Д.ГАНГА: АННА КАРЕНИНА
2015-08-31 Уншигч 5057

Уншигчиддаа Д.Ганга хэмээх энэ эрхэм хүнийг танилцуулж буйдаа баяртай байна. Блог уншигчид түүнийг http://ganga-cz.blogspot.com/ блогоор нь андахгүй сайн мэднэ. Түүний блогоос та өөр олон сайхан номын тэмдэглэлийг нь унших боломжтой. Монголын бичиг соёлын нэртэй гэр бүлд төрж, Орост дээд боловсрол эзэмшиж, эдүгээ Чех улсад гэр бүлийн хамт аж төрдөг. Тагтаа Паблишингаас эрхлэн гаргах, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн "Миний нэр Улаан" романыг уншигчид та бүхэн удахгүй Д.Ганга эгчийн маань дуун хөрвүүлгээр уншиж толилох болно.

Сайхан уран зургийг ахин дахин эргэн харж таашаал авдаг шиг таалагдсан шүлэг өгүүллэгээ хэд дахин уншиж байсаан. Харин том хэмжээний романыг тэр бүр дахин уншаад байгаагүй шиг. Лев Толстойн “Анна Каренина” романыг харин санаандгүй тохиолдлоор гурав дахин уншчихсан гэж байгаа.

16 насандаа уншсан анхны орос ном “Анна Каренина”, олдсон нь тэр юм байлгүй. Хуудас дүүрэн мэдэхгүй үг, өвөрмөц хэллэг! Хэд хоногтоо бус, бүтэн сардаа дуусаж өгдөггүй... Толь бичиг эргүүлсээр залхах... Оросын алдарт зохиолчийн суут бүтээлийн амт шимтийг мэдрэх байтугай  үйл явдлын ерөнхий хэлхээг тэмтрэх төдий арай гэж дуусгасан билээ.

Орос номыг толь бичиггүй чөлөөтэй уншдаг болчихсон хойноо, нас сүүдэр нөгөө Аннатайгаа үе тэнгийн болсон үедээ хоёр дахь удаагаа уншсан. Тэгэхэд л жинхэнэ эмэгтэй уншигч шиг зохиолын баатруудтай хамт хөөрч, адилхан шаналж, заримыг нь үзэн ядаж, зохиолчийн утга гүн санааг  биширч, уран яруу дүрслэл, сэтгэл хөдлөлийн савалгааг хэрхэн нарийн гаргасныг гайхан бахдаж билээ. Хэдийгээр номонд арван есдүгээр зууны сүүлчийн хагасын оросын язгууртнуудын тухай өгүүлэх  боловч хорьдугаар зууны сүүлийн хагаст өчнөөн төчнөөн зүйл хориотой социалист нийгэмд амьдарч байсан  нүүдэлчин гаралтай эгэл жирийн монгол хүмүүсийн тухай хүүрнээд байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж байв. Анна Каренина, Алексей Вронский хоёр нууц амраг хэвээр үлдсэн бол дээдсийн хүрээнээс шахагдахгүй сан, хүсээгүй хоёрдмол амьдралыг тэвчсээр хайр сэтгэл нь хүмүүсийн хэл цуцахаас өмнө зэврэх байсан биз. Романд бэлгэдэл бүхий дүрслэл бий. Хөгшин залуу хоёр хатагтай хайрт хөвгүүдийнхээ тухай хүүрнэн аялаж буй галт тэргэнд төмөр замын ажилчин дайрагдаж нас барж буйгаар ном эхэлдэг бол, нийгэмд тогтсон хэв журам ёс суртахууны эсрэг яваад мухардсан Анна номын төгсгөлд галт тэргэн дор өөрийгөө үйж амиа егүүтгэдэг. Тэр Каренин гэх төрийн том түшмэл Аннагийн авааль нөхөрт үгүй мөн дургүй хүрч байж билээ. Үүний дараа дайны талбарт яваа Алексей Вронский амьд атлаа үхдэл мэт гөлийсөн сүр сүлдгүй байдлаар  хальтхан гардаг. Бусад баатруудад нэг их анхаарал хандуулж уншаагүй юм байх даа.

Гурван жилийн өмнө гэрээс хол сар болохдоо энэ номтой санаандгүй таарч дахин нэг гүйлгэж уншсан. Нас насан дээр яг ижил үйл явдлыг хүн шал өөрөөр хүлээж авдаг юм байна. Олон хүүхэдтэй Стив Оболонскийн эхнэр Доллид ихээхэн шүүмжлэлтэй хандлаа. Эмэгтэй хүн арчаатай баймаар юм шиг. Манай нутагт элдэв зарц үйлчлэгчгүй олон хүүхэдтэй гялалзсан эмэгтэйчүүд зөндөө дөө. Вронскийд сайн байгаад Аннад алдсан Кити Щербицкая аз жаргалтай гэр бүлийн эзэгтэй гэдэгт эргэлзэх шиг. Китин нөхөр Левин гэх эр элдэв онол зохиож үүлэн дээгүүр хөвсөөр энгүүн сайхан газарддаг болов уу гэж санаа зовох шиг. Хэдийгээр сүүлдээ гунигт төгсгөлд хүрсэн ч амьдралдаа хайр дурлал гэж юу болохыг ханатал амталсан Анна бас ч гэж аз жаргалтай эмэгтэй шиг.

Хэлгүй шахам байхдаа анх, хэлний саадгүй болсон ид насанд, юмыг хөндлөнгөөс хардаг насны намарт, ер аль ч цагт  уншихад хүний сэтгэлийн хөдөлгөөний нарийн ширийнийг түүний мөн чанартай нь хамт нүдэнд харагдтал дүрсэлж чаддаг агуу зохиолч Лев Николаевич Толстойн ур чадвар авьяас билгийг бишрэн хүндэлвэй.

Түр хүлээнэ үү...
Top