Намар ирж моддын навч шарлаад сэрүүхэн бороо дэлхсэн хөнгөн гунигтай өдрүүд үргэлжилсээр. Уншигчид маань ч дурсамж сэргээж сэтгэл үймрүүлэх шидтэй улирлын аашинд тохируулж хань татаж, бодол хуваалцах номоо дор бүрнээ сонгосон биз ээ. "Уншигч" булангийн энэ удаад Дулмаагийн Нандинцэцэг хэмээх бүсгүй оролцож саяхан уншсан "Зүүд бол цорын ганц бодит зүйл" номынхоо тухай сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцаж байна. Нандинцэцэг маань өдгөө Солонгос улс сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг горилхоор суралцаж буй билээ.
Сүүлийн үед бэлгэнд авсан номнуудаас хамгийн их таалагдсан нь энэ ном. Бэлэг бэлгийн дээд ном ч тухайн хүнийхээ сонирхолд тааруулах нь бас нэг соёл билээ. Энэ завгүй эргэх хүрдэнд багтааж, унших номоо онож сонгох нь бас уншичийн бас нэг мэргэн ухаан гэлтэй.
Би урлагийг шүтдэг. Урлаггүйгээр энэ амьдрал юутай утгагүй бас уйтай гээч. Төсөөлөх ч юм биш. Түүн дундаа эрхэм зохиолчид, зураачид, кино найруулагчдыг гүнээ биширдэг.
Италийн домог болсон кино найруулагч Федрико Феллинигийн намтрыг ээждээ очих замдаа онгоцонд эхлээд ээжийгээ асрахийн хажуугаар өөртөө сэргээш маягаар бариад уншчихлаа. Хүн өвдөхдөө их эмзэг ааширхуу, арга эвийг нь олоход тун амаргүй болдог юм байна. Тэгсэн ч гэсэн ээж минь хар багын ном шагайж явдаг байсныг минь санасан уу юм гэсэнгүй.
Ер нь сэтгэл санаа түвшин биш ийм үедээ ном бариад сууж бас чадахгүй хүн юм гэдгээ ч мэдэж авав.
Харин энэ Феллинигийн намтрыг юутай зөв сонгож авчраваа гэж өөртөө баярлаж байлаа. Бодит хүмүүсийн яг ийм хэлбэрээр бичигдсэн намтар үргэлж миний сонирхолыг татдаг. Дээр нь орчуулга нь ямар сайхан гулсаж байв даа. Миний дургүй үг үсэг, найруулгын алдаагүй, яг аялалд авч явахад тохирсон хөнгөхөн гоё цаастай ном юм. Орчуулагчид нь тусгайлан баяр хүргэмээр санагдсан. Баяр хүргье! гайхалтай орчуулсан залуу орчуулагч бүсгүйд.
"Би яагаад ч өөр хүн болж чадахгүй. Энэ миний амьдралдаа таньж мэдсэн цорын ганц зүйл ч байж мэднэ" гэж эхэлдэг энэ намтар тэр чигтээ сэтгэл татам. Хамгийн сайхан нь түүний бусдаас онхь ондоо сэтгэмж, амьдралыг үзэх үзэл, түүнийгээ уран бүтээлдээ илэрхийлэх чадамж нь намайг өөртөө нэг мөсөн татаж чадав. Гэхдээ түүний кинонуудыг үзэх боломж одоог хүртэл олдоогүй л байгаа нь харамсалтай. Артхаус буюу массд зориулсан бус мэргэжлийн түвшний кино бүтээдгээрээ алдартай түүний кинонуудыг намтрыг нь уншчихаад нэг үзвэл бас нэг шат ахисан үзэгч болох магадлал өндөрсөх юм шиг санагдана. Түүний олон сайхан бүтээлүүдийг жирийн үзэгчид ухаж ойлгож чадаагүйгээс тэр чинээгээрээ зарим кино нь алдаршиж чадаагүй байдаг. Уншиж буй баатрынхаа үзэл баримтлалтай санаа нийлж "тийм шүү Феллини" гэж дотроо дуу алдан суух нь уншигч миний бас нэгэн жаргал байлаа.
