Энэ удаагийн уншигч буланд маань яруу найрагч Б.Батзаяа оролцож байна. Түүнийг "Баяртай гуниг минь", "Догдлолууд" шүлгийн түүврээр нь яруу найрагт шимтэгч залуус андахгүй билээ. Мөн тэрээр ***НИМБЭГНИЙ МОД*** хэмээх хувийн блог хөтөлдөг. Франц Кафкагийн "Хувирал" туужийн гол баатар Грегор Замзагийн тухай түүний эргэцүүлэмж бичвэрийг хуваалцаж байна.
Эртний их сэтгэгч Жуанз дурссанчлан
Эгэл нэгэн бээр зүүдэлж гэнэ,
Эрвээхий болчихсон нисч явна гэнэ.
Эргэж сэрээд харин өөрийгөө
Эрвээхий байснаа хүн болчихлоо гэж
Эргэлзэн зүүдлэх мэт санагдаж гэнэ.
Рон Пажет
Нэгэн өглөө Франц Кафка таагүй зүүднээсээ сэртэл иргэншилгүй болсон байжээ.
Нэгэн өглөө Грегор Замза хар дарсан зүүднээсээ сэртэл аварга том шавьж болчихсон байжээ.
Грегор аварга том шавьж болчихсон сэрээд тэгтлээ цочирдож сүйд болсонгүй “Би яачих нь энэ вэ?” л гэж бодоод өнгөрчээ. Бүр аймшигт хар дарсан зүүднээс сэрсэн мөртлөө шүү! Түүний сэтгэлийг ингэтэл хувирч өөрчлөгдсөн биеэс нь илүүтэй ажилдаа оройтож буй нь л зовоож байв. “Бурхан минь би ямар гээч гайтай ажил сонгосон хүн бэ?” гэж бодсоор атлаа шүү! Эцэг эхийнхээ өрийг дарах гэж үүрээр босож, хэдэн хоногоор ч хамаагүй худалдаа хийн галт тэрэг дамжин уйгагүй зүтгэх хэрэгтэй байдаг. Гэтэл энэ өглөө ингээд хэвтэж байгаадаа өөрийгөө буруутгана. Хэдий ийм муухай шавьж болчихсон ч гэлээ ажлаасаа хоцорч буйдаа сэтгэл нь зовно. Хурдхан шиг босоод ажил руугаа жирийлгэмээр байвч хий дэмий арвалзах хариугүй чөргөр хөлнүүдээ захирч чадахгүйдээ баахан тавгүйтнэ.
Ер нь ямар ч хүн иймэрхүү анзааны шавьж болчихсон сэрвэл юун эцэг эх, өр шир, ажилтай манатай хамаг муухайгаараа орилж чарлан уйлж гиншиж ханаад амиа егүүтгэх тухай бодлоор л толгой тархиа дүүргэх байсан бизээ. Гэхдээ угаас хэнд ч сонирхолгүй хараал идсэн жир амьдралд ч тохиолдож болох шалдар булдар зүйлийг илүү амттай илүү хурцаар гаргаж хэн нэг саваагүй уншигчийн сэтгэлийг сийчин дотрыг нь муухайруулах адын таашаал мань хүнд байжээ.
Тийм ээ, Грегор бол ажилдаа явах ёстой. Ажлаас нь хэн нэг нь ирж гэр бүлийхнийг нь сандрааж түгшээхээс өмнө босох хэрэгтэй.
