О.Номун: Хэдэн сарын хэдэн ч билээ тэр өдөр…
2018-02-05 Уншигч 3769

"Уншигч" буланд маань идэвхтэй бичигчид бол "Радуга" сургуулийн сурагчид. Тэдний нэг О.Номун бидэнд Италийн алдарт найруулагч Федерико Феллинигийн "Зүүд бол цорын ганц бодит зүйл" номын талаарх сэтгэгдлээ илгээсэн юм. Түүний харснаар энэ ном алдарт найруулагчийн амьдралаар дамжуулан хүний амьдралын хүрч, мэдрэгдэшгүй гүн хэсэг рүү өнгийсөн бүтээл аж.


Чингисийн талбай дээрх номын худалдаанд очоод бужигнасан олны дунд зогсоод эргэн тойрноо нэг ажив. "Монголчууд номд дурлаж байгаа нь яамай" гэж бодогдсон. Номоор дүүрсэн олон асар дундаас таньдаг нэр хайсан бололтой "Tagtaa publishing" -ийг харангуутаа гүйгээд очив. Өрсөн олон ном дундаас "Франц Кафка: Хувирал тэргүүтэй тууж өгүүллэгүүд" шууд нүднээ тусав. Уншсан ганц ном минь тэр байсан хэрэг. Гэхдээ хоёр жилийн өмнө тэр нэг өдөр найзтайгаа мөнгөө нийлүүлэн байж "Хөндлөнгийн хүн" номыг авснаа мартаж орхижээ. Бас л тухайн үеийн хүрээллийн ярианы гол сэдэв болсон ном. Нүдээ гүйлгэн номын нэрсийг уншин, хавтсыг нь харж байтал нэрээс нь өөрөөр мэдэх зүйлгүй "Зүүд бол цорын ганц бодит зүйл" ном туслаа. Эргэн тойрныхны ярианы гол сэдэв болсон тэр номыг л авъя гэж бодон зогсож байтал хувингаар цутгах шиг их бороо ороод эхлэв. Номоо авчихаад яаж норгохгүй явах вэ гэдэгт л санаа зовж байв. Цүнх, уут юу ч үгүй байсанд өмсөж явсан савхин хүрэмдээ номоо ороогоод нимгэн цамцтайгаа борооноор гүйчихсэн. Хүсэн хүлээсэн номоо өөрийн болгочихоод номын сандаа хав дарчихав. Уншихаас ч хайрлах шиг.

Нэг өдөр номоо уншихаар сэтгэл шулуудан эхний бүлгийг дороо уншсан.

Эхэндээ ч нэг л ойлгож өгөхгүй, бүр гол дүр болох Федерико Феллиниг эмэгтэй гэж эндүүрснийг яана. Унших тусам сонирхол татаж, сониуч зан хөдөлгөж чадсан гайхалтай ном. Федерико Феллинигийн намтар шиг агаад тэр хүний тухай баримтат киног өнгө дүрсний өндөр чанартайгаар үзэж байгаа мэт мэдрэмж төрүүлсэн. Гол дүр циркт дуртай нь миний хувьд нэг л жихүүдэс хүргэм байлаа. Алиалагчаас айдаг нэгэн байдаг ч хүн бүхэн циркт дуртай байдаг. Гэхдээ Федерико Феллинигийн "дуртай" гэж буй нь жирийн цирк үзэх дуртайгаас нэг л өөр. Мөн түүний мэдрэмжийг хүлээн авч буй нь их хурц, мэдрэмтгий нэгэн шиг санагдсан.

Өөрийн минь илэрхийлэх гээд чадаагүй сэтгэл доторх бүхэн яг тэр чигээрээ бүлэг болгонд туссан байлаа. Би үргэлж инээхийг хичээдэг, ямар ч хэцүү байсан надаас "Зүгээр үү?" гэж асуувал би хэзээ ч гомдлоо гаргаж, харанхуйд дарагдахгүй "Зүгээр ээ" гэж л хариулна. Энэ л миний зан араншин. Магад энэ л далд хөндүүрийг оновчтой илэрхийлсэн байна билээ.  

"Зарим хүн дотроо мэгшдэг бол зарим нь гаднаа инээдэг. Аль алийг нь хослуулдаг хүмүүс ч бий. Харин би дуугаа хурааж, сэтгэлийн мухар дахь бүхнээ хав дараад сурчихжээ. Баяр хөөрөө бусадтай хуваалцалгүй л яах вэ. Гэсэн ч айдас, гунигаа илчлэх дургүй..." Энэ хэсэг номын хамгийн эхний нүүрэн дээр байдаг. Үүнийг уншаад л цааш унших хүсэл эрхгүй төрсөн. Мөн таалагдсан нэг хэсэг байсан. Тэр нь,

" Өөрсөдтэйгөө адилхан болгох гэж өөрт нь ихэд эрхэм байсан зүйлийг булааж авсан мөнөөх "найзууд"-тайгаа тэр дахин нийлэхгүй байхаар шийджээ". Би хүн болгоныг өөр өөрийн гэсэн онцлог, давуу болоод сул талтай гэж боддог. Хүнийг өөртэйгөө адил байлгах гэж шаарддаг, өөрийнхөө хэмжүүр болгохыг үздэггүй. Миний сая хэлсэн болхи үгсийг ганц өгүүлбэрт дэндүү оновчтой бичсэн нь энэ.

Уншиж дуусгахаас хайран, орхиж чадамгүй тийм л ном байлаа "Зүүд бол цорын ганц бодит зүйл".

Түр хүлээнэ үү...
Top