"Ширээний ном" буланд маань тавтай морил. Энэ булангаараа бид та бүхнийг хамгийн дуртай зохиол, хамгийн хайртай номоо танилцуулах, бусадтайгаа хуваалцахыг урьж буй юм. Манай эхний зочноор "Зэн" ХХК-ийн захирал З.Эрдэм уригдлаа. З.Эрдэм 1988 онд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. Өдгөө хувийн компаниа удирдахын сацуу эрдмийн зэргээ ахиулахаар шамдан суралцаж буй завгүй оюутан юм.
Хайр бүх цаг үед, бүх газар орших агаад үхэл ойртох тусам улам хүчтэй болж байдаг.
Габриель Гарсия Маркес
Габриель Гарсиа Маркеcийн бүтээлүүдээс хамгийн анх уг зохиолыг уншиж билээ. Хүн номыг уншдаг бол энэ ном намайг уншсан гэж хэлэхэд буруудахгүй. Би уг номыг эхлүүлчхээд дуусан дуустал нь нүд салгаж чадаагүй. Яг л ховсдуулсан мэт сэтгэл татагдаж, гол баатруудтай хамт баярлаж, уурлаж, гашуудаж, гуньж байсан минь тодоос тод санагдана.
“Тахлын жилүүдийн дурлал” бол маш сонирхолтой бүтээл. Зохиогч бидний амьдралд тохиолддог зүйлсийг ерөнхийд нь бус, машид нарийвчилж бичсэн юм шиг санагдсан. Мэдээж уг ном мөнхийн сэдэв болох хайрын тухай өгүүлнэ.
Хайр гэдэг ямар олон шинж төлөвтэй байдгийг, хүн тэвчээртэй, хүлээцтэй байвал аз жаргал заавал ирдэг гэдгийг хайртай бүсгүйгээ 53 жил, 7 сар, 11 өдөр хүлээсэн Флорентино Арисагийн амьдралаас уншигчид маань олж мэдэх биз ээ.
Энэ зохиолыг би хайрын тухай өгүүлсэн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг хэмээн итгэж буй тул залуучуудыг ч бас заавал уншаасай гэж хүсэж байна.