УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗОХИОЛЧ: Г.МИШЭЭЛ
2020-05-19 Гэгээн шувуу 2955

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Өгүүллэгийн уралдаанд дээр дурдсанчлан 106 хүн бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 7 залуу зохиолчийг шигшин авч, бүтээлүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул энэ 7 залуу зохиолчоос нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. 


Уралдааны шилдэг зохиолчдын удаахь нь Ганбатын Мишээл. Тэрээр 1988 онд Эрдэнэт хотод төрсөн. Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд Сургуулийг тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр 2010 онд төгссөн. Одоо Хүүхэд Залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байна. Мишээл “Би гэдэг ард түмэн-эгоизм шүлгүүд” шүлгийн номоо 2015 онд хэвлүүлжээ. “Гүн утга” уран зохиолын бүлгэмийн гишүүн.


“...Хүн чанарынхаа сэрлийг хөдөлгө новшнуудаа.
Түүнд тэчяадах эрхийг нь олго...” 

НОГООН ГАЛУУ

        “Хар хослолоо гаргаад хананд өлгөчихсөн байна. Товчнууд нь уйлж байна уу даа? Яасан хэцүү зураглал гээч энэ вэ? Би дахиад энэ цонхны цаад руу харж чадахгүй нь” гэж хэлээд шоргоолж толгойгоо гудайлгалаа. Галуу мөнхүү гунигтай нүдээр түүн рүү ширтээд,

-       Бие чинь чичирч байна. Урд шөнийн борооноос болоод тэр үү?

-       Үгүй дээ ногоон галуу минь, зүрхний минь хэм алдсанаас болж байгаа юм.

Зүрхний минь цохилох нь шуурга адил. Хэлээч... хүн амьтсын зовлон даанч ижилхэн гэмээр дээ. Зовлонг бүтээгчдэд жаргал гэж байдаг бол гагцхүү зовлонгоо бүтээж байгаа нь л жаргал байх. Тэр жаргалыг нь дурсамжийнхаа нүхэнд өвөл идэх хүнс мэт нөөцөлдгөө аз гэж тооцох уу, эз гэж тооцох уу? Гэвч алив шаналлын эх болсон тэр бүх дурсамжийнхаа бүтээгчид нь бид өөрсдөө гэж санахаар, далдуураа жаргаад байгаа л хэрэг юм даа... Намайг явахад бүү саад болоорой. Одоо би гэртээ харих хэрэгтэй байна.

-       Чиний нүднээс далайг олж хардаг аа, би. Магадгүй тун гунигтай байж мэдэх л юм. Гэхдээ тэнд үргэлж тогтуун, их дөлгөөхөн байдаг биш үү? Харин одоо нүд чинь урьд урьдынхаасаа илүү гунигтай гэрэлтэж байна. Бусдын төлөө эмтэрдэг зүрхийг чинь олж таньсандаа би их заяатай шүү. Хэрэв шувуудад оногдсон жигүүр дэвэх хувь тавилан биш юмаа гэхэд ядаж өчүүхэн ч атугай дэлгэх далавчтай байх золтойсон бол чамайг яахан зовоох. Зүдүүхэн энэ сууцны эзэн эрийг сэрэхээс урьд, цонхоор нь хэсэгхэн хараад өгөөч дээ. Хоолны ширээн дээр юу юу байгааг мэдэхэд л хангалттай.

-       Хөөрхийлөлтэй амьтан минь дээ. Тохиосон зол заяандаа бүү живчхээрэй.

-     Миний агаараар нөхөр чи ч бас өрөөлийн төлөө сэтгэлээ зорж суудаг хойно басхүү тийм ч хэрэггүй нэгэн биш шүү дээ. Чухамдаа яагаад, тэгтлээ ихээр энэ оромжин доторхыг нүдээр минь арчуулах гээд байгаагийн учрыг хэдэнтээ бодоод ч олохгүй юм.

-       Өршөөж үзээрэй нөхөр минь. Надад энэ тун чухал гэдэгт л итгэ.

-   За яах вэ. Чамд үнэхээр хэрэгтэй юм бол хараад өгье. Магадгүй дараа нь би энэ намаржингаа нүхнээсээ гаралгүй хэвтэх байх аа даа. Гунигтай дурсамж үлдэхдээ толгой доторх хамаг сайхан бодлыг тээрэмдэж, лантуугаар дэлсэх мөнхийн лугшилт болж үлддэг. Үүнийг заавал амсах нь ёс юм бол чиний төлөө тэвчээртэйгээр дагалгүй дээ.

