"Тагтаа" хэвлэлийн газраас үндэсний уран зохиолын залгамж үеийг бэлтгэх, залуу уран бүтээлчдээ дэмжих, сурталчлан таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант хэсгүүдээр шалгаруулан олгож ирсэн маань уламжлал болж, үгийн урлагийн уран бүтээлч залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Тав дахь жил, дөрөв дэх удаагаа олгогдож буй "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил нийт 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс бид орчуулгын төрөлд шилдэг гурван орчуулагчийг шалгаруулан уншигчдадаа танилцуулж байна. Эдгээр залуу орчуулагчаас нэг нь ялагч болж, 2022 оны зургаадугаар сарын 20-нд болох "Tagtaa prize-2022" шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авах юм.
"Tagtaa prize-2022" утга зохиолын шагналын орчуулгын төрлийн ТЭРГҮҮН БАЙРЫН ШАГНАЛТ орчуулагчаар Эрдэнэ-Очирын Цогзолмаа тодорлоо. Э.Цогзолмаа 2000 онд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. Баянцагаан сумын сургуулийг 2018 онд, МУБИС-ийн Хэл, утга зохиол судлалын ангийг 2022 онд төгсжээ. Тэрээр Хятад-Английн зохиолч Ма Жианы "Орхин одогч" өгүүллэгийг англи хэлнээс орчуулан бидэнд ирүүлжээ.
Ма Жиан
ОРХИН ОДОГЧ
1979 онд, "Нэг хүүхдийн бодлого" хэрэгжиж эхлэхээс сарын өмнө хотын Сангийн яамны зөвлөлийн Дэд даргын эхнэр амаржиж, Миаомиао гэх, төрөлхийн эмгэг согогтой охин төрүүлжээ.
Долоон жилийн хойно, эрүүл саруул удаах охин нь төрсний дараагаас Дэд дарга юм л бол Миаомиао охинтойгоо гудамд, олны харцнаас бишүүрхэж, цэрвэсэн амьтан явах болов. Урвайж унжийсан үлбэгэр ам, хонхийж турсан ясан нүүрнээс нь үй түмэн зовнил цөхрөл бэлхнээ тодорно. Харин Миаомиаогийн царайд үл ялиг мэгдэл цухалзах авч тогтуун, тайван харагдана. Ойр хавийн хөршүүд нь ч тэднийг дандаа л энд тэнд ийн явж байдгийг нь анзаарсан байлаа.
Туулай жилд төрсөн “А” бүлгийн цустай Дэд дарга угийн л гөжүүд, бүрэг нэгэн байв. Хорьтойдоо тэрээр буудайн мухлагийн үрчгэр эмгэнд алганы хээгээ үзүүлсэнд энэ насандаа хүүтэй болохгүй гэжээ. Засгийн газраас нэг хүүхдийн бодлого батлан хэрэгжүүлж эхлэхийг, анхны хүүхэд нь охин болж төрөх тухай харин дурсаа ч үгүй юм. Хэрэв ирээдүй хэрхэхийг мэдсэн болж гэмээнэ, тэр даруй эхнэрээ зулбуулах байсан биз ээ.
Дэд дарга удаах охиноо төрснөөс хойш долоо хоног туж өрөөгөө цоожлон бүгээд, дөрвөн лонх цагаан будааны архи ууж хөлчүүрэн суусан гэдэг. Тэгж тэгж гэнэт л нэг өдөр сахлаа хусаж, хэрдээ гангалаад, Зэн гэх хазгар эрд хувь төөргөө үзүүлэхээр гарч одлоо. Зэн түүний хувь төөргийг үзээд, 48-тайдаа тушаал дэвшсэнийхээ хойтон жил нь үйлс нь хазайсан бүтэл муутай явдал тохиолдох ч давсгаараа улаан утас уяж явах юм бол ажрахгүй гээд 50 насанд нь нэгэн тохилог эр баруун өмнөөс аз хийморь дагуулан ирэхийг (Дэд дарга баруун өмнөд рүү амьдардаг хамаатан садан, найз нөхөд юу билээ хэмээн сураг ажиг тавиад Мьянмарт партизаны хүчинд аж төрдөг, Гоминданы генерал асан авга ахтай гэдгээ мэджээ. Гэсэн хэдий ч ар гэрийнхэн нь түүнээс сураг сонсолгүй 30 жил болжээ), 57 насандаа эхийгээ алдаж, эхнэр нь уушгины өвчнөөр нас барж, 60 насандаа хонь жилтэй, “А” бүлгийн цустай залуухан бэлэвсэн эмэгтэйтэй учран, гэрлэж гурав дахь охиноо өлгийднө хэмээжээ. Харин 63 насандаа сүүлчийн амьсгалаа татах тавилантай аж. Үүнийг дуулсан Дэд дарга Зэнгээс дахиад хоёрхон жил илүү амьдарч болох эсэхийг асуусан ч “Хувь тавиланг өөрчлөх боломжгүй” гэсэн хариулт л сонсжээ.
