Ц.ТАМИР: ДӨРӨВ БИШ ДӨРӨВ
2015-08-25 Уншигч 3304

Энэ удаагийн уншигч булангаар С.Анударын "Дөрөв биш дөрөв" номын тухай Ц.Тамирын тэмдэглэлийг хүргэж байна. Уншигч буланд маань анх удаа монгол зохиогчийн, тэр тусмаа цөөн хүрээнд маш их алдар хүндлэл, шүтэн бишрэгчдийг дагуулж култ маягийн давалгаа үүсгэгч С.Анударийн нэгэн өвөрмөц бүтээл сонгогдсон нь онцлог юм. Энэхүү тэмдэглэлийг бичигч Ц.Тамир харин өөрийнхөө тухайд Радио Телевизийн дээд сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн, хувийн блог, С.Анудар/4биш4/ хуудас хөтөлдөг, уншигч, кино сонирхогч, Цойгийн фэн гэсэн багшаархан танилцуулгаар хязгаарласан юм.

Утга учиргүй мэт өрнөл, Дэлгэр, Сараа, Идэр, Уртаа, Жаргал, Гэрлээ, Баатар зэрэг сонсоход тогтоогдохуйц нэрүүд атлаа тэдний хэлэх үгнүүд, дотоод илэрхийллүүд дунд төөрөхүйц адармаатай санагдана. Гэхдээ энэ бүгд өөрсдийн “Би”-тэй. Заримдаа өгүүлэгч өөрийнхөө тухай чин үнэнийг хэлж буй мэт үнэмшилтэйгээр дүрүүд дунд санаандгүй хутгалдах болно. Хааяа нэг сонсдог үгнүүд, дотор чинь төрдөг байсан ичгүүртэй гэмээр араншингууд чинь хэрхэн өмнө чинь уншигдаж буйг ч олж харах боломжтой. Идэр бол сайн найзыгаа цагдаад илчлэгч. Түүний дотоод зөрчил, айдас, үнэт зүйлсийн тухай бяцхан хүүрнэл явах болно. Эл дэд хэсгийн тайлал нь “Үнэнч анд нөхөртэй хүнээс гамшиг зовлон зугтаан явдаг ажээ” гэх өгүүлбэр.

Баатар, Сараа, Дэлгэр гэх гурван дүрийн хэлэх үг тэднийг таниулна. Үйл явдал өгүүлбэр бүр цэгээр дуусахгүй гэдгийг уншигч ойлгох болно. Хэдий богино, ойлгомжгүйгээр өгүүлбэр бүр дуусах боловч түүний цаана эргэцүүлэл үлдээх аж. Баатар “Бүх юм сайхан. Тэгэхдээ энэ бүгдийн хариуг өгөх ёстой, өгсөн мөнгөнөөс нь илүү хариулт өгөх болно. Би мөнгө төлнө. Төлөхөөс би айгаагүй. Би чадна. Бүх юм өмхийвтэр новш” гэх, Сараа “Надаас юм болгоны төлбөрийг дандаа хэтэрхий хэтрүүлж авдаг. Миний бүх хүмүүс үхдэг, алдаг, үхдэг, айж хулчийдаг. Зарим хүмүүс хугарсан газраа бүр хатууждаг. Би хатуу хатуужилтай. Миний бүх хүн үхдэг болохоор” гэх, Дэлгэр “Би нэг хэсэг өөрт байгаа юмаа хэнд ч хэлдэггүй байсан. Одоо пад алга. Хүн болгонд юм болгоноо. Бүгдийг хэлнэ. Тэгэхдээ би дуугүй байсан үеэс хойш дуугай байж сурсан” гэх зэрэг нь энгийнээс энгийнээр хүнийг илэрхийлсэн хэлбэр. Уншигч эхлэлээс төгсгөл хүртэл ямар нэгэн дүр бий болгох гэж, ямар нэгэн зураглал бий болгох гэж нэхэн хөөх тусам дүрээс дүр рүү, дүрслэлээс дүрслэл рүү хурдацтай шилжиж баригдамгүй болно. Өөрийгөө алдчих ч шиг...Харин үүний цаана уншигчийн дотор үлдэх ганц дүрслэл нь тамхи татаж буй нэгэн эр, амьд хөгжим. Үүгээр дэвсгэрлэн уншигч өөрийгөө ч төсөөлөн аваачиж болох юм.

 Хэрвээ сайтар ажиглан уншвал эл туужийн зарим хэсэгт “Би амьдармаар байна” гэдэг өгүүлбэртэй мэр сэр тааралдах болно. Анудар хэнд ч амиа хорлохуйн тухай хичээл заагаагүй гэдгийг зарим уншигчид ухаараагүй учир түүний бичсэн бүхнээс үхлийнх нь шалтгааныг эрж, үхлийг нь ямар нэгэн байдлаар өөрийнчлөх гэж оролддог.

“4 биш 4”-ийн мөр болгоноос үхэл гэдэг үгийг олон олж унших боловч энд үхлийн тухай бус амьдрах тухай өгүүлсэн байх болно. Өөрийн үхлийг таньж ойлгох ёстой, өөртэйгөө шудрагаар нүүр тулах ёстой гэдгийг “Надад жаргал хэрэггүй, надад би хэрэгтэй”, “Тэмцэх хэрэггүй. Тэмцсэн л бол ялагдсан, амьдарсан л бол ялагдсан”, “Амьдрал үхлээр нэмэргүй” зэрэг Анударын афоризмуудаас харж болох юм. Үсээ хайчлах, жорлонд урсгах, тамхиа асаах, намхан уул хад, ногоон зүлэг, шар нар гэсэн ямар ч хэлбэр, маяг, яруу зүйлгүй дүрслэлүүд нь уншигчийг залхаах мэт боловч эдгээр утгагүй өрнөх үйл явдлууд, утгагүй ярианууд дундаас уншигч утга учирыг эрж хайсаар туужийн төгсгөлд хүрсэн бол энэ л Анударын гол зорилго байсан хэмээн санаж болохуйц. Хэрвээ та эл номыг барьж авч уншихаар нэгэнт шийдсэн бол элдэв маяггүйгээр шуудхан шүүрч аваад уншихыг санал болгох байна. Эс бөгөөс утга зохиолын болоод филисофийн тухай, абсурдын тухай магадлан уншсаныхаа дараа шүүрэн авбал сая нэг сайтар ойлгоход тань тус дөхөм болж болох юм. Учир нь Анудар тийм ч хялбар биш, уншигч миний өөрийн зоргоор ойлгосноос илүү гүн гүнзгий санаа, амьдралын болоод үхлийн мөн чанарыг таниулахыг зорьсон нь илт. Эцэст нь өгүүлэхэд та бидний амьдрал ч ийн абсурд байж мэдэх. Өглөө босно.Шар нар, ногоон зүлэг, амьдралын утга учиргүй хөврөн урсах өдөр хоногууд. Гэхдээ бид амьдарч дуусаад сая нэг үхэлтэй нүүр тулах бус, амьдарч дуусаад сая нэг амьдралыг таних бус...Ойлгон мэдэрч, эл туужийг дахин дахин шимж чадвал урсан өнгөрч буй цаг хугацаа бүхнээс юуг олж харж, юуг ойлгож, юуг новш, өмхий, бүх юм сайхан болохыг олж харах боломжтой ч байж мэднэ. Магадгүй биднийг түрүүлэн орхисон хэн бүхэн цаг хугацаа, амьдралыг илүү үнэ цэнэтэй эсвэл  утгагүй новш болохыг ойлгуулдаг ч юм билүү. 

Ц.Кена

Түр хүлээнэ үү...
Top