“Уншигч” буланд маань Наран улсын зүгээс нэгэн зурвас ирлээ. Үүнийг бичигч нь Сүхбатын Байгал хэмээх антропологич бүсгүй. Тэрбээр 1990 оны хоёрдугаар сарын 3-нд Эрдэнэт хотод төржээ. Гэвч ээж аавынхаа төрсөн нутаг Хэнтий аймгийн Батширээт сумаар овоглодог гэнэ. 2012 онд МУИС-ийн Нийгэм-Соёлын Антропологийн ангийг төгсөж, 2014 оноос Японд ажиллаж, сурч байгаа. Өдгөө Шига мужийн их сургуулийн Хүн төрөлхтөн, соёл судлалын сургуулийн судлаач оюутан.
Цасны нууц нь юунд оршдог юм бол? “ЦАС ОРОХ НЬ ТҮҮНД БУРХНЫГ САНАГДУУЛДАГ”. “Цас” романы хавтасны зургийг сайтар ажваас хижээл насны залуу тамхи татангаа бодолд дарагдан суух. Тамхиндаа мансуурсан уу, бодолдоо мансуурсан уу? Эсвэл энэ хоёрын огтлолцол дээр өөртөө төвлөрөн сууна уу. Хүн тамхи татаж байхдаа юу боддог бол?
Уул нь энэ номыг аль түрүү намар эхлүүлсэн. Гэвч нэг л явж өгдөггүй.., Нэрнээсээ болоод ч тэр үү, цас орох цагаар, өвөл ирэхэд унших нигууртай байжээ. "Цас" романаас болоод цас орохыг зөндөө хүлээсээн. Гэтэл өнөөдөр (2017.1.14 Япон, Аичи муж) манай энд анхны цас будрав. Толгойн алчуураа авч хаяхгүй, үргэлж зүүж явахад амьдралаа зориулах ёстойг заалгаж өссөн муслим шашинт охидын амиа хорлолтын талаар сурвалжлах гэсэн хуурмаг шалтгаанаар Ка хэмээх Герман руу цөлөгдсөн яруу найрагч залуу Түрэгт олон жилийн дараа эргэн ирж төрөлх хот Карсаа зорино. Гэвч үнэндээ Каг нөхрөөсөө саяхан салчихаад буй сураг дуулдах, эрт дээрийн сэтгэлт бүсгүй Ипекийн гэрэл гэгээ л тийш дууджээ. Ингэж уг роман эхэлнэ. Үйл явдал нь биднийг тийш тийш ховсдоно. "Цас орох нь Кад бурхныг санагдуулдаг” гэсэн үгнээс болоод цастай өглөө номоо цүнхлэн ойролцоох Шинто сүм оров. Хэд гурван зураг дарангаа орчноо ажлаа. Усыг нь уувал, ёсыг нь дага гэдэг дээ.
Шүтээний өмнө очин зоос өргөөд, өнгөрсөнд талархаж, одоодоо баярлаж, ирээдүйгээ ерөөн залбирав. Японы цагаан сар нэгдүгээр сарын 1-нд болдог. Цагаан сар өнгөрүүт сүмд очиж #おみくじ буюу цаасан мэргэ сугалан азаа үзэж ирэх жилийн өнгөө тодорхойлдог. Тиймээ надад #大吉 #excellent_luck таарав. Ихэд бэлгэшээн өөрийн эрхгүй инээмсэглэж байлаа.
