А.ОЮУНЗУЛ: АННАГААС СУРАЛЦАХУЙ
2015-08-05 Уншигч 1416

Энэ удаагийн уншигч булангаар https://heneet.wordpress.com/ блогийн хөтлөгч, уншигч А.Оюунзулын бичсэн "Анна Григорьевна Достоевская"-ийн дурсамж номын тухай сонирхолтой тэмдэглэлийг хүргэж байна.


Хэрэв түүнтэй учраагүйсэн бол “Карамазовын хөвүүд”-ээ хэзээ ч бичихгүй байж мэдэх суут зохиолч Достоевскийн ард ямархан эмэгтэй чимээгүйхэн зогсож, үхэн үхтэл нь хамтран зүтгэгч, халамжит гэргий нь байсаар ирсэн эл эмэгтэйн түүх “Дурсамж” номын тэмдэглэлээ эрхэм уншигч тантай хуваалцсу.

Хүргэн ах бид хоёр намрын нэг орой цай уух зуур ийм яриа болж өнгөрсөн юм. Үеийн найз охидын замбараагүй авир, хов живийг сонсож залхаад, цухалдаж бухимдахдаа би ингэж асуув. – Ер нь эмэгтэй хүмүүс яахаараа хов жив хөөцөлдөж, аахар шаахар зүйлс хөөцөлдөж явдаг байна? Олигтой яриа өрнүүлж, ухаалаг мэтгэлцээн өрнүүлчихээр эмэгтэй хүн ер алга. – Ай дүү минь, чи Ф.М.Достоевскийн гэргий Анна Достоевскаягийн “Дурсамж” номыг уншчихаад энэ асуултаа ахин нэг бодоод үзээрэй.

Эл номыг уншихаас цааргалж хойшлуулж явсаар хожим хагас жилийн дараа эгчийн шахалтаар арай гэж барьж авлаа. Дээрээс нь орчуулга биш оршуулга болсон номуудтай бишгүй таарч байснаас орчуулгын номоос айж зугтдаг болоод, гадаад ном уншсаар эх хэлийнхээ яруу сайхныг мартах дөхсөн байв. Орчуулагч Ш.Одонтөр агсаны зургаан жилийн турш хөдөлмөр гарган, яг л эмэгтэй хүн бичсэн байна даа гэмээр чадамгай орчуулсан энэхүү бүтээлийг эрхэм уншигч танд бахархалтайгаар өргөн барья.

Тэмдэглэлийн эхэнд 19-р зууны эмэгтэйчүүдийн байр суурийн талаар хэдэн үг бичсү. Эл үеийн эмэгтэйчүүдийн гол үүрэг нь зиндаа дээгүүр хүнтэй сууж, айл гэр болж төвхнөх байлаа. Хэдий хань нөхрөө өөрөө сонгож болох ч төрсөн гэртээ нийгмийн хийгээд санхүүгийн бат бөх байр суурь олгох баян, боловсролтой, язгууртантай суухыг таашаадаг байв. Айл болсны дараа нөхрөө халамжлах, аж ахуйгаа эрхлэх, үр хүүхэд төрүүлж өгөх бол хамгийн эрхэм дээд ёс юм. 1836 оны Оросын Үндсэн Хуульд “Эмэгтэй хүн эр нөхөртөө дуулгавартай байж, хайрлаж, хүндэлж аж төрөх бөгөөд айл гэрийн эзэнд байж болох бүхий л ая тух, хайр халамжийг өгөх ёстой” хэмээн заажээ. Дуулгавартай байхгүй бол зодож нүдэхийг хуулиар зөвшөөрчихсөн. Гэрийн эзэд гэргийнхээ өдөр тутмын аж байдлыг заагаад зогсохгүй хаашаа, хэзээ явахыг шийдэгч байна.

19-р зууны дунд үеийн зохиолч эмэгтэй Елена Ган, “Үнэн мөнөө өчвөөс, Бурхан тэнгэрийн ертөнц гагц эрэгтэй хүнд зориулан бүтээгдсэн мэт санагдана, тэдэнд амьдралын бүхий л эрх чөлөө, аз жаргал ноогдсон ажээ. Өлгийтэй нялх цагаасаа эмэгтэй хүн журамт байдлын гинжинд дөнгөлүүлвэй” хэмээн бичсэн нь энэ үеийн эмэгтэйчүүдийн сэтгэл санааг гүнээ илтгэх биз ээ. Чухам журамт байдал гэгч нь Орос эмэгтэйчүүдийн уриа лозон болой. 1870-аад оноос дээд боловсрол эмэгтэйчүүдэд хүртээлтэй болсон хэдий ч ажил төрөл эрхэлнэ гэдэг эмэгтэй хүний хувьд байж боломгүй явдал хэвээр байв.