Хөгийн байгаа биз? Өнөө цагт бол хэн ч итгэхгүй шал худлаа, дүр исгэсэн амьтан төсөөлөгдөж байна уу? Тайвшир, ямар ч сэтгэл хөдлөлгүй гэр бүл, ажлаас өөр бодох юмгүй Грегор гээч энэ дүрийг “Уучлаарай, хүндэт эцэг эхчүүдээ! Өршөөгөөрэй, эрхэм ажил оглгогчид оо! Та нарын хүсэж, эрж хайж байгаа шиг ийм хүн хорхой хаа ч байхгүй” хэмээн хэлэх сэн гэхдээ Кафка бодож олсон юм. Хэн ч ийм ачлалт хүү байж чадахгүй. Миний бодлыг үгүйсгэх хүн гарж болно л доо, тэгээд ч Грегор над шиг бэртэгчин амьтан биш байж таарна. Гэлээ гэхдээ гэр бүлээ чин сэтгэлээсээ хайрлаж халамжилж чадахгүй зөвхөн өөрийгөө л чагнаж, хөгжүүлж хар амиа л хоохойлж явахыг илүүд үзэж буйдаа харамсан зовж явах ч бас хайр юм шүү дээ! Үүнийг хайрлаж чадахгүй байгаадаа шаналсаар нисчихэж буй “Ливингстон цахлайн хайр” гэе. Тэдний нөгөө талд гэр бүлээ зохих ёсоор нь хайрлаж харж хандаж явдаг, түүндээ ч сэтгэл хангалуун байдаг “хагас хүн хагас бурхан төрөлт” хүмүүс ханхар өргөн мөр бахим гартаа гэр бүлээ өндөрт өргөн бат зогсоно. Бүүр нөгөө талд нь гэр бүлээ зохих ёсоор нь хайрлаж харж хандаж явдаг ч түүндээ хүртэл сэтгэл хангалуун байж чаддаггүй “Сизифийн төрлийнхөн” толгой гудайн зогсоно. Эднийг хооронд нь харьцуулж чухам хэн нь зөв хэнийх нь буруу болохыг дүгнэж цэгнэх гэж оролдоно гэдэг “утга учиргүй” доторх утга учиргүй л асуудалд хөтөлнө.
Ер нь эцэг эх, ах дүүсээ илтэд өргөн хайрлаж (өөрийнхөө дээр залсан) хүн итгэмгүй тийм их хайр халамж ундран буй гэр бүлийн нэгэн гишүүний тухай энэ мэт үг өгүүлбэр уншиж бах таваа хангадаг хүн цөөхөн байж болох. Гэхдээ л миний итгэж байгаагаар үүнтэй адил шооч мэдрэмж Кафкад бас байсан бололтой. Тэр үнэхээр шогийн өндөр мэдрэмжтэй нь гэр бүлийнхээ тухайх бодлоос гадна ахлахтайгаа харьцаж буй байдлаас ч бэлхнээ харагдана.
“Та хаачих нь вэ, эрхэм ээ? Контор луугаа яараа юу? Даргад энэ бүх учрыг тайлбарлаж өгөх гээ юү? Хүн түр зуурын хөдөлмөрийн чадвараа алдахаар урдах хойдохоо эргэцүүлэх боломж гараад улам эрчтэй ажилладаг болдог юм гэнэ лээ.”
Бусдын хувьд ямар ч ирээдүйгүй хачин муухай хорхой болчхоод ажлын байраа алдахгүй гэхдээ ахлахынхаа өөдөөс иймэрхүү үгсийг амьсгаагүй шүршихээс илүү сайхан ёжлол ийм нөхцөл байдалд өөр юу байх билээ. Би ч ялгаагүй хэн нэг даргын хувьд ийм л хорхой шүү дээ. Харин Грегор шиг үнэхээр хорхой болчихоод айж цочирдсон дарга даамлынхаа өмнөөс ийн дамшиглаж хэвтвэл (хорхой болсныг эс тооцвол) юутай таатай сайхан санагдах бол. Магадгүй Кафка эл зохиолоо шавайгаа хангаж болохуйц хошин маягаар бичиж эхэлсэн ч зохиол нь түүний дотор бугласан гомдол бухимдлыг хатгаж хөндөснөөр илүү гүн гүнзгий утга агуулга руу бичээчээ хөтөлж аваачсан ч юм билүү. Өрөөнөөсөө гаралгүй ширээний ард удаан суудаг, гэр бүлдээ төдийлөн тус дэм болчихож чаддаггүй байсныг нь ч юмуу, эсвэл түүний хүсэж буй бичгийн амьдралын хэв маяг нь гэр бүлийнх нь (эцгийнх нь) хүсэлтэй зөрчилдөж байсан зэргийг нь би огт яриагүй юм шүү. Харин бүхнийг хүлцэн бясалгасаар үзэгдэх байдал, хоол унд, өөрийгөө ч мартсан “ажилгүй” Замза дүүгийнхээ хийл хөгжим тоглохыг сонсоод өрөөнөөсөө эрхгүй гарч хөгжим эгшиглэж буй тэр зүг өвдөж доройтсон биеэ чирэн юунд ч юм эрхгүй татагдан мөлхөж буй үйлдлээс нь харж ухаарч болох тэр зүйлийн тухай ярьж байгаа юм шүү.
