"Тагтаа" хэвлэлийн газраас үндэсний уран зохиолын залгамж үеийг бэлтгэх, залуу уран бүтээлчдээ дэмжих, сурталчлан таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант хэсгүүдээр шалгаруулан олгож ирсэн маань уламжлал болж, үгийн урлагийн уран бүтээлч залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Тав дахь жил, дөрөв дэх удаагаа олгогдож буй "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил нийт 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс бид энэ долоо хоногт "Яруу найргийн төрөл-д шалгарсан шилдэг таван оролцогчийг нэрлэн, уншигчдадаа танилцуулж байна. Эдгээр таван яруу найрагчаас нэг нь ялагч болж, 2022 оны зургаадугаар сарын 17-нд болох "Tagtaa prize-2022" шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авах юм.
"Tagtaa prize-2022" утга зохиолын шагналын яруу найргийн төрөлд шилдэг таван оролцогчийн нэгээр бид Өлзийбаатарын Балжиннямыг нэрлэж байна. Тэрээр 1996 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн голын аймгийн Зүүн үзэмчин хошуунд төрсөн. МУИС-ийн утга зохиол судлалын ангийг 2022 онд магистрын зэрэгтэй төгссөн. “Ойрхон” Өвөр Монгол залуу шүлэгчдийн түүвэр (хамтын бүтээл) хэвлүүлсэн.
***
Хөшиг татсан дэн буудлын харанхуй өрөөнд, үүрээр
Хөндүүр зовхио дааж ядан сэрдэг сэн
Цонхоо завсарлахад машины шуугиан, хүмүүсийн хөл үймээн
Цочмог хүйтэн агаартай сүлэлдэж даардас хүргэдэг сэн
Хуйрагнах ертөнцөөс бидний өчүүхэн учралыг хаацайлсан
Хунирах тэр хөшигний өнгийг төсөөлж суунам.
Гол баатрууд нь дандаа үхэж үрэгддэг эсвэл салж сарнидаг
Гунигтай хайрын кинонуудыг бид шилж үздэг сэн
Өөрсөдтэй минь төсөөтэй ч юм шиг, романтик гэнэн залуусын
Өршөөлгүй амьдралыг сөрж яваад салалцдагт нь бах ханадаг сан
Танил мэдрэмжид дандаа автаж тийм шийнд татагдах бүрдээ
Тамхи татах хүсэл төрж, халаасаа тэмтэрч суунам.
Хожим ийм кофены мухлагтай болно доо гэж чи мөрөөдлөө ярьж
Хоёул үл ялиг гэгэлзэж, би шүлэг уншиж
Бүрий болохоор л үргэлж кофе чанаж, нойр хулжихаа дэвэргэж
Булангийн ширээг байнга өмчилж дээр нь уншаагүй номуудаа өрдөг сөн
Урвуулж дусаагүй тэр номуудын хөөрхөн хавтаснууд хийгээд
Уусан кофены сэнжтэй аяганы урлалыг гайхаж суунам.
Уулзах бүр туйлдаж ядартлаа хамт явж, ганцаар буцахад
Өвлийн нүцгэн модод таксины цонхоор цонхийж харагддаг сан
Чамин хийцтэй гэрлийн шонгууд сүлжилдээд
Цасгүй хотын хана туурга хүйт оргих мэт дүнсийдэг сэн
Жолооч ахын нутгийн аялгатай бүүр түүр яриа хийгээд
Зогсолтгүй суунаглах үйлдвэрийн яндангийн утааг төсөөлж суунам.
***
Өнөө чиний хэн байх, урьд нь миний хэн байсан нь хамаагүй
Очих газар минь бидний салалцах газар байсан ч
Огт өөр нэгний тухай эсвэл одод хэзээ түгэх тухай чи бодож явсан ч
Ингээд л алхаж л байвал үздэг кино, хүсэл мөрөөдөл, дуртай дуу
Ангид юм бидэнд өчнөөн байсан ч, аяархан дуунаар
Арай ядан гөлөглөж буй моддын нэг талаар цувж гарахдаа чи хэлсэн:
“Алхаад л баймаар сайхан үдэш юм аа”.
