"Тагтаа" хэвлэлийн газраас үндэсний уран зохиолын залгамж үеийг бэлтгэх, залуу уран бүтээлчдээ дэмжих, сурталчлан таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант хэсгүүдээр шалгаруулан олгож ирсэн маань уламжлал болж, үгийн урлагийн уран бүтээлч залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Тав дахь жил, дөрөв дэх удаагаа олгогдож буй "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил нийт 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс бид орчуулгын төрөлд шилдэг гурван орчуулагчийг шалгаруулан уншигчдадаа танилцуулж байна. Эдгээр залуу орчуулагчаас нэг нь ялагч болж, 2022 оны зургаадугаар сарын 20-нд болох "Tagtaa prize-2022" шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авах юм.
"Tagtaa prize-2022" утга зохиолын шагналын орчуулгын төрөлд шилдэг гурван оролцогчийн нэгээр Содмөнхийн Оюу-Эрдэнийг нэрлэж байна. С.Оюу-Эрдэнэ 1999 онд Дархан-Уул аймагт төрсөн. МУИС-ийн Хятад орон судлалын ангийг 2022 онд төгсжээ. Одоо хэлний сургалтын төвд Боловсролын зөвлөхөөр ажилладаг. Тэрээр Солонгосын зохиолч Бэк Сурины "Он цагийн зөрүү" өгүүллэгийг орчуулан ирүүлжээ.
Бэк Сурин
ОН ЦАГИЙН ЗӨРҮҮ
Тэнгэрт түгсэн одод шиг
Тоолшгүй олон хотыг
Хөндлөн гулд туулахдаа
Зурагт буулган үлдээчихмээр хормууд
Чухам юу байсныг эргэн нэг…
Түүнийг явснаас хойш удалгүй олон улсын илгээмж ирлээ. Бүсгүй нөхрийнхөө ширээн дээрээс улаан зандан бариултай цаасны хутга авч, дугтуйны амсрыг тэгшхэн зүсэж нээвэл “Өнгөрсөн зун Канвондугийн Хамбэк уулнаа” гэсэн бичигтэй шөнийн тэнгэрийн зураг гарч ирэв. Бэхээр зурчихсан шиг өөгүй тэгш нуруудын дээр одод юу юугүй асгарах нь уу гэлтэй тэнгэрт эргэлдэн зурайна. Загасчны бяцхан завины дэргэд оддын гэрэл ойн тусаад, тэнгэртэй нийлэх мэт цойлон гялалзаж үзэгдэнэ. Зургийг харахад хэзээ ч билээ түүний бүсгүйд харуулж байсан умард туйлын туяа санаанд нь буув. Зургийн ард “Cолирын урсгал биш олон цагийн хөдөлмөр шингээн одод шилжих хөдөлгөөнийг зурагт буулгасан нь” гэж бичсэн байх аж. “Үнэндээ одод биш бөмбөрцөг маань л эргэсэн байлгүй дээ.” Богинохон захидлынхаа доод хэсэгт тэр “Тэгэхэд чи Огторгуйн төгсгөлд юу байх бол? гэж асууж байсан. Огторгуй дуусах үед хар нүх огторгуйг залгиж, сүүлдээ хар нүх өөрөө ч залгигдаад бүгд устах юм гэнэ. Тиймээс буй бүхэн устсан хойно юу ч үлдэхгүй, юу ч өөрчлөгдөхгүй. Цаг хугацааны утга учир ч алдагдана. Өнөөгийнх шигээ нэгэн чигт урсахгүй” гэж бичээд, нууц үг мэт энэ хэдэн өгүүлбэрийнхээ эцэст томоор “HAVE A GOOD LIFE” гэж бичсэн байв.
Түүнтэй танилцсанаас хойш бүсгүй үе үе хойд туйлын гялтганах мөс, гүн хөх тэнгэр, эцэс төгсгөлгүй цэлийх мөнх нам гүмийг төсөөлөх болсон сон. Тэрээр энэ тухай бодмоглонгоо зургийн аппаратын шагайвчид нүдээ тааруулж тэнгэрийг ширтэн, тэр олон өдөр төгсгөл нь хаа буй нь мэдэгдэхгүй элчилгүй мөсөн дээгүүр алхаж буй түүний ганцаардлыг, гүн бодлыг нь мэдрэхийг хичээв. “HAVE A GOOD LIFE”. Бүсгүй түүний явуулсан учир битүүлэг зургийг гоо сайхны ширээндээ, толиныхоо хажууд босгоод тавьчихлаа. Далиудуу тавьсан шөнийн оддын зураг яг л асгараад ирэх гэж байх шиг харагдана.
Тэд яг жилийн өмнө анх уулзжээ. Уулзахаар товлосон нэгнээ хүлээлгэх дургүй зангаараа 15 минутын өмнө эртлэн ирээд байтал залуу түүнийг түрүүлж олж хараад инээмсэглэв. Инээхдээ нүд нь хавирган сар шиг дугуйрч, зовхиных нь үрчлээс тодроод ирэх аж. Бүсгүй эртнээс таних ч юм шиг эсвэл бүр хол хөндий ч юм шиг санагдах эрийн өөдөөс ичингүйрэн инээмсэглэсээр сургуулийн метроны буудлын хажууд түдэн зогслоо.
Эл явдлаас өмнөхөн нь бүсгүй нөхрийнхөө шүүхэд ялсан ажлын амжилтыг тэмдэглэхээр аав ээжийгээ урин, Сөүл бүхлээрээ харагддаг алдартай зочид буудалд гэр бүлээрээ хоолложээ. Гуандуны мастер тогооч ажилладаг энэ ресторанд Сычуань, Бээжин, Шанхайн хоолнуудыг нэг дор амталж болдгоороо алдартай. Аав нь Хятадын сайн чанарын үнэтэй дарснаас хэдэн хундага өргөв. Сайн ууж чадахгүй ээж нь ганц хундага татаад л нүүр нь минчийж, мишээл тодруулаад ирлээ.
