"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна.
Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 100 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 5 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 5 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.
Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг ТАВД багтсан дараагийн шүлэгч бол Ламжавын Лхагвасүрэн. Тэрбээр 1992 оны нэгдүгээр сарын 3-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумнаа төрсөн. 2013 онд МУИС-ийг Нийгмийн ажилтны мэргэжлээр төгссөн. 2009 онд анхны номоо "Танихгүй ертөнцөд илгээх миний нэрийн хуудас" нэрээр хэвлүүлсэн. 2018 оны зургаадугаар сараас Австралийн Засгийн газрын тэтгэлэгээр магистарт суралцах гэж байна.
Өчүүхэн сэтгэлийнхээ буланд завилж суугаад
Өнгө өнгийн навчсыг ханан дээрээ наавал
Жихүүцэж даарах хорвоогийн өдрүүдэд
Жижигхэн ч гэсэн оромж болж чадах болов уу
Бүлээхэн гартай хүйтэн сэтгэлтэй хүн сүрэгт
Бүхий л амьдралаараа нэгдвэл
Хуучирч ноорсон энгийн даруу зүрх сэтгэлийн минь
Хугачин дараад өнөөдөр ч оршуулж мэдэх юм
Гэхдээ л энгэрт минь гараа ээн дулаацуулдаг
бяцхан хүүгийн минь итгэл найдвар шиг
Эгц дээр минь улалзах ганц лааны сүүмгэр гэрэл шиг
Ээжийнхээ хайран дээгүүр
тэнтэр тунтар алхан хөлд орж буй
жаахан охины минь бүтэлгүй оролдлого шиг
Ийм л амьдралд шунан дурлах минь
Эх хүний сүүлчийн найдвар шиг...
***
Илд мэт үсийг минь илэхдээ л гараа исгэчихдэг чиний
Эр зоригт чинь би одоо болтол итгэдэггүй
Аз жаргал, аз жаргал гэдэг чинь энэ бишээ хайрт минь
Амьдрал бол чи бид хоёрын амьдардаг модон байшин төдий л зүйл
Хадаас бүрийг нь хичээнгүйлэн хадсан чинийхээ
Хагарч эвэршсэн гарыг чинь л би зүрх сэтгэлээс чинь илүү их хайрладаг
Хувирч өөрчлөгддөг бүхий л зүйлсийн хувцсыг тайлаад
Хуруунуудаас чинь дүүжилчихмээр санагддаг
Залуу нас, гоо үзэсгэлэн
Замд минь буй бүхэн энэ бишээ хайрт минь
Үргэлж гоо сайхныг хайдаг чинийхээ нүднээс илүү
Үнэрт минь л дэндүү дассан хамарт чинь би илүүтэйгээр итгэнэ
Хуучирч элэгддэг юм бүхнийг нүдэн дээр чинь овоолон шатааж
Хуурамч утаанд нь хорсон урсах нулимсанд чинь дурлана
Аз жаргал, уйтгар гунигаа өлгөдөг гудамжны минь хуучин шон шиг өдөр хоногуудыг
Аргамжиж сэтгэлд минь чи л гэзэг шиг сүлждэг
Амьд яваа минь өөрөө хоосон байдаг хий үзэгдэл шиг орчлонд
Ахиад л чи над руу ганцхан алхам ойртвол
Зүрхэнд минь шингэсэн зовлон жаргалаа би хүрэм шигээ тайлж орхиод
Зүгээр л хоосон болж замхарна
Бидэн хоёрын дунд амьдрал үхлийн зай буй тул
Бидэн хоёрын дунд амьсгалах агаар мэт үрсийн минь амьдрал буй тул
Зүгээр л надад итгэ
Зүрх сэтгэлд ирээдүй гэж хэзээ ч байхгүй
Бидний үүрд хамт байх хоногуудаас илүү