Дэд дарга чухамдаа амьдралынхаа ахарханд бус удам залгаж, гэр бүлээ өргөн тэтгэх хүүгүйдээ л сэтгэл зовнисон нь тэр байв. Тиймээс хүүтэй болох тухай бодол санаа сэтгэлийг нь эзэлж, залуухан, бэлэвсэн хүүхний тухай ч санаашрах болжээ. Миаомиаогийн хромосомын гажиг сэтгэцийг нь ч, биеийг нь ч эрэмдэг зэрэмдэг болгосноос хойш эхнэрийнх нь ажлын газраас үүнийг онцгой тохиолдолд тооцож, нэг хүүхдийн бодлогоос чөлөөлөн, хоёр охинд нь тэтгэмж өгч, дахиж хүүхэдтэй болохыг хатуу хориглосон юм. Эхнэр нь хоёр дахь охиноо төрүүлсний дараа гэр бүл төлөвлөлтийн газраас нэгэн эр ирж эхнэрийнх нь үтрээний хананд жирэмслэхээс хамгаалах төмөр ороомог суулгасан сан. Иймээс одоо ахин хүүхэдтэй болъё гэвээс хоёр хүүхдийнхээ нэгээс, тэр тусмаа Миаомиаогаас хагацах л цорын ганц гарц гэдэгт Дэд дарга бүрэн итгэх болов.
Ингэж тэр хувь заяаныхаа эсрэг эрслэн босохоор шийдсэн юм. Хоёр дахь охин нь төрөөд хоёр долоо хоног болсны дараа Дэд дарга Миаомиаог нийтийн цэцэрлэгт хүрээлэнд орхихоор тэврээд гарчээ. Эхнэр нь нулимс унагасан ч эсэргүүцэж чадсангүй. Гэтэл оройхон нөхөр нь Миаомиаогаа тэвэрсээр харьж ирэв. Тэрээр эхнэртээ Миаомиаог сандал дээр суулгаж үлдээчхээд, алсаас өдөржин харуулдсан боловч хүн байтугай нохой ч тоож шиншилсэнгүй гэж ярьжээ. Иймэрхүү янзтай гурван ч оролдлого нь бүтэлгүйтсэний дараа энэ явдлыг нэг мөр цэглэхийн тулд тэр ажлаасаа хоногоор чөлөө авлаа.
Миаомиао шингэн, шулуун үстэй, жижиг хавтгай толгойтой, үрчлээтсэн өргөн духтай, ухархай руугаа ёлтойн ширгэж орсон бах мэлхийн шанаганцар шиг нүдтэй, амьсгалах тоолонд нь сарталзах навтгар хамартай. Амаа байнга ангайж явах тул хоол ундны үлдэгдэлтэй зунгаарсан шүлс жижигхэн эрүүг нь даган урсаж, хэд хэдэн нугалам үүссэн зузаан хүзүүн дээр нь тогтоно. Охины хувьд оршин буй нь л түүний үйл ланчиг, дааж давшгүй цөхрөл аж.
