"TAGTAA PRIZE-2022" Уралдааны тэргүүн байрын шагналт зохиолч: Н.УРАНЖАРГАЛ
2022-06-15 Гэгээн шувуу 1869

"Тагтаа" хэвлэлийн газраас үндэсний уран зохиолын залгамж үеийг бэлтгэх, залуу уран бүтээлчдээ дэмжих, сурталчлан таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант хэсгүүдээр шалгаруулан олгож ирсэн маань уламжлал болж, үгийн урлагийн уран бүтээлч залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Тав дахь жил, дөрөв дэх удаагаа олгогдож буй "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил нийт 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс бид хүүрнэл зохиолын төрөлд шилдэг гурван зохиолчийг шалгаруулан уншигчдадаа танилцуулж байна. Эдгээр залуу зохиолчоос нэг нь ялагч болж, 2022 оны зургаадугаар сарын 20-нд болох "Tagtaa prize-2022" шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авах юм.

"Tagtaa prize-2022" утга зохиолын шагналын өгүүллэгийн төрлийн тэргүүн байрт  Намхайнямбын Уранжаргал шалгарлаа. Н.Уранжаргал 1989 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн. Хэнтий аймгийн I сургууль, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Тэрээр өмнө нь "Tagtaa Prize 2020" уралдааны шилдэг яруу найрагчийн нэгээр шалгарч байсан билээ.

НЭГ ӨГҮҮЛБЭРИЙН ОЛОН ХАРИУЛТЫН ТУХАЙД

За хө! –Энэ өнөөх ном чинь. Нүдээ хайрлаарай.

Ингэж хэлээд инээмсэглэн гараа сунгах залуугийн дууны өнгөнд бүсгүйг хайрлаж,  энхрийлсэн янз сонсогдлоо. Тэр лав өөрт нь ухаангүй хайртай даг аа. 

Эвий минь! өөрөөс минь илүү  миний бие цогцсыг хайрлаж байна гэж санахаас, өөрөө ч түүндээ голт зүрхнээсээ сэтгэлтэй шиг бодогдоно. Нээрээ л анзаарвал зүрхнийх нь цохилт олшрон түг, түг анир үүтгэн өөрт нь тов тодорхой сонсогдсоноор барахгүй хацар нь халуу шатав. Зүрхний цохилтоо ийм тод агаад тэрхэн зууртаа тоолж болохоор дэнслэхийг мэдэрсэндээ бүсгүйн хацар дахиад л төөнөөд  явчхав.

Сэтгэл зүрх  гэгчийг бид далдын далдад байдаг шиг санаад, харь хөндий хүн байтугай өөрөө өөрөөсөө ч дөмөгхөн нууж чадна гэж сэтгэдэг ч хайрт янаг эр нь битгий хэл, харах нүдгүй хүн ч илэрхий мэдэж болохоор ил цагаан эд юм санж. 

Энэ зүрх сэтгэлд ганцхан чи л байдаг. Харж байна уу? гэж асуумаар болсон ч хэлэлгүй үгээ залгиж дэмий л түүн рүү ширтлээ.

Бүсгүй түүн рүү удаанаар ширтвэл түүний харцанд нэг л үл ойлгогдох гялбаа цахилсанд,  тэсэлгүй нүдэн дээр нь үнсчихжээ.

За хө! –Энэ өнөөх ном чинь. Нүдээ хайрлаарай.

Яг л дөнгөж уншиж сурсан хүүхэд хаа газар таарсан бичгийг шалавхан уншиж буй мэт нэг амьсгаагаар дуржигнууллаа. Хэлсэн үгэнд нь ямар ч сэтгэлийн хөдөлгөөн, үгүй ядахдаа зогсоц байсангүй. Ингээд миний хийх ёстой ажил дууслаа гэсэн мэт өмнө нь тун хайхрамжгүй хөндий зогсозножээ. Бүсгүй ийм байдалд нь гэнэт эгдүүцэн, тэр эгдүүцэл нь хий агаар сороод залгичихсан мэт хоолойн дээр хэсэг хатууран горойсноо, хоолойг нь зуран доошилж, доош явахдаа аажимхан гэхдээ тасралтгүй томрон томорсоор хага үсрэх шиг боллоо. 

