Г.МӨНХБААТАР: "ГЭМ ЗЭМ"
2015-11-11 Уншигч 2069

Энэ удаагийн уншигч булангаар http://blog.gmb.mn блогийн хөтлөгч, программист, Monbookclub номын клубын гишүүн Г.Мөнхбаатарын Ф.М.Достоевскийн алдарт роман "Гэм Зэм" -ийн тухай харилцан яриа байдлаар олон өнцгөөр сонирхолтой, хоржоонтой задлан бичсэнийг хүргэж байна.

Агуу уярам чадаагүй, бүтээгүйн түүхийн хажууд эгэл даруухан чадчихсан болчихсон түүх илүү биш гэж үү.

За яахав. Би тэгвэл агуугаас агуу уярам, чадаагүй болоогүйн дэлгэх юм уу хаашаа юм! Утга учир, үр дүнгийн тухай яриаг чинь сөргүүлэн автахуй, уярахуй ярих юм уу? ...


Эмзэг: Чи тэгэхлээр энэ зохиолыг агуу гавьяа төлөвлөчихөөд түүндээ хүрж чадаагүй, магадгүй бүүр хүрч чадаагүй нь яалт ч үгүй гарцаагүй байсан мэтээр аргадан тайлбарлаж буй уярам түүх гэж үзэж байгаа хэрэг үү?

Мундаг: Яагаад үгүй гэж?

Хувиа хичээж, магадгүй өч төчнөөн увайгүй муухай зүйлс хийн байж хурааж хуримтлуулсан хэдийгээ дайчлан гарамгай гавьяа байгуулдаг байсан, мөн үргэлжид хүн төрөлхтний сайн сайхан үйлсийн ул суурь, охь шим нь ийм л замаар бүрэлдэж байсан бол? Ийм л байсан, үргэлжид бас ийм байхаар бол, бас дээр нь би үүнийг мэдчихээд байгаа бол... би юу хийх вэ? Чи юу хийх вэ?

Бүгд: ... (дуугарсангүй)

Мундаг: Яагаад үгүй гэж? Раскольников юу хийж байгаагаа өөрөө мэдэж байсан, чухал хэрэгтэй зүйл гэдгийг нь ч мэдэж байсан. Тэгээд хийсэн, гэхдээ чадаагүй.

Зохиолын гол дүрээр төлөөлүүлэн Достоевский нэг том асуулт уншигчдаас тавьсан. Ер нь хүмүүсийг 2 хуваачихъя. Аугаа үйлсийн төлөө аливааг золиослоод, золиосолсон зүйлээ хэд дахин эргүүлэн авч чаддаг хүмүүс, аль эсвэл зүгээр л эхний хэсгийн хүмүүсийн агуу үйлсэд золиос болон өртөгсөд.

Манай баатар алинд нь багтах вэ? Та зохиолын баатрыг маань алинд нь багтаасай гэж бодож байна? Ийм асуулт төрөөгүй хүн байна уу?

Бүгд: ... (дуугарсангүй)

Мундаг: Бид бүгд л алинд нь багтахаар юм бол доо гэж харж байсан тийм үү. Юу ч тохиолдсон, ямар ч хамаагүй үнээр чадах нь зөв үү, эсвэл зүгээр л ийм тохиолдолд ингэхгүй тэгэхгүй гээд татгалзах уу. Бид хариулдаггүй юм аа гэхэд энэ Раскольников гэж нөхөр юу гэж хариулах нь уу тийм ээ?

За одоо "*би эмгэнийг гол баатраараа алуулахаар явуулъя. Дараа нь гол баатрыг минь чадах үгүйг чи хараарай*". Энэ бол зохиолчийн урьдаар уншигчдийн өмнө хэлсэн үг. Яг тэгээд зохиол дээрээ гол үйл явдал руугаа оронгуутаа. Мань эр буюу зохиолч нь үүн дээр булхайцчихсан. Чадах үгүйг нь харуулаагүй, чадах чадахгүйн тал дээр тийм эсвэл үгүй гэсэн хариултын алинийг нь ч өгөөгүй.

Зөвхөн эмгэнийг алсан бол яах байсан бол гэж уншигчид харж байсан, гэтэл эмгэнийг бас өөр нэг гэмгүй хүнтэй цуг алуулчихсан. Ингэж л булхайцсан! Гэхдээ ингэдэг, булхайцдаг барил бол утга зохиолын онолын хувьд шинэ юм биш. Тэглээ гээд, онол ном бидэнд чухал биш. Онолын хувьд шинэ биш гээд бид үүнийг ярихгүй өнгөрч болохгүй.

Тиймээс Раскольниковыг чадаагүй гэж буруутгах нь ч бас хаашаа юм. Түүнд зүгээр л аз дайраагүй. Тэр хийнэ гэж төлөвлөж байсан зүйлээ хийж чадаагүй, оронд шал өөр зүйл хийчихсэн. Тэр гавьяа төлөвлөж байсан, даанч тэр гай тарьж, гэм үйлдсэн.

Овжин: Зөвхөн гэмтнийг (эмгэнийг) алсан бол Родя яах байсан бэ?

Эмзэг: Байз байз, та нар чинь тэгэхлээр эмгэнийг аль хэдийн гэмтэн гээд хүлээн зөвшөөрчихөж байгаа хэрэг үү? Эмгэний амь хүний амь биш үү? Хүний амь хорооно гэдэг "гэм", за бүүр наагуур хэлье нүгэл биш үү?

Овжин: Харин тийм, сая би ч гэсэн асууж байхдаа "гэмтнийг" гэж хаалтан дотор хэлсэн юм шүү. Энэ тал дээр бол Мундагийн амыг дагуулаад л асуучихлаа. Надад лав энэ талаар бодож амжсан юм алга.

