Энэ удаагийн Уншигч булангаар Густав Флоберийн "Бовари хатагтай" романы тухай Б. Дэлгэрмаагийн бичсэн тэмдэглэлийг хүргэж байна. Б.Дэлгэрмаа нь МУИС-МХССургуулийг утга зохиол судлаачаар төгссөн. Одоогоор Швейцарь улсад амьдарч байгаа аж.
Оюутан байхад багш маань надаас хамгийн дуртай зохиолын минь нэрийг асуухад эргэлзэх зүйлгүй “Бовари хатагтай” гэж хариулчихаад, чухам яагаад гэсэн асуултанд түгдрээд чимээгүй зогсоод л байж билээ. Үнэндээ хамгийн дуртай ганц зохиолоо нэрлээд, зохиолчийн илэрхийлэх гэсэн санааг бүхэлд нь ойлгоод, юуны учир тийм хайртайгаа нотлон ярина гэдэг бэрх юм шиг ээ.
Хорь ч хүрээгүй төөрч будилж, ээдэрч эргэлзэж явахдаа олж уншсан Францын алдарт зохиолч Гюстав Флоберийн тэртээ 1856 онд бичсэн “Бовари хатагтай” бол миний хамгийн дуртай зохиолуудын нэг. Мөн 19-р зууны шилдэг арван романы нэгд зүй ёсоор тооцогддог гэдгийг уншигчид андахгүй. Таван жилийн дараа бүр ч их будилсан би танил Эмма Боваритайгаа ахин нэг уулзлаа.
Бовари хатагтай “Миний зол жаргалгүй амьдарч байгаад хэн буруутай юм бэ” хэмээн өөрөөсөө асуудаг. Хэрвээ бид аз жаргалгүй байвал түүнд чухамдаа тэгээд хэн буруутай хэрэг вэ? Товчхондоо зохиолд Шарль Боварийн эхнэр Эммагийн амьдралыг өгүүлнэ. Тухайн үеийн Франц орны урлаг, уран зохиол, шашин, улс төрийн тухай хүүрнэлүүд ч олон.
Францын хойд хэсгийн “Берто” нэрт тосгонд амьдрах фермийн эзэн Руогийн охин Эмма эцгийнх нь хугарсан хөлийг эмчлэхээр ирсэн зэргэлдээ тосгоны эмч Шарьл хоёр бие биедээ дасна. Шарль ноомой даруу, ухаан орсон цагаасаа л эх эцгийн үгээр амьдарч, аливаад авьяасгүй ч хичээл зүтгэл сайтайдаа анагаахын сургуулийг төгсөөд тосгонд эмчээр очсоныхоо дараа мөн л эхийн заавраар хижээл насны бэлэвсэн эмэгтэй Дюбюктай гэрлэж аз жаргалгүй, тээр дараатай нэгэн жилийг үдээд байхдаа Эммад дурлаж, удалгүй хөгшин эхнэр ч өвчнөөр өөд болоод түүний дараа Эмматайтайгаа гэрлэнэ. Хөдөө нутагт баймгүй, авьяаслаг, хөгжим, шүлэг найрагт хайртай угаас мэдрэмжтэй Эмма хуримласны дараа яаран хүний эхнэр болсондоо харамсаж, Шарльд хайртайдаа биш хөдөө тосгонд уйдаж ганцаардахдаа, сэтгэлийн хөөрлөөр гэрлэснээ ухаарч өөрийг нь ойлгодоггүй эр нөхөр, нэгэн хэвийн өдөр хоногуудаас залхаж эхэлдэг. Нэгэн удаа эхнэр нөхөр хоёр ноёны урилгаар зэргэлдээ хотод дээдсийн хүрээнийхэн цугласан тансаг үдэшлэгт очсоноос хойш Эмма өөрийн амьдралаа улам л голж, ухаан алдах өвчтэй болтлоо гуньж гутрана. Хайрт эхнэрийнх нь бие базаахгүй, ахуй амьдрал нь ч өөдлөхгүй байгаад хөөрхий Шарль шаналж нутаг орноо солин “Ионвиль” тосгонд нүүж очдог. Тэнд Эмма Берте охиноо төрүүлдэг ч байдал өөрчлөгдсөнгүй, төрүүлсэн охиноо ч төдий л хайхардаггүй. Тэр ч байтугай охиндоо аль эрт үдэшлэг дээр таарсан танихгүй гүнгийн авхайн нэрийг өгдөг.
Ионвиль тосгонд Шарль, Эмма хоёр хожим өөрсдийг нь өрөнд оруулж сүйрүүлэх худалдаачин Лөрө, Эмма хатагтай амиа егүүтгэх хүнцэлээ лабораторийнх нь өрөөнөөс хулгайлан уух эм найруулагч Оме зэрэг олон хүмүүстэй танилцахын зэрэгцээ хатагтай маань ганган хээнцэр, чинээлэг баян Родольф, яруу найрагт хайртай Леон гэх хоёр ч эртэй хайр дурлал үүсгэн амраглана.
Эхнэрээ бүхий л хамтын амьдралынхаа турш чин үнэнчээр хайрлаж, бишрэн шүтэж, аз жаргалдаа огтхон ч эргэлзэлгүй бялуурч тэр их хайр нь Эммад зовлон болж, өөд болсных нь дараа Эммагийнхаа бусдад сэтгэлээ уудалсан олон олон хайрын захидлыг олж уншихдаа галзуурах дөхөж, зовлон шаналалаа даалгүй өөд болох Шарль Бовари ч Эммагаас дутуугүй золгүй билээ. Алдарт зохиолч маань нэгэнтээ “Бовари хатагтай” бол би өөрөө юм гэж хэлсэн гэдэг. Хүн ямарваа зохиолоос өөрийгөө л эрж хайж, өөрийнхөө зүрх сэтгэлд хариулт олохыг хичээдэг биз ээ. Нэгэн удаа би Стефан Цвейгийн “Үл таних эмэгтэй”-г уншвал намайг жаахан ч гэсэн ойлгоно гээд хэлчихсэнд дотны хүн минь үйл явдлыг нь чухалчилж бодоод гайхаж, надад их л гомдож байж билээ. Түүний л адил “Бовари хатагтай” бол зарим талаараа би өөрөө юм. Эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх нэгэн хэвийн дүнсгэр өдөр хоногуудын хэлхээг тасар татан хаях хүсэл...Хувь заяаг тааж мэдэхийн аргагүй, хүн сайндаа ч сайн, муудаа ч муу явдаг юм биш гэдэг дээ. Хэрэв Эмма өөртэй нь ижил нүдээр орчлонг харах өөр хэн нэгэнтэй ханилсан бол, үгүй ядаж л эр нөхөр нь түүний тээж явсан гуниг зовлонг нимгэлж, юунд тэгтлээ зовуурилан байгааг нь анзаараад ганц удаа ч болов ярилцаж чадсан бол гэж харамсмаар.
“Магадгүй хүн гэдэг хайрлагдахаас илүү ойлгогдохыг л хүсдэг амьтан шиг ээ” гэж Жорж Орвуэл сайхан хэлжээ. Хүмүүс нэг нэгнээ барагтай л бол ойлгодоггүй мэт бодогдоно. Энэ амьдралд байхгүйгээ олж авахын тулд байгаа бүхнээ золиослон төөрч яваа Эмма Боварийн адил “Аз жаргалын эрэлчид” бид.