Тэнд талхны хоосон сав, бас угаагаагүй орхисон таваг, сэрээ, дэргэд нь талдаа хүртлээ өөрийгөө шатааж унтарсан лаа байна гэлээ. Ногоон галуу сарвуунууд дээрээ босон хүзүүгээ сүрлэн оромжийн цонх өөд сунгах авч тавцанд нь ч үл хүрэх аж. Тэгээд,

-       Ээх! Тун тусгүй еэ, тэгвэл анчин бас л хоосон буцаж ирсэн байж таарах нь. Бүх явдал гайтай энэ усан борооноос л боллоо. Төдхөн нар мандаж тосгоныхон цуглацгаах нь дээ гэв. Шоргоолж хариу эс дуугарав.

      Анчин хувцастайгаа унтжээ. Түүний нүд холгүйхэн тог хийх хөршийнх нь азарган тахианы хошуутай зэрэг нээгдэв. Борооны ус дээврийн хэд хэдэн цоорхойгоос дуслаад амьдын дотроос хамгийн завгүй нь мэт. Аяга, хувин ч болтугай тосуулж тавих бодол огтоос төрсөнгүй. Шавар зууханд алгаа нааж үзвэл бүлээн байна. Төдөлгүй үүр тэмдэгрэх сүүмгэр бараанаас өөрцгүй оромж, нойтон гишүүдийн илч дулаанд амьсгал бүлээсэхтэйгээ болов. Анчин ширээнд суун, сандлын түшлэгт тохсон чийгтэй хүрэмнийхээ халааснаас сонинд ороосон дүнсэн тамхи гарган дэлгэлээ. Сонингийн цаас өөрийгөө нойтонд тушаахаас гадна доторх тамхиа цөмийг нь чийгэнд өгчээ. Цэвэрлээгүй орхисон тавганд норсон дүнсээ асгаад эгээтэй л гүнцэгийн ёслол үйлдэх мэт сэрээгээр хэдэнтээ хутгаснаа зуухны дэргэд аваачин тавилаа. Галын хэл шавар хувцасныхаа амаар мөд мөдхөн булталзаж анчны цаад руу жигтэй хар сүүдэр татуулна. Харин хар сүүдрийн цаана түүнээс ч түнэр хар өрөөнд анчны эхийн нэгэнт ангижирсан бие хэвтэх аж.

Ажин түжингүй амар болоочийн зүг нуруугаараа ширтсэн анчин, нялхдаа ч тэгж байгаагүйгээрээ цурхиран уйлах нь тэр. Сүрлэн дээврээс унах дусаалууд хөдөлгөөнөө хумиад ирлээ. Ертөнц авгай сониучдаа эсхүл зэрэгцэн усан нүдлэхдээ ичсэн ч байж магад. Ичгүүр сонжуургүйн авир гэдэг өмссөн буулган дороо хилэнтэй нь аргагүй нуугдан байдаг хойно өөр арга бий юм гэж үү. Анчныг шорвог үерээ тасалмагц салхины сиймхий гэтээд л гараад ирнэ. Тэнгэр ч ойворгон амьтан даа.

Тэр нуруугаараа уйлж байна уу гэлтэй. Хамгийн уйтай энэ магтууг морин хийлийн чавхдас л ёолон байж хэлэх биш үү. Ай тэр аргил хэрнээ урсаад л байдаг зүдэргээтэй тоон тэмдэглэлийг дээ. Таван шугамдаа илүү ч үгүй, дутуу ч үгүй багтаад шал, хана, адар бүхнийг мөргөн дуурьсах нь цагаан ч, хар ч. Үгүй ээ, саарал. Эхээ дурсаж байгаа юм. Тэгэхээр... солонго.

    Хөл алдам голын тохойг чиглэн ногоон галуу хөвнө. Түүний нуруунд дүүрүүлсэн шоргоолж, “Харамсалтай байна шүү!” гэв. Галуу чимээгүй урагшилсаар. “Одоо хэр хол явах вэ?” гэж шоргоолж дахин ам нээлээ. Галууг,

“Тэр голыг хараач яаран урсаж байна
Тэрэгтэй морьд яажшуухан гатална даа
Шумуулууд мөд дөө энд ирэхгүй нь
Шуудхандаа тэгэхээр загасгүй улирал сан уу...” хэмээн аялахад,