Мундаг: Тэгэхлээр Овжин гуай хариултнаас бултаад би хариулах болж байгаа юм биз дээ.

Яагаад эмгэн гэмтэн биш гэж? Раскольниковыг гэмт хэргээ үйлдэхээс өмнөх өдөр нь цайны газарт сонссон оюутны яриаг би энд давтаж хэлээд яах бил ээ. Тэр оюутны үг бол нэг үндэслэл, арай өөр талаас нь би юм хэлэх гээд үзье.

Мөнгө хүүлэгч эмгэн хүний амийг тэр дор нь биш гэхэд зугуухнаар, удаанаар шимж, шимэгчилж хөнөөж байгаа биш гэж үү? Яг шууд үхлийнх нь, үгүйрлийнх нь шалтгаан болохгүй байгаа ч гэсэн, яг аллагыг, амийг нь хороох явцыг үйлдэхгүй байгаа ч гэсэн зам мөрийг нь шулуутгаж өгсөн тохиолдол зөндөө биш гэж үү? Аргаа барсан ядууст туслаад гар сунгачихдаггүй юм аа гэхэд, эцсийн найдвар болгоод данжлах гээд ирсэн зүйлд нь шударга үнэ төлчихөж болох л байсан шүү дээ. Тийм байсаар байтал, тэгэхээс тэгэх гэсэн юм шиг өөр очих газаргүйгээр нь далимдуулж улам бага үнээр авдаг л байсан байх. Ийм хүнийг гэмтэн биш гэх үү?

Хичнээн олон хүний амьдралыг шимэгчлэн сүйтгэсэн бол? Яахав, хууль дүрмээрээ бол, тэр үедээ хангалттай төгөлдөршиж чадаагүй байсан хууль дүрмээр (одоо ч гэсэн хууль дүрэм хангалттай төгөлдөржсөн үү) тэр хүн буруугүй гэж тогтоогдоод байсан болог. Тэглээ гээд, хүмүүс бид хууль хөгжихийг хүлээгээд тийм гэмтнийг гэмгүй гэж үзсээр байх байсан гэж үү? Цаазын ял өгсөн ч багадахаар гэм үйлдсэн түүнийг цаазлах ялыг, мань Раскольников өөрөө сайн дураараа санаачлан гүйцэтгэхээр төлөвлөсөн гээд л бодчихъё л доо. Цаазын ял гүйцэтгэнэ гэдэг ч бас ажил. Ажил хийсэн бол хөлс авах ёстой. Мань эр хийх ажлаа, авах хөлстэйгээ бүгдийг тооцоолсон (төсөвлөсөн) байг л дээ. Ажил байгааг харсаар сууж, хэн нэгэн нь хийхийг хүлээж суух ямар хэрэг байна...

Овжин: Мундаг ч бүүр дэндүүлээд хаяв бололтой. Эмзэг нэг юм хэлэх байх. Урьдаад Мундагаас ганц юм асууя. Чи түрүүн асуусан даа, "*муу муухайг хийж цуглуулсан бүхнээрээ сайн сайхныг байгуулдаг. Гол нь хэдийг хасаж, хэдийг нэмсэндээ байдаг байдаг бол, ийм тооцоо хийх үү байх уу*" гэж. Наад эмгэн чинь тэр тооцоог нь хийчихсэн юм биш үү. Эмгэн угаасаа архичин, гуйлгачин болчихсон, нэгэнт өөдлөхгүй хүмүүсээс авсан мөнгөөрөө буян үйлдэх гэсэн байна шүү дээ. Угаасаа нэгэнт нүглийн мөрөөр шуудрах нь тодорхой болчихсон байсан тэр мөнгийг хамж аваад буяны мөрөөр урсгах гэж байсан юм биш үү?

Ер нь ч тэр эмгэн тэр хурааж, цуглуулснаасаа өөртөө ч наагаагүй, тансаглаж чамирхаж үрж зарсан юм байгаагүй. Ямар сүмд билээ дээ, хандивлахаар гэрээсэлсэн байсан бил үү? Мөнгө хүүлэгч эмгэн Напелеон байсан юм биш үү?

Мундаг: Эмгэн үү дээ. Яахав төс байж болох юм. Гэхдээ л биш. Хурааж хуримтлуулахын дон, агуу үйлсийн жоронд дутаад байгаа зүйлсийн эрэл хоёр хоорондоо адилхан харагдаж болох юм. Эмгэний хувьд магадгүй тэр хурааж цуглуулсан юм нь юунд хэрэгтэйг ч эмгэн өөрөө ойлгохоо байчихсан. Тэр их баялгийг юунд зарцуулахаа ч мэдэхээ байчихсан. Аргаа барахдаа энэ амьдралд нь биш гэхэд өөр амьдралд нь нэмэр болох болтугай гэж бодох болсон. Энэ утгаараа бол тэр хөрөнгөө мөнөө л өөртөө зарцуулсаар байна. Нөгөө талаас өч төчнөөн сүүлчийн итгэл найдварыг хөсөрдүүлэн байж цуглуулсан тэр хөрөнгө буяны мөрөөр шингэж чадах уу.

Овжин: За тийм байдаг байж. Раскольников тэгвэл Напелеон мөн үү. Санаандгүй зүйл тохиолдож гэм үйлдээгүй байсан бол Напелеон болж чадах байсан болов уу.

Мундаг: Би яаж мэдэхэв дээ. Гэхдээ... Эмгэнийг яг алчихсаны дараах хэсэг агшин дээр хэдүүлээ очъё л доо. Мань хүн ямар байлаа даа, алчихаад яаж хөөрч байсныг мэднэ дээ. Нүгэл гэж бодоо ч үгүй. Өөрийгөө Напелеон гэж бодож байна. За би ингээд Напелеон болох зам руугаа шуударлаа даа, "өмнө нь юундаа ч халгаад байсан юм бол" гэж бодсон байхыг үгүйсгэхгүй. Эмгэний урсах цус ч түүнд сэжиг сэрэл төрүүлээгүй... Гэтэл... Гэтэл дараагийн хүнийг алчихсаныхаа дараа энэ бүх оргилсон мэдрэмжүүд нь бүгд алга болчихоод шалдаа бууж эхэлсэн...