Хариад удаагүй байтал ээж нь залгав. Сайхан хооллоод салсан болохоор эргээд залгахад нь бүсгүй нэлээн гайхжээ. Харин ээж нь түүнд “Tэр залуутай уулзаад өгөөч” гэж хэлсэн юм. Өдийг хүртэл өөрсдөд нь хамаатай тийм хүн байдаг гэж мэдээгүй яваад, гэнэт уулзах болчихсондоо гайхаж цөхсөн бүсгүй “Уулзаад би яах билээ?” гэж түгдчин барин асуулаа. Охиноо яах бол доо гэж түгшиж байсан ээж нь жаахан санаа амрав бололтой “Хамт зугаалаад, хоол авч өгвөл зүгээр” гэж хөшүүн аястай хариулав. Уг нь асуумаар юм олон байсан ч ээжид нь эвгүй байгааг мэдэж байгаа учраас асуусангүй, цаасан дээр Чой Жонхүнь гэдэг нэрийг имэйл хаягийнх нь хамт тэмдэглэж аваад утсаа тасаллаа.
Бүсгүй нөхрөө унтахыг хүлээн будгийн ширээнийхээ урд зовхины тосоо нямбайлан түрхэж суув. Тэгээд дадал ёсоороо машины сэтгүүл гүйлгэн харж байгаад унтахаар нь босож компьютерээ асаан шинэхэн танил руугаа мэйл бичлээ. Өдөржингөө өөрийг нь бичихийг л хүлээж байсан мэт тэр дороо хариу иржээ. Тэд залуугийн буудаллаж байгаа газрын дэргэдэх кафед уулзахаар товлоод, бүсгүй дэлгэцээ унтраав. Залуугийн англи хэл тун давгүй санагдсан тул бүсгүйн сэтгэл амарчээ.
Маргааш нь бүсгүйн нөхөр аанай л өнөө янзаараа өглөөний сонин уншиж, цай уучхаад ажилдаа явахаар босов. Өдөр болгон өрнөдгөөс өөр зүйл гэвэл ээж нь “Түүнтэй холбоо барьсан yy?” гэж асуусан болон өөрийнх нь “Cанаа зоволтгүй ээ” гэж хариулсан зурвас л байлаа. Ээж нь хариу уншаад санаа амрав бололтой. Төдөлгүй нөхөр нь ажилдаа яаран гарч, бүсгүй сууж байсан сандлыг нь урагш түлхэн эмхлэв.
Жийнсэн хослол өмссөн, намхан нуруу, халимаг үстэй, дуу муутай бишүүрхүү ч гэмээр залуу эр аж. Хэрэв бүсгүй түүнийг 38 настай гэж ээжээсээ сонсоогүй сэн бол өөрөөс нь дүү ч гэж андуурмаар харагдана. Инээхээрээ бүр ч хүүхэд шиг болчих юм. Зүс танихгүй, өөрөөс нь даруй долоон насаар ах, харь хүн. Энэ ертөнцөд оршдог эсэхийг нь ч мэдээгүй үеэлтэйгээ гэнэт нэг өдрийг хамт өнгөрөөх болчихвол хэн ч гэсэн түүн шиг л ингэж бишүүрхэж эвгүйцэх байсан биз ээ.
Бүсгүй энэ хотод анх ирж байгаа хүн бүрийн заавал очиж үзэх ёстой гудамжийг залууд үзүүлсэн нь дээр гэж боджээ. Тэгээд метронд суун Жонгро руу түүнийг дагуулан явлаа. Ажлын өдөр болоод ч тэр үү, гудамж талбай эл хуль. Амтлагчтай шөл урдаа тавиад чанга чанга ярилцах хөгшид л тэднийг угтав. Бийр, дэвүүр мэтийн улиг болсон эд зүйлс бүхий бэлэг дурсгалын дэлгүүрээс илүүтэй машинд ачсан амтат гуа сонирхол татна. Тэд явсаар энэ хавьдаа л нээгдээд нэлээд удаж буй үр тарианы дэлгүүрт орж, сайхан шарласан шошийг барьж үзэв. Гүнжидийн тосны зөөлөн дулаан үнэр дэлгүүрээр нэг ханхийнэ.
“Энэ юун үнэр вэ?” гэж залуу түүнээс асуулаа.
“Гүнжидийн тос гаргаж авч байх шиг байна” гэж бүсгүй хариулаад тос даасан сайхан үнэрийг илэрхийлдэг үг англи хэлэнд байдаг болов уу гэж эргэлзэнгүй бодов. Мэдэхгүй ч гэлээ магад нидерланд хэлэнд лав ийм үг байхгүй л болов уу.
Залуу гартаа хэсэг шош атгаж, “Үүнээс энэ хэртэй авч болох уу?” гэж асуув.
Дэлгүүрийн эзэн түүнийг харснаа, “Ээ, эр хүн байж яахаараа ийм булбарай байдаг байна аа?” гэх нь тэр.
Нээрэн л савх шиг сүмбэн хуруутай, цагаан гартай юм. Ер хар бор ажил хийж үзээгүй гар байна даа гэж бодохуй бүсгүй нагацынхаа гарыг саналаа.
Залуу чухам түүгээр яах гэж байгаа юм бүү мэд, хөх шошоос нэг атгыг худалдаж авлаа. Тороо сэгсрэхэд шош сар сар хийн дуугарна. Залуу энэ чимээг сонсоод инээмсэглэв.
“Нээрэн Нидерландад алтанзул цэцэг алдартай тийм ээ?” гэж бүсгүй амьхандаа л яриа эхлүүлэх санаатай асуувал цаадах нь зүгээр л толгой дохив.