“Энэ мөчрийг хараач уурсан найгаж байна
Эхээ хүлээсэн ангаахайс хэрхэн тогтоно доо
Чулууд мэнд дээ сууриа олохгүй нь
Чухамдаа тэгэхээр хоосон өдөр сөн үү...” гэж шоргоолж хоолой хоршино. Тэдний аялсан дуу борооноор биеэ тэлсэн хүчирхэг голыг намуунд автуулж, бүүвэйлэх шиг болов. Дуунд цэг тавихад галуу инээмсэглээд,

-       Дэлхий ачаагаа даахгүй лугаа адил санагдана. Нуруу нь их чилж байгаа даа. Хөнгөн болгох амархан биш үү гэхүйд,

-       Дуу алдмаар аа. Хоржоонтой хэлж байна шүү, чи. Намайг нуруундаа суулгаад ядраа юм биз дээ?

-       Эрхэм итгэлт минь, өглөөний унд уух зуураа тэнгэрийн өнгийг гарчиглан, цаг агаарыг ажих байдал огтоос биш шүү, энэ. Инээдэм эмгэнэлтэй ч байж мэднэ. Бидний төсөөлөл нүдээ эс олбол хожим чи гүйцэд ойлгох байхаа гээд уртын яриа таслал болов.

Ногоон галуу ороонго өвсөөр бүрхэгдсэн тохойд тулан ирж, шоргоолжийг нэгэн том навчнаа буулгаж орхиод, “Эндээ хүлээж байгаарай. Би түргэхэн шиг доош шумбаад ирье!” гээд эрсхэн үгээ дагачхав. Бяцхан нөхрийн өмнө жижиг төвөөсөө алсарсан том тойргууд тодрон үлдлээ. Булингартай энэ тохой эргээд л нам гүм болох нь тэр. Түрүүчийн хэлсэн дуу дахин аманд нь иржээ. Тэр ч түүнийг эртийн танилаа угтах заншлаар хэл, хоолойдоо залан авч аядуухан дагах аж.

“Тэр голыг хараач яаран урсаж байна.
Тэрэгтэй морьд яажшуухан гатална даа...” ...

Нилээд удлаа. Тохойн толионд хэдэн хөвднөөс өөр юу ч гарч ирсэнгүй. Хөөрхий галууг далавчгүй болохоор удаан сэлж барахгүйг мэдэх тул, чаддагсан бол араас нь нэхэж, амандаа зуугаад гаргаад ирэх сэн гэх бодлоор сэтгэлээ ноолов. Төдөлгүй ганц хоёр хөөс пор пор хийсний шувтаргаар галуу усны мандалд эргэн гарч ирлээ. Түүнд амьсгаагаа дарах ямхын чөлөө олголгүй, айсандаа цухалдсан шоргоолж гишгэсэн навчаа дэвсэлж,

-       Тэнэг амьтан. Чам шиг ийм муйхар, ухаан нь мухардсан зөрүүд амьтантай би яаж нөхөрлөж чадав аа?

-       Юу болов оо? Чамд аюул нүүрлээ юу?

-       Тийм ээ, тэглээ. Аймшигтай аюул нүүрлэлээ.

-       Ямар аюул? Хөл алдаад, их усанд урсах шахав уу?

-       Битгий тэнэглэ! Тэр аюул нь чи шүү дээ хэмээн хашхичаад дээш харан уйлж гарлаа. Гайхаж балмагдсан галуу “Би аюул гэж үү?” гэж өөрөөсөө асуухтай зэрэгцэн шоргоолж,

-      Чамайг хэдхэн хором л усанд шумбаж чаддагийг мэдэх болохоор үертэй тохойн гүнд тэр чигтээ үлдчихлээ л гэж хардлаа гэвэл галуу инээдээ барьж ядан, ясархаг хошуугаараа түүнийг доош харуулаад,

-       Эрхэм нөхөр минь надад санаа зовжээ дээ.

-       Санасны чинь гарз байлгүй. Тэр доороо нэг мөр үлдсэн бол амар байсан юм. Чалчаа амьтнаас саллаа гээд харин ч баярлаж байлаа... Тэгээд анчны торонд загас орж уу? гэхүйд ногоон галуу саяын инээмсэглэлээ ор тасд хураалган, өнгө зүсээ хувиргаж, дуугүйхэн толгойгоо сэгсрэв. Дахиад л нам гүм. Харцандаа баярын туяагүй нөхрөө өрөвдсөн шоргоолж шинийг эрэн бэдэрч, “Хоёулаа жимс түүх үү” гэв. Галуу хариуд нь,

-       Анд минь дээ, ийм хүчтэй борооны ард ямархан жимс тогтож үлдээ аж даа.