Харин Анна Григорьевна Сниткина гэгч бүсгүй тэр үеийн залуу охидоос тэс өөр хүн байж, бэртэгчингүүдийг үздэггүй Достоевскийн хүндлэлийг хүлээсэн юм. Анх “Тоглоомчин”-ыг бичихэд туслах гэж таталган бичээчээр гэрт нь морилсон ч хоёр сарын дараа сүйт бүсгүй нь болсон байв. Гэлээ ч ар гэрийн ажил, өр ширэнд баригдсан 25 насаар ах хүнтэй сууна гэдэг өнөө үед ч гэсэн хэн хүний гаргаад байх шийдвэр, басхүү зориг биш гэдэгтэй эрхэм уншигч та санал нийлэх биз ээ. Үүний харгай айл гэр болсны хойно гарч, өдөржин ирэх зочид гийчдийг “харж, халамжлах” ажил, дагавар хүүгийн тэсгэмгүй ааш араншинг тэсэхэд бэрх болоод гадаадад гарч, дөрвөн жил амьдарсан нь тэдний гал голомтыг улам бат бөх болгосон.

Энэ дурсамж бол Достоевский “Карамазовын хөвүүд”, “Солиот”, ”Албингууд” зэрэг хамгийн шилдэг бүтээлүүдээ туурвисан 14 жилийг баримтжуулж үлдээгээд зогсохгүй, өөрөө роман болж чадахаар түүх билээ. Федор Михайловичийн өвөрмөц дадал зуршил, хөгтэй явдлууд хийгээд үр хүүхдээ алдаж, өвчин зовлонд идэгдэж, өрийн буулган дор амьдарч байсан гашуун жилүүдийг ч бас багтаасан хосгүй бүтээл юм.

Уран зохиол шимтэн уншигч таны сонирхлыг татах олон баримт, явдлууд бий гэдэгт итгээрэй. Энэ дурсамжаас бага ч болов ухаарал хүртэнэ гэдэгт найднам. Би хувьдаа зохиолчдын ажлын зан үйл, баримталдаг зарчмыг ихэд сонирхон уншдаг нэгэн. Дараах схемд Достоевскийн Старая Руссад зусч байхдаа баримталж байсан ажлын хуваарь байна.

Ахаас нь өвлөгдөж ирсэн “Врема” сэтгүүлийн гайт өрөөс болоод тайван сууж романаа тухтай бичих зай завсар ч гарахгүй. Анна Григорьевна номдоо ийн бичжээ. “Уран зохиолчид Достоевскийн бичсэнийг бусад чадалтнуудтай харьцуулж дэнслээд, Тургеневийн гараас торгон хийцтэй зохиол ундарч ахуйд түүний бичсэн нь тааруу боловсруулсан, ур муутай, санаа давхардсан гээд шүүмжилж байв… (Толстой, Тургенев, Гончаров) тэд цугаараа эрүүл саруул, элбэг дэлбэг сууцгааж, зохиолоо янзлах, бодож тунгаах зав чөлөөтэй улс бол Федор Михайлович өнөө маргаашийн амь зуулгадаа шаналж, өр шир, өнөр бүлдээ хүлэгдсэн давхар зовлонтон байсан. Ийм нөхцөлд эргэцүүлж, засаж цэгцлэх арга чөлөө гарна гэж үү?”(ху. 189) Федор Михайлович хугацаандаа аваачиж өгөх гэж бушуу шалгасан болоод хөлсөө авах гэж шамдаад, хожим роман хэвлэлд гарсан хойно алдаагаа ухаарч мэдээд, тун их харуусч, өөртөө бухимддаг байлаа. Гэхдээ цаг давчуу, өр нэхээчдийн шахалтан дор ажилладаг байснаас тун ч шамдаж бичдэг болсон нэг авууштай тал бий. “Ерөөс Федо Михайлович ховорхон ажилч хүн. Хэрэвзээ баян байгаад, аж төрөл гэж зовдоггүйсэн бол баяр хөөртэй байж чадахгүй, зогсоо чөлөөгүй бичиж туурвих сэдвээ олоо ч уу гэж бодогддог.” (ху. 349)

Анна бол үргэлж дотоод ертөнц, эмэгтэй хувь хүний чанараа эрхэмлэн дээдэлдэг шинэ үеийн хатагтай мөн билээ. “Бид хоёрын гол зөрөлдөөн “эмэгтэйчүүдийн асуудал”. Жараад оны, шинэ цагийн бүсгүйн ёсоор эрх тэгш байдлыг хамгаалж, чанга байж, нөхрөө шударга бус гэж шүүмжилж, тэр бүү хэл яг энэ бодлоо хувийн аж төрөлдөө ч тусгаж хэрэгжүүлэх гэх минь ч байна.

