"ГЭРЭГ" сэтгүүлийн эрхлэгч, утга зохиол судлаач У.Бямбаням "Зүүд бол цорын ганц бодит зүйл" номонд уншигчийн сэтгэгдэл сийрүүлжээ. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн утга зохиолын ангийг төгссөн бөгөөд “Анир гүм” шүлгийн түүвэр, “Хишиг:Монголчуудын хишиг хүртэх ёс, “нүгэл төөрүүлэх” зан үйл” соёлын антропологийн ном тус тус хэвлүүлсэн залуу судлаач, авьяаслаг уран бүтээлч билээ.
Италийн Римини хэмээх бяцхан сууринд төрсөн түүний бүтээлүүд өнгөрсөн зууны кино урлагийн гол “орц” байсан гэлцдэг нь харин үнэн.
Зунтай салах ёс хийж, намрыг угтахын тулд амьдралаа ямар нэг ер бусын байлгах гэдэг маань бараг л зуршил болчихож. Тэгээд саяхан хуучны нэг шүлгийн дэвтрээ хайж олоод хоосон зайд нь шүлэг бичихээр сууваа. Гэвч оюун санаа минь зүлгэж зүлгэж цааш хураасан хоосон сав шиг мэлтийж, гайхаж цөхөх зуураа шарласан хуудсыг эргүүлж цаг нөхцөөлөө. Гэтэл нэг булан дээр нь “Хөлөг онгоц цааш хөвнө” гэсэн Федерико Феллинигийн киноны нэрийг бичсэн хоосон хуудас гараад ирэх нь тэр. Энэ л миний намрыг үдэх ямар нэг ер бусын тохиол биз.
Гайхмаар нь хэдхэн хоногийн дараа “Тагтаа паблишинг”-аас Шарлотт Чэндлерийн “Феллини миний түүх” номыг гаргаж буй тухай сураг дууллаа. Яг үнэндээ Федерико Феллини миний шүтээн гэвэл тэрэн шиг худал зүйл үгүй. Кинонуудыг шимтэн үздэг гэвэл ч худал болно. Италийн Римини хэмээх бяцхан сууринд төрсөн түүний бүтээлүүд өнгөрсөн зууны кино урлагийн гол “орц” байсан гэлцдэг нь харин үнэн.
Та бүхэнд шүлэнгэтэн хүүрнэх “Феллини миний түүх” ном Америкийн зохиолч Шарлотт Чэндлерийн тэмдэглэл, дурсамжаас бүрдэнэ. Ингрид Бергман, Алфред Хичкок гээд манай эриний хамгийн гойд эрсийн намтрыг бүтээсэн Америк хатагтайн 14 жилийн тэмдэглэл уг номыг биежүүлжээ. Зоогийн ширээ, салхи татуулах машин дотор хүртэл үргэлжилсэн уг тэмдэглэлд их л илэн далангүй яриа багтсаныг зохиогч дурссан байх. Тэдний яриа сүүлдээ амьдралын эрчимтэй урсгалд автан үл анзаарагдам үргэлжилсэн нь танд аяндаа мэдэгдэнэ. Тухайлбал, “Үгэндээ тэр бүр хүрдэггүй, түүнийг нь ч хүмүүс анддаггүй гэдгийг Феллини хүлээн зөвшөөрдөг байлаа. Гэхдээ надтай ярилцсан хугацаандаа үгнээсээ няцсан удаагүй. Намайг гайхаж, тээнэгэлзсэн харцаар харах болгонд баруун гараа шалавхан өргөөд “Тангараглая!” гэж хошигнодог байв. Тэр нь яваандаа зөвхөн бид хоёрын ойлгох наргиа, нууц үг шахам болсон доо. Сүүлдээ тэр ярилцаж дуусаад салах болгондоо баруун гараа өргөдөг зуршилтай болчихсон байж билээ” гэх мэтийн ёжтой хэсгүүд олон.
Үзэгчийнхээ хувиар би Феллинигийн кинонд шимтэгч биш ч түүний бадрангуй намтар сонирхолтой байх нь хэдийнэ ойлгомжтой боллоо. Үүнийг дотны найз Билли Уайлдер нь номынх нь өмнөтгөлд “Феллини их идэмхий хүн байлаа. Аргагүй итали хүн гэдэг нь хэзээд мэдрэгдэнэ. Түүнийг эр, эмийн энгэр зөрүүлэх ёсон, хайр дурлал, шунал тачаалын тухай элдвийн яриа дэлгэхэд би дуртайяа чих тавин чагнадагсан. Их наргианч, бусдыг гайхшируулж алмайруулах дуртай хүн байсан. Цаас зажлан үлээж дүрсгүйтэхээс эхлээд хэрэгтэй, хэрэггүй юу эсийг бид хөөрөлдсөн гэх вэ. Яг л хөлгийн хоёр ахмад шиг байж. Үзэж, туулснаараа гавихгүй ч далай тэнгисийн догшин аашийг би мэддэг байв. Тэр ч бас юм бүхнийг андахгүй” хэмээн ёжтой хэрнээ, хөгжүүн хэлснийг хараад ойлгосон юмдаг.
Өөд болохынхоо өмнөхөн тэрбээр зохиолчид “Үзэж туулсан ганц амьдралаа чамд ярьж дууслаа. Одоо ярих юм үлдсэнгүй. Миний сүүлчийн үг энэ болог” гэжээ. Түүний сүүлчийн “үг” болох энэ ном гурван хэсэгтэй.
“Федерико” гэх эхний хэсэгт циркийн тоглолт, алиалагчдын үзүүлбэрт дурлаж хорхойссон бага насаа, Холливудын кино, Америкийн шог сэтгүүлүүдээр дамжин хорвоо ертөнцийг өөртөө нээсэн идэр залуу насаа дурсана. Төрөлх суурин Риминигээ Ром хүртэл тээж аваачсан, тэнд жирийн сэтгүүлчээс радио нэвтрүүлгийн зохиолч, кино зохиолч, эцэстээ найруулагч болсон түүхээ, амьдралынх нь төдийгүй уран бүтээлийнх нь хамтрагч болсон насны ханьтайгаа яаж учирснаа хүртэл дэлгэнэ. Харин “Федерико Феллини” гэсэн хоёр дахь хэсэгт найруулагчийн замыг эргэлт буцалтгүйгээр сонгосон киноны хорхойтон, түүний амьдралын утга учир, зорилго тэмүүллийн тухай өгүүлэх юм. Сүүлийн “Феллини” хэсэгтээ бүтээл туурвилаасаа давж алдаршсан бие хүн, нэг ч киног нь үзээгүй хүмүүс хүртэл “Феллинийн аястай” гэдэг үгийг мэддэг болсон үеийг хүүрнэх болно.
Ямартай ч энэ намрыг ер бусын болгох Феллини хэмээх асар том “хөлөг онгоц” нааш хөвж айсуй.