Уран зохиолыг амьдруулагч нь уншигчид. Тэдний юу бодож, хэрхэн харж, хэрхэн эргэцүүлснээр зохиол амьдарч байдаг гэдэг нь нэг талдаа үнэн. Тиймээс ч бид "Уншигч" буландаа "Хэн, юу уншиж байна" хэмээх дэд цэсийг нээж, уншигчдын анхаарлыг хамгийн их татаж буй номнуудын талаарх сэтгэгдлийг хүргэхээр бэлтгэлээ. Энэ удаа өөр өөр ажил мэргэжил, дур сонирхолтой дөрвөн залуу оролцож, бидэнд хамгийн сүүлд уншсан "Сармагчин бол сармагчин" номын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм.
М.Ундрал: Бид бусдыг үнэн голоосоо хайрлаж чаддаггүй
Нүд нь юу ч өгүүлдэггүй хүнийг хайрлах хэцүү байдаг юм билээ. Хайрлуулах тухайд бүр ч ярилтгүй биз ээ. Тийм хүний дэргэд гэнэтхэн л уйлмаар санагдана. Тэр үед ном хэрэгтэй. Яг ийм.
Зохиолчийн уран чадвар, хэл найруулгын тухай дурдах нь илүүц байх гэж бодож байна. “Тагтаа”-гийхны сонголт учир зохиолоос эшилж нотлох ч шаардлагагүй.
Дүр бүрийн бодол дундуур удтал туучих нь зарим уншигчдыг залхааж мэдэх юм. Аахар шаахар ахуйн асуудлуудын талаарх эргэцүүлэл ч шиг санагдах вий. Гэвч юм бүхэн хэтэрхий хуурамч, ер үнэнээ үзүүлэхээ больсон энэ үед “хэн нэгэн”-тэй ний нуугүй “ярилцах” сайхан байх нь дамжиггүй. Мөн бид бусдыг үнэн голоосоо ойлгож, хайрлаж чаддаггүйг дахин нэг ухаарахад гунигтай л байна байх. Үл ойлголцлоос үүдэн нурсан харилцаа бүхэн чинь номын туршид зүрх гогдож хөнгөн гунигт автуулах вий. Гэвч хөнгөн гуниг л биднийг амьдруулдаг хойно унших л хэрэгтэй.
Г.Зулбаатар: Хоёр өөр цаг үе, хоёр өөр ертөнцийн зөрчил
Олон жилийн өмнөх цаг хугацаагаар аялж өнөөдрийн бидний амьдрах Улаанбаатар хотын ид цэцэглэн хөгжсөн идэр залуу үеийг харсан мэт санагдав. Түүн шигээ залуус их хотыг төлөөлж, аав ээжүүд хөдөөг харуулах шиг. Социалист амьдрал буцалсан их хот болон хөдөө, хөдөөгийн залуус хотыг мөрөөдөн түүндээ улам бүр уусан нэгэн бүхэл болох гэж яарах шиг түүний нөгөө талд нь хүү, охиноо хүлээх аав ээжүүд болоод нутаг усыг өгүүлжээ. Хүн бүр ажил төрөл, үүрэг хариуцлагаа ярин үр хүүхэд, аав ээжээ умартах тэр нэг нийгмийн хурдац руу гулган орсон мэт санагдаж байна. Гэхдээ энэ асуудал одоо хүртэл үргэлжилсээр буйг бид мэдэх билээ. Тийм нэг хүн хоорондын өдөр тутмын энгийн харилцаан дээрээс хот хөдөөгийн болоод тухайн нийгмийн амьдралыг дэргэд нь буй мэтээр мэдрэх боломжийг олгосон бүтээл.
Х.Батцэцэг: Үг бүр нь атгахан зүрхийг базалсаар төгслөө
Ус, сүү сүлэлддэг шиг л уран бүтээлээ сүлдэг хэмээн түүнийг Дарма Батбаяр гуай нэгэнтээ тодорхойлсон нь эргэлзэх учиргүй үгс байжээ.
“Сармагчин бол сармагчин” тэргүүн өгүүллэгээр овоглосон түүний энэхүү бүтээлд тэр чигтээ ахуй, оршихуй хоёр нэвчиртлээ сүлэлдэн байх нь оочих төдийд л духны хөлс чийхардаг эмээгийн цай адил амттай байсан нь энэ хүн уран бүтээлээрээ амьдралыг ёстой нэг сүлсэн шиг сүлсэн болохыг мэдрүүлнэ.