Цэц булаалдахын цагт миний насны эмэгтэйчүүдийг зан төлөв тогтворгүй, зорьсондоо хүрэх тууштай тэмүүлэл огт үгүй гэхэд байж яддагсан. Жишээлье: – Юу ч гэмээр юм бэ дээ, энэ маркны цуглуулга (иж бүрдлээр нь цонхондоо үзмэр болгож тавьсан дэлгүүрийн урдуур гарч явав), ийм энгийн жишээ. Эрэгтэй хүн үнэхээр сонирхвол марк цуглуулна, цаг зав нь өөр юмнаас болоод олдохоо байх ч юм уу, эсвэл бүр цуглуулахаа болилоо ч гэсэн хаяж гээхгүй байлгана, залуу насны дурсгал болгож, үүрд хадгална байх. Тэгвэл эмэгтэй хүн яах вэ? Учиргүй хичээж цуглуулах гээд үнэтэй гоё альбом авчихна, хаана ямар марк байна гэж асууж сураад таньдаг мэддэг болгоноо залхаана. Мөнгөө хамаагүй үрнэ, тэгээд сонирхол буураад ирэхээр ганган альбом нь хог болж хэвтээд, сүүлдээ хэрэггүй новш болж хаягдана. Бүх юманд ингэж л ханддаг, галтай цогтой эхэлнэ, харин зорьсондоо хүрэх тэсвэр, тууштай чанар огт байхггүй. Миний шар хөдлөөд, бүсгүй хүн он уливарч хүсэл тэмүүлэлдээ үнэнч байдгийг өөрөөрөө нотолно гэж ам өглөө” (ху. 135-136).

Хамгийн ойрын дэлгүүрээс марк наах альбом аваад, захиа цаасанд ирсэн элдэв марк цуглуулсаар дөчин таван жилийн нүүр үзжээ. Би ч бас Федор Михайловичийн адил бодолтой явдаг байв аа. Ойрын хүрээллийн эмэгтэйчүүд элдэв юм цуглуулчихаад, тоохоо байгаад, сүүлд өнөөх нь новш болж гэрийн мухарт хэвтдэг олон тохиолдлыг нэрлэж болно. Харин Анна Григьевна нөхрийнхөө болоод өчүүхэн миний андуу ташаа бодлыг няцаасан билээ. “Он цаг удах тусам баяжих цуглуулгаа нөхөртөө гайхуулаад, хааяа нэг шоолж байдагсан.”

Анна Григоревна бас авъяаслаг businesswoman юм. Хорин таван мянган рубль давсан өрийг нь дарах гэж төрөл бүрийн арга сэдээд, “Альбингууд” романаа бие даан хэвлүүлж, “Зохиолчийн тэмдэглэл” сэтгүүлээ гаргадаг болсноор чамгүй ашиг олж зовлонт өр 1881 онд л барагджээ. Хожим нөхрөө бие барсны хойно түүвэр бүтээлүүдийг нь гаргаж, хүүхдүүдээ хөл дээр нь босгосон эмэгтэй юм. Мөн 1885 онд София Андреевна Толстая биечлэн ирж, хэвлэлийн талаар зөвлөгөө хүссэн удаатай. Зөвлөгөө ч санаанд хүрч, ажил хэрэг нь сайн бүтэж, Л.Н.Толстойн бүтээлүүдийг хэвлүүлэх ажлыг гүн ахай бүтэмжтэй эрхэлжээ.

Ажилд нь хамжилцаад, цалин хөлс авах хүслийг дарж хорихгүй ч Федор Михайлович гэргийгээ санаж бэтгэрээд, байж ядахын дээр төсөөлөхийн аргагүй их хартай хүн юм. Үүнээс нь болж хөгтэй ч, хөгийн ч явдлууд их гарна. Гэргийн нь гарыг таних танихгүй эрс ёс болгож үнсээд авбал даруй нүүр нь барайж, дээрээс хар үүл нөмрөөд ирнэ. Тэсэхээ байгаад ширээ шааж, гарч одох нь энүүхэнд. “Чи тэр шүтэн бишрэгчид рүүгээ очихгүй юу” гээд галзууртлаа уурлаж, орилж хашгична. 1880 онд утга зохиолын олон үдэшлэгт урилгаар уншдаг байхад гэргийнхээ хаана сууж, хэнтэй юу ярьж байгааг харуулахаар зохион байгуулагчдыг явуулна. Тайзнаа гараад эхнэрийнхээ суудлын зүг заавал тогтож харчихаад уншлагаа эхэлнэ. Олж хараг гэсэндээ Анна Григорьевна толгойдоо цагаан алчуур орооно, эсвэл суудлаасаа өндөсхийнэ. Залхаж гүйцээд “Хонгор минь ээ, хэрэв өнөөдөр тэгж харж харуулдаад, сонсогчид дундаас хайгаад хэлбэл шууд босоод гараад явчихна гэдгээ хэллээ шүү” гэлээ. – Тэгвэл би яасан, ийснийг, чиний хаачих гэж байгааг мэдэх гээд тайзнаас үсэрч буугаад гүйж очно. Энэ үгээ тун бодож хэлсэн болохоор намайг гараад явахул тэгж шуугиан өдөөж чадах нь гэдэгт эргэлзээгүй билээ.”