Амьдралынхаа долоон жилийн хугацаанд Миаомиао ердөө цөөн хэдхэн л чадвар эзэмшсэн нь хоолоо идэх болон эм уухдаа эсэргүүцэхгүй байх, дотор нь бачуурч, амгаланг эрсэндээ орь дуу тавин орилж бархирах л байв. Өөрөөс нь салахын түүс болсон эцгийнхээ хэд хэдэн оролдлогын дараа Миаомиаод жиндүүхэн бүрхэг өрөөнөөс нь цухуйлгаж, цэвэр цэнгэг агаарт гаргах тоолонд эрхгүй айдас төрөх болжээ. Аав нь түүнийг тэврэн явсаар цэлийсэн хөх тэнгэрээс өөр үзэгдэх бараагүй хаа нэг газарт аваачих бүр арьс нь хөрзийн, шар үс нь босож, эрүү нь татвалзаж, ам шүд нь хөшин зуурч орхино. Миаомиао бүтэн амралтын өдрийг эзгүй ойд ганцаар өнгөрөөж, бүхэл шөнөжин хүйтэн чулуун сандалд хөшиж, орон нутгийн цагдаагийн газарт зургаа хонож, хот орох галт тэргэн дотор 48 цаг орхигдсон ч удаатай. Энэ мэт золгүй явдлууд тохиолдох бүр аав нь дэргэдээс нь гэнэт ор мөргүй арилж, охин орь ганцаар үлдсэн байна. Гэсэн ч яаж ийгээд л аврагдан өнөөх л чийг, өмхий самхай үнэртсэн харанхуй өрөөндөө амьд мэнд эргэн ирдэг байлаа.
Дэд дарга хэзээ нэгэн цагт Миаомиаогаа хаяж, түүнээс бүрэн ангижирч чадах үгүйгээ хэлж мэдэхгүй ч хувь тавиланг сөрөн, тэмцлээ үргэлжлүүлэх шийдвэрээсээ буцсангүй. Ирээдүйд мэндлэх хүүгийнхээ төлөө, эхнэрийнхээ өндгөн эстэй амжилттай нөхцөхийн төлөө ингэхээс өөр арга үгүй. Чингээд мань дарга өөртөө Миаомиаог өсгөн асарч буйнх нь цаадтайх цор ганц шалтгаан бол түүнээс салах завшаант мөчид бэлтгэх л гэж тэр хэмээн итгүүлэв. Харин Миаомиаогийн хувьд гадаад ертөнц рүү хийсэн аялал бүр нь түүнд сэтгэлийн хат суулгаж, амьдрах хүч тэнхээг нь тэтгэн тэжээх болжээ.
Дэд дарга 1958 онд намд элсжээ. Энэ нам нь Соёлын хувьсгалын үед Маоист өөрчлөлтийн дэглэмийг дагаагүйгээсээ болж сөрөг хүчинд шахагдан, замналаа өндөрлүүлсэн юм. Азаар ялсан бүлгэмийн идэвхтэн гишүүнтэй гэрлэсэн тулдаа л тэрхүү шахалт хавчилтаас гайгүй мултарч чадсан билээ. Гадаа, тэнгэрт сум шунгиналдан харван өнгөрч байхуй дор тэрээр ажилчдын харанхуй өрөөнд эхнэртэйгээ учирчээ. Хэн хэнийх нь үгийн сан хэдэн бүдүүлэг хараалын үгээс хэтрэхгүй, бэлгийн ажлын талаар бараг ойлголтгүй байснаас гэрлээд дөрвөн жил өнгөрөхөд ч эхнэр нь жирэмслээгүй юм. Харин анхны хүүхдээ тээж байхдаа хэт их хуял тачаалдаа автан хурьцал үйлдсэнээс л гажигтай хүүхэд төрснийг эмч сүүлд нь хэлжээ.
Дэд дарга амьдралынх нь нэгээхэн чухаг зорилго болсон Миаомиаог орхих оролдлогоо эхэлснээс хойш зургаан сар өнгөрсөн ч гүйцэлдүүлж чадаагүй л байлаа. Тэрээр ажлаасаа түр хөндийрч, бүх л анхаарлаа мөнөөх зорилго дээрээ төвлөрүүлэхээр шийджээ. Зөнч түүнд охиныг чинь гэр орондоо аваачиж харж хандах нинж дулаан сэтгэлтэй хүн байгаа гэдэгт бүрэн төгс итгэж гэмээнэ л орхин салж чадна, түүнийг осолд орох вий, өлсөж үхэх вий гэж санаа зовнин бодсоор байвал хэзээ ч тэгж чадахгүй хэмээсэн аж. Дэд даргынхаар өнөөг хүртэл өөрт нь тохиосон бүх бүтэлгүйтэл төрсөн жилтэй нь шууд холбоотой. Бар юм уу тахиа жилд төрсөн сөн бол өдийд нялх хүүгээ тэвэрчихсэн сууж байгаа гэдэгтээ ч ер эргэлздэггүй байв.
