Д.ДАВААХҮҮ: ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ
2017-07-21 Уншигч 1202

Энэ удаагийн уншигч булангаар Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романы тухай Д.Даваахүүгийн бичсэн тэмдэглэлийг хүргэж байна. Д.Даваахүү 1996 онд Улаанбаатар хотод төрсөн, одоо МУИС-ийн Философийн ангийн 4-р күрсэд суралцаж буй юм. Сэтгэл гарган сэтгэгдэл бичиж явуулсан Д.Даваахүүд баярлалаа.


Милан Кундера…

Хүнийг, түүнтэй холбогдох ахуйг, түүний оршихуйг юу тодорхойлдог юм бэ? Миний харж буй хариулт бол цаг хугацаа. Цаг хугацаа бол тодорхойлж болшгүй, таамаглахын аргагүй бүрхэг, үл мэдэгдэх хийсвэр байдал мөн. Гуссерлын ярьсан ухамсрын интенционоль

шинж чанар бүхий. Ухамсар, цаг хугацаа.. Хэзээ ч өөрийгөө өөрөөрөө тодорхойлдоггүй, үргэлж өөр бусад юмсаар дамжин байж өөрийн буй байдлыг илэрхийлж бусдад мэдэгдэж байдаг шинж чанар, мөн чанар бүхий... Мөн энэ утгаараа цаг хугацаа нь юу ч байж болох, ямар ч нөхцөл байдлыг өөртөө тээгч, бүхнийг боломжит байдлаар нөөцлөгч… хүнийг цаг хугацаа л тодорхойлж өгнө. Яг тухайн тэр агшин, хоромдоо л. Үнэмлэхүй утгаар. Цаашилбал хором мөч бүхэнд хийж буй чөлөөт байдлын дагавар хэрэгсэл сонголт хийх чадвар маань намайг дараагийн агшинд тодорхойлох мэт. Гэхдээ энэхүү сонголт хийх чадвар нь нэг талаас хүний мөн чанар мөн гэж хэлж болох ч нөгөө талаар хүнийг ямар ч мөн чанар үгүй юу ч биш болгож буй түүнд оноогдсон ял мэт. Мэдээж энэхүү юу ч биш гэдэг маань үгүйсгэл, хүн бол ямар нэгэн урьдаас өөрийн гэсэн мөн чанар бүхий юм биш харин юу ч болж болох юу ч биш байдаг гэсэн үгүйсгэл юм. Уг зохиолоос хүн ямар ч байж болохыг бэлэхнээ олж харлаа.

Хүн хайрлам, энэрэм...Гайхамшигтай байж чадах ч басхүү өчүүхэн, дорой, гутамшигтай, хуурмаг, хэлбэр төдийхэн байж болохыг ч харлаа. Оршихуй хүнд, хөнгөн... Тогтуун ч байж чаддагийг харуулж буй эдгээр дүрүүд, дүрслэлүүд нэг талаар Хайдеггрийн Dasein- ий санааг ч сануулав. Нөгөө талаар зохиолоос харахад хүн хэзээ ямагт dasein байж чаддаггүйг илт харуулжээ. Тэрээр үргэлж өнгөрсөн, ирээдүй рүү хальж өөрийгөө хийсвэр цаг хугацааны модусуудтай холбон түүгээрээ өөрийнхөө тухайн агшны оршихуйг тодорхойлж байх юм. Гагцхүү энэ чанар нь л хүнийг бусдаас (жишээ нь Каренинаас) илт ондоошуулж, өвөрмөц ахуй болохыг нь илтгэж байна. Хүн түүний мөн чанар, оршихуйн төлөв байдал нь таамаглахын аргагүй олон янз байдал, хүчин зүйлс дунд сүлэгдэж, солигдож, тэдгээрээр тодорхойлогдож байх жамтай аж…. Бас нэгэн зүйлийг сэтгэлдээ шингэтэл мэдэрч, ойлгосон нь уншиж буй зохиолын дүрүүдийг урьдаас тогтсон схемдээ тааруулан ойлгох, мэдрэх, тэгээд түүндээ тааруулан ангилах гэдэг дадал болсон зангаа олж харан түүнээсээ цэрвэх сэтгэл төрөв өө. (Томас, Тереза, Сабина, Франц…. Тэр нь сайны илэрхийлэл дүр, нөгөө нь муугийн илэрхийлэл дүр… зарим нэгэн үйл явдлыг урьд бий байсан мэдээлэл, үйл явдлын сантайгаа шууд харьцуулж таамаглал гаргах гэх мэт…)

Бидний мэдэх юмс гэдэг, бүр орчлон ертөнц бидний өөрсдийн оюун ухааны үр дүн, загвар болон биеждэг хэдий ч тэрээр таамаглашгүй олон янз байдал, тохиолдол, боломжуудыг биднээс нууц хэвээр нь хадгалсаар буй биз ээ. Зүй тогтол гэж үгүй гэх постмодерн баримтлалыг бага ч болов догдлон мэдрэв. Эцэст нь гайхалтай зохиол уншиж боломжийг олгосон та бүхэнд баярлалаа.

Түр хүлээнэ үү...
Top