Алдаа буруугаа ухаарчихаад энэрэл уучлалт эрээд буцаад л хамгийн халамжтай нөхөр болно. Гагц бал сарын үеэр биш насан эцэс болтлоо хайрт ханиа өөрийн хамгийн эрхэм нандин эрдэнэ гэж бөөцийлж энхрийлдэг байсан нь бахадмаар. Хүмүүс Федор Михайловичийг баргар царайтай, бодолд дарагдсан аугаа сод билиг ухаантан гэж боддог атал гэр орондоо хүүхдүүдтэйгээ хөөцөлдөж тоглоод, инээж хөөрсөн хүүхдэрхүү хүн билээ л. Эхнэрээ гоё сайхнаар дутаахгүй гэсэн чин хүсэл нь бас гайхшрал төрүүлсэн. Гоо зүйн мэдрэмж маш сайтайн дээр эдийн чанар мэддэг учир эхнэртээ мөнгөтэй л бол гоёл чимэглэл, даашинз авах гэж зэхнэ. Бүр тус бүр 18 рублийн үнэтэй арван хоёр яг ижил цамц авчихсан байна. Шинэ гоёлоо үзүүлэхэд унтах хүртлээ өмс гээд их л баяртай байна.

Анна Григорьевна, Федор Михайлович хоёр эрс тэс зан араншин, үзэл бодолтой атлаа ямагт өөрсдийн орон зайг хадгалж, байр сууриндаа үнэнч байж, тус тусын хэрэгт оролцоод байдаггүй авч хоёр биедээ түшиг тулгуур болж чаддаг хувь хүмүүс байсны дүнд гал цог нь мөнхөд бадарсан амьдралыг бүтээн цогцлоож чаджээ. Ялангуяа би төвтэй, “хүний сэрэгдлийг гүнээ тольдон, дийлэнх сэрэгдлийг ганцаар бясалгагч” хүнтэй айл гэр болно гэдэг амаргүй даваа юм. Рулеть тоглоод хамаг мөнгөө алдахад нь үглэж загнахгүй, нөхрийнхөө санаа бодол, эрүүл мэндийг үймүүлэхгүй гэсэндээ элдэв асуудал гарвал мэдэгдэхгүй гэж хэрдээ чармайх ч “нуудаг зантай” гэж нөхөртөө зэмлүүлнэ. “Федор Михайлович оюун болоод дотоод ертөнцөд нь миний хөндлөнгөөс оролцдоггүй занг үнэлдэг байсан нь лавтай, тийм болоод ч хааяа надад “Намайг ойлгосон цорын ганц эмэгтэй бол чи” гэж хэлдэг байв.” Харин Федор Михайлович эхнэртээ мөнгө санхүү, ажил хэрэг, зохиогчийн эрхээ цөмийг нь даатгасан нь дундаршгүй итгэлийн илрэл билээ. “Хоёр биедээ ийм итгэлцэлтэй болохоор ертөнц дээрх жаргалтай хүнд л заяаж болох бүтэн арван дөрвөн жилийг нэгэн дээвэр доор цугтаа туулжээ.”

Өдгөө тус тусын тэр ариун нандин орон зайг үгүй хийж, аар шаархан хэрэг бүрт хошуу дүрж, атаархаж хорсож ахуйгаас айлын бат бөх голомт унтардаг болой. Аанай л хоёр хүйс адил тэгш эрхтэй гэж тунхаглаж буй “феминист” үзлийн нэгээхэн жишээ Анна Григорьевна Достоевская юм. Өнөөгийн эмэгтэйчүүд түүнээс үлгэр дууриалал авч, суралцах нь зүй ёсны хэрэг. “Дурсамж” номыг Ф.М.Достоевскийн бүтээлийг шимтэн уншигчид хийгээд өөрийгөө хүндэтгэдэг эмэгтэй хүн бүр уншвал зохилтой.

Эгэл даруу атлаа бие даасан ертөнцийнхөө гоо сайхныг цогцлоож чадсан эл эмэгтэйн гайхамшигт дурсамж эмэгтэйчүүдийн талаарх эндүүрлийг минь засч сэнхрүүлсэн түүх инү.

*              *               *

Түр хүлээнэ үү...
Top