-“Нүдээ хайрлаарай” Хнн... номын дэлгүүрийн уриа үг гэхэд үнэхээр зохисгүй  юм гэж бодохын зууртаа ганц ч үг дуугарсангүй хамрынх нь өмнүүр хаалгаа тасхийтэл хаачхав. Хаалга хаагдахтай зэрэгцэн тэр залуу өнөөх Пинокио шиг урт хамартай сан бол лавтай үзүүр нь хавчигдах байлаа гэж бодмогц нөгөө эгдүүцэл ор мөргүй үгүй болсон төдийгүй, харин ч дотроос нь хөөр хөгжөөн булгийн ус мэт бургилан дээшлэхэд бүсгүйн дотор Пинокиогийн хамар хаалганых нь завсар хавчуулагдаад үлдчихсэн мэт санагдаад ганцаар нулимсаа гартал инээв.

За хө! –Энэ өнөөх ном чинь. Нүдээ хайрлаарай.

Залуугийн гараас бүсгүйн гарт ирэхдээ өнөөх ном гол мөрөн шиг нэг их цалгижээ. Тэр цалгианд нь бүсгүй золтой л хойш уначихсангүй. Энэ цалгианаас болоод залуугийн гар чичирхийлэхийг бүсгүй сая л анзаарсан төдийгүй, ерөөс залуугийн гар чичирхийлсэн нь мөнөөх цалгианыг үүтгэжээ гэдгийг, бас өөрт нь дахиад үг хэлэх гээд яагаад ч юм чадахгүй түгдчихийг мэдэрчээ. Чингээд л бүсгүй, залуугийн дотроо хадгалсан үгийнх нь эрчим гарыг нь чичирхийлүүлчихлээ гэж бодох зууртаа номыг нь авч элгэндээ тэвэртэл, залуу хаашаа ч харж буй нь үл мэдэгдэм харцаар харж хэсэг зогссоноо гэнэтхэн эргээд явчихсанд, нөгөө хэлж түвдээгүй дотроо хадгалсан үг нь тэрхэн зуурт эвхрэн үлдээд, үүл мэт хөшиглөн тэндээ хэсэгхэн зайнд тогтосхийгээд байх шиг санагдсанд бүсгүй номоо нэг гараараа тэврэн, нөгөө гарынхаа алгыг тосжээ.

За хө! -Энэ өнөөх ном чинь. Нүдээ хайрлаарай.

Залууг ийнхүү үгээ зөөж ядан хэлж байх зуурт нь бүсгүй яг түүний нүдийг харж байжээ. Бүсгүй угаас хэний ч нүдийг ингэж эрслэн ширтдэг бөгөөд өөрийнх нь харцанд ямар нэгэн хүч бийг өөрөө өөртөө батлах нь таатай санагддаг аж. Ихэнх хүмүүс түүний харцнаас дөлөн далдичдаг боловч зарим нь огт тоосон шинжгүй толгой дохиод инээмсэглэдэг. Халирч зугтсан ч бай, ханьсан инээсэн ч бай хүмүүс бол хүмүүс. Хэнд ч гэсэн хүний өөдөөс эгцлэн ширтэх бүү хэл хорвоогийн хамгийн гүн цүнхээлд үсэрч ороод хүмүүсээс үүрд ангид амьдармаар өдрүүд бий. Гэхдээ бүсгүйн хувьд өнөөдөр лав орчлонгийн хамгийн алс газрыг эрэн тэндээ бүхнээс нуугдан гав ганцаараа баймаар өдөр биш сэн. Тиймдээ ч тэр ердөө л дадсан зуршлаараа залууг ширтэж атал, эхлээд харахад зүв зүгээр байсан ч үгээ хэлэх явцад түүний хүүхэн хараа муурынх шиг босоо болоод, цээж нь хэрчигнэн дуугарах мэт болоход нь бүсгүй залуугийн хөлийг хөлөөрөө шөргөөж, гарыг нь долоонгоо, тун ч туниагүй дуугаар гурвантаа миавллаа. Тэрхэн зуурт бүсгүйд залуу ч мөн адил мяулах шиг сонсогджээ.

За хө! –Энэ өнөөх ном чинь, нүдээ хайрлаарай.

Бүсгүйд залуугийн ярих нь унзад хоолойтой лам ном унших шиг санагдав. Багашаархан хийдэд түүнийг эмээ нь ойр ойрхон дагуулан орж суугаад, алгаа хавсран амандаа үргэлж маани уншихын зэрэгцээ өөрт нь аминчлан хэрхэн бурханд мөргөх, рашааныг яаж хүртэх, ламаас хэрхэн адис авах тухай сургадаг сан. Харин охин тэр бүхний дотроос зөвхөн унзад хоолойтой ламын дуу, цан цохих чимээг ялган сонсож суудаг байжээ. Тэр гэнэ гэнэхэн эмээгээ санадагтаа ч юм уу? Ор санамсаргүй газраас мөнөөх унзад хоолой, цангийн дууг сонсож чаддаг билээ. Нэгэн удаа тэр баарны транс аянд бүжиглэж ахуйдаа мөнөөх цан, унзад хоолойн хоршлыг олж сонсоод зогтусан уйлчхаж билээ. 