Дэд дарга сүүлдээ Миаомиаог хотын захын сэлүүхэн хэсэгт орхиод явах тохиол бүрдэх биз хэмээн найдсандаа байнга авч явдаг болов. Тэр охиныг шороон замын дэргэд хэвтүүлж орхиод өөрөө бутны араас харан суух аж. Хажуугаар өнгөрөх хүмүүсийн зарим нь охины амьд, үхсэнийг мэдэх гэж шилбэ рүү нь өшиглөөд авна. Тэгээд эргэн тойрноо хяламхийж хараад амьд амьтан үгүй бол охиныг нэгжиж гарна. Халаасанд нь хийсэн бэлэн мөнгийг олмогцоо шалавхан аваад явчихна. Тэр ч байтугай зарим нь өмссөн хувцсыг нь хүртэл тонох гэж оролдсон удаатай. Ийм явдал тохиолдоход эцэг нь тэсгэлгүй өнөөх хулгайчийн араас нэхэж очоод хувцас, мөнгөө булаан авдаг байлаа. Тэгээд л Миаомиаог тэврээд өөр нэг газар луу явна даа. Ингэсээр байтал нар шингэж үдэш болоход өлссөндөө ухаан самуурч, гуйвж дайвсан амьтан Миаомиаогаа үүрсээр гэрийн зүг гэлдэрдэг байв.
Нэг өдөр Дэд дарга зэргэлдээх хотод байдаг тохилог, саруулхан хашаатай, хашаан дотроо савлууртай өнчин хүүхдийн асрамжийн газрын тухай бичсэн мэдээ олж уншжээ. Дэлхийн зургаан орноос энд амьдарч байгаа аз жаргалтай хүүхдүүдтэй зургаа татуулахаар жуулчид иржээ. Үүнийг уншаад даргын зүрх догдолж “Гайхалтай!” хэмээн дуу алдав. “Коммунизмын бидэнд өгсөн бэлэг! Засгийн газрын харьяан дахь асрамжийн газар-Миаомиао эцэст нь гэртэй болох нь.”
Ингээд тэр маргааш нь ажлаасаа чөлөө аваад Миаомиаогаа тэврэн зэргэлдээ хот руу явлаа. Асрамжийн газрын үүдэнд дөхөж ирээд дороо зогсон хэлэх зүйлээ бодлоо. Тэрээр охиндоо өөрийг нь аав нь гэдгийг хэнд ч хэлж болохгүй шүү гэж анхааруулан шивнэснээ үг холбоод хэлчхэж ч чаддаггүйг нь санаад, дэмий болгоомжлол болохыг ойлголоо. “Ээж нь дүүг чинь хараад борви бохисхийх ч завгүй байгаа. Чамайг харж асрах цаг байхгүй. Чи энд аз жаргалтай байх болно. Өдөр бүр гоймон, чихэр ч хүртэл өгнө. Бас чамд англи хэл заана. Гэртээ байснаас энд хамаагүй илүү жаргалтай байх болно” гэж тэр Миаомиаод ухуулаад, эрүү рүү нь урссан шүлсийг нь арчив. Тэгээд хашааны тийш аваачаад, хаалгыг нь тогшлоо.
Асрамжийн газрын дарга үүд нээж өгөв. Эхнэрээс нь залуухан, ширүүн дориун харцтай эмэгтэй байлаа. Дэд дарга Миаомиаог гадаа гудамжнаас оллоо хэмээгээд хүлээн авах ширээн дээр суулгав. Тэгээд "Аав ээж, асран хамгаалагч нь байгаа эсэхийг хэрдээ л хайсан ч хэн ч олдоогүй" гэж ажиг ч үгүй өчлөө. "Гудамжны худалдаачин түүнийг өнчин хүүхэд байж магадгүй, асрамжийн газарт хүргэж өгсөн нь дээр дээ гэсэн юм" гэж түүнийг хэлэхэд захирал Миаомиаогийн нүд рүү харснаа “Та энэ хүүхдийг гудамжнаас олсон гэл үү. Өнчин гэж бодохгүй л байна. Эцэг эхээсээ салаад, төөрсөн байж магадгүй. Орон нутгийн цагдаагийн хэлтэст аваачиж өгөх нь зүйтэй биз ээ” гэх нь тэр.