Эмзэг: Хмм... Лизаветаг алаагүй дан эмгэнийг алсан байсан бол Расколь бүх юм төлөвлөсний дагуу боллоо гээд огт тоохгүй байна гэдэгт би лав итгэхгүй байна. Зөвхөн эмгэнийг, паразитийг, гэмтнийг алчихсан байсан ч гэсэн Расколийн хүн чанар нь амь биенээсээ зулгаан тийчлэх байсан болов уу гэж бодох юм. Гэвч найз минь би зөвхөн бодлоо дэлгэсэн төдийгөөр, чиний зөвхөн эмгэнийг, паразитийг алсан бол Расколийн сэтгэл бүрэн ханачих байсан гэдгийг чинь үгүйсгэж чадахгүйгээ мэдээд байна.

Би юу хэлэхэв. Гэвч хэлээд л үзье. Миний бодлыг эзэмдээд байгаа зүйл бол...

Лизавета нэгэнт Расколийн гарт үхсэн, магадгүй энэ нь Родягийн хувь заяаг аз дайрсан явдал ч байж болох талтай. Хөөрхий (хөөрхөн) Лизавета золгүйгээр ирж сүхдүүлээгүй бол Родя маань хүйтэн сэтгэлт аль нэгэн Напелеон болчих ч байсан юм бил үү. Хэн мэдлээ...

Бүгд: ... (дуугарсангүй)

Эмзэг: Хмм... Уучлаарай. Санаа минь бас л жаахан эргэчихлээ. Нээрэн ч зөвхөн эмгэнийг алчихсан бол Родя яах ч байсан юм билээ. Чухамдаа Лизавета амь амьдралаа, ар дагзаа сүхэн доор нь ивэн өгч үхэхдээ үлдэж байгаа Родягийн хүн мөсийг авраад үхсэн ч юм бил үү. Ээ дээ энэ ч их маргаантай сэдэв юм даа.

Хүндэт зохиолч ах маань (Досто ах) энүүхэн дээр ч гэсэн бид 2-ыг эргэцүүлэх юмтай, эргэцүүлж барсан ч эргэлзэх юмтай хоцроосон нь юутай бахдам.

Түрүүний асуултанд чинь тулгамдаад хариулж чадсангүй, одоо хариулчихвал оройтохгүй байх гэж бодож байна. Би яг дурдсан шиг тохиолдолд байж үзээгүй болохоор өөрийнхөө биш, Расколийн өмнөөс хариулах гээд үзээдхэе...

Эмзэг: (дуугаа хурааж хэсэг байснаа, намуухнаар хэлж эхлэв) Их үйлсийн төлөө, аугаа их хуурамч үйлсийн төлөө өөрийн мэдрэмжээ, зүрхнийхээ зөвлөн болгоомжилсон айдсыг, хүн болон оршин байгаа гол багана, хүнийхээ мөсийг нуран унаж байгааг гаднах амьдралын эрч хүч, эрх мэдэл, сүр хүчнийхээ нүргээнээр дарж даван, дарагдаж хоцроод үл мэдрэгдсэн тэдгээрийг байдаггүй мэт санан, мөн цаашлаад тиймхүү хүн голондоо үнэнч, ойр үлдэх мэдрэмжит, зол заяат тэднүүсийг (хүмүүсийг) аз авьяас дутуучуул, амжилт бүтээлийн од гийх хувьгүйчуул хэмээн дорд үзэх байсан юм гэж үү? ...

Бүгд: ... (дуугарсангүй)
Эмзэг: Чин үнэнийг хэлье. Би (тэгэж) чадаагүй ээ.
Бүгд: ... (дуугарсангүй)
Бүгд: ... (дахиад дуугарсангүй)

Эмзэг: Та нар чинь яачихаа вэ. Чадаагүй гэдгийг арай сүртэй хэлчихэв үү? Чадаагүй гэдэг чинь, чадахын хүслэн байгаа хэрнээ чадахгүй байгаагийн тухай юм шүү. Тэрнээс биш чадахын хүслэнгүй болчихсон тухай бол биш. Намайг уучлаарай. Чадаагүй гэдэг үгийг хэлсэн ч гэсэн дотроос минь тийм их үнэмшил төрөхгүй байна л даа. Тийм ээ би чадаагүй ч гэж хэлж чадахгүй нь. Чадахын хүслэн надад одоо ч байсаар л байна.

Овжин: Чи юу, Родя юу? (инээмсэглэв)

Эмзэг: Би мэдэхгүй байна (итгэлгүйхэн инээмсэглэв). Ямар ч гэсэн Лизавета байгаагүй бол энэ бүхэн ийм байхгүй байсан. Энэ зохиол ийм байхгүй байсан, Родя ийм байхгүй байсан.

Овжин: Лизаветагийн тухай гайхалтай сайхан хэллээ. Ёстой уярам байлаа. Гэхдээ байна аа. Чиний сайхан үгнээ уяравч, яаж ч уярааж болохгүй баримт гэж бас нэг юм байна. Мэдээж яг бүрэн утгаар нь тийм гэж гутаах нь хаашаа юм. Гэхдээ л энэ зохиолын гол ноён нуруу, гол зангилаа нь, сюжет гэдэг нэрлэдэг нь бараг тохиолдлоор азаар шахуу босчихсон, бичигдчихсэн бол яах уу? Тэгээд чиний сүрхий онцолсон тэр Лизаветатай хэсэг чинь зүгээр л тохиолдол байсан бол яах уу?