Энэ намтар дотроо гурван хэсэгтэй бөгөөд "Федерико" хэмээх эхний бүлэгт циркийн тоглолтонд хэрхэн хорхойсон дурлаж явсан бага нас хийгээд Америкийн сэтгүүлүүдээр дамжуулан өөрийн өвөрмөц ертөнцийг таних болсон залуу насаа бидэнд өгүүлнэ. Мөн жирийн нэг сэтгүүлчээс гараагаа эхэлсэн тэрээр хэрхэн кино зохиолчоос найруулагч болсон түүх мөн тавин жил ханилсан хайрт ханьтайгаа яаж учирсанаа дурсдаг. Сүүлийн хоёрт түүний эргэлт буцалтгүй кино найруулагч болсон үеүүд, бүтээлүүд гээд их гоё цэгцтэй, дундуур нь Феллини гэх хүний үзэл бодлуудыг тодотгож, бараг ишлэл гэмээр өгүүлбэрүүд маш олон байсан. Ном минь сүүлдээ тодосгогч харандааны зураасуудаар дүүрэн болсон доо. Өөрийн ном гэдэг энэ хэхэ.
"Зүүд бол цорын ганц бодит зүйл" гэж үздэг Феллини хачин жигтэй зүүднүүдээ кино хальсанд баяжуулж дүрсжүүлсэн зоримог найруулагч юм. Кино бол түүний урласан хөдөлгөөнт уран зураг. Түүний бүтээлүүдтэй танилцаад "Жаргалтай амьдрал", "Хойрго эрс", "Кабирияагийн үдэш", "Чин сүжигт Жульетта" зэрэг кинонуудыг заавал үзмээр санагдлаа. Түүний бүтээлүүд тав зургаан удаагийн гадаад киноны төрлөөр Оскар авч байсны зэрэгцээ мань эр 1993онд Америкийн Кино Академийн хүндэт шагналыг хүртэж байжээ.
Түүний энэ бүх гайхам амжилтыг дан ганц авъяас билэг бус насны хань, хамтран зүтгэгч Жульеттагүйгээр төсөөлшгүй юм. Авъяаслаг жүжигчин Жульетта түүний олон киноны баатруудыг мөнхөлжээ. Заримдаа хаа явсан газар нь нөхрөөс нь илүү түүний гарын үсгэнд хошуурагчид олон байсан гэдэг. Энэ хоёрын хайрын түүхийг уншижээ суухдаа олон удаа нулимас унагалаа. Өөрөө эмзэг, дээр нь ээжийгээ түр амсхийж унтах зуур уншиж суугааг хэлэх үү сэтгэл зүрхээрээ нэг цул болж л орхижээ. Үр хүүхэд заяагаагүй (2 эндсэн) хоёр маань киногоо бүтээх бүртээ өөрийн хүүхэд мэт сэтгэл зүрхээ зориулж урт удаан настай олон "кинон" хүүхдүүддээ бидэнд үлдээжээ.
Нэгэн удаа хоёул мөнгө муутай болчихоод байх үедээ нөхөр нь хүмүүстэй уулзах хэрэгтэй болоход Жульетта "хадгалж байсан юм" гээд дугтуйтай мөнгө өгдөг хэсэг дээр би бүр эхэр татаж уйлсан гээч. Өрөвдсөндөө бол биш шүү. Жульетта өөрийн үнэт эдлэлийг зарсан байдаг. Дараа Феллини үнэт эдлэлийг нь эргүүлж авч өгнө гээд чадаагүйгээ дурсдаг. Энэ бол зүгээр л хайр шүү дээ. Үнэт эдлэлээ нөхөж аваагүй нь ч болсон санагдсан.
Хэдий алдартай найруулагч ч угийн хөрөнгө зоорины төлөө амьдраагүй зөвхөн өөрийн киноны төлөө амьдарсан хүн бөгөөд тодруулж хэлвэл жинхэнэ өөрөөрөө, бусдын нөлөөнд авталгүй амьдарсан хүн юм. Жинхэнэ өөрөөрөө амьдардаг хүмүүсийг би илүү биширдэгээ. Яагаад гэвэл бидний олонхи нь өөрөөрөө амьдарч, өөрийн орон зайгаа дархлаажуулж чаддаггүйгээс тэр. Бидний мэдэх Ромьо Жульеттагийн түүхээс илүүтэй кино ертөнцөд тавин жил хослон амьдарсан бодит хүмүүсийн түүх миний сэтгэлийг машид хөдөлгөлөө.
"Хэлчихсэндээ дараа нь харамсаж, юу ч хийсэн буцааж болдоггүй үг гэж бий. Харин огт хэлэгдээгүй үгс түүнээс илүү өр өвтгөм байдагаа" гэсэн агуу найруулагчийн үгийг "зээлж" тэмдэглэлээ өндөрлөе дөө. Ээждээ утсаар л олон хэлсэн сайхан үгнүүдийг одоо өдөр бүр чихэнд нь шивэгнэж зүрхэнд нь хүргэнээ.
Баярлалаа Федерико! Ciao Federico🙏📖🖤
Дорнод аймагт ээжийнд бичиж, онгоцонд засварласан тэмдэглэл.
Дулмаагийн Нандинцэцэг 2017.08.30