Дэд дарга хөлөрч эхэллээ. Тэгээд “Би сайн үйл хийхийг л хүссэн юм. Би энэ хотыг сайн мэдэхгүй. Өнөөдөр л ирж байгаа юм. Бас галт тэргэндээ амжиж суух ёстой” гэж учирлаад тасалбараа гаргаж ирэн агаарт зангав. Захирал уртаар санаа алдан, олдсон хүүхдийг цагдаагийн хэлтэст өөрсдөө л аваачиж өгөхөөс дөө гэж дурамжхан зөвшөөрлөө.
Тэр даруй Дэд дарга галт тэрэгний буудал руу очиж, хүлээв. Магнайгаа хагартал баярласан тэрээр буудлын эцэст байх хоолны газарт орж нэг таваг гахайн чих, хоёр шил цагаан будааны халуун нэрмэл авч тамшаалан хүртсэнийг яана.
Маргааш нь тэр цонхоороо энэ тэрийг ширтэн зогсоод Миаомиаогийн алга болсон талаар мэдээлээд, эхнэртээ дахин жирэмслэх зөвшөөрөл хүссэн өргөдөл бас бичнэ дээ хэмээн төлөвлөж, ирээдүйд мэндлэх нуган үр нь эхийнхээ мээмийг хөхөөд тарвалзаж байгаагаар төсөөлөн байтал гэнэт утас хангиналаа. Мөнөөхөн зэргэлдээх хотын цагдаагийн дарга Миаомиаог ирж авна уу хэмээн мэдэгдэхээр залгасан нь тэр байв.
Маргааш өглөө нь тэрээр Намын долоо хоногийн хурал уулзалтыг тасалдуулж, удирдагчаа гайхшируулан байж дахин нэг өдрийн чөлөө аваад Миаомиаог авчрахаар явлаа. Өөрийг нь охины эцэг мөн болохыг яаж олж мэдээ юм бол хэмээн тэр гайхширчээ. Тэгээд “Олны нүднээс ч булзах аргагүй юм даа” хэмээн тэрүүхэндээ өөртөө бувтнав. Энэ сацуу Миаомиаог аль болох олны нүд, хүний хөлөөс алс газар аваачиж орхихоос өөр аргагүй аж хэмээн бодолхийлжээ.
Миаомиаог найман нас хүрэхэд тэрээр охинд борооны гялгар цув бэлэглэлээ. Тэгээд охинд шарсан гоймон хийж өгөөд ээлжит аялалдаа бэлтгэв. Өөрөө ус нэвтэрдэггүй хүрэм, шинэ гутлаа өмсөөд Миаомиаогийн аманд нойрсуулах эм дусаав. Охин уйлж орилоод зэрлэг амьтанд идүүлчих вий, багтарчих вий гэж эмээсэндээ тэр.
Эхнэр нь эхэндээ эсэргүүцэж байсан ч Дэд дарга ятгаж дөнгөсөн тул чин сэтгэлээсээ дэмжих болжээ. Тэрээр нөхрөө явахынх нь өмнө халуун савтай цай, нэг лааз үхрийн мах цүнхэнд нь хийж үднэ. Нөхрийнх нь итгэл төгс, шийдэмгий байдал түүнийг ийнхүү үг дуугүй дагахаас өөр гарцгүй болгожээ. Эзэгтэй шинэ хувцас өмссөн болоод ч тэр үү, хэдэн насаар залуу харагдах нь гайхмаар ч юм шиг. Тэрээр хүсээд байгаа нуган үрийг нь төрүүлж өгч, нөхрөө баярлуулахыг л мөрөөдөх болжээ. Сарын өмнө тэд үрчгэр нүүрт эмгэнээр зуучлуулан үр хүүхэдгүй нэгэн хосод Миаомиаог худалдсан боловч цаадуул нь охины төрөлхийн гажиг согогтой гэдгийг мэдсэн даруйдаа буцааж авчраад, мөнгөө нэхсэн билээ. Энэ явдлын дараа хууль зөрчин байж, гурав дахь хүүхдээ төрүүлье хэмээн санажээ. Нэгэн хөдөөх тосгон дахь, гучин юаниар жирэмслэхээс хамгаалах төмөр ороомгийг авдаг эмнэлэг байдаг гэж сураг сонссон ч буудайн мухлагийн үүдэн дэх “Нэг хүүхэд ч хэтэрхий олон: энэ бол насан туршийн ял шийтгэл᠋᠋!” гэсэн бичигтэй самбарыг хараад зүрх зориг нь бүрмөсөн мохжээ.