Тэдний хооронд ярилцчихмаар нийтлэг ярианы сэдэв ч гарч ирэхгүй нь бололтой. Бүсгүй нагацынхаа тухай ч дурссангүй. Гадаа бүгчим халуун байсан тул хоёул сэрүүцэхээр нэгэн кафед орж суув. Яриа хөөрөөгүй, нам гүмийг тэвчих учраа олохгүйдээ бүсгүй устай аягаа нэг барьж, нэг тавиад л, утсаа барин тавин, асааж нэг үзээд сууж байтал залуутай харц тулгарчихсанд дэмий л инээмсэглэлээ. Залуу цэсээс улаан буурцагтай бингсүг нэлээд хачирхан хараад байв. Бингсүтэй улаан буурцаг иднэ гэхээр хачирхалтай байгаа бололтой. “Яах вэ, дажгүй дажгүй” гэж бүсгүйг хэлбэл цаадах нь “Нээрэн тийм байна шүү” гэхээс өөр юм хэлсэнгүй. Агааржуулагчаас хүйтэн салхи үлээнэ. Кафед залуучууд дүүрэн ч гадаад хүн лав байхгүй бололтой. Магад залуу ч гэсэн гадаад хүн гэж харагдахгүй л болов уу. Бингсүгээ холиод идэх гэхэд аяганы хана дагуулан улаан буурцгийн өнгөнд будагдсан мөсний сийрэг хэлтэрхийнүүд юу ч үгүй хайлчих аж. “Нэлээд чихэрлэг юм байна шүү” гэж тэр сая нэг ам нээв.
Үнэндээ бүсгүй нагац эгчийгээ тийм ч сайн мэддэггүй билээ. Эцэг эх нь нутгаасаа гарч суурин бараадаад чамгүй удсан бөгөөд харин нагац нь бөглүү тосгоноо сахисаар үлдсэн юм. Ургийн баяраар эсвэл өөр шалтгаанаар хамаатнууд нь нэгэн дор цугларах бүр нагац эгч нь байнга л гадуурхагдана. Жилд их л сайндаа нэг, хоёр удаа баяр ёслолын үеэр уулздаг байсандаа ч тэр үү, бүсгүйд нагац эгчийнх нь тухай “жижигхэн хар хүн” гэхээс өөр ойлголт үгүй. Нагац нь ээжээс нь насаар эгч атал дүү нь юм шиг л үргэлж дагаж явна. Нагац нь ердөө дунд сургуулийн боловсролтой, харин ээж нь докторын зэрэг хамгаалсан, тийм болоод ч тэр үү ээж нь зориг муутай нагац эгчээс нь тэс ондоо зоримог, ажил хэрэгч харагддаг. Ямартаа ч нагацад нь тохиолдсон том, жижиг бүх хэргийг шийддэг хүн нь ганц ээж нь байлаа. Тэднийх загас үржүүлдэг хүргэнийхээ ачаар баяр болгоноор шинэхэн загас, далайн бүтээгдэхүүн бэлгэнд авна. Хүргэн нь ч дуу чимээ багатай, нутгийн аялгаар ярьдаг, ажилд махруу нэгэн. Тэд бүсгүйтэй насаар чацуу нэг хүүтэй. Бүсгүйн санахаас багадаа оршуулгад очоод томчуулыг даган эмгэнэл илэрхийлэн мөргөх үеэр яагаад ч билээ буруутаж загнуулсныг эс тооцвол нагацынхаа хүүтэй хамт тоглож байсан дурсамж ч үгүй билээ. Харин хүүгийн талаар ахлах сургуульд байхдаа нэлээд хэрэг дуулиан тарьдаг байсан тухай нь сонсож байжээ. Хүү сургуулиа төгсөөд шууд л хүргэгчийн ажилд орсон гэж мөн дуулжээ. Ачааны машинаараа нэг хотоос нөгөө рүү явдаг тэрээр магад бүсгүйн илгээмжийг ч хэн нэгэнд дамжуулсан л байж таараа. Тэд хоёул насанд хүрсэн цагаасаа хойш уулзаж тааралдаагүй аж.
Бүсгүй, залуу хоёр зам дагаж алхсаар загасны зах руу орж явчихлаа. Эндхийн үнэр танар гэж авах юмгүй аж. Тэд урд шөнийн борооноор тогтсон усыг тойрч гарах гэхдээ том том алхаж явав. Ингэж алхах нь өсгийт өмссөн бүсгүйн хувьд туйлын хүнд байлаа. Гэтэл очиж үзсэн бүх газруудаас залууд хамгийн их таалагдсан нь загасны зах гэнэ. Лангуун дээр эгнүүлэн тавьсан загаснуудыг харж зогссон залуу шодой загасыг зааж, “Эр хүний бэлгэ эрхтэнтэй адилхан харагдах юм” гээд нуг нуг инээв. Тэгэхэд нь бүсгүй нэр нь яг тийм утгатайг хэлж өгвөл бүр ч чанга инээв. Нутагтаа хараагүй загаснууд сонирхлыг нь бүр ч татав бололтой. Лангуун дахь загаснууд хөхрөн гялтганах нь далайн өнгийг санагдуулах бус, харин ч хуучин халуун усны газрын гялтан хавтантай шалыг санагдуулам аж. “Энэ хэд вэ?”, “Эндээс хоёрыг авъя” гэж хүмүүсийн чанга чанга ярилцах нь чих дэлсэнэ. Хоёул зах дотуур явсаар загасны махан хоолны газар луу орлоо. Тэгээд кэбүл, мунгэ, далайн хижим, сөжү захиалав. Залуу хөмсгөө байдгаар нь зангидчихаад идэхгүй гэж гараа сэгсрэн аягласан ч бүсгүй түүнд хүчээр шахам загас идүүлээд, дараа нь сөжү аягалав. Архинаас амсаж үзээд залуугийн царай улаа бутраад л явчихлаа.
“Чиний нидерланд нэр чинь юу вэ?” гэж асуухад залуу инээмсэглээд, “V.I.N.C.E.N.T” гэж үсэглэн дуудаж өглөө.
“Аа, Винсент! Яагаав нөгөө өрөөсөн чихээ огтолдог Вангог, Винсент Вангог? Чи ч бас зураг зурдаг уу?”
“Зураг дардаг” гэж залуу хариулав.
“Юуны?”
“Мм… Шөнийн тэнгэрийн.”
Тэгээд залуу эр туйлын туяаны зураг авахаар Хойд туйлд очсон тухайгаа, хөл дор шужигнах цасны чимээ, шувууд далавчаа дэвэхээс өөр чимээ аниргүй тийм нам гүмийнх нь тухай, тэнд очоод анх танилцсан нэгэн хүүгийн тухай, судлаачид чихэнд нь хэмжих төхөөрөмж зүүх цагаан баавгайн тухай ярьж өгөв. Архиндаа хацар нь улаа бутарсан бүсгүй арагш хана налан суугаад залуугийн яриаг анхааралтай сонсоно. Гэрлэснээсээ хойш анх удаа тэр танихгүй эртэй хоёулхнаа суугаад архи ууж байна. Танил царайтай ч танихгүй залуу эр.
Бүсгүй түүнээс “Яагаад Солонгост ирсэн юм бэ?” гэж согтуугаа далимдуулан асуугаад авлаа. Бид хоёр нүд, хоёр хөл, ам хамар уруул, тэр ч байтугай хэдэн триллион эсээс бүрдэх хүн гээчийн талаар ер нь хэр сайн мэдэх бол? гэж тэр Винсентийг харангаа бодолхийлэв. Нагацынх нь нөхөр, бүр төрсөн эцэг нь ч залууг энэ дэлхийд байдаг гэж мэдэхгүй. Тэгэхэд нагац эгч нь 23 настай байжээ. “Залуу байхад хэн ч алдаж болно шүү дээ” гэж ээж нь түүнийг өмгөөлнө. Нагацынх нүд яг л унтраад олон арван жил болчихсон галын үнс шиг сааралтсан, хар бараан харагддаг сан. Хүн болгонд л нууц бий. Хэн нэгэнд ярьж болохгүй, хэнд ч баригдаж болохгүй тийм нууц.
Тэндээс гараад тэд Намсан цамхаг руу гарч, шөнийн Солонгосыг хараад салах болов. Бүсгүйн хувьд ээжийнхээ хэлсний дагуу залууд хэлэх ёстой үг байсан болохоор түүнтэй уулзсан ч хэлэх эсэхдээ эргэлзэн явсаар метроны буудал хүрчихлээ. Салахын өмнөхөн залуу түүнээс “Кангвонду яваад хагас сайнд Сөүлд эргэж ирнэ. Тэр үеэр дахин уулзаж болох уу?” гэж асуув. Бүсгүй ч дахиж уулзах юм бол мөнөөхөн үгийг заавал одоо дамжуулах шаардлагагүй болно гэж санаа амраад дахин уулзахаар товлоод салцгаав. Залуу Кангвонду руу явж, бүсгүй үлдлээ.
Гэртээ хариад эелдэг боловч үргэлжийн завгүй нөхөртөө ногооны шүүс зэхэж, хоол хийж тавиад, иогийн хичээлдээ явлаа. Нөхөр нь улаан лоолийн сүмс үйлдвэрлэдэг нэгэн компанийн хуурамч зарын шүүх хуралд бэлдэж байгаа. Гэрлээд удаагүй тэдний гэр гадаадын төлөөлөгчид голдуу амьдардаг газарт байдаг учраас бүсгүй цаг заваараа эхнэрүүдэд нь солонгос хоол заах сайн дурын ажил бас хийдэг юм.
Бүсгүй нөхөртэйгээ нэгэн хуулийн фирмд ажиллаж байхдаа танилцжээ. Хаа нэг цахилгаан шатанд таардаг төдий л байснаа танилцаж дотносоод бүр хуримлахаар ч болов. Гэрлэх тухай мэдээгээ аав ээждээ дуулгатал ихэд баярлан тэр даруй найз нөхөд, танилууддаа ярьж, амтай болгон л нөхөр болох хүнийг нь шагшин магтах болжээ. Тэдний хуримын ёслол чамин тансаг зочид буудалд болж, бүсгүйн эцэг эх ирсэн зочдын атаархах харцанд баясаж, бүсгүй харин эцэг эхийн баяр хөөр гэдэг амьдралын утга учир хэмээн боддог учраас дэлхий дээрх ямар ч сүйт бүсгүйгээс илүү жаргалтай байлаа. Эцэг эх нь их сургуулийн багш нар учраас танил нөхөд ихтэй, тиймээс ч танхим дүүрэн зочид цуглажээ. “Сурлагаараа үргэлж нэгдүгээр байрт байсаар ирсэн, тэгээд алдартай их сургуульд суралцаж, сайн ажилтай болсон гээд бүхий л талаараа жирийн нэг хүүгээс хэд дахин илүү охин юм аа” гээд ирсэн зочид ам нийлэн түүнийг магтана. Хурим болохоос өмнө 5 кг хассан сүйт бүсгүй ердийнхөөсөө илүү үзэсгэлэнтэй, өндөр өсгийт дээрээ тун чиг сайхан харагдана. Ирсэн зочид бүгдээрээ л зөвхөн нэг гэр бүлд яаж ийм олон аз тохиодог юм бол доо гэсэн шиг атаархан сониучирхаж байсан сан.
Лхагва гарагт бүсгүй хотын номын дэлгүүр орж, англи хэлний номын хэсгээр явж байгаад санамсаргүй Винсент Вангогийн тухай намтарчилсан зохиолын ном олжээ. Хавтас дээр нь бүсгүйн хэдэн жилийн өмнө нөхөртэйгөө Нью-Йоркт байхдаа очиж үзсэн орчин үеийн уран зургийн үзэсгэлэнд тавиатай байсан бүтээлийн хуулбар байх агаад номын ар талд “Намтарчилсан зохиолын төрөлд нэгэн шинэ үзэгдэл болсон Калифорнийн Их сургуулийн профессор...” гэхчлэн зохиогчийн тухай бичсэн байв. Бүсгүй их сургуулийн англи хэлний ангиийг дүүргэж, хуулийн фирмд орчуулагчаар ажиллаж байгаад гарснаасаа хойш англиар юм уншихаа бараг л больжээ. Номын дэлгүүр дотуур нааш цааш баахан явсны эцэст англи хэл дээрх хоёр роман, мөнөөх Вангогийн намтар зохиолыг худалдаж аваад гарав. Тэгээд пүрэв, баасан гаргуудад хотхоныхоо кафед очин кофе уунгаа Вангогийн намтрыг уншиж, хаа нэг сэтгэлд таалагдсан өгүүлбэрийг тодруулан тэмдэглэж суув. Тэр урлагийн талаар төдий л мэдлэггүй ч “Гайхамшигт урлаг, биднийг авраач, чиний хязгааргүй адис үгүй бол бид энэ зовлонг гэтэлж чадашгүй нь”, “Гог бүх зүйл өөрчлөгддөг гэх үхлийн хуулийг сайн мэдэж байв” гэсэн өгүүлбэрүүдийн доогуур, бас “Хайрт Тео минь, шөнө дундаа орж байна. Гэтэл чи энд алга” гэсэн үгийг зурж тэмдэглэжээ.
Винсент тэр хоёр өмнө нь уулзсан өнөө газраа дахин болзоо тогтоод байсан юм. Хотын төвд орших нэгэн гүүрийг нурааж байсан учраас бүсгүй тооцоолоогүй байдлаар цагаасаа хоцорчихжээ. Бүсгүй бухимдахаараа тэгдэгчлэн хөмхийгөө зуусаар явлаа. Харин залуу хэдийнээ ирчхээд, өөрөөсөө том үүргэвчээ хана налуулан тавиад бүсгүйг хүлээн зогсоно. Гудамжинд хөл хөдөлгөөн их байсан ч бүсгүй залууг харуутаа л танилаа. Тэрээр бухимдсанаа нуун, инээх гэж оролдов. Залуугаас эндхийн биш, харь хүний, бас аяллын үнэр үнэртэнэ. Эртээд уулзахдаа залуу “Энэ аяллын төлөө их сургуулийн ажлаас маань урт хугацаатай чөлөө өгсөн” хэмээн ярьж билээ. Төсөл ёсоор Японоос Солонгост ирж арав хоноод, эндээсээ цааш Хятад, тэгээд Непал хүрэх маршруттай гэнэ. “Гималайн нурууны мөнх цаст шөнийн тэнгэрийг сайхан буулгасан. Харин Солонгосоор зүгээр л дайран өнгөрч байгаа юм” гэж тэр хэлэв. Өмнө нь нэг өдрийг хамт өнгөрөөхөд дасал болсон царай нь үл ялиг борложээ. “Өнөөдөр очиж үзмээр байгаа газар бий юу?” гэж бүсгүйг асуухад түр бодолхийлээд “Дахиад нэг удаа шөнийн Сөүлийг нэг хармаар байна” гэв.
Өмнө нь тэд Намсан цамхагт гарсан учраас 63 давхарт гарвал зүгээр юм гэж бүсгүй боджээ. Гэхдээ Сөүлийн шөнийн тэнгэрийг ширтэхэд цаг хэтэрхий эрт байлаа. Тэгэхээр нь бүсгүй “Ойрхон төрийн ордон, нэвтрүүлэх станц бас бий” гэж дуржигнуулбал залуу “Зүгээр зүгээр, цамхаг руу өгсөж алсыг ширтээд л сууж байя” гэв. Хоёул цахилгаан шатанд суугаад хамгийн дээд давхар хүртэл өгслөө. Цаг агаар цэлмэг сайхан байсан учраас хот бүхлээрээ цэлийн харагдана. Өндөр нам, өөр өөр янз маягийн байшингуудын дунд бүсгүйн багадаа аав ээжтэйгээ амьдарч байсан голын эргийн орон сууц харагдана. Баригдаад 40 жил орчим болсон энэ байшинд тэднийх 6-р анги хүртэл нь амьдарч билээ. Тэгэхэд энэ хавьдаа л хамгийн өндөр байсан энэ барилга одоо эргэн тойрон тэнгэр баганадсан барилгуудаар бүслүүлж, одой юм шиг л харагддаг болж. Ийн ажиглаж зогсохдоо бүсгүй Сөүлийг шөнө л үзсэн нь дээр юмсан гэж бодлоо. Тэгээд “Намсанаас илүү сайхан харагдаж байсан байгаа биз?” гэлээ. Залуу тэртээ доор урсан өнгөрөх машинуудыг ширтэн зогсож байв. Өмнө нь ч тэр Намсан дээр гарахдаа яг ингэж доош ширтэн удаан гэгч зогссоныг нь бүсгүй саналаа. Нар шингэн, байшингуудын гэрлүүд асааж эхлэв. Залуу үг дуугүй, амар амгалан төрхтэй зогсоно. Тэгснээ “Үзэсгэлэнтэй юм аа” гэж сая нэг ам нээв. Бүсгүй яг л баяр эхлэхийг хүлээж буй мэт догдолсон харцаар түүн рүү ширтэв. “Европын шөнөөс өөр байгаа биз?” гэхэд нь залуу аанай л толгой дохилоо.
“Миний амьдардаг газарт орой болсон хойно ийм олон гэрэл асаад байдаггүй” гээд тэр шингэх дөхөж буй нарыг ширтэх нь хөөрхийлөлтэй ч гэмээр харагдлаа. Тэр бас голын эрэг даган ургасан интоорын хөх моддыг шимтэн ажив.
“Хавар болоход тэр гудамд интоор цэцэглэнэ. Цаг урссаар, интоорын цэцэгс нэг л мэдэхэд хагдарна. Төдөлгүй мөчир дээр нь ахиад л шинэ дэлбээ задарна. Ахиад л хатаж хорчийно. Цаг хугацаа гэдэг ийм л шидтэй. Магад амьдралд хэрэгтэй ганц зүйл нь үхэл ч юм билүү, бүү мэд. Цаг хугацаа урсан өнгөрсөөр байвч хэзээ ч арилан балрахгүй мэдрэмжүүд гэж байх юм. Гэсэн ч хүмүүс урсан өнгөрөх цаг хугацаанд найдвараа гээлгүй амьдарсаар л. Интоорын тэр моддоос цав цагаан дэлбээ хаялах нь яг л цас мэт харагддаг юм. Хэзээ нэг өдөр та ч түүнийг хараасай гэж хүсэж байна.”