Лизаветагийн талаарх бодол чинь сэтгэгдэл төрүүллээ. Гэхдээ чи надад мэдээллээр, бодит мэдээлэл, баримтаар дутаж, баримтаар дутсанаасаа болоод зарим юмыг дэврүүлэн бодож явдаг шиг, уучлаарай би буруу хэлчихлээ, зүгээр энэ удаагийн ярьсан сэдвийн хүрээнд бол тийм зүйл анзаарагдлаа л даа.

Лизаветагийн талаар, "Лизавета бол зохиолын хамгийн нарийн нандин судас мөн. Энэ бол Достоевскийн урлан гаргасан гайхамшигт нандин сувд" гэж ярьдаг судлаачид байдаг л даа. Гэхдээ яг тэрхүү аллагын хэсэг дэхь сувд болсон Лизаветын үхэл Достоевскийн өөрийн санаа биш байсан бол яах уу?

Өөрөөр хэлбэл Достоевский тэр аллагыг бодит явдлаас сэдэвлэж бичсэн учраас бодит явдал дахь сувд нь санаандгүй зохиол дотор дүрслэгдчихсэн байх талтай. Өөрөөр хэлбэл өнөөх бодит аллага дээр нь 2 хүн өртсөн байдаг учраас зохиол дээр 2 хүн өртсөн ч байж болох талтай.

Эмзэг: Уучлаарай өнөөх бодит аллага гэж?

Овжин: Тэр бодит аллага гээд байгаа нь тухайн үеийн Францын нэг яруу найрагчийн үйлдсэн аллагатай холбоотой юм. Тэр найрагч яг л ингэж хоёр хүн алсан, тэндээс санаа авч Гэм зэмийг бичсэн юм. Тэгэхлээр чиний хэлсэн Лизавета байгаагүй бол энэ бүхэн ийм байхгүй байсан гэдэг бол шал өөр талаараа үнэн юм. Францын тэр яруу найрагч, алуурчин тэгэхэд нэг л хүн алсан бол энэ бүхэн ийм байхгүй байсан. Би бид ийм юм яриад сууж байхгүй байсан.

Достоевский элсний нэг ширхгийг авах гээд чимхэхдээ өөр ширхгийг ч бас хамт авчихсан, тэр санамсаргүй авагдсан элсний нөгөө ширхгийг нь бид олж харчихаад дэврүүлээд байгаа санагдаагүй гэж үү?

Тэгэхлээр чиний эргэцүүлж бараад, эргэлзэж хоцорсон зүйл чинь хүндэт зохиолч ахын чинь санаа биш, чиний өөрийн олж харсан санаа санаа байх нь шүү дээ, эмзэгхэн минь.

Эмзэг: ... (дуугарсангүй)

Овжин: За хэрвээ чамд сонирхол төрвөл дахиад, гэхдээ Лизаветаг тэгэж их онцолж уу үгүй юу гээд нэг бүрчлэн нэгжээд уншаарай. Хүний урманд Лизаветаг онцолсон, Лизаветаг алчихсан учраас л Раскольников гэмшээд байгаа гэж ер нь зохиол дээр гарахгүй дээ. Энэ чинь зүгээр л алдаа. Аугаа гээд байгаа зохиолчийн чинь аугаа том алдаа.

Энэ алдаагаа засах гэж харин Карамазовын хөвгүүд дээр Лизаветаг (өмхий Лизавета) албаар дахин бичсэн байж болох юм. Достоевский Лизаветаг үнэхээр тэгэж гоё шигтгэж оруулсан юм бол, яагаад бүхэл романыхаа турш түүний тухай өөдтэйгээр дуугарсангүй вэ? Аль эсвэл энэ гоё сувдыг орчуулагчид нь орчуулахдаа, нэг хэлний үгээр бичсэнийг нөгөө хэлний үгээр тайлбарлахдаа зарим утга санааг нь үрэгдүүлж гээв үү?

Хэн мэдэхэв? Бидний хэн нь ингэхэд эх хэлээр нь уншсан юм бэ?

Дэгжин: Тэгэхлээр бидний дунд эх хэлээр нь буюу Оросоор уншсан хүн байхгүй юм биз дээ? Достоевскийг эх хэлээр нь уншсан хүмүүсийг ер бусын хувьтайд тооцсугай гэсэн явган яриа байдаг шүү нээрээ. Бидний дунд тийм их хувьтай хүн даанч алга бололтой. (инээлдэв) Бүгд л орчуулгаар нь уншжээ.

Мундаг: Эх хэл ба орчуулга гэснээс, Надад "Гэм зэм" гэдэг нэр их сонирхолтой санагдсан. Би ямар нэг уртдуу сунжирсан "Гэмт хэрэг ба ял зэм" ч юм уу тиймэрхүү нэр төсөөлчихсөн байсан л даа. "Преступление и Наказание", "Crime and Punishment" гээд Орос, Англи нэрнүүд нь бүгд жаахан уртдуу, наанадаж л "ба"-г нь мартаагүй байгаа биз дээ. Тэгтэл Монгол нь хальтхан сонсвол нийтдээ нэг холбоо үг ч юм шиг, хэлц маягтай болж буусан нь сонирхолтой санагдсан. Аан тийм би Англи орчуулгаар нь уншсан л даа.

Эмзэг: "Гэм зэм" гэж орчуулсан тухайд бол дуугүй өнгөрөмгүй сонирхолтой сэдэв шүү. Гэм ба зэм гэхээр Монгол хүмүүсийн сэтгэлд юун түрүүнд "гэм" хийсэн бол үйлийн үрээ эцэст нь эдэлж таарах "зэм" төсөөлөгдөх нь олонтаа байх тийм үү? Тийм ч учраас энэ зохиол чинь болвоос зүгээр нэг гэмт хэргийн роман биш гэдэг сэтгэгдлийг эхнээсээ, нэрнээсээ л төрүүлдэг болов уу гэж бодогдсон. Лав л Монгол орчуулгаар нь уншиж байхад тух алдаж, өөлөх юм гараагүй сайхан байсан.