"Хэзээ нэгэн цагт тохиолдоод зүрхний хаа нэгтээ дарагдаж орхигдсон хайр бидний цаашдын бүхний л амьдралд нөлөөлж байдаг" гэдэгт Орхан Памук зохиолч маань гүнээ итгэдэг шиг санагдсан. Дурсамж, амьдралд тохиолдсон онцгой үйл явдлаар бидний хувь заяа, үзэл бодол тэгс ингэс гээд тогтчихдог шиг. Яаая гээд ч гарч болохгүй тэр тойрог руу өөрийн мэдэлгүй орчихдог шиг.., Хэзээ ч юм болсон зүйлийн үр дүн тэнд гарч ирдэг юм шиг... Ингээд бодохоор.., Хайр гэж юусан билээ..? Хайр... Бишрэх сэтгэл төрж гэмээнэ агуу ихээр хайрлана уу гэхээс... Өрөвдөж хайрлалаа гээд олигтой төгсгөл болдоггүй юм байна гэдгийг өнгөрснөөсөө би ойлгосон. Бид гэнэн байж, бид жаахан байж, бид боловсроогүй байж, бид дутуу байж. Өнгөрсөнд би тийм л байж. Одоо түүнийгээ гайхаж суугаа минь өөрчлөгдсөний илрэл юмуу даа гэж мунхаглана. Гэхдээ цагийн эрхэнд бишээ, туршлагын аясаар л өөрчлөгдсөн байх нь. Цаг хугацаа биш алдаж, оносон ТУРШЛАГА л биднийг өөрчилдөг. Туйлын үнэн энэ ажээ.
Ка уул нь Ипекийгээ түүний аз жаргалтай амьдрах ганцхан боломж нь гэж мэдрээд амьхандаа эргүүлээд л байгаа юм. Даанч хүний сэтгэл ялангуяа бүсгүй хүний сэтгэл гэдэг тийм ч амар эргэх зүйл биш ажээ. Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй гэдэг дээ. Ипекийн амьдралыг үнэндээ энэ үгээр тодорхойлчихож болмоор шиг. Анхны нөхөр Мухтарыг хайрлах гэж их хичээсэн ч болоогүй. Хөхийг бүр зүрх сэтгэлээсээ хайрлаад ч бүтээгүй. Каг хайрлаад сурчихна гэж итгэсэн боловч олигтой төгсөөгүй. Одоо ахиж хайрлаж дурлаж чадахгүй л болов уу. Хөөрхий Ипек.., Ка яруу найрагч боловч сүүлийн дөрвөн жил нэг ч шүлэг тэрлэж чадаагүй. Түүний онгодыг хөглөх зүйл нь хаашаа ч юм алга болчихсон. Төрөлх хотдоо эргэн ирж, хайр дурлалд умбан, цас орохтой зэрэгцэн түүний онгод хөглөгдөж зурс зурс орж ирсэн багын дурсамжуудаасаа сэдэвлэн, харсан, мэдэрсэн бүхнийхээ гэрчлэл болгож 19 шүлэг бичиж чадсан. Хаа нэгэн газраас чихэнд нь шивнэсэн шүлгийг буулгагч элч шиг л. Өөрийгөө хөглөж өгдөг зүйлсээ мэдэрч, энэхэн амьдралд нухлагдчихалгүй явмаар.., Яг түүн шиг.