Гэрээ санах, эжийнхээ хоолойг утасны цаанаас сонсох мэт
Гэнэн харц, эмзэг сэтгэлд шөнөжин нойр хулжсан ч
Чамайг дөхүүлж өгчхөөд, ганцаар буцаад алхахад л
Цагаа олоогүй бороо бидний мөрийг арчиж эхэлсэн ч
Хөххотын нэрийг нь үл мэдэх тэр жижигхэн гудмаар
Хөл үймээнийг биш, бодол бодлоо чагнан алхахад
Хөнгөхөн санаа алдаж, алсыг ширтэж би хэлсэн:
“Хөдөө ч энэ үед чийг үнэртээд сайхан байгаа даа”.
МАНДУХАЙ ГУДАМД БОРООН ДУНДУУР
Уучлаарай гэж хэлж амжаагүй явахад л
Уруудаад дуусчих энэ богинохон гудамд бороон дундуур
Гараа халаасалж, цүнхээ мөрөвчлөн алхахуй
Машин бүрээс бултах газаргүй, гутал руугаа ус цацуулах мэт
Магад хайрласан эсвэл эндүүрснээ үл мэдэх, хэн нэгний тухай дурсамж
Манантай ийм өглөө бодол руу үе үе цутгална.
Ирээд буцсан олон олон оюутан залуусын
Инээд хөөрөөс илүүтэй уйтгар гунигийг хуваалцсан
Ээж шиг нь эсвэл дотнын нэгэн шиг нь үглэх цайны газрын эгчийн
Энгийн хэр нь сэтгэлд нэг л дулаахан үгс мэт бороо
Их сургуулийн баруун гудамд өнөөдөр
Эсгий бүрээстэй сэтгэл дээр зүсэрнэ.
Хальтхан тааралдсан хэн нэгэнтэй
Хамт үзүүрт нь гарахад л дасаад амжчих энэ богинохон гудамд
Хайхрамжгүй ширүүн алхвал мартагдаж мэдэх хачин эмзэг ийм өдрүүдийг
Хаа нэгтээ над шиг нэгэн хайрлаж эсвэл дурсаж яваа даа гэж бодохоор
Хараахан гөлөглөж амжаагүй хоёр захын модод нь
Хамаг найдвараа шивнэчхээд буцаад алхмаар санагдана.
Ө.Балжиннямын шүлгүүдэд яруу найрагч Б.Батзаяа сэтгэгдэл ирүүллээ:
2010 оноос хойш Монголын яруу найраг оршихуйн тухай өвөрмөц илэрхийлэл бүхий этгээд реалист шүлгүүдээр баяжсан, баяжиж байгаа санагддаг юм. Ингэхдээ дан ганц гоо сайхныг дуулах гэлгүй, оршин буй ахуйнхаа гүнд нэвтэрч амьдран туулж буй баргар өдрүүдээ, уйт ахуйгаа, ганцаардлаа өөрсдийн хэлээр дуулцгааж байна. Чадаж илэрхийлж гэмээ нь хамгийн таагүй оршихуйд ч гоо сайхан чанар нуугдаж байдгийг нээн илрүүлхээр оролдож байна. Яруу найраг хялбаршиж байна. Хүн хоорондын харилцааны амьд хэлээр илэрхийлэгдэж байна. Тийм учир илүү үнэн, амьдралд илүү ойр, илүү танил уншигдаж байна. Залуус хайр сэтгэлийнхээ тухай илчлэн бичихдээ хамгийн өчүүхэн учрал байсныг нь хүлээн зөвшөөрч байна. Сэтгэл гэдэг эрхтэн юм бол тэрхүү эрхтнийхээ ужиг өвчнийг илрүүлэн оношлоод эмчилцгээж байна.
Балжиннямын дээрх шүлгүүд уншигчаа дэн буудлын тарчиг өрөөнд сэрээж, Хөххотын нэр нь үл мэдэгдэх гудмаар хөтлөн алхангаа, уншигчдаа өөрийн нандин сайхнаа хуваалцаж байна. Хүүрнэл, бодрол, харилцан яриа, зураглал гээд бичлэгийн олон аргыг чөлөөтэй ашиглаж эцэст нь өөрт төрсөн эмзэглэл, мэдрэмжийг халдааж байна. Түүний оршихуй минийхтэй, биднийхтэй ижилхэн байна. Тийм учир, түүний шүлгүүд алхаад л баймаар сайхан үдшийг бидний өмнө дэлгэн үзүүлж байна.
...Утгатай байх албагүй ээ, шүлэг гэдэг
уг чанараараа л шүлэг байх ёстой.Арчибальд Маклиш