Дэгжин: Орчуулагч нь (Ц.Гомбосүрэн) магадгүй ингэж бодож "Гэм зэм" гэсэн товчхондуу нэр сонгосон байж болох юм. Тэрнээс биш яг Орос нэрийнх утгыг махчлааад орчуулбал "Гэмт хэрэг ба ял зэм" гэж Монгол дээр буух байх тийм үү?

Овжин: Махчлахдаа бас толгой холбох маяг оруулаад, сонсголонд нь жаахан анхаарвал "Гэмт үйлдэл ба гэсгээл шийтгэл", "Ялт хэрэг ба ял зэм" гэх мэтээр буулгаж бас болох байх. (инээлдэв)

Эмзэг: Бодит явдлаас сэдэвлэн бичсэн зохиол зөндөө л байдаг шүү дээ. Тэглээ гээд Достоевскийг үнэхээр энэ хэсгийг санамсаргүй оруулчихсан гэж ярьдаг арай л хуумгай явдал биш үү?

Мундаг: ... Овжингийн хэлдэг үнэн байж магадгүй юм байна шүү. Овжин дэггүй ч гэсэн, ингэж улайм цайм, худал үнэн нь удахгүй мэдэгдэх юман дээр ингэмээргүй юм.

Тухайн үед Достоевский "Оросын элч" ("Русский вестник") сэтгүүлд "Хөлчүүрэгсэд" ("Пьяненькие") нэр бүхий зохиол өгөхөөр төлөвлөчихсөн байсан боловч сэтгүүлийн эрхлэгч Катков зохиолыг тэр чигээр нь хэвлэхээс татгалзсанаар мань Достоевский өөр сэдэв хайж эхэлсэн. Тэгээд дараа нь "Хөлчүүрэгсэд"-ийн агуулгыг "Гэм зэм" зохиол дахь Мармаледовын гэр бүлийн амьдралыг харуулахад ашиглаад, зохиолынхоо гол ноён нуруугаар шал өөр сэдэв сонгож авсан. Хачирхалтай нь мөнгөний гачигдал, сэтгэл санааны хүнд нөхцөлд байсан Достоевский энэ бүхнийг (зохиол бичихийг) боломжийн хурдан амжуулсан гээд бодохоор... ер нь санаагаа бодит явдлаас зээлсэн байж болох юм.

Тэгэхлээр Овжингийн хэлсэнчлэн яг бүрэн утгаар нь тийм гэж гутаах нь хаашаа юм, гэхдээ л энэ зохиолын ноён нуруу, гол зангилаа нь, бараг тохиолдлоор, азаар шахуу босчихсон болж таараад байна аа даа? Мэдээж ийнхүү тохиолдсон зүйлсээс хамааран бичигдсэн ч гэсэн ийм аугаа сайхан зохиол бичигдсэнд нь үнэхээр олзуурхалгүй яахав.

Ямар ч гэсэн Овжин бол овжин шүү дээ. Овжингийн хэлсэнчлэн "Гэм зэм"-ийг нэг бүрчлэн нэгжин уншина аа.

Овжин: Энэ тухай сонирхсон хүмүүс нь дараа юм хум сөхөж лавлана биз. Одоо би бүүр марзан санаа дэлгэе. Хэдий зохиолын нэр "гэмт хэрэг ба гэсгээл шийтгэл" ч гэсэн. Раскольников гэгч тэр этгээд үнэхээр шийтгүүлсэн үү, эсвэл шагнуулсан уу?

Мундаг: Байж байгаарай. Юу гэсэн үг вэ. Яахлаараа шагнуулсан гэж?

Овжин: Яахав дээ, за эцсийн эцэст юу болсныг хэдүүлээ дүгнэе л даа. Родягийн ээж нас барсан явдал бол харамсалтай явдал. Гэхдээ үүнийг л эс тооцвол шүү дээ. Сайн найз нь сайхан ханьтай болчихлоо, сайхан сэтгэлт дүү нь ч гэсэн сайхан сэтгэлт нөхөртэй болчихлоо. Соня биеэ үнэлэхээ больчихсон. Порфирий Родяд сэтгэл татагдаад ирсэн, шоронгоос гараад ирэхэд нь заавал тусалж л таарна. Мармаледовын гэр бүлийн гэрэл гэгээ болсон бяцхан үрс нь арай боломжийн газар өсөж торнихоор болчихлоо.

Хамгийн чухал нь манай гол дүр Раскольников үхсэнгүй, үрэгдсэнгүй. Үхсэнгүйгээр үл барам дахин төрсөн шүү дээ! Сэхүүн зан, бардам тооцооноосоо татгалзаж чадсан, цоо шинээр амьдралыг харсан. Сүсэгтэй болж эхэлсэн гэх нь хаашаа юм, гэхдээ л ор тас сүсэггүй байхаа больсон. Сүсгийн тал дээр бүүр түүр ч гэсэн нэг юм барагцаалаад байдаг болсон. Энэ чинь гэрэл гэгээ өөд алхаад эхэлчихсэн гэсэн үг биш үү.

Хэрвээ ийм их явдал болоогүй бол, амьдралын нугачаанд хүчиндүүлэн байж адгийн сэхүүн зангаа хаяагүй байсан бол, магад ч үгүй, сэхүүн зангаараа авна гэснээ авч, чадна гэснээ чадчихсан байсан бол тэр яах байсан бэ? Сонягаа хайрын харцаар харах байсан уу. Магадгүй аль нэг мундаг Напелеон болчихсон байсан бол Соняг янхан хүүхэн гэдгээс өөрөөр харж чадахгүй ч байх байсан юм бил үү? Хайр сэтгэлийн тал дээр ч гэсэн өмнөх сүй тавидаг шигээ л хайнга, хайш яайш хандсаар ч байх байсан юм бил үү.

