УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗОХИОЛЧ: И. ДАВААДОРЖ
2020-05-11 Гэгээн шувуу 6623

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Өгүүллэгийн уралдаанд дээр дурдсанчлан 106 хүн бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 7 залуу зохиолчийг шигшин авч, бүтээлүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул энэ 7 залуу зохиолчоос нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. 


Шилдэг зохиолчдын удаах нь Ишдорж овогтой Даваадорж. Тэрээр 1999 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 21 дүгээр сургуулийг 2017 онд төгссөн. Одоо Монгол Улсын Их Сургуульд Утга зохиол судлал мэргэжлээр суралцаж байна.


ЦАСНААР ИРЭХ НЭГНИЙ ТҮҮХ

Буйд жижиг суурин цөөн хүнтэй. Баярласан инээд нэг захаас нөгөө зах хүрч, хашааныхаа гадаа уйлаад сууж буй нэгнийг бүгдээрээ л цонхоороо харчихдаг, гэр хагартал хэрэлдвэл маргааш нь бүгд мэдчихдэг жижигхэн суурин. Аахилж уухилуулсан зуны халуун өдрүүд өнгөрч, шар хур эргэхээр намар чимээгүй гэтэн ирлээ. Хүйтнээс амжиж, жорлонтой болох гэсэн Дандар  байдгаараа яаран алхална. “Хөөрхий, жаахан шувуутай юм” гэж зарим нь өрөвдөнө. “Хачин мэдрэл муутай юм хаа газраас хүрээд ирдэг байна аа” гэж зарим нь хялайн харна. Нээрээ л Дандарыг хаанаас ирснийг хэн ч мэдэхгүй. Нэг их цас бударсан өдөр хаанаас ч юм алхсаар ирж билээ. Угаартдагийн улаан байшинд эзэн суун хэдэн он элээсэн түүнийг бяцхан суурингийн тал нь “Чөтгөртэй нөхөцсөн” гэж шивнэлдэнэ, үлдсэн нь “Яах вэ дээ, хөөрхий” хэмээн өрөвдөнө.

Мань эр даг хиртсэн ханцуйгаа хойшлуулаад, шууг нь дагаж,хир хөлс холилдон урссан ч нүд чичим цагаан гараа савчсаар алхан айсав. Тэгээд,

-       Ханд эгч ээ, хүрз байвал өгөөч, хэмээн намрын халуун нойрмог өдөр салхи шиг  хаалга татахтайгаа зэрэг хурдхан шиг хэлэв.

-       Хүүе, хүүхээ, яадаг эд вэ? Ямар амьтныхаа хэвтэх нүхийг ухах гээд л хүрз мүрз, жоотуу зээтүү бэлдээд л явдаг юм бэ дээ хэмээн үглэнгээ тогооныхоо авдраас чихэр авч өөдөөс нь барив.

-       Үгүй ээ, Ханд эгчээ, би яараад горьгүй. Танд байвал тус болж, өгч үзээч! гээд нэг чихэр халааслаад харц нь үл тогтон зогсов. Авгай,

-       Амьтны хойдын дүр гийгүүлэх гэж нүх шуудуу ухаж яваа амьтан чинь яарахаас биш яах вэ дээ хэмээн пүнзээ ухна. Манарсан их шороо тургиулан, туж хорвоогийн хог нэг чуулсан адил юмсын мандлаа хойш нь нэг урагш нь нэг самнан, ёзоорыг нь зэв идсэн хуучин хүрзээ олоод,

-       Май хө, чи минь яарангуй хэрэглээд өгнө биз хэмээн сарвайв. Дандар чимээгүй мушийснаа,

-       Ээ аштай юу, Ханд эгч минь! хэмээн яс бөхтэй ч хошууг нь яльгүй зэв идсэн хүнд хүрзийг хоёр тийш нь савчин гарч одов. Навчис эхнээсээ шарлан, чүүчин байх үес, ийм  навчсын халуунаа гэрээсээ гарах нэгэн амьтан ч олдсонгүй. Салхи Дандар хүрзээ савлан өөрийн урд нэг хаяж, санаа алдах шиг арагш нэг татаад, алхаагаа сааруулж, ал улаан байшингийнхаа өмнө зогсов. “Зэгстэйн дөрөв” гэж дурайтал бичсэн жижиг төмөр пайз өчигдөр шөнийн шуурганд ховхорсонгүй үлдсэн ч хажуу тийш хазайжээ. Зэгстэйн дөрөв, зэгстэйн дөрөв, зуны халуунд хатдаггүй намагтай, замын зуугуул, заяагаа дагаж амьдарсан хэнийг ч гаргалгүй гацааж, хэд хоног өөртөө хүлээд, хавийн хүүхдүүдийг харж баясах унаа тэрэгтэй болгодог өнөөх намаг. Зэгстэй… адгийн зэгстэй, амьдрахад шимтэй ч алсыг зориход саадтай сан хэмээн хоёр гурван үг бувтнаал чимээгүй болов. Аль зүгийн харь тэнгэрийн хаясан үг аманд нь тэнэн орж ирснийг мэдсэнгүй ч чимээгүй хаалгаа түлхээд, хашаа руугаа оров. Эзэд нь алгуур бүгд өнгөрсөн гал улаан байшин. Гэхдээ Дандар шиг баатар эрд нэг их айгаад байх зүйл байсангүй ээ. Хунгарласан их цасыг гатлан, шатам халуун говиор улаа эргэтэл алхаж, алсаас цайвалзах цаст уулсыг даван гарч энд ирсэн эрд юухан ч байх билээ. 