-       Нээрээ тийм шүү. Тэгвэл манай үүрэнд нэг ёотон бий. Түүнийг би чамд зориулъя! Үнэндээ би урьд анчныхаас туусан юм л даа... Битгий уйтгарла даа. Үертэй үед хамаг загас урсаад явчихдаг болохоор тохойд тавьсан торонд нь нялцгай замаг, нойтон хөвд л тогтоно. Чухам олз орлоо гэхэд чи бид хоёроос өөр ямар мулгуу нь орох вэ дээ...

Хэн хэн нь эргээд л таг дуугүй. Ингээд тэд тосгоны зүг эргэн хөвж эхэллээ. Шоргоолж ам нээх бүрдээ хоосонг хариулт болгон авна. Тэгснээ гэнэт “Хавх” хэмээн орилох нь тэр. Үргэлжлүүлэн,

-       Ногоон галуу чи сонс, бид анчныг хавхаа хаана, хаана тавьдгийг мэдэх биш үү? Тийм байхад ийм хурдан бууж өгнө гэж байхгүй шүү! Алив ээ, дугар л даа. Галуу санал нэгдэв бололтой,

-       Хавх гэнэ ээ? Би яагаад санасангүй вэ? Чамайг сануулаагүй бол яах байсан юм бол оо? Хавхнуудыг эргэхээр явцгаая!

-       Яг зөв. Жолоогоо эргүүлээд...

        Анчин ногооны сагсаа нэгжвээс дөрвөн ширхэг төмс, ганц өргөст хэмх, харин хоолны шүүгээнд нь тал шуудай бор давс, шанага хүрэх үү үгүйтэй дутуу тээрэмдсэн гурил байх аж. Төмснүүдийг угааж цэвэрлээд зуухны доорх нурам руу зөөлхөн хийв. Оршуулах ёслолын дараа ирэх зочдыг цатгаж чадахгүй ч, жаахан ч атугай булсан төмсөөр дайлж болох юм. Түрхлэг болгож давс, хачир болгож өргөст хэмх. Харин ногоон сонгино түүж, байгаа гурилаараа сонгинотой бин хийж тавья. Бас ойд тавьсан хавхаа эргэвэл багахан ч гэсэн махны юмтай болж магад. Тэгвэл ширээ хоосонгүй болж, зочдоос ичих зүйлгүй болно гэж бодлоо.

Оромжийн урд хааш хаашаагаа нэг, нэг алхам гэмээр мөр дарамхан газар зэрлэг ногоон сонгино их сайхан ургажээ. Тунгалаг ахуйдаа анчны хөгшин эх эдгээрийг уулнаас түүж авчран үрслүүлсэн бөгөөд “Хөршийнх цэцгийн мандалтай бол манайх хоолны мандалтай” гэж хошигнон ярьдаг байсан юм. Анчин “хоолны мандал”-ын дэргэд хайч барин өвдөглөн сууснаа,

“Ээж ээ!... Сонгинотой бин хийхэд хэр зэргийг хайчлах хэрэгтэй вэ?” гэв. Гэрээс хэний ч дуу гарсангүй. Тэрээр дахин, “Та намайг байгаагийнх нь зоргоор хайчиллаа, хайран юм үрэн таран хийлээ гээд загнаад байдаггүй бил үү? Хэр зэрэг сонгино хэрэгтэй вэ?” гэлээ. Түрүүчийн ижил хариу алга. Хайчаа газар орхин цонхоор “Та дуулж байна уу? Хэр зэрэг сонгино...” гэхэд, гашуудалд өмсөхөөр бэлдсэн хар хослол нь “Явчихсан шүү дээ. Мартчихаа юу?” гэх шиг өөдөөс нь цоо ширтэх нь тэр. Анчин, “Мартаагүй ээ...” хэмээн амандаа сулхан бувтнав. Эргэж хармагцаа хэцнээс унах нимгэн цамц мэт сулдаа нэвсийн ойчиж гэнэ. Дэргэдээс нь хана л тэврэх, доороос нь газар л өргөхөөс өөр, ойрын бүү хэл холын дотногүй болсноо нэхэн санав. Хөгшин эхгүй болсон хөгшин эрийн нүдний аяганд нулимс хуран цийлэлзэж, урдуур нь гүн саарал манан хөшилдөх шиг болж, хөлчүү хүнийх үү гэлтэй хөл нь хазгай гишгэлж, дайвалзах газрыг барин тавин оносоор эхийнхээ орны дэргэд ирлээ. Анчин эхээ дуудан,

-       Та сэрэх болоогүй юм уу? Их унтах дургүй биз дээ? Хэрвээ сэрмээргүй байгаа бол дахиад хамтдаа жаахан унтъя! Нар хөөрсөн ч гэсэн тэнгэр бүрхэг байгаа болохоор өглөө болж байгааг хэн ч мэдэхгүй гээд хажуугаар нь тэврэн хэвтэв. Эхийнхээ гараас атгавал цэл хүйтэн болжээ.

