Канадын зохиолч Маргарет Этвүүд бол манай цаг үед амьдран туурвиж буй хамгийн содон зохиолчдын нэг. Пост модернист романчдын тэргүүн эгнээнд бичигддэг эл хатагтай гайхалтай яруу найрагч гэдгээрээ ч олонд хүндлэгджээ. Амьдралынхаа турш хориод роман, арваад өгүүллэгийн түүвэр, тавь гаруй яруу найргийн түүвэр хэвлүүлсэн түүний хамгийн алдартай роман нь 1985 онд хэвлэгдсэн “Шивэгчний түүх”, 2000 онд хэвлэгдсэн “Сохор аллага”.
Жил бүрийн Нобелийн шагналын сунгаанд сүүлийн хориод жил өнгөлж буй Этвүүд авхай Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн "ЦАС" романы тухай ийм нийтлэл бичиж хэвлүүлжээ. Мөнхүү роман орчуулагч Б.Баясгалангийн орчуулгаар монгол уншигчдад хүрсэн билээ. "ЦАС" романы хоёр дахь хэвлэл уншигчдад очиж буйтай холбогдуулан бид мөнхүү нийтлэлийг хүргэж байна.
Туркийн зохиолч Орхан Памукийн долоо дахь роман “ЦАС” олон давхар өгүүлэмжийн гайхалтай уран эргүүлэг болсон бичлэгээрээ анхаарал татаад зогсохгүй манай цаг үеийнхний заавал унших ном яалт ч үгүй мөн ажээ.
Туркдээ бол Памук рок од, оюун санааны удирдагч, хосгүй аналитикч, улс төрийн манлайлагч л гэсэн үг. Түрэгүүд түүний зохиолуудыг унших биш, идэж уудаг юм. Тэрээр Европт ч зэгсэн алдартай. “Миний нэр улаан” хэмээх нууцлаг агаад тансаг роман нь олон улсын, утга зохиолын нэр хүндтэй шагналуудыг ёстой л түүсэн дээ.
Шинэхэн роман нь “Баруунчлал” хийгээд Исламистуудын дундах зөрчлийг хөндсөн учир хойт Америкт ч сонирхол татах нь дамжиггүй. Романы үйл явдал хэдийгээр 1990-ээд онд өрнөж буй ч Памук энэ зохиолоо 9-р сарын 11-ний аймшигт явдлын өмнөхөн бичиж дуусгаад хэвлүүлсэн нь хачин зөнтэй ч гэмээр явдал байв. Романд шашны тулгуур үзэлтнүүдийн ерөнхий хандлагуудад задлан шинжлэл хийж, мөнхүү хандлагуудаас үүддэг дарангуйлал, хүчирхийлэл, хилэгнэл, элдэв явуулга, хуйвалдаан сэлтийг олон талаас нь ихэд гярхай ажиглан бичжээ.
“Цас” бол Памукийн бусад романтай нэгэн адил Түрэгийн хуваагдмал, хоосорч төөрөлдсөн ч итгэл найдвараа алдаагүй дотоод сэтгэлийн гүн рүү хийсэн үнэнхүү сонирхолтой, адал явдал дүүрэн аялал юм. Дүнсгэрдүү ч сэтгэл татам Ка хэмээх найрагч үзэг цаас нийлүүлэлгүй их олон жил болжээ. Гэвч романы өгүүлэгч нь Ка биш. Зохиолын дунд хүрээд алуулчих түүний түүхийг Орхан нэрт найз нь үргэлжлүүлэн өгүүлнэ.