Нартын дор өнөө маргаашаараа гэлдэрч л яваа хүмүүний тогтсон амьдрал. Өнгийж тэдний дотор луу чимээлэх аваас хүлээн зөвшөөрөхөд хэцүү ахуй амьдралынхаа хайрцаг дотроо өвдгөө тэврэн суух өөдөсхөн жаал мэгшээд сууж байж ч мэдэх. Өнгөн дээрээ л тэд том хүн болсон харагдана. Мэгшин гарах бүлээн нулимс бүр учиртай юмсанж. Гуниг ганцаардлын өнчин нулимс цийлэгнэж цийлэгнэж буцаж шингэдэг нь бусдын нүднээс дайжсаных байдаг бол аз жаргал ч мөн адил өөрийн нулимстай байх агаад аль аль нь хүн бидэнд ухаарал авчирдаг болохыг тэр өгүүлэг бүрийнхээ цаана үгчлэн бичээгүй ч сэтгэлд хургатал мэдрүүлэх аж.
Хөдөө хотын хоёр амьдралтай надад дүрслэгдсэн ахуй бүр ойр буух нь сэтгэл дулаацуулж, илэрхийлэгдсэн санаа бүр нь атга зүрхийг сэмхэн базалсаар байгаад гайхан талархсаар эцэстээ сая нэг сэхээ авч, үргэлжилсэн бодлынхоо үзүүр бүрээс зүүгдэж ухаанаа тэмтрэн суух бодлын урт аянд хөтөлсөн тун чиг сайн түүвэр бүтээлийн чуулган энэ байлаа.
С.Баатарцогт: Дүрүүд нь цаг хугацааг ухраах хүслийг дотороо тээж явдаг
Монголын хүүрнэлийн нэгэн ноён оргил, зохиолч П.Баярсайханыг уран зохиолд шимтэн дурлагч, тулхтай сайн уншигчид мэдэхгүй байх нь ховор. Уг нь бол түүний бүтээл дотор томоохон байр суурь эзлэх нэгэн өгүүллэг нь “Хөх туурийн тал” юм. Харин би их зохиолчийг “Туурийн талын хөх манан” гэж тодорхойлох дуртай.
Түүний өгүүллэгүүд зөн совингийн шинжтэй, энгийн нэг өгүүлбэрийн цаана зохиолын төгсгөлд гарах далд утга санаа, тайлал зэргийг шингээсэн байх нь элбэг. Жишээ нь “Нохойн хэвтэр” тууж нь Төмөрийн бодол эргэцүүллийн тусгал, бараан дурсамжийн үр нөлөөгөөр дүүрэн бус бөгөөд хувь хүний сэтгэл зүйн байдал, Балган өвгөн болоод авснаас өндийсөн сүнс зэрэг хий биетүүдийн оршин ахуй, бодит байдлаас тусгаарлагдмал, ухамсрын дотоод мөн чанар луу утга агуулга чиглэгдсэн байдаг.
Өмнө нь хаа нэг шилмэл антологи, боть зэргээс л ганц нэгхэн өгүүллэгийг нь олж уншдаг байв. Түүнээс бус П.Баярсайханы “Гэрэл гэгээг хүснэ”, “Гүн ертөнц”, “Хотын онгон I, II” зэрэг номууд нь олдоц багатай. Харин саяхан “Тагтаа паблишинг”-ийн сонголтоор “Сармагчин бол сармагчин” шилмэл бүтээлийн чуулган нь хэвлэгджээ. Түүнд “Тавиул”, “Хөх туурийн тал”, “Хоёр зуун дөчин хоёр” зэрэг шилмэл өгүүллэгээс гадна “Гэрэл гэгээг хүснэ”, “Нохойн хэвтэр” туужууд, “Хүн гөрөөс”, “Албин” зэрэг жүжгүүд нь багтсанд туйлийн ихээр олзуурхав.
Дурсамжаа санагалзаж, цаг хугацааг сөрөн тэмцэвч хүний орчлонгийн жамд захирагддаг дүрүүд нь энэ л “цаг хугацааг” ухраах хүслийг дотроо тээж явдаг юм шиг ээ. Тэр л нандин чанар нь “мөрөөдөл” мэт санагдана. Түүний адилаар би ч бас хувь хүний ухамсарт чиглэгдсэн зүй тогтол, нийгмийн үнэт зүйлс нэгдэлжих хөдөлгөөнийг давхар утга шингээж нууцалсан өгүүллэг бүрийн амьдралд, цаг хугацаанд хайртай зөөлөн дүрүүд шиг хүн бүрт гэрэл гэгээг хүснэ...