-       Хөөрхий минь бүр даарчхаж. Битгий санаа зов доо ээж ээ, гал асаачихсан, удахгүй дулаацна аа. Нойтон гишүү чад, пад гээд хэчнээн сайхан шажигнан асаж байгааг дуулж байна уу? хэмээгээд үнэгчлэх нялх амьтан шиг энгэрт нь наалдлаа. Шавар зуухны таган завсраар утаа хөврөн, сөөм сөөмөөр ахисаар анчингийн хамарт хүрмэгцээ түүнийг найтаалгаж орхив. Хөгшин эр хамрынхаа үзүүрийг хэдэнтээ үрчээд “Нэг” гэхүйд дахин найтаалаа. “Хоёр” гэхүйд гурав дахиа найтаах нь тэр. Уруулд нь жижигхэн инээмсэглэл нүүн ирж,

-       Эх минь, би гурвын гурван удаа найтаалаа. Харин та жишим ч үгүй байдаг байна шүү! Гомдолтой л юм даа, үнэндээ. Найтаах бүрд л “Бурхан өршөөг!” гэж хэлдэгсэн. Одоо байчихаа юу? гээд нүд нь сүүмийж, хамрын нүх нь сартайн дээд уруул нь өргөгдөж ирснээ найтаахаа өнгөрсөндөө гээчхэв. Анчин,

-       Хараал идмэр. Энэ ямар ёрын мэдрэмж вэ? Сая үнэхээр найтаах гэж байсан. Үгүй ээ... болохгүй, ингээд зогсчхож болохгүй. Би заавал найтаана. Тэгээд эх минь “Бурхан өршөөг!” гэж хэлнэ. Хариуд нь би дахиад найтаана. Тэр бас л “Бурхан өршөөг!” гэж хэлээд инээмсэглэнэ хэмээн албан хүчээр хиймэл найтаалга угсруулав. Эх дув дуугүй унтсаар. Тэр цөхрөнгөө барав. “Ээж ээ, Бурхан өршөөг гэж хэл л дээ. Та надад яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ?” гэсээр зовхиндоо дийлдэн эхээ тэврэн унтаад өгөв өө.  

            Удалгүй түлэнхий ногооны үнэр гэрийг бүхэлд нь дарлаа. Анчин яаран босож зуухны доод хэсгийн нурамнаас төмснүүдийг ухан гаргалаа. Цэвэрхэн тавганд таваглуулж зочдыг дайлах учиртай дөрвөн төмс, төмөр тосгуур дээр юу ч үгүй түлэгдэн, хорчийн хэвтэх аж. Анчин цог нурамнаас өөрцгүй болсон төмснүүдийг хайртай үрсээ энхрийлэх мэт нэг нэгээр нь удаан гэгч нь харамсангуй харлаа. Дахиад л хагацал. Ёслолын цаг дөхсөн болохоор шанагаар ус хутган, дөрвөн шинээр одогсод дээр асгав. Тосгуураас дэгдсэн утаа, хиншүүний үнэр далавчаа дэлгэн оромжоор нь нэг нисэлдэж, үүд, цонх, дээврийн хөндий, хананы завсраар яаран гарч одоцгоов. Хоолны үнэр гэж эндүүрсэн нохой овоолсон гишүүний дороос хамар тавин наашилна. Анчин чийгтэй хүрмээ нөмрөн гарч шүгэл асаахад, ойр уу явах болсныг хар зөнгөөрөө мэдэрсэн нохой сүүлээ хөдөлгөн энгэр лүү нь асав. Тэдэнд ёлтойх гэрэл бий. Бараа сургийг нь үзэж, хурууныхаа өндгөөр имрээгүй ч найдвар гэдэг бодит бус баталгаа л өнгөрснөөс өнөөдөрт, одоо ахуйгаас ирээдүйд замчилдаг нь энэ буюу.    
 