Тэр хоёр сандал олж суугаад нар жаргахыг хүлээхээр шийдэв. Бүсгүйн ярианд залуу хариулахгүй болохоор тэдний хооронд мөнхийн мэт аниргүй ноёлно. Нар жаргах болоогүй, харин бүсгүй л дэргэдэх хүнээ эвгүй байдалд оруулахгүй гэсэндээ яриа өрнүүлэх гэж хичээн байв.
“Та яагаад оддын зураг дарах сонирхолтой болсон юм бэ?” гэж тэр нам гүмийг эвдэн асуулаа.
“Би одон орон судалсан юм аа” гэх богинохон хариу л ирлээ.
“Та Солонгост анх удаа ирж байгаа биз дээ? Эндээс оддыг харвал давгүй байна уу?”
“Үнэндээ би Солонгост хоёр дахь удаагаа ирж байгаа юм шүү” гэж залуу хошин аястай өгүүлээд ирэх, буцах хөдөлгөөнийг үзүүлэн, хуруугаа урагш, хойш хөдөлгөв. Эхэндээ залуугийн яриаг ойлгоогүй бүсгүй яагаад "хоёр" гэж хэлснийх нь учрыг ойлгоод сандрав. Ийнхүү тоглоом хийсэнд нь яахаа мэдэхгүй байтал залуу ч мөн сандарч, ахиад л эв хавгүй чимээгүй ноёлчхов. Бүсгүй хүчээр ярианы сэдэв олж түүнээс,
“Шөнийн тэнгэр заримдаа аймаар санагддаггүй юу?” гэхэд залуу мөн л хариу дуугарсангүй.
“Заримдаа орчлон ертөнцийн талаар бодохоос айдас төрдөг өө. Ертөнц үргэлжлэн тэлсээр байгаа гэдэг, түүний эцэст юу байдаг юм бол?” гэж бүсгүй урсгалаа. Залуу чив чимээгүй хэвээр.
Ингэж хичээж ярьж байхад нь үл ойшоосонд бүсгүйд эгдүүцэл төрөв.
“Би ер нь яахаараа 63 давхар барилгын орой дээр, сайн ч танихгүй, ам нь үдээтэй юм шиг энэ хүнтэй хамт сууж байх ёстой юм бэ?” гэж бодохоос өөртөө гомдох ч шиг. Бүсгүй дотроо “Одоо явцгаая” гэж хэлье гэж санав. “Одоо босоцгооё” гэж сэтгэлдээ ахин давтав. Энэ эвгүй байдлаас яаж гарахаа мэдэхгүйд бодлоо нууж, дэмий л шүдээ л зуув. Гэтэл түрүүнээс хойш дуугүй суусан залуу гэнэт ам нээлээ.
“Би яагаад ч юм муурын сэтгэл санааг л ойлгох юм шиг. Нидерландад байхдаа гурван ч муур тэжээсэн туршлагатай. Нэг нь хар, нөгөөх нь саарал, нөгөө нэг нь цагаан алаг” гэж яриад залуу “Би мууруудаа Ньютон, Эйнштейн, Больцман гэж нэрлэсэн юм. Дэндүү таргалсандаа гэдсээ чирдэг болчихсон гурван настай муур маань цонхны дэргэд суугаад хажуу айлын гэрэл асахыг хүлээдэг зуршилтай” гэлээ.
“Гэрэл асахыг хүлээж байгааг нь та яаж мэдэж байгаа юм бэ?” гэж бүсгүй хачирхвал залуу мөрөө хавчаад, “Үнэндээ би сайн мэдэхгүй л дээ. Орой харьж яваад булан эргээд харахаар гурван муур маань цонхон дээрээ л сууж байдаг юм” гэлээ.
Аялалд гарахаас өмнө залуугийн амьдарч байсан гэр нь ердөө 16 м.кв умгар жижигхэн өрөө аж. Давчуу энэ оромжид нь хаа сайгүй муурын үс наалдаж, хуучин найз охиных нь мартаад явсан хөхөвч хаа нэгтээ олдохооргүй хоцорсон тийм л замбараагүй байр санж.
“Муурууд тэгээд юу болсон бэ?” гэж бүсгүй асуулаа.
“Нэг нь хөгшрөөд үхсэн, нөгөөх нь дагаад л үхчихсэн” гэж залуу хайхрамжгүй хэллээ.
“Өөр нэг нь?”
“Больцманыг наашаа явахдаа эцэг эхийнхээ гэрт үлдээчихсэн.”
“Ньютон, Эйнштейн хоёрыг бүгд мэднэ. Гэхдээ яагаад Больцман гэж? Хэн юм бэ?” гэж бүсгүйг асуух үес цонхны цаана нэг жижиг байшингийн гэрэл гялсхийв. Цаг хэдийн орой болж, бүсгүй нөхрөөсөө оройтно гэж зурвас авсандаа санаа амарчээ. Тэд 63 давхрын цайны газарт хөнгөхөн хоол идэхээр явлаа.
“Та нээрэн өнөөх шошоо яасан бэ?” гэж бүсгүйг асуухад залуу том цүнхнээсээ өнгө өнгийн шош хийсэн уутаа гаргаж ирээд сар сар хийлгэн сэгсэрч үзүүлэв.
Салах цаг ойртсоор л байна. Энэ удаад хэлж амжаагүй үгсээ заавал хэлэх ёстой гэж бодохын төдий бүсгүй сандарч мэгдэнэ. Залуу утсаа гаргаж ирээд умард туйлын туяа, Маккартсын сүүлт оддын зураг гэхчлэн дарсан зургуудаа түүнд үзүүлэв. Тэд хооллож дууссан ч бүсгүй хэлэх ёстой үгсээ аанай л хэлж чадаагүй хэвээр. Хоёул 63 давхраас гараад явах замд таарсан бэлэг дурсгалын дэлгүүрт орж, хийц муутай дурсгалын зүйлсийг гөлрөн хэсэг зогслоо. Залуу эр лангуун дээрх цасан бөмбөлөг харснаа Нидерланд гаралтай нэгэн зохиолчийн “Он цагийн зөрүү” нэрт намтар туужийн тухай түүнд товчхон ярьж өгөв. Тэр тууж нь цасан бөмбөг доторх цасыг хулгайлах гэсэн өргөмөл хүүгийн тухай үлгэр юм байх. Товчлолыг нь л сонсоход нэлээд гунигтай санагдсанаа хэлэхэд залуу ч залхуутай, улиг болсон үлгэр гэж батлав. Дэлгүүрээс гараад алхах зуур бүсгүй доод уруулаа хазалсаар явлаа. Түрүүнээс хойш толгойд эргэлдэх үгсээ эвлүүлж хэлж чадалгүй бодсоор яваад энэ хүрчээ. Гадаа гудамжинд хөл ихтэй, хүмүүс бүгд л хаашаа ч юм яарч, нааш цааш сүлжилдэнэ. Хосууд хөтлөлцөөд нэг газар луу гүйцгээж байна. Замын цагдаа шүгэлээ хангинуулан, машинуудыг зохицуулна.