Улс төрийн цөллөгөөр Франкфуртад амьдарч байсан Ка ээжийнхээ оршуулгад оролцохоор 12 жилийн дараа Истанбулд ирж буйгаар роман эхэлнэ. Улмаар тэрээр Карс нэртэй, Анатолийн нэгэн ядуу хотыг зорьж нүд нүүргүй балбах цасан шуурганаар замд гарна. (Кар нь Түрэг хэлний “цас” гэсэн үг. Зохиолч маань бидэнд дугтуйн дотор ахиад нэг дугтуй, түүн дотроо ахиад нэг дугтуйтай захидал илгээсэн хэрэг.) Ка саяхан алуулсан хотын захирагчийн хэрэг, сургуулиас нь толгойн алчуур зүүхийг нь хориглосон охидын учир битүүлэг амиа хорлолтуудыг сурвалжлах нэрийдлээр тийш хөдөлсөн боловч цаанаа бас давхар санаа агуулж яваа. Оюутан байхаасаа л харж явсан үзэсгэлэнт бүсгүй Ипектэйгээ уулзах гэж зорьсон нь тэр. Кагийн хуучны анд, эдүгээ Исламист улс төрч болсон нэг эрээс салаад удаагүй Ипек бүсгүй манай баатрын буудалласан Цасан ордон хэмээх багашаархан буудалд амьдардаг юм.
Цасанд боогдсон учир зугатаж зайлхаас өнгөрсөн Ка хуучны сайхан цагийнхаа сүр сүлдэнд гологдсон, буурай хотын гудмаар ганцаар тэнэх л ажилтай болно. Оттоманы эзэнт гүрний сүрлэг сайхан барилгуудын туурь балгас, хядуулсан сүсэгтнүүдийнхээ сүнс сүлдний ур болж хоцорсон Армены эзгүй сүмүүд, халгиж цалгисан их найр цэнгэл өдүүлж суудаг агсан Оросын удирдагчдын үлдээсэн байшин савууд, Түрэгийн бүгд найрамдах улсыг үндэслэгч, хайр найргүй орчин үежүүлэх хөдөлгөөнийг манлайлагч /охидын толгойн алчуурыг хориглох шийдэл ч эндээс эхтэй/ Ататуркийн хөшөө дурсгал, хөрөг зургууд гээд л өнгөрсөн цагийн ул мөр, шарх сорви энэ хотын хана туурга, гудамж талбай, тоосго, чулуу бүрт тодоос шингэсэн буй.
Кагийн сэтгүүлч дүр Памукт илүү өргөн, олон талтай үзэл бодлуудыг тусган бичихэд дөхөм болжээ. Хуучин цагт мандаж явсан, хүчирхэг эзэнт гүрний туурин дээр амьдарч үзээгүй хүмүүс тэндэхийн хүн зоны “Бид хүчтэй байх ёстой!” гэсэн тууштай итгэл, “Бид ямар буруу зүйл хийсэн юм бэ?” гэсэн ичгүүр зовнил, “Ийм байдалд орсон маань хэний буруу вэ?” гэсэн гоморхол, “Бид чухам хэн юм бэ?” гэж мөн чанараа бэдрэх тамирдал гэхчилэн сэтгэл зүйн олон янзын дүр байдлыг ойлгож ухаархад бэрх буй заа. Гэвч мандаж явсан улс гүрний гандаж доройтсон одоо цагт амьдарч буй хүмүүсийн зовлон чухам ийм л байх агаад Цас роман ч энэ мэт зовлон, шаналалыг өөртөө нэвт шингээжээ.