Бидний үүрд хамт байхгүй орон зай л хамгийн дүүрэн юм
***
Бидний амьдардаг жижигхэн хотыг сар гэдэг
Бид саран дээр амьдардаг
Энэ бол хүн төрөлхтний хүсэж ч чадахгүй тийм хүсэл мөрөөдөл
Намар болгон үхэж буй навчист зүрхээ дэвсэн дэр хийж өгөхийг зөвшөөрдөг тэр минь
Намайг хавар бүр шинээр хайрлах хэрэгтэй болдог
Өдөр бүр инээж чаддаггүй учир цонхон дээрээ цэцэг зурчхаад
Өнөөх цэцгээ шарлахаар л өөр хүнд дурлаарай гэж
Өчнөөн удаа надад захидаг
Гэвч би тэгж чаддаггүй
Аз жаргалтай цонхоор минь бороон дусал урсахдаа ч
Арчиж зүрхэлдэггүй тэр цэцгийг би хайр гэж нэрлэдэг
Хүүгээсээ охиноосоо ч илүүтэйгээр их мөхөөлдөс захиж түүнийг дагадаг болохоор
Хүрч ирэх бүртээ дандаа надад зориулан нэг дэлбээ зурдаг
Хаврын хавсарга салхи зуух янданг минь түчигнүүлээд ч
Хатааж хураасан ганцаардлыг минь дэвтээж дийлдэггүй учир бид саран дээр амьдардаг
Хатсан моддын эгшгийг утсан хөгжимдөө цуглуулан
Хайртай хүүхдүүддээ амьдралын тухай дуу дуулж өгдөг
Биднийг ч гэсэн сар гэж боддог бяцхан үрс дээ
Бид дэлхий дээр амьдардаг гэж итгүүлдэг
Бороо, цас, хавар, намар
Бодсон бүхэн минь бодсоноос минь ч илүү их уйтгартай болоход
Тэр зүгээр л гарыг минь атгаад
Тэгээд л бид дэлхий рүү буцдаг
Эдгэшгүй өвчин мэт зүрх сэтгэлийг минь эзэмдэхийг тулд хоосныг анирдаж
Эмэгтэй хүний мөн чанарыг ертөнцийн гаднаас хайдаг
Одоо ч гэсэн намайг харахдаа өөрт минь битгий дурлаарай гэж шивнэдэг
Одоо ч гэсэн намайг хайрлахдаа өдөр бүр битгий инээгээрэй гэж ятгадаг
Хамгийн гунигтай өдөр хөшиг дээрээ сарыг өлгөчхөөд
Хамтдаа саран дээр байна гэж мөрөөддөг
Энэ л миний сонгосон
Энгийнээс энгийн сайхан амьдрал
Энэ л бидний сонгосон
Эгц дээрх саран дээрх хот
ТҮҮНИЙ ТУХАЙ
Ламжавын Лхагвасүрэнгийн шүлгийг бид "Чимээгүй хот", "Эмгэнэлийн үр хөврөл", "Чөлөөт шувуу" номын зохиолч, "Хөх мэдрэхүй" утга зохиолын бүлгэмийн гишүүн Ороолонгийн Элбэгтөгсөд уншуулж сэтгэгдлийг нь сонссон юм.
Яруу найраг гээч нь яг ямархуу хэлбэр дүрстэй хэм хэмжээтэй байх эсэхийг тухайн найрагчийн авъяас чадал хэр хэмжээ илтгэн харуулдаг. Өөрийнхээ зүрх сэтгэлийг уудлан онгичиж, өөрийнхөө дурсамж сэрэхүйд нуугдан оршиж буй тэр л мэдрэмжээс суралцаж, түүнийгээ уран бүтээлчээр ашиглаж чадсан хүн л яруу найрагч болж чадах байх боддог. Л.Лхагвасүрэнгийн шүлгүүд амьдралд тоомжиргүй хандах гэнэн цайлган охины сэтгэл зүйгээс эхлээд, хайртай хүнийхээ тухай эргэцүүлэлд хөтлөгдөхдөө амьдралыг нэг бол маш амар хялбар, нэг бол орооцолдож сүлжилдсэн олон замын эрчлээсэн дунд төөрсөн, нөгөөтэйгүүр үлгэрийн гэмээр шидэт төсөөллийн орчноор баяжуулж чадсан байна. Хэл зүйн хувьд ийм чөлөөтэй, баялагаар бичиж чадсаныг “авъяас” гэсэн ганцхан үгээр тодорхойлоход л хангалттай буй за.