“Энд юу болоо вэ?” гэж хажуугаар өнгөрөх хүнээс асуувал түүнтэй хамт явж байсан ахлах сургуулийн сурагч "Хан мөрөн дээр ёслолын буудлага болно” гэж чанга хашхирав. Бүсгүйн зүрх түргэн түргэн цохилно. Хүн ихтэй газар түүнийг амьсгалахын аргагүй давчдуулдаг учраас энэ үймээн самуун дуустал буцаж ороод хүлээсэн нь дээр гэж бодов. Харин Винсент догдолсон байртай түүнийг харж, “Ёслолын буудлага үзэцгээе л дээ” гээд гараас нь чангаав. “Өө! үгүй ээ” гэж хэлэхийн завдалгүй залуу аль хэдийн сүлжсэн олон хүмүүсийн дунд ороод алга болчихлоо. Залуу хүмүүсийн дунд орж, давлагаанд туугдан яваа хөвүүр аятай толгой нь нэг харагдаад, нэг алга болох аж. Бүсгүй эгээ л живж үхэх гэж байгаа юм шиг давчидсан ч араас нь хурдан хурдан алхлаа. Сүлжилдсэн олны дундуур яран, заримтай нь шахалдаж түлхэлцэн тийнхүү явахад өмнөхөн талд нь Винсентийн толгой шомболзон үзэгдэж, олон хүний хөлсний үнэр ханхална. Тэр залуугийн хаа явааг сайн харах гэж өлийж яваад нэг хүний цамцанд хацраараа наалдчихав. Хүмүүс улам багшран нэмэгдээд байх шиг.
Аль эрт мартагдсан айдастай мэдрэмж сэргээд ирэх шиг, 17 жилийн өмнөх бага сургуулийн төгсөлтийн баяр, найзуудтайгаа цэцэрлэгт хүрээлэнд очсон нь санагдав. Тэр өдөр ч гэсэн яг өнөөдрийнх шиг олон хүн цугласан байсан. Гараа чадлаараа сунгаад өөрийгөө хамгаалавч нэмэргүй, хүмүүс энд тэндээс түлхэж, зэрлэг араатанд хөөгдсөн жижигхэн амьтан шиг уухилж аахилан явж билээ. Эргэн тойрноо харавч оноож таних хэн ч байхгүй. Ухаан балартах шахаж, хашхирах гэвч дуу гарахгүй байж билээ Тэгэхэд дүү нь билет шалгагчийн дэргэд байж байя гээд үлдэж билээ. “Эгч нь удахгүй ээ, найзуудтайгаа ганц тоглочхоод л ирнэ. Ганцхан. Эндээсээ огт хөдөлж болохгүй шүү” гэхэд нь толгой дохиод хоцорчээ. Өөрийг нь хүлээж байсан найзууд нь “Хурдхан ирэхгүй бол бид явлаа шүү” гэж шахамдуулна. Дүү нь жижиг биетэй болохоор тоглоомд сууж болохгүй байсан юм. Харин тоглож дуусаад ирэхэд дүү нь тасалбар шалгагчийн дэргэд байсангүй.
Залуу олны дундуур урагшилсаар. Бүсгүй ашгүй нэг юм Винсентийг олж аваад аяллын том цүнхэнд нь нүүрээ наачих шахам даган явлаа. Тэд хүмүүсийн дундуур зүсэн явсаар арайхийж нэлээд өндөрлөг газарт гараад харвал Хан мөрний эрэг дагуу багшралдсан хүмүүсийн бөөн толгой л үзэгдэх аж.
“Гайхамшигтай шүү, ёслолын буудлага тэнд хамгийн гоё харагдах байх” гэснээ залуу Хан мөрөн тийш харан зоглоо. Ёслолын буудлага эхлэхийг хүлээж ядсандаа хүмүүс чангаар уухайлан хашхиралдахад бүсгүйн зүрх дэлбэрэх нь гэлтэй түргэн цохилов. Тэр гүнзгий амьсгалан өөрийгөө тайвшруулах гэж хичээлээ. Усын мандалд бөөн гэрэл ойн мяралзаж, цаад эргийн орон сууцууд, гэрлэн самбар, өндөр барилгуудын дүрс сүүхийлдэнэ. Бүсгүйн хөл сулраад явчихлаа.
Мөнөөхөн бэрх явдлын дараа аав ээж хоёр нь завгүй гэж шалтаглан яах гэж дүүг нь хамт явуулав даа гэж өөрсдийгөө л буруутгаж билээ. Харин тэр эцэг эхээ огтхон ч буруутгаагүй юм. Ээж нь шаналан уйлж, тэд хэчнээн хайвч дүү нь олдоогүй. Тэг тэгсээр цаг хугацаа өнгөрч, нэг л мэдэхэд амьдрал хэвийн үргэлжилдгээрээ үргэлжилсэн сэн. Тэгээд л ээж нь сайн эзэгтэйн дүрдээ эгэж, гэрийнхэндээ хоол хийж өгч, охиноо дамжаанд нь машинаар зөөж, их дэлгүүр дагуулж ороод хувцас авч өгөн, чухам түүний л төлөө энэ харгис хорвоог тэсэж гарах ёстой болсон юм. Тэд дахин нэг ч удаа дүүгийнх нь талаар дурссангүй. Амьдралд нь юу ч болоогүй, өөрчлөгдөөгүй мэт царайлавч дүү нь үгүй болсон нь түүнд бүх юм өөрчлөгдсөн мэт санагдуулж, тавгүйтүүлэх болжээ.