Ка талийгч охидын талаар дориухан мэдээлэл цуглуулчих гэж мэрийвч уулзсан хүмүүс нь түүнд сэтгэлээ нээхээс бэргэнэ. Учир нь тэр бол Истанбулийн шинэ дүүрэгт өссөн, Барууны оронд олон жил амьдарсан ганган хүрэмтэй эр. Сүсэгтнүүд түүнийг шашингүй үзэлтэн гэж адална. Харин шашны бус төрийнхөн засгийн нэр хүндэд халдсан зарчимгүй явдал болно гэж үзээд охидын амиа хорлолтын талаар бичихийг нь эс сайшаана. Тиймдээ ч хотынхон түүнийг байнга сэжиглэж, энгийн хувцастай цагдаа нар түүнийг мөр алдалгүй дагана. Ядаж байхад мань эр нэг нарийн боовны газарт ортол талийгч охидыг сургуулиас нь хөөж гаргасан хэргийн эзэн захирлыг нэгэн давжаа биетэй, шашны тулгуур үзэлтэн буудчихтай таарчээ. Дараа нь хайрт хүүхнийхээ хуучин нөхөртэй хамт цагдаад баригдаж, шашны бус төрийн цуст гар, төмөр нударгыг нүдээр үзнэ. Тэндээс гараад захирлын үхлийн сэжигтэн, хотод нууцаар орогногч, Исламийн хэт үзэлт Хөх гэгчтэй мөн л нууцаар уулзана. Энэ мэтээр Ка Карсад ирснээсээ хойш урьдчилж таах аргагүй давхар давхар олон учралтай нүүр тулжээ.
“Цас” роман маш нарийн шог, цочирдом эмгэнэлийг тун чадварлаг сүлжиж өгсөн бүтээл аж. Жишээ нь, хотын нэгэн сонины эрхлэгч Сердар Бэй Каг нийтийн үдэшлэгийн үеэр “Цас” хэмээх шүлгээ уншиж толилуулах тухай сониндоо мэдээлнэ. Харин Ка сонинд нь бичсэнчлэн түмэн олонд уншиж өгөх “Цас” энээ тэр гэсэн шүлэг байхгүй хэмээн учирлахад өнөөх эрхлэгч “Тэгж ярих юун. Зарим хүн биднийг үйл явдлыг урьдаас тааж бичлээ гэж буруутгадаг л юм... Гэвч бид түрүүлээд биччихсэн учраас л жинхэнээсээ болдог үйл явдал бишгүй шүү. Үүнийг чинь л орчин үеийн сэтгүүл зүй гээд байгаа юм” гэж хариулдаг. Тэгтэл удалгүй Ипектэй өрнүүлсэн хайр сэтгэлийн явдалдаа хөглөгдөж олон жил амтлаагүй аз жаргалыг мэдэрсэндээ ч тэр үү, Ка шүлэг бичиж эхлэх төдийгүй эхний шүлэг нь нээрэн л “Цас” гэсэн нэртэй байв аа. Мөн шүлгээ уншиж өгөх гэж театрт ч очиж. Мөнхүү үдэшлэгийн үеэр “Миний эх орон, миний алчуур” нэрт Ататуркийн үеийн жүжиг тоглогджээ. Гэвч жүжгийн дундуур үймүүлж, орилж хашхирч эхлэсэн шашны дунд сургуулийн жаалуудыг номхруулахын тулд төр засгийнхан тайзан дээрээс үзэгчид рүү галлахад хүрнэ.
Хувь тавилангийн гэнэтийн өөрчлөлт, эргэсэн хэдэн давхар үйл явдалууд, бичлэгийн уран хууралт, дөхөж очих тусам улам нарийсах нууцгай чанар, цаанаа л зэвэргэн хот суурин, шөнийн тэнүүчлэл, мөн чанараа бэдрэх аялал, нийгэм нийтийн амьдралаас дайжмал гол дүр – бидний мэдэх Памук яах аргагүй мөн. Гэхдээ дээр тоочсон бүхэн орчин үеийн уран зохиолын дүр төрхийн нэгээхэн хэсэгт зүй ёсоор орно. Ерөөс энэ романыг “Төөрдөг байшин дахь эр” гэдэг төрөлд хамруулж болох юм. Төөрсөн эр маань Де Квинси, Достоевский, Конрад, магадгүй бүр Кафка, Борхес, Гарсиа Маркез, ДеЛилло, Остер нарын гаргасан жимээр бэдэрч Хаммет, Чэндлер хоёрын тулааны дундаас гарсан бараан триллерийн мөр жимээр ч ороод гарсан шинжтэй.