Миаомиао тийм амар гээгдэхийг хүссэнгүй. Охин хоёр ч удаа осолд орсон атал хоёуланд нь бүрэн бүтэн үлдэж дөнгөсөн юм. Хоёр ч удаа машинд мөргүүлж, гурван давхрын цонхноос унаж, шөнө болгон шахам орноосоо өнхрөөд бетонон шалан дээр уначих атал ноцтой, хүндээр бэртэж гэмдсэн удаагүй.
Нэг өдөр Дэд дарга охиноо шуудууны дэргэдэх, хүн бараг явдаггүй зам дээр орхичхож. Гэтэл хэдхэн минутын дараа нэг трактор хаанаас ч юм гарч ирээд охины дээгүүр нь явах нь тэр. Тракторын хүнд, хар хаймар дугуйнууд толгойн тушаагаар нь хяхтнан өнгөрч, нүүрийг нь шавар шалбаагаар будав. Дэд дарга яаран гүйж очвол охин эрүүл саруул, амьд мэнд байж байв. Тракторын дугуй охины хоёр талаар гарч таарсан аж. Энэ явдлын тухай сонссон хөршүүд нь тийм зүйл тохиолдож байхад ингээд амьд гарчихдаг мөн ч хувьтай хүүхэд юм, танай гэрт аз хийморь, сайн сайхныг авчрах нь гарцаагүй гэлцэх нь тэр. Үүнээс хойш Дэд дарга лавтай бүтэн сар хэртэй Миаомиаог орхих ямар нэг оролдлого хийлгүй, хувь заяа хэрхэхийг харзнахаар шийдлээ.
Гэвч өдөр хоног бахь байдгаараа өнгөрөх тул Дэд дарга хазгар зөнч Зэнгийн зөгнөсөн ирээдүйг орвонгоор нь эргүүлэн өөрчилнө гэдэгтээ ахин итгэлтэй болж ирлээ. Удам судар нь өөрөөр нь тасалдаж, төгсгөл болно гэхээс ухаан самуурах ч шиг болно. Хууль дүрмийг зөрчөөд хүүхэд төрүүллээ гэхэд эхнэрийнх нь ажил, намын гишүүний үнэмлэх, орон гэр, олдог цалин гээд хуруу хумсаа хугалан байж хурааж цуглуулсан бүхнээ алдах вий хэмээн айж, бүр ч самгардаж гүйцнэ.
Дэд дарга дөчин найман насныхаа төрсөн өдрөөс хэдхэн сарын дараа хазгар зөнч Зэнгийн зөгнөсөн ёсоор хотын Сангийн яамны зөвлөлийн дарга болж зэрэг дэвшлээ. Хэрэв үүнчлэн Зэнгийн зөгнөсөн нь үнэн аваас дараа жил түүнд гай зовлон тохиолдох нь дамжиггүй. Хувь заяатайгаа тэгэхээр одооноос л тулахгүй бол удам судар нь өөрөөр нь төгсгөл болон мөхөхдөө тулах нь тэр. Түүнд одоо цор ганц сонголт тунаж үлдсэн нь шинэ албан тушаалаасаа огцорч, гагцхүү Миаомиаог орхих зорилгодоо төвлөрөн бүхнээ зориулах цаг ирж хэмээн хатуу шийдэв.