Дундаж давхрагын айлаас онцгой нэгэн төрөн гарна гэдэг үргэлж ямар нэг эсэргүүцэл, шахалт, үүрэг хариуцлагын дарамттай тулгарч улмаар өөрийнхөө хүсэл мөрөөдлийг сонгосон бэртэгчин, эсвэл гэр бүлийнхээ амин зуулгын төлөө цаг наргүй зүтгэх ажилч шоргоолж болох хоёр сонголтын өмнө аваачна гэдэгтэй санал нийлэх үү? Хийлийн эгшигт хөтлүүлэн мөлхөж байхдаа Грегор юун тухай харуусан боддог билээ?
Хэрэв би ингэж онцгой нэгэн болж хувираагүй сэн бол ажлаа үргэлжлүүлэн хийсээр дүүгээ хөгжмийн сургуульд оруулах байсан даа…
Браво, ёстой жинхэнэ хорхой! Тэгээд өрөө рүүгээ яаж буцдаг билээ? Замзагийнхныг тэжээх ёстой атлаа огт ажил хийлгүй бэлэн хоол (тэр нь хоолны үлдэгдэл, муудсан хаягдал байсан ч ялгаагүй) хороодог нэг муу хорхой тэгж л буцах ёстой юм. Ноён Замза аргагүйн эрхэнд хав дарсан хэдээ гаргаад л... Ер нь ийм парзит гэр бүлийн төлөө хүн төрлийг олж төрсөн нэг насны амьдралаа золино гэдэг хэр шударга хэрэг вэ? Грегорт хайр дурлал гэж байсангүй (нэг муу ханын зургийг эс тооцвол), цагийг зугаатай өнгөрөөх ууж наргих найз нөхдийн тухай бүр бодох ч хэрэггүй, тийм цаг зав ч олдохгүй. Гэр бүлийнхээ хувьд тэр хэн юм бэ?
Оросын найруулагч Валерий Фокины (2002?) кинонд Грегор дүүгээ хөгжмийн сургуульд явуулах санаатай байгаагаа өөрчлөгдөхөөсөө өмнө хэлж буйгаар гардаг юм. Дүү нь жигтэйхэн баярлаж ахыгаа тэвэрч үнсдэг шиг санагдаж байна. Сайн дүү байлаа. Гэхдээ сайн дүүтэй байхын тулд эхлээд өөрөө сайн ах байх ёстой, тийм биз? Надад хоёр ч дүү бий, би ер нь гадарлана.
Ерөнхийдөө Замзагийнхан дундаас Грегор нэртэй нэгэн онцгой Замза төрсөн ч түүнийг бусад Замзанууд нь ойлгохыг хүссэнгүй, түүний энэ байдлыг хүлээж авсангүй. Энэ бол хүмүүсийн төдийлөн ойшоож үздэггүй нэг төрлийн гэр бүлийн хүчирхийлэл гээд хэлчихвэл нэг их зөвдөхгүй ч бас буруудахгүй л байх.
Грегорт хүн шиг бие, хүн төрөл тийм ч чухал зүйл биш байсан гэж бодоод үз. Бие гээч муухан загвартай нэрийн хуудас төдий зүйлээр өөрийгөө төлөөлүүлнэ гэдэг надад ч мөн адил таатай санагдаж байсангүй. Гэтэл юуг ч илэрхийлж чадахгүй тэр өчүүхэн бие чинь өөрчлөгдсөн төдийд л гэр бүл, эрхэмлэн хайрлаж явсан хүмүүс яаж хувирах бол? Чи ингэж бодож үзсэн үү? Жихүүдэс төрөм хорхой болохоо ч байг, биеийн чинь нэгээхэн хэсэг л өөрчлөгдөхөд ч юм уу… Хувирал гэдэг үг тэгээд Грегорт хамаатай юу, эсвэл Замза нарт хамааруулах нь зүйтэй юу? Яг хэн нь хоёр нүүр гаргасан юм бэ? Үнэхээр Грегор хувирсан юм уу? Эсхүл зүгээр гэр бүлийнхээ хувьд байж боломгүй хувь хүн болчихоод сэрсэн юм уу?