Өөр замаар явлаа гэхэд, амьдралаас арай гэж дусал дуслаар хурааж хуримтлуулсан зүйлийнхээ хэмжээнд аз жаргалыг төсөөлдөг, магадгүй тэр хураасан юм аа аз жаргал гэж боддог тийм л хүн болох биш үү. Бидний аз жаргалын ойлголт чинь ийм л ядмагхан шүү дээ. Гэтэл Раскольниковыг хар. Цөллөгт ч гэсэн аз жаргалыг цул цулаар нь амсаж байна шүү дээ. Эцсийн эцэст амьдралаас авах гээд байгаа бүхэн маань эргээгээд тэднийгээ аз жаргалаар солих л байдаг шүү дээ. Гэтэл энэ нөхөр (Раскольников) аз жаргал руу аль нэг юмаар дамжилгүй, шууд оччихсон юм биш үү?

Эмзэг: Пээ, чи тэгээд ганц сүх далайгаад л аз жаргалын хаалгыг нээчихнэ гээд байна уу?

Овжин: Өө яалаа гэж, ганц биш хоёр далайлт шүү дээ. tegeed ch dalaisnaa bas buulgah ni chuhal.

Эмзэг: Тийм тийм. Уучлаарай би уулга алдахдаа санааг чинь мушгисан асуулт асуучихлаа. Чамайг аз жаргалын хаалгыг сүх далайж нээх тухай ямар нэг үзэл биш зүгээр л энэ залуугийн тухайд ийм хачин зүйл болчихоод байгааг илэрхийлж хэлсэн гэж ойлгосон шүү?

Овжин: Өө тэгэлгүй яахав, мэдээж би тэр залуугийн тухайд л хэлсэн.

Мундаг: Байзаарай, Эмзэг ээ. Овжингийн асуулт ч яахав ойлгомжтой. Чи тэгээд тухайн буюу энэ залуугийн тохиолдолд сүх далайж амар амгалан олсон гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд байгаа юм уу?

Эмзэг: Хмм (нэлээн бодолхийлэв). Ямар ч гэсэн зохиол аз жаргалтай төгссөн билүү?

Мундаг: Аз жаргалттай төгссөн гэсэн үү? За одоо больё тэгэх үү, Овжингийн тоглоомонд Эмзэг хүртэл оролцоод намайгаа даапаалж байх шив дээ. "Гэм зэм" бол муухай зохиол. Би үүнд чинь хариулах ч албагүй. Гэхдээ сүх далайгаад, үр дүнд нь нягт ихтэй зовлон бага хугацаанд амсаад амар амгалангийн хаалгыг хялбархан олчихно гэдэгт итгэхгүй байна.

Дахиад хэлье "Гэм зэм" бол муухай зохиол. Зүгээр унших бол зүгээр, амталж уншина гэвэл хэтэрхий гашуун, эргэцүүлж бодож уншина гэвэл там. Мармаледовын тухай гардаг хэсгүүд бол зүгээр л эрүү шүүлт. Надад лав тэгэж санагдсан. Тохиолдлоор би багадаа бүржмэл чихэрт (мармалед) дуртай байдаг байлаа. Дуртай амттаны маань нэрээр нэрлэгдсэн адгийн амьтны тухай уншаад л, уншаад л байх үнэхээр хэцүү. Энэ адгийн амьтны тухай алгасаад уншчихъя гэхээр болж өгдөггүй, зохиолын гол хэсгийг заавал энэ муухайтай нь холиод хутгачихсан учраас заавал унших болчихдог.

Раскольниковыг гайгүй залуу юм уу гэхээр бас тийм биш, зохиолч нь хүртэл энэ балайгаа сэтгэл татам хүн шиг харагдуулж хүнд тал олчихоод, дараагаар нь хөөрхийлөлтэй уншигч миний итгэлээр тоглож "булхайцах" жишээний.

За яахав та хоёр Раскольниковын "чадаагүй"-г яаж ч өмгөөлж болно. Тэглээ ч гэсэн Раскольниковын чадаагүйг гавьяа болгож итгүүлэх гэж байгаа бол ёстой үгүй шүү. Наад тэнэг софистик тоглоомонд чинь би одоохондоо төөрөлдөж байж болно, үүнийг чинь үгүйсгээд хэлчих бэлэн хариулт олохгүй байж болно. Тэглээ гээд наадах чинь үнэн гэсэн үг биш. Ганц сүх далайгаад амар амгаланг олно гэдэг чинь дэндсэн солиорол!

Эцэст нь хэлэхэд Раскольников, Мармаледов хоёр бол ялгаагүй л таарсан таар шуудайнууд. Харин хажууд нь Разумихин бол ёстой эр хүн. Порфирий ч гэсэн. Чадаж байна шд!

Овжин: (Алга ташив) Би хувьдаа баяртай байна. Мундагийг ингэж уурлатал, хүүхэд зангаа гаргаж ирээд уурстал ярилцсандаа баяртай байна. Мундаг одоо хүртэл тоглоомоо шидлээд гүйдэг хүүхэд шиг хэвээрээ байгаад би баяртай байна. Чамайг энэ зохиолыг хүртэл "чадсан" эсвэл "чадаагүй"-н нүдээр хараад байхаар чинь найз минь ийм ч болчих гэж битүүхэн айсаар байсан юм шүү. Тэгтэл чи чадах, чадахгүйн тухай биш муухай сайхны мэдрэмжтэйгээ байсаар байгаад би баяртай байна. Энэ чинь л бидний баяр хөөр, гоо сайхан. Энэ хар бараанд улам улмаар хутгалдсаар байгаа хорвоод биднийг чиглүүлж явах луужин бол бидний аливааг чадсан эсвэл чадаагүй биш, юу муухай юу сайхныг бид логик тэгшитгэлийн шийднээс харах хүлээх биш, сэтгэл зүрхээрээ мэдэрдэг, энэ мэдрэмжээрээ дамжуулан нэг нэгнээ ойлгодог байх хэрэг биш гэж үү?