“Цас” роман тэр чигтээ л Европчлол, баруунчлал болоод муслим шашинт ертөнцийн эсрэгцэл. Том бөгөөд жижиг үндэстний ялгаа. Даяарших хийгээд дангаарших. Орчин үежих хийгээд түүний эсрэг шашин, соёл, уламжлалаа сахин хамгаалж авч үлдэх гэсэн тэмцэл. Ард түмний хүсэл зориг уу, европын гэгээрэл боловсрол уу. Европыг дэмжвэл исламистуудын дайсан болно гэх хандлага. Муслим шашинтнуудын доторх үзэл бодлын зөрүү, зөрчилт үзэл санааг хар найргүй дэлгэн биччихсэн шиг. Ялгарлаа гээсэн үндэстэн мөхдөг гэдэгт би лавтай итгэдэг. Карс хотод очоод Кагийн мөрөөр алхах сан. Цасанд дарагдсан хот, Оттоманы эзэнт гүрний сүрлэг барилгуудын туурь, Армены эзгүй сүмүүд, Түрэгийн бүгд найрамдах улсыг үндэслэгч, хайр найргүй орчин үежүүлэх хөдөлгөөнийг манлайлагч Ататуркийн хөшөө дурсгал, галт тэрэгний буудлын хавиар шарвалзан шогших хар нохой, хижаабтай охид, шашны сургуулийн хүүхдүүд, “Цасан харш” гэх мэт чамин нэртэй хямдхан буудлууд, хүнсний мухлагууд, бууцайтай бурёк, донёр зардаг түргэн хоолны газраар орж, Карсын эзгүй гудамаар баахан хэсүүчилж, хайрынхаа тухай шаналалт бодлуудаа мартахыг хичээн буй Кагийн өмнөөс бодож алхах сан. Цасан ширхэг "Зургаан талс цасан ширхэг нэгэнт талстжин хэлбэрээ олсон хойноо газарт бууж иртлээ наймаас арван минут тэнгэрээр хөвж, газардмагцаа үйрэн бутарч, хэлбэрээ алддаг. Цасан ширхэг уур амьсгал, салхины чиглэл болоод хүч, үүлний өндөр нам, өөр тоо томшгүй олон хүчин зүйлсээс хамаарч хэлбэрээ олдог". Энэ өгүүлбэрт хачин дуртай. Одоо цас орох бүрийд энэ өгүүлбэрийг нэхэн санагалзана байх.
"Зовлонд дарагдах тусам бидний амьдрал газарт бууж, илүү бодитой, илүү үнэн болдог" гэж Милан Кундерагийн "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй"-гаас уншиж байсан санагдана. Ингээд бодохоор цасан ширхэг хийгээд хүн хоёрын хэлбэрээ олох хүртлээ туулах зам нь ижилхэн юм шиг. Зовлонгийн хүндэд дарагдаж байж л бид хэлбэрээ олдог бололтой... Цас будраасай... Цастай өглөөний агаар амтлах юмсан. Цастай гудмаар алхах юм сан. Цонхны хөшиг ярж зогсолтгүй орох цасны будрааныг ширтэнгээ аяга кофе амталж зогсох юмсан... Тэр үед цасан ширхгийн геометр дүрсэн дэх гоё сайхнаас цаадахыг нь олж харж чадна байх гэж найдна. Цас будраасай. Бүүр нэвсийтэл будраасай. Цасан далай гэж бодтол будраасай. Цасны нууц нь юунд оршдог юм бол? Цас орох нь түүнд бурхныг санагдуулдаг. Цас түүний онгодыг хөглөдөг. Будрах цасны ширхгүүдийг харангаа тэр дотоод сэтгэлийнхээ дуудлагыг сонсож чадсан. Ганцхан агшны сэтгэл хөөрлөөр олж сонссон дуу. Түүнийг жаргалтай болгож чадах цорын ганц дуу. Тиймээ үнэхээр анхаарлаа хандуулж чадах аваас л тэр зүйл хичнээн гайхалтай зүйл болохыг ойлгох болно гэж хаанаас ч билээ уншиж байсан санагдана. Цас, борооноор л бид өөрийн дотоод гүн рүү нэвтэрч, бүхнийг ул суурьтай, уг үндсээс нь чангааж, борооны дусал бүрийн тоогоор бодол хөвлөрүүлж, жижиг сажиг бүхэнд анхаарал хандуулж, дуслууд газарт унан бүхэллэг болох агшинд бодлуудаа ч гэсэн нэгтгэж ухаарахуй дээр тогтоон, өөрийгөө гүнд нь ортол хайр найргүй чимээлж чаддаг бололтой. Гэхдээ өөрийгөө чагнахыг хүсвэл л шүү дээ. Байгалын хүчин зүйл онгод хөглөдөг гэдэгт эргэлзэхгүй итгэнэ би. Ка одоо шөнийн эл хуль дунд, ганцаардсан олон олон зүрхний дотор бууриа засаад суурьшсан, суурьшиж байгаа гэж итгэнэм. Нагояагийн энэхэн хязгаарт Каг ахин дахин зүрх сэтгэлдээ дуудсаар..,