Шөнө дүлээр шүлэг нойрноос сэрээд
Эрвээхий биш, хүн болохоо мэдрэх хийгээд
Энэ насаа туж унтан нойрсож
Эрвээхийн тухай зүүдлэх нь агаар нэгэн болой.
…Нэгэн бодьгал биет, нэгэн бие даасан сэтгэхүй гэхээсээ
Нээрээ л яг тийм нэг эрвээхий гэж боддог байсан,
Нээрээ тэхлээр би эрвээхий юм биш биз? (Рон Пажет “Эрвээхий”)
Заримдаа чамд эцэг эх чинь гав дөнгө, чөдөр тушаа ч юмуу, эсвэл цус сорогч, шимэгч хорхой шиг санагдаж байсан уу? Хэтэрхий хувь хүний хариулт нэхсэн асуулт байх л даа. Өөрснийхөө хүслийг үр хүүхэддээ тулгасан, бүхэл бүтэн хувь хүний өмнөөс шийдвэр гаргаж суудаг чамайг төрүүлсэн нэг тийм бурхад шиг ч юмуу санагдаж байсан удаа бий юу? Би эцэг эх эгч дүү нарынхаа дэргэд, төрсөн гэр дассан үүр оромжиндоо амьдран суух дуртай байлаа. Одоо хаашаа ч хамаагүй явчихмаар үетэй олон таарах болжээ. Харамсалтай нь би нэг л өглөө сэрээд хаашаа ч юм нисчихэж чадахгүй арай өөр Грегор юм даа.
Ницще нэг өдөр гэрээсээ гараад “Бурхан үхчихэж” гэж хэлжээ. Бурхантай байсан үеийн ертөнцөд хүн бурханд л таалагдахын тулд амьдардаг байжээ.
Залуу Сидхарта нэг удаа ордноосоо гарчээ. Эцэг эхээсээ-хэрмийн цаана гараад тэр үнэнийг харжээ.
...Бүлтгэр нүд дэрвэгэр далавчтай эрвээхий би
Өрөөн дотуураа эргэлдэн нисч
Үхэдхийн ойчих хүммүүсийн дээрээс
Өөдөс цаас, өд сөд цацлан шидлэх шиг санагддаг
Би тэднийг авран нигүүлсэхийг хүснэм.
Бие сэтгэлээрээ гайхамшигт нэгэн аялгуу болоод
Эрхэм дээд энэрэнгүй зан аягаараа
Эгэлхэн тэд хэн ч байсан, аварч нигүүлсэхийг хүснэм.
(Рон Пажет “Эрвээхий”)
Хүсвэл Грегор Замзаг тэр нэг өглөө ямар ч хорхой болж хувираагүй ердөө л хар дарсан зүүд нь түүнд нөлөөлж амьдралыг өөрөөр харж эхэлсэн. Тиймээс л ажилдаа явмааргүй байгаагаа, ерөөсөө цаашид гэр бүлийнхээ төлөө ингэтэл зүтгэх хүсэлгүй байгаагаа хэлсэн төдийхнөөр эхлүүлээд нэг үзээрэй. Замзагийнхны гаргасан ааш аяг Грегорын бодол илүү тодорхой болох ч юм билүү. Магадгүй тэгж уншвал чамд хачирхалтай сонин санагдах зүйл огтхон ч үгүй, байдаг л нэг жирийн амьдрал шиг санагдах вий! (Угаасаа хэнд ч сонирхолгүй хараал идсэн жир амьдралд ч тохиолдож болох шалдар булдар зүйлийг илүү амттай илүү хурцаар гаргаж хэн нэг саваагүй уншигчийн сэтгэлийг сийчин дотрыг нь муухайруулах адын таашаал мань хүнд байжээ. :P)
Далыг минь мэрэх бяцхан хорхойнууд минь
Далавчаараа тэжээсэн цагаахан шувууд минь
Б.Б