Нэрээ хэлээгүй эмэгтэй: (Ирээд нэг ч удаа дуугараагүй эмэгтэй дуугарав) Тийм ээ. Амьдрал үнэхээр хар бараан зүйлд хутгалдсан, хүн төрөлхтөн муу муухай бүхэнд живсэн, үүнээсээ гарах ганц гарц нь, энэ ертөнц өөрөө өөрийгөө сүйтгэчихгүй үлдэж, хөгжин цэцэглэх ганцхан гарц нь "тэр нэг юм". Түүнийг зарим нь хайр, зарим нь гэгээрэл, ариусал гэж, харин бид гоо сайхан гэж ярьж байна. Ийм л гоо сайхан ертөнцийг аварна.

Раскольников бол миний хайртай дүр. Энэ залууд би үнэхээр их хайртай. Гоо сайхан гэж байдаг бол тэр нь энэ залууд байгаа. Энэ залуугийн ертөнцийг түүний өөрийнх нь гоо сайхан аварсан.

Тэр маань намаг балчигт шигдээд сугарахын тулд гоо сайхнаа хугалж шидээд түүнгүйгээр (гоо сайхангүйгээр) амьдраад хожим нь энэ бол гоо сайхан гэж өч төчнөөн зүйлээр түүнээ (гоо сайхнаа) орлуулж аргацаан амьдарч болох байсан. Түүнд Напелеон болох потенциал байсан, гэтэл бас түүнээс ч илүү буюу, түүнийг Напелеон болгохгүй байх потенциал байсан. Тийм учраас тэр аль нэг хүйтэн сэтгэлт Напелеон болчихоогүй.

Яахав энэ залуугийн амьдралд янз янзын л юм тохиолдсон байна. Амьдралын эрхээр өч төчнөөн хар бараанд хутгалдсан байна. Эцсийн эцэст хүн алах нь зарим талаар зөв байж болох юм гэсэн зөвтгөл бодолтой болох хэмжээнд хүртэл бохирдсон байна. Тэгсэн ч эцсийн эцэст тэр хүн өөрийгөө гүн харанхуйруу нэгмөсөн шидчихсэнгүй. Гүн харанхуй руу орчихвол, нэгмөсөн орчихвол түүнийг өч төчнөөн агуу гавьяа, алдар нэр хүлээж байсан биш үү.

Гүн харанхуй руу оршгүй зүйл угаасаа тэр хүнд байсан байна. Тэр маань Напелеон мэтийн алдар цууны ард нуугдсан арчаагүй амьтан байсангүй. Тэр яг өөрөө байсан.

Чухамдаа бидний зарим нь Родя шиг нөхцөл байдалд, тийм тохиолдолд орсон бол яах байсан бол? Родяг маань хөөрүү, хийрхүү нь дэндсэн гэж дооглож жуумалзсан залуусын хичнээн нь тийм нөхцөлд ямар шийдвэр гаргах байсан бол? Нэг бол өөрийгөө, нөгөө бол өөр хүнийг хороох (золиослох) байсан. Эцсийн дүндээ ялгаа байхгүй л хүн хороох байсан. Тэгээд дараа нь яах уу? Нөхцөл байдлын эрхэнд ийм бохир зүйл хийчихээд юу хийснээ миний Родя шиг ухамсарлан гэмшиж, ухааран ариусаж чадах байсан уу? Тэдэнд тийм гоо сайхан байх байсан уу? Уйлж унжигнаж байгаад л яалтчгүй тэгсэн, яалт байгаагүй гээд өөрийнхөө зовлонг өөр хүнд гайхуулахаа л яарах байсан биз?

Родяг хар л даа та нар. Хэргийг хийхийн хувьд хийсэн, тун чамбай хийсэн. Чадъя гэвэл чаддаг гэдгээ харуулсан. Мөрдөгчийг төөрүүлж, баримтуудыг балартуулж, бүхнээс мултарч чадсан. Нийгэм бол түүний хувьд юу ч биш. Түүнийг хорих эсэх, түүнийг яаж буруутгах, ерөөсөө баригдах эсэх нь ч чухал биш, тэр зүгээр л өөрийгөө чадах эсэхээ үзсэн. Тэр чадаж байсан. Тэглээ гээд, чадлаа гээд, ингэхэд (чадахад), үүнд ямар ч гоё сайхан байхгүй байгааг эцэст нь мэдсэн.

Миний Родя яахав дээ, тэр чинь хүн шүү дээ, залуу хүн. Яахав, хүн бүр л хошуураад байдаг аугаа гавьяа гээчийг нь үнэхээр сайхан зүйл гээд бүхний л адилаар бодчихгүй юу. Ялгаатай нь гэвэл тэр минь зүгээр л бодсонгүй. Бодохоор хязгаарласангүй, уушийн газар "*ийм эмгэнийг алахад юу нь буруу байна*" гэж хоосон чалччихаад хуруугаа ч хөдөлгөөгүй амьтсын хажууд тэр минь буруу зүйл хийсэн ч гэсэн, хийсэн зүйлдээ чин сэтгэлээсээ хандсан байна.