Бүсгүй арай ядан амьсгаа аваад том үүргэвчээ мултлан хөлдөө тавиад ус руу ширтэн буй залууг хажуугаас нь харав. “Төрсөн эх нь түүнтэй хэзээ ч уулзахыг хүсэхгүй байгааг нь яаж хэлэх вэ?” гэж бодохуйд ухаан санаа нь улам балартана. Залуугийн хөл доороо тавьсан үүргэвч нь байдгаараа хуниран атийжээ. Залуу түүнд “Энэ үүргэвчээ үүрээд л хаа сайгүй хэрэн хэсэж, оддын зургийг буулгадаг” гэсэн билээ. Хаа сайгүй хэрэн хэсүүчилж явдаг түүний хувьд Сөүл ердөө л дайран өнгөрч буй хотуудын нэг гэж залуу хэлсэн хэдий ч бүсгүй ээжийнхээ дамжуулаад өгөөрэй гэж аминчилж гуйсан үгсийг хэрхэн амнаасаа гаргаж хэлэхээ мэдэхгүй хэвээр.
Винсент нагацыг нь эгээ л хуулсан юм шиг дуурайжээ. Нүд, хамрын угалз гээд дэндүү адилхан. Бүсгүй дотроо “Миний нүд ч ээжийнхтэй адилхан болохоор магад бид ах дүүс шиг харагдаж байгаа биз” хэмээн бодлоо. Тийн бодохуй алдуурсан мэдрэмжүүд эргэн сэрж, 17 жилийн тэртээгээс дүү нь дэргэд нь ирээд зогсож байгаа ч юм шиг санагдана. Элгэмсэг, эв найртай ах дүүс. Ганц ч удаа биенээсээ салж үзээгүй, нэгнээ шархлуулсан удаагүй, уучлал эрж, гэмших сэтгэлд автан шаналаагүй ах дүүс.
“Түүнтэй уулзах боломжгүй л биз дээ?” гэж залууг гэнэт инээмсэглэн асуухад бүсгүй алмайран толгойгоо доошлуулснаа, юу яриад байгааг нь ойлгомогцоо хурдан толгой дохилоо.
Бүсгүй түүнийг “Ах аа!” гэж дуудвал алсыг ширтэн зогсож байсан залуу “Юу гэсэн үг юм бол доо” гэх шиг гайхан харав. Тэдний харц агшин зуур тулахад бүсгүй тэнгэр өөд заав. Тэр даруй харанхуй тэнгэр өөд ёслолын буудлага пижигнэн харваж эхэллээ. Хүмүүс уухайлан дуу алдаж, тэдний дээрээс өнгө өнгийн салют солирын од шиг буув.
Бүсгүй заримдаа зүүдэндээ тэр өдрийн үйл явдлыг хардаг байв. Зүүдэнд дүү нь эгчийгээ даган уйлж, хамт явна гэж зөрүүдлэн, огт хөдлөлгүй хүлээнэ гээд инээгээд үлдсэн дурсамжаас тэс өөрөөр “Намайг битгий үлдээ, хамт явцгаая л даа” гэж уйлан чаргууцалдана. Дуудаад уйлаад байхад нь л тоолгүй ганцхан удаа гээд найзууд руугаа харайлгах өөрийгөө зүүдэндээ үзнэ. Гарцаагүй зүүд байтал үнэхээр зүүдлээд байна уу, үгүй юу гэдгээ заримдаа ялгахаа больчихно.
Харин одоо залуутай хамт тэнгэрийн гүн рүү цойлон харвах ёслолын буудлагыг харан зогсохдоо шөнийн тэнгэрийн од шиг тоолшгүй олон хотыг хөндлөн гулд туулахад нь зурагт буулган үлдээчихмээр агшин хормууд хэчнээнхэн тохиосон бол доо гэж бодлоо. Дэлхий тэнхлэгээ эргэх бүр өдөр өдрөөр эрт мандах нар луу улам ойртон буй ч юм билүү. Өөрөөсөө том цүнх үүрсэн залуу хэдэн зуун сая жилийн дараа дэлхийтэй мөргөлдөх оддыг зурагт буулгахаар дэлхийгээр нэг хэрэн хэсүүчилнэ. Тэгж явахдаа зүгээр л дайраад өнгөрөх гэж энд, Сөүлд ирсэн нь амьдралынхаа 38 жилээс гэнэт л цаг хугацааг сөрөн, буцаж эргэсэн шиг санагдсан ч байж магад. Чихээ тастаж янханд өгсөн зураач эрийн сэтгэлийг таамаглах аргагүйтэй адил цүнхэндээ өнгө өнгийн шош авч явдаг залуугийн сэтгэлийг үүрд ойлгож чадахгүйгээ л бүсгүй сайн мэдэж байв. Хэдхэн өдрийн дараа түүнийг дахин онгоцонд сууж, салхи сөрөн тив алгасан аялахыг нь, улам улмаар алсран бүдгэрэх залуугийн төрхийг л төсөөлж чадаж байв.
Зүтгэлсээр давах оргил ч олон юм, тэвчиж гүйцээх өвдөлт ч их юм, бурханд өргөх залбирал ч тоймгүй юм. Эцэст нь энгүүн тайван цаг ирнэ л гэж найдахаас биш. Таахын аргагүй хүндхэн бүхэн нураад унах шиг нүргэлсэн их дуу тэнгэрт хадлаа. Хөх тэнгэрт бийрээр таталсан юм шиг бөөн гэрлүүд зурсхийгээд түдэлгүй унтарчээ. Тэнгэр өөд ширтэн зогсоо тэдний царай ёслолын буудлагын гэрэлд өнгө өнгөөр солонгорно.
“Ах аа, хүслээ шивнээрэй” гэж бүсгүйг хэлэхэд залуу “Хүсэл ээ?” гэж асуугаад нүдээ анив.
Одод түгсэн шөнө байлаа.