Залуугийн хоолойноос болсон уу? Яасан эмэгтэй номыг ихэд тахимдуу хоёр гардан авч, магнайдаа хүргэн адис авмагцаа залуугийн өмссөн гадуур хантаазыг нь өөртөө авмаар байгаа тул хаанаас худалдан авч болохыг эелдгээр лавлан асуусан даруйдаа, түүнээс нэн шаргуу бултаж боломгүй өнгөөр хантаазаа өөрт нь зарахыг хүссэн төдийгүй хүрмийн анх авсан үнээс хоёр дахин илүү үнэ амлажээ. Залуу эрс шийдмэгээр толгой сэгсрэн яваад өгөхөд нь:

-Муу харамч амьтан гэж бачимдан хашхираад, өнөөх номоо араас нь чулуудаж орхив. Оноогүйдээ бачимдан хараал урсгаж, газар унасан ном дээрээ гүйн хүрээд дахин араас нь чулуудав. Энэ удаа хараал ч, ном ч мөн л аль аль нь залууд дөхөж очсонгүй.

За хө! -Энэ өнөөх ном чинь, нүдээ хайрлаарай.

Догдлон үүдээ нээтэл өмнө нь нэг өрвийсөн амьтан ингэж бувтнаад зогсож байсанд цухал төрсөн ч мөнөөх догдлолоо үгүй хийчихгүйн тулд инээмсэглэсэн царайгаа үл хувиргаад, доош тонгойн гутлаа үдэж, толинд харан уруулаа будчихаад, хаалганаас холд гэх шиг гараараа зангаад, хажуугаар нь зөрөн хормойгоо хийсгэн алхвай. 

Тэр өрвийсөн бувтнаа амьтныг яг тэр дор нь аа гэж ангайхын завдал өгөлгүй орхин одсондоо, мөн өөрөө ч ганц ч үг хэлэлгүй өмнөөсөө холдуулсандаа баярлах ёстой атал бүсгүй яагаад чухам ингэж гашуун гунигтай байгаадаа өөрөө гайхжээ. 


За хө! –Энэ өнөөх ном чинь, нүдээ хайрлаарай.

Бүсгүйд тэр залуу тун зохисгүй үедээ ирсэн санагджээ. Яагаад гэвэл тэр өдөржин бөгтгөнөн гэр орныхоо хамаг эд хогшлыг хуу хаман цэвэрлээд дөнгөж амсхийгээд байж байсан юм. Бүх зүйлд эмх цэгц, дэс дараа, зүй зохицол хэрэгтэй. Гэтэл заавал энэ үед яг амсхийх мөчид нь хонх чарлан дуугарч, өөрөөс нь өөр хэн ч алхах ёсгүй босгон цаана нь хэн ч урьж залаагүй байхад хүрч ирчхээд энэ мэтийн хэрэггүй хог өөдөөс нь сарвайж, ийм долдой үг хэлээд зогсож байх нь үнэхээр зохисгүй хэрэг билээ. Бас түүний гутал шавхайн дундуур туулаад гараад ирсэн мэт. Том том хээтэй арзгар ултайн дээр бүдүүн үдээсээр зайгүй жирийтэл үдсэн түрийтэй аж. Бүсгүй энэхэн зуурт энэ гутлыг цэвэрлэхэд хэчнээн бэрхийг бодож амжсан төдийгүй, түүний зүлгэж зүлгэж өнгө оруулсан шалан дээгүүр ор гарган алхах мэт болоход нь хөмсгөө нумруулан муухай харчхаад, номыг нь түүнээс бараг булаах шахам авч, хогийнхоо сав руу нүдэн дээр нь чулуудчихаад инээмсэглэн гараараа даллаад үдэж өгөв.

За хө! –Энэ өнөөх ном чинь, нүдээ хайрлаарай.