Чин сэтгэл ийм л хэцүү зүйл. Буруу зүйлийг ч гэсэн чин сэтгэлээсээ хийж болдог. Миний Родя буруу зүйлийг чин сэтгэлээсээ хийгээд, буруу зүйл хийсэндээ чин сэтгэлээсээ гэмшсэн учраас чин сэтгэлдээ хир даг оруулсангүй. Эцсийн мөч хүртлээ чин сэтгэлээсээ байж чадаж байна, тэгээд, та нар бүгд мэднэ дээ, зохиолын төгсгөлд Соняд ямар атаархмаар чин сэтгэлээсээ дурлана вэ тийм ээ? Ийм л чин сэтгэлээрээ гэнэхэн амьтан. Энэ чинь л түүний минь гоо сайхан.

Хүнд өчнөөн олон муухай бодол төрдөг. Гэхдээ бодол бол бодол шүү дээ. Түүндээ хэн ч үнэнчээр ханддаггүй. Бүх томчуул үүнийг мэддэг. Харин жаахан хүүхдүүд л бодолдоо орж ирснээ үг үйлдэл болгож гэнэтхэн пал хийлгэдэг. Түүний минь үйлдсэн хамгийн том гэм гэвэл бодол нь үйлдэл болсон гэм.

Гэсэн ч тэр одоо өөрийнхөө өмнө, үнэний өмнө зоригтой ирж чадсан. Дур хүслийн хүүдий Свидригайловыг хүний мууд тооцож нүүр өгдөггүй байсан хэрнээ, эцсийн эцэст өөрийнхөө энэ бодлынхоо овилгогүй онгироо бодол байсныг ч мэдсэн.

Амьдрал гэдэг далайн загас гэдгээ мартсан бид энэ далайгаасаа түр хөндийрч, жаахан хөвчихөөд, эргээд живихвий гэж ямар ч утга учиргүйгээр айхдаа, ямар ч хамаагүй ямар нэг үзэл бодолтой болж, түүгээрээ сал хийн түүнээсээ зуурч, эх болсон далайгаасаа чадлын хэрээр зай барьж явах гэж өөрснийгөө хуурдаг биш үү.

Родя маань ч ялгаагүй тийм нэг салтай болчихсон байсан. Хөөрхий тэр минь энэ салнаасаа бүгдийн л адилаар тас зуурчихсан байсан. Яаж байсан ч үүнээсээ салахгүй гээд тас зуурчихсан байсан.

Энэ салнаас нь түүнийг салгаж болох өч төчнөөн саадыг давчихаад, эцэс сүүлд нь өөрөө энэ салнаасаа гараа авсан.

Өөрийнхөө өмнө босгосон өчнөөн хана хэрмээ өөр хүн нураахыг хүлээсэн, эцэс сүүлд нь өөрөө нураасан. Бидний хэн нь ингэж өөрөө нурааж чадахсан билээ? Арай ядан босгосон үзэл бодлоо хэн ер нь нураахыг хүсэх вэ? Родя л өөрөө нураасан.

Тэгээд үүнийгээ даван туулж чадах байсан уу.

Родягийн хажууд Разумихин бол эрийнхээ хувьд хаана нь ч хүрэхгүй амьтан. Аж төрөл, мөнгө төгрөг олох эргүүлэх тал дээр арай овсгоотой, хэрэгцээтэй үед үзэл бодлоо хэдэн цааснаас өгчихөж чаддаг хүн. Тэглээ гээд амьдралтай илүү ойлголцдог, амьдралыг илүү ойлгодог уу гэвэл үгүй.

Амьдралын зах зухаас нь ч хүртэж амжаагүй хүн. Аз жаргалтай амьдарсан уу гэвэл ..., за яахав ямар ч гэсэн бага зовсоны хувьд бага зовсон байж болох юм. Гэхдээ энэ чинь аз жаргалтай гэсэн үг биш. Яахав аз жаргалтай байлаа гэхэд, тэр бол тиймэрхүү л аз жаргал. Тэнэгийн доторх аз жаргал. Миний Родягийн зовлон бэрхшээлээрээ худалдаж авсан аз жаргалын хажууд сорьцгүй, өнгө гэрэлгүй бүүдийсэн аз жаргал. Тийм аз жаргал руу гэрэл гэгээ тусгахаар, арай жаахан ойртохоор, өнгийгөөд харахаар аз жаргал гэж арай л боломгүй гэдэг нь илэрхий байх нь олонтаа шүү дээ. Тийм аз жаргал согтуугийн нүдээр хүүхний сайхныг хэтрүүлэн харах шиг юм уу, хараагүй мэдээгүй зүйлийнхээ төлөө итгэл найдвараа гөвөн, хамгийн сайхнаар төсөөлөн байх шиг тийм л хуурмаг аз жаргал.

Миний Родя... (Үгээ таслаад, хэсэг байснаа чимээгүйхэн уйлав. Тэгснээ гэнэт гарч явахаар босов)

Дэгжин: Уучлаарай. Угаасаа 9 цагаас манай клуб тардаг шүү дээ. Бид ч гэсэн одоо ингээд тарлаа, хамт гарцгаая. Харин уулзалтын төгсгөл болгоод "Гэм зэм" зохиолынхоо төгсгөлөөс ганцхан догол уншмаар болчихлоо л доо, болно биз дээ. Би дуудая, сонсоорой. Энэ яг номын өгүүлбэр шүү:

... Гэхдээ үнэхээр ташуурам аз жаргалтай байсан болохоор тэр аз жаргалаасаа бараг айчихжээ. Долоон жил, дөнгөж долоохон жил! Аз жаргалын наран гийж буй энэхэн үеийн зарим агшинд мань хоёр тэр долоон жилийг долоохон хоног гэж үзэхээс буцахгүй байжихуй. Тэр ч байтугай Раскольников шинэ амьдрал нь түүнд зүгээр олдоогүй, түүнийг лут өртгөөр худалдаж авах ёстой, оронд нь ирээдүйн их гавьяагаар төлбөр хийх ёстойг ч мэдэхгүй байсан ажгуу...

Түр хүлээнэ үү...
Top