний нэрийг өгсөн нохойдоо хачин их хайртай төдийгүй хорт хавдар туссаныг мэдээд гуниглан шаналдаг билээ. 
Нохой хүн хоёрыг харьцуулах аргагүй ч зовлонгүй үхэх эрхтэй гэдгээрээ нохой нь хүнээс давуутай байна. Үгүй ер нь ингээд бодохоор хүн гэгч ухамсар оюунт бодгаль диваажингийн цэцэрлэгээс хөөгдөж бурханд шийтгүүлсэн золгүй нэгэн болох нь үнэн болж таарлаа шүү!

Прагийн хаврын үймээн самуун, Оросын коммунист түрэмгийлэл, хоёр гэр бүлийн амьдралыг сөөлжүүлэн бичсэн энэ зохиол барууны сэтгэгчид, гүн ухаантнуудын оршихуйн тухай философи сэтгэлгээг улам гүнзгийрүүлж, Библийн сургаалд түшиглэн уран зохиолын хэлээр, хоржоонтой, ёгөөтэй, даажинтайгаар хүүрнэхдээ хүний хорхойг хөдөлгөж хор шарыг малтаж, хурц хутгаар зүрх сийчих мэт тийм сэтгэгдэл төрүүллээ.

Томас бол тархины мэс засалч, хүүхний ангууч, янаглахуйн эд хавыг үзүүлдэг хүн. Хорин таван жилд хоёр зуу гаруй хүүхэнтэй сексийн харьцаанд орсон түүний цаад зорилго юу байсан юм бол? Гайхан эргэлзэх нь магад. Хүн олон зүйлээр хоорондоо ижилсэж байгаа боловч цор ганц давтагдашгүй бодгаль болохын хувьд бүр хамгийн багадаа нэг хувийн ондоошил байх нь зайлшгүй юм. Чухам энэ нэг хувийн ондоошилд түүний төрөлх мөн чанар "Би" нь оршино. Үүнийг ердийн байдалд мэдэх боломжгүй, сексийн дур тачаалын оргил цэгт хүн ухамсрын хяналтаа алдаж, транс байдалд ордог тул тэр торгон мөчид хүний өндөр дээд ёс суртахуун мораль нуран унаж нүцгэн "Би "-нь ил гардаг аж. Энэ нууцад нэвтрэхийн тулд тэрээр тоймгүй олон амрагуудыг халж сольжээ. Тэр хайр янаглал хоёр хоорондоо ямар ч хамааралгүй болохыг Терезатай учирсан тэр мөчөөс л гүн гүнзгий мэдэрчээ. Халуун хөнжилд хамт унтахын жаргал хурьцалын таашаалаас илүү байх боломжгүй. Ердөө л энэ дээ. Боловсролтой сэхээтэн Франц хангалуун тансаг гэр бүлээ орхин хөлсний оромжинд оюутан нууц амрагтайгаа амь зуух болсон шалтгаан юу юм бол? Энэ тухай бичвэл бас л урт эргэцүүлэл хөврөнө дөө.

Энэ зохиолын тухай энэ мэтээр хэдэн хуудас эргэцүүлэл бичсэн ч болохоор байна. Хүнд хэцүү шийдвэрийн өмнө ямагт хүчин мөхөсддөг, тэр шийдвэрийнхээ хариуцлагыг хар толгойгоороо хүлээдэг хүний оршихуй гэгч хөнгөн хялбар юм шиг мөртлөө цаанаа бол тэвчихийн аргагүй хүнд ажээ гэсэн сэтгэгдэл төрж байна. Хүн өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байх гэсэн төрөлхийн хүсэл эрмэлзлэлтэй байдаг бол хайр нэртэй хүлээсэнд орсноор энэ бүхэн төгсгөл болдог юм биш үү! Явж явж Сабинагийн зөв ч юм шиг бодогдлоо. Ээ дээ мөн ч их юм эргэцүүлж болмоор дахин давтан уйгагүй унших хэрэгтэй ном юм байна.
Эргэцүүллийн энэ романыг Монгол хэлнээ уран яруу буулгасан, яг л зохиолч Кундера өөрөө хүүрнэж буй мэт гүн сэтгэгдэл төрүүлсэн "Тагтаа'-ийн орчуулагч Ж.Тэгшзаяад гүн талархал илэрхийлье!

Жич: Бичвэрийн дунд "Тэвчихйин аргагүй хөнгөн оршихуй" романаас сэдэвлэн хийсэн ижил нэрт киноны зургуудыг ашиглав.

Түр хүлээнэ үү...
Top