Гэтэл нэгэн асуудал босож ирсэн нь тэрээр Миаомиаогаас хагацан салах гэж оролдох бүрдээ охиндоо урьд өмнөхөөсөө ч илүү сэтгэл хоргодон, зовних болжээ. Улмаар охиноо аваад зэлүүд хөдөөг зорьдог, гоёчилбол аялал ч гэж болмоор явдалдаа дуртай болж эхлэх нь тэр ээ. Амьдралынхаа ихэнх цагийг ажлын ширээний ард хадаатиай өнгөрүүлсэн түүнд ингэж нар, салхинд гарч үсээ хийсгэж, зүсээ гандааж явах нь харин ч таатай санагдах болж гэнэ. Эзгүй хээр талд гудсаа дэлгэж хэвтээд, анивчин гялалзах оддын доор унтах юутай ч зүйрлэмгүй сайхан. Миаомиаотай явсан энэ өдөр хоногуудад амьдралаа ултайхан эргэцүүлж үзсэн болохоор охинд талархмаар ч юм шиг.
Дэд дарга ийнхүү жилийн турш хэрэн хэсүүчлэхдээ Миаомиаог амьдралаасаа чимээ имээгүйхэн гээж дөнгөнө, тэр ч үүнийг хүсэж байгаа хэмээн найдаж байсан юм. Гэвч энэ найдлага нь ямх ямхаар хорох тусам өрөвдөлтэй эрийн цор ганц тайтгаруулагч, үнэнхүү дотнын хүн нь өнөөх муу Миаомиао нь болох нь тэр ээ. Охиныхоо өмнө тэр түмэн буруутай ч орчлон дээр түүнийг уучилж, өршөөх цор ганц хүн гэвэл зөвхөн Миаомиао л билээ. Дэд дарга Миаомиаод дотроо уудалж, эхнэртэйгээ холбоотой асуудал, дэлхий дахинд болж буй санаа зовоосон хэрэг явдал, өөртөө учирсан хамаг л зовлон зүдгүүрийнхээ талаар ярих болжээ. Хариуд нь юу ч хэлж чадахгүй гэдгийг мэдэж байсан тул хамгийн бүдүүлэг хараалын үгийг ч цэрвэлгүй чөлөөтэй урсгаж байв.
Бодсон санасан нь утгагүй, дэмий хэрэг болохыг ухаарах тусам ухаан санаагаа захирахад бэрх болжээ. Миаомиаог орхих гэж оролдох бүр өөрийгөө болоод өөрт нь заяагдсан ирээдүй, оноогдсон бүхнээ хамтад нь хаячхаж байгаа юм шиг санагдана. Заримдаа тэр Миаомиаог биш харин Миаомиао л түүнийг хотын хаа сайгүй чирч яваа юм шиг бодогдоно. Энэ бүхний ард Миаомиао ч эрхгүй олон зүйлд суралцжээ. Эзгүй хоосон талбайд дээшээ хараад хэвтэх, танихгүй хүний гар дээр уйлах, эцгийнхээ цөхөрч шаналсан царайг ширтэх болгонд энэ ертөнцийг илүү гүн ойлгож байх шиг.
Нэгэн орой тэтгэвэртээ гарсан сайх Дэд дарга алслагдмал нэгэн тосгоны захад ядарч туйлдсандаа хөсөр унаад өгөв гэнэ. Тэгэхдээ Миаомиао өөрт нь хандаж ярихыг сонсох шиг болжээ. Охин нь "Сүүлийн хоёр жилийн турш би хаягдсан хүүхдийн дүр эсгэлээ. Та надаас зугтах гэж тэмцсэнээрээ амьдралын тухай ойлгож, би ч өөрийнхөө мөн чанарыг олж авлаа. Хэрэв эцэг нь согогтой хүүхдээ хуурч чадаж байгаа бол согогтой хүүхэд ч аавыгаа хуурч дөнгөнө. Би таны амьдралд өөр хэв дүрс, шинэ хэмнэл нэмсэн. Өөрийнхөө тухай өөрөө ч мэдэхгүй юмсыг тань би танд нээж өгсөн. Таны зорилго таныг дотроос тань хэмлэсээр дуусгах болно гэдгийг ойлгомоор юм даа. Угаас галзуу солиотой энэ ертөнцөд зөвхөн эрүүл ухамсаргүй, эмгэг согогтой хүмүүс л аз жаргалыг мэдэрч чаддаг юм. Би таны бүх зориулал, үүрэг хариуцлагын алийг ч үүрэлцэхгүй. Надад өнгөрсөн, ирээдүйн аль нь ч хамаагүй. Таны бэлгийн эс хэн нэг эмэгтэйн өндгөн эстэй нийлэн нэгдэж чадах эсэх ч надад падгүй. Өөрийгөө оршин буйг ч үл ухамсарлах бодгаль шүү дээ, би. Хэрвээ та над шиг согогтой байсан бол үг бүрийг минь мэдрэх байлаа. Таныг энэ зорилгоо орхиосой гэж чин сэтгэлээс хүсэж байна. Та чадах бүхнээ хийсэн. Та өөрийгөө ч, намайг ч гутаагаагүй. Үүнээс өөр хийж чадах зүйл танд байхгүй" хэмээн ярьж, тэр зуур шүлс, нулимс нь холилдон урсаад эцгийнх нь цээжин дээр дусалжээ. Дэд дарга тоосгон хана түшээд унасан байв. Тэр хананы дээхнэтээ "Нэг хүүхдийн өөжингөөс арван булш илүү дээр!" гэсэн тунхаг үг харагдана.