Памукийн өмнөх романуудад эмэгтэйчүүд эр хүний шунал хүсэл дотроо төсөөлөх объект төдийхнөөр тусгагдсан байдаг бол “Цас”-аараа тэр эл зуршилдаа цэг тавьжээ. Романд сэтгэл хөдлөлдөө автсан Ипек, түүний дүү гөжүүд, хатуу Кадиф хэмээх хоёр хүчтэй эмэгтэйн дүр гарна. Ард нь алчууртай охид хэмээх бүхэл бүтэн найрал дууны баг байна. Эрх сүрийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэлдээний хоёр тал нас нөгчсөн охидыг ямагт өөрсдийн бэлгэ тэмдэг болгон уухайлцгаах атлаа амьд ахуйд нь аль аль талаас тэсвэрлэхийн аргагүй аймшигт дарамт учруулах ажээ. “Ядуурал, тусыг үл олох тарчиг байдал Каг тэгтэл цочирдуулсангүй. Охидын байнга амсдаг зодуур нүдүүр, хайхрамж муутай эцгүүдийнх нь хашаанаасаа ч эс гаргах харгислал, хартай нөхрүүдийнх нь авир аашны муухайг дуулаад ч тэр тэгтлээ хямарсангүй. Охидын өөрсдийгөө хөнөөсөн үйл байдал л Каг хэртхийлгэсэн юм: Санамсаргүй, ямар ч зан үйл, дохио сануулгагүй, өдөр тутмын аж амьдралынхаа дунд л.”
Эрчүүлийн эмэгтэйчүүлд хандах хандлага “Цас” романы өрнөлийг багагүй шийдэх ч эрчүүдийн өөр хоорондоо харилцах харилцаа үйл явдлын цөмийг бүрдүүлэх аж. Кагийн хувьд бусад эрчүүл өөрийг нь хүндэлж байна уу, эс хүндэлж байна уу гэдэг онцгой чухал. Харин тэр хүндлэл нь эд мөнгөний харилцаагаар бус, үзэл бодлынх нь нийцлээр шийдэгдэнэ.
Гэвчиг тэрээр санаа сэтгэлийнхээ дотор чухам юу өрнөөд буйг өөрөө ч мэдэхгүй эргэлзэх тул ямагт нэг талаас нөгөө рүү урваж хөрвөх аж. Хөөрхий Ка барууны соён гэгээрлийн талд бат зогсож үлдэх ёстой юм болов уу? Гэвч Германд очоод олигтой амьдрал үзээгүйг нь юу гэх вэ. Тэгвэл Муслимуудын хүрээнд эргэж ирэх хэрэгтэй юмсан уу? Гэвч согтуудаа ганц удаа орон нутгийн тэргүүн санваартны мутрыг үнсэж үнгэн элдвээр аягласан байсныг эс тооцвол шашин гэдэг бас л түүний орогнох орон зай биш ээ.
''Цас” бол эх орныхоо оршин тогтнолыг үгээр дархлах гэсэн Памукийн урт хугацааны хөдөлмөрийн сүүлийн томоохон бүтээл юм. Карс хот Памукийн үзгээр сэтгэлд нэн тод томруун дүрслэгджээ. Ядуу зүдүү төрх нь ч аятай дулаан сэтгэгдэл төрүүлнэ. Гэвч оршин суугчид нь Орханы зохиолын дүр болохоос эрс татгалзах аж. Нэг нь бүр “Бидний амьдралыг гаднаас, тэр холоос уншаад хэн ч мэдэрч чадахгүй шүү дээ” гээд Орханд өөрсдийнх нь тухай бичсэн нэгээхэн зүйлд нь итгэж болохгүйг уншигчдадаа сануулаарай гэж захина. Түүний эл үг Памукийг, түүний өгүүлэхүйн ур чадварыг дэнслэх том сорилт болоод зогсохгүй уншигч бидэнд ч хүнд шалгалт болж байна.