Бүсгүйд ямар нэгэн зүйл дутагдаад нэг л хоосон оргиод байж суухын эцэсгүй тавгүйтүүлжээ. Тэрээр гэр дотуураа нэг сууж, нэг босон холхиж холхиж, бусдаас юугаараа дутуу байгаагаа бодоод бодоод олсонгүй. Шөнөдөө цурам хийлгүй хонож, өдөртөө тархиа гашилтал бодож бодож олсон зүйл нь одоо гарт нь иржээ. 

Залуугийн үгийг анхааралтай сонсоод толгой дохингоо номоо аваад, номын өргөнийг сөөмлөн, уртыг төөлөн, зузааныг хуруутайгаа жишин хэмжиж, түүнийхээ дараа хавтсыг нь имрэн нясалж үзээд эцэст нь арын хавтсыг хананыхаа өнгөтэй нэг зэрэгцүүлэн барьж үзсэний эцэст: 

-Надад арай гүн хөх өнгийн үүнийг бодвол хоёр хуруу өргөн эд хэрэгтэй байна.

За хө! –Энэ өнөөх ном чинь. Нүдээ хайрлаарай.

Яагаад ч юм номыг аваад бүсгүйн цээжин дотор хөөр бах тоймгүй оволзоно. Хэн нэгэн арван зургаадугаар нүүр гэж хэлж байсан шиг там түм санагдаад байхаар нь тэр хуудсыг дэлгэн залууд чангаар уншиж өгснийхөө дараа нэрийг нь асуугаад өнөөх хуудастаа нэрийг нь бичиж орхив. 

Арван зургаадугаар хуудаст ердөө л:

Би чив чимээгүй үг дуугүй суувч, сэтгэл дотроо аврал эрэн залбирч байлаа. Би хэчнээн тэрслүү нөхөр хэмээн өөрийгөө цоллодог ч, бүхнийг үл тоон зөвхөн өөртөө найддаг байлаа ч яг ингэж ягтаж мухардан цөхөрсөн үедээ, хөөрөн дэнслэх мөчдөө, хав харанхуйн дундуур туучин явахдаа үргэлж л юунд ч юм найдан хэнд ч юм бэ залбирдаг.

Бид зэрэгцэн суугаад өнгөрсөн баасан гарагийн оройн хоолны тухай ярилцаж байсан ч дотроо “Бурхан минь!!! Олон жил яг ингээд ямар нэгэн баасан гарагийн жирийн л нэг хоолны тухай ярилцаад сууж баймаар байна” гэж залбирч байснаа санаж байна.  Одоо эргээд санахад, миний хорвоогоос хүссэн хамгийн ариун, чин зүрхний, хувиа хичээсэн залбирал бол чи... гэсэн байв.

За хө! –Энэ өнөөх ном чинь. Нүдээ хайрлаарай.  

Бүсгүйн гар гэмтчихсэн тул залуугаас номын тавиурынхаа дээрээсээ гурав дахь эгнээнд, баруун гар талаасаа тавт тавиарай гэж хэлчхээд энэ захирангуй дуундаа өөрөө баясжээ. 

Залуу ч яг түүний хэлснээр нь өнөөх номоо дээрээсээ гурав дахь эгнээнд, баруун гар талаасаа тавт өрж өгчээ. Тэгээд гарахдаа нүүр лүү нь унжсан үсийг чихнийх нь араар илж өгөв. Бүсгүй золтой л уйлчихсангүй дэмий л яах гэж тавиурт яг хаана нь тэр номыг тавихыг заав даа гэж халаглан бодсоор өдрийг барав. 

Хонх нь тасралтгүй хангинан дуугарахад нь бүсгүй үүдээ тайлж өгтөл өмнө нь нэгэн залуу зогсоод л байв. Бүсгүй өөдөөс нь хэсэг алмайран хүлээзнэснээ.

-Танд юу хэрэгтэй вэ? гэж асуув. Мөнөөх залуу үг дуугүй хэсэг зогссоноо, 

-Баяртай гэж сулхан дуугараад эргээд явчхав. 

Бүсгүй түүнээс ямар нэгэн зүйл авах ёстой шиг санаад цонх руугаа гүйлээ. Цонхон дээрээ очоод салхивчаа дэлгэн,

–Номоо авъя ааааааа, хүүе хүн гуай номоо авъя! хэмээн чангаар хашхирсан ч гудамжинд хэн нэгний бараа дүр харагдсангүй. Хашхирсаар хоолой нь хатахад тэрээр цурхиртал уйлж эхлэв. Уйлж уйлж сая нүдээ нээвэл өмнөх номын тавиураар дүүрэн ижилхэн ном эгнүүлэн өржээ. 

Түр хүлээнэ үү...
Top