Тэр өдрийн үдээс хойш нь охиноо хаяж чадаагүй хөгшин даргад тосгоны нэгэн тариачин хэн ч түүнийг авахыг хүсэхгүй дээ хэмээгээд “Гэр бүл төлөвлөлтийн хорооныхон биднийг шахан хавчиж байна. Тариа түрүүнхээ талбайд зарчих гэхдээ хүн болгон хүүтэй болохыг л хүсдэг. Хэн ч охинтой болохыг хүсдэггүй. Тэр тусмаа согогтой хүүхдийг хэн хүсэх билээ дээ. Тэгэхээр та түүнийг голд шидэж орхисон нь л дээр болов уу. Манай тосгонд эмч нар хуулиас гадуур хүүхдийг төрмөгц нь толгой руу нь давсны уусмал тарьж орхидог. Тариулсан хүүхэд арван минутын дараа л үхдэг юм" хэмээн ярьжээ.
Улс орны эдийн засаг улам улмаар өсөн нэмэгдэж, иргэдийн ахуй амьдрал өөрчлөгдөхийн хэрээр нэгэн насаараа том охиноо төөрүүлж орхихоор оролдсон ч үлдээж зүрхлэлгүй буцаж ирдэг, тэтгэвэртээ суусан даргыг эдүгээ анхаарах ч хүнгүй болжээ. Гэвч түүний тухай хүн бүр мэддэг байлаа.
Хотын музейн хажуугаар согогтой хүүхдээ тэвэрсээр сэм явж өнгөрөх, шинэхэн угаасан зах, нударгатай (зэрвэс харсан хэн боловч түүнийг төрийн албанд ажиллаж байсан гэдгийг нь тааварлаж дөнгөнө) хижээл эртэй хотынхон байнга тааралдана. Сайх эр явган хүний гүүрэн гарцыг давж, хотын шинэ хорооллыг дайран өнгөрөөд, нуурын эрэг дэх цэцэрлэгт хүрээлэнгийн цаад талд цэлийх тариан талбайг зорьдог байв.
Нас нь тавь хол гараад ирэхийн цагт тэтгэвэртээ суусан даргын чадал хүч улам доройтож, охиноо тариан талбай руу авч явах тэнхээгүй болжээ. Харин оронд нь Миаомиаог буудайн мухлагийн ойролцоо толгойг нь баруун урагш харуулан хэвтүүлдэг болов. Тэгчхээд өөрөө арваад метрийн цаана, модны ард нугдайн суухад давсгаараа ороосон өнөөх улаан утасных нь үзүүр газарт санжганан унждаг байв. Хажуугаар өнгөрөх хүмүүс түүнийг тонгойн харахад нүүрэн дээрх үрчлээ нь бүдгэрэн толийсныг анзаарчээ. Сайх эр яг л нуурын хөвөөн дэх загасчин аятай хэдэн цагаар ч хамаагүй тэвчээртэй хүлээн суух аж. Гэвчиг хэн нэгэн түүний "хаясан эд хөрөнгөд" хүрвэл улангасан дайрч очоод Миаомиаог энгэртээ тэвэрнэ. Энэ хот даяар, төрөлхөөс гажигтай хүүхдийн цорын ганц хамгаалагч нь тэр л болсон ажээ.