“Олзгүй юу?” гэж шоргоолж асуулаа. Галуу толгой дохиод,

-       Тийм байх гэж айж байна.

Хоёул яах учраа олохгүй балмагдаж орхижээ. Шоргоолж дахин ам нээн,

-       Галуу минь бид анчны ойд тавьсан хоёр хавхыг хүлээлтээр шалгалаа. Гэвч юу ч алга гэхэд галуу түүнийг ямар нэгийг шийдсэн мэт харцаар итгэлтэйхэн төөнөв. Тэд үгийн шидгүйгээр тархиа тэмтэрцгээдэг болжээ. Мэдрэмж ийм сайхан. Бас тийм зүдэргээтэй. Шоргоолжны хоолойд гашуун амтагдах шиг санагдлаа. Одоо юу ч гэж наминчлаад нэмэргүй мэт ээ. Ятгах нь л гарцаагүй чухал гэж шийдэв. Тэгээд,

-       Над руу ийм харцаар харах хэрэггүй шүү! Урьд чи хэлсэн. “Дэлхий ачаагаа даахгүй тул нуруу нь чилж байгаа даа” гэж. Тэгээд хөнгөн болгохоор шийдээ юу? Нуруу нь хөнгөрлөө ч миний зүрхэнд бул хар чулуу хүндэрнэ гэдгийг бодсонгүй юу?

-       Бүх зүйлээ хоосол, нөхөр минь. Тэгээд амар амгалангаар дахин дүүргээд үз! гээд галуу аргадах янзаа харамгүй дэлгэлээ. Шоргоолжинд бууж өгөх хүсэл нэгэнтээ ч төрсөнгүй тул сонсоогүй дүр эсгэх нь хялбар байлаа. Ногоон галуу цааш нь,

-       Тайвшир даа, уурсах хэрэг юу байна. Эхлээд намайг сайн сонс. Өнгөрөгч хавар эх минь энэ голын тохойд үүрээ зассаныг чи мэдэхгүй гэж үү дээ. Найман өндөг гаргаад, бид хальсаа гээж хорвоог харах дөхөж байлаа. Цаг ч ирлээ. Шинэ тэнгэр, шинэ газар.

Харин томоогүй нь дэндсэн хүүхдүүд үүр гэрийг минь сүйдэлж, ах дүү олныг минь самарч хаясан нь даанч харамсалтай. Амьтай голтой үлдсэн ганц дэгдээхий нь би. Аз болоход анчны эх намайг олж, тохойн замгаар ороож олон хоног эмнэсэн юм. Тэгээд л бие минь ногоон болсон хэрэг. Үүрэндээ амь тэмцэн хөдлөх миний дээгүүр эх минь уйлан хайлан эргэлдэж байсныг би хэзээ ч мартдаггүй. Өд нь ямар сайхан дулаахан, хичнээн үзэсгэлэнтэй гэж санана. Одоо тэр ч бас хаа нэгтээ ногоон галууг дурсан байгаа даа гэж бодохоор хамт байгаа юм шиг л санагддаг.

Тэр үед анчны эх намайг алгандаа тэвэрч ээж рүү минь даллаад,“Эрх дураараа нис дээ, галуу минь! Галуу чиний дэгдээхийг би сайн хамгаална аа!” гэж билээ. Тэр намайг төдийгүй эхийг минь аварсан юм. Харин би одоо түүний ачийг хариулах ёстой. Цаг иржээ. Намайг бүү хориорой, эрхэм найз минь. Оршуулах ёслолын дараа зочид гэрт нь цуглана гэдгийг чи мэднэ. Би анчны ширээг хоосон байгаасай гэж хүсэхгүй байна. Тэнд амттай мах заавал байх учиртай гэлээ.

Шоргоолж түүнийг анхааралтай гэгч нь ажиглаж байлаа. Ногоон галуу аажуухан алхсаар анчны хавхны өмнө очоод,

-       Эрх дураараа нис дээ, анчны эх ээ! Хүн чиний дэгдээхийг би сайн хамгаална аа! хэмээгээд хавх руу үсрээд орчхов. Төмөр хавхны тас хийн буух чимээнээр шоргоолж үхсэн мэт хөшиж орхилоо. Энэхэн зуурт нөхрөө алдсан хөөрхий хорхойн өмнөөс ногоон галууны хүзүү, улаан усаар уйлж өгөх нь тэр ээ.

Шоргоолж, “Би ч бас анчинд ёотонгоо өгнө өө” гэж бодов.    

 

Төгсөв.

Түр хүлээнэ үү...
Top