Угаартдагийн улааны буйран дээр жижиг суурингийн ганц мод байсан сан.  Хүн амьтан болиоч гэхэд нь хажиг Хярваа хоёр өдөр улаан махаа уран,  ургаа модыг буулгаж билээ. Шалыг нь хярвал одоо ч доор нь хожуул нь байх энэ байшин, хуулуулсан хуучин модныхоо үндэстэй амь нэгтэй болсон юу. Хялалзуур, хахь бас хазгар ч гэж хочлуулах Хярваа өвгөн залуудаа цуутай мужаан байсан ч энэ байшинг барих гэж жил тойрчээ. Халуун насны цог нь буурсан ч гарын чадал, ур хоёр нь үл харьсан үедээ барьж эхлэв. Голыг нь босгоод гохыг нь тойрох ганц банз хадахад өглөө нь хуулчихсан байдаг байлаа. Навч нь гөлөглөөгүй хөгшин модыг тайран эхэлсэн өнөөх ажил халуун зун, хорин оны хойно ч дурсагдах хахир намар, өнөөх өвөл ч үргэлжлэв. Яая гэлтэй билээ, эхэндээ өвгөн хавь ойрынхноо харддаг л байлаа. Байцайны Бавуу тарианы газраа өргөтгөх гэж байшинг минь сүйдлээд байна л гэнэ. Хоршооны Хорлоод өрөө өгөөгүй дөрвөн он болсонд хорлонтой сэтгэл өвөртлөв ч гэж тэрээр сэжиглэвч ер сэжүүр олдсонгүй. Хадсан хадаасыг нь ханзлаад, хатуу чулуун суурийг нь хэн ховхлоод байсныг олох гэж тэр нэгэн шөнө нойргүй хоножээ. Одод түгэхэд зуны шөнийн намуун оройн тэнгэрт олон гараг эрхэс нэгнээсээ холдон, нөгөөд шилжин, зарим нь егүүтгэхийг өвгөн бээр ер сэтгэлгүй суухад малгайлах одод баруунш ханзраад, барьж тавихын барс цаг болов. Зүүрмэглэж ээ хэмээн сэтгэж нүдээ нухлаад байшин зүгээ харлаа. Энд тэндээс цуглуулсан, хураасан хэдээ банз, дүнз болгоод босгосон өнөөх байшинг нь алаг цоохор өнгөтэй нэгэн эмэгчин нохой энд тэндээс нь зуун ханзлаад, шидэж байх юм гэнэ. Зуны шөнийн аниргүйг цочоох чимээ үл гарна. Нохой ч, нохойн үйл ч анир чимээгүй. Хярваа нохойг цохиод авах гэсэн боловч зүрх хүрсэнгүй. Зүгээр сууя гэтэл бас болж өгсөнгүй. Хураалттай банзнаас нарийн мод сугалан аваад, өнөөхөөрөө нохойг хатгав. Цагаан биш, саарал гэмээр өнөөх нохой эргэн харснаа Хярваа өвгөн зүг айхавтар хурц ширтэв. Өвдсөн ч хэлээ тастуулсан шиг, он жил болж хумхисан шархаа огол татуулчихсан юм шиг, өнөөх том харц дуугүй л ээрүүлнэ. Сэрэмжлэхийн эрхэнд хатгачхаад зайлсан ч нэг л таагүй үнэр түүнээс түгээд,  замхран одов.  Өвгөн ухарч газар бохирч суугаад айхтар гэм хийсэн хүн шиг байшин өөдөө харсан сан. Хашааны завсраас ажин зогссон надад ч нэг л хачин оргиод ирсэн юм.

Тэр шөнөөс хойш тэдний байшингийн юу чиг үл хөдлөв, хадсан хадаас нь хэвэндээ шөнийг давж, төдөлгүй дууссан юм.  Хярваа өвгөний ганц охин баруун жалгын тэртээх хар гэрээсээ шинэ байшиндаа ирж суув. Эцэгтээ өдөрт хоёр хоол хүргэх охины ажил ийн дуусч, шинэ байшиндаа хөл жийн сууж, хүрч ирэх эрээ хүлээн байв. Намар өнгөрөв, өвөл ч болов. Хүүшлэх хүйтнийг бүгд даван хавартай арай чамай золгохын даваар дээрх нэгэн шөнө. Жижиг суурин анир чимээгүй шөнийг угтсан ч үүр хаяарахын заагаар бүгд цочин сэржээ. Хэнийнх нь мэдэхгүй нэгэн нохой айхавтар шингэхэн дуугаар гол зурам чангаар гурвантаа гасалсан гэнэм.  Би хүртэл амь тавьж буй эм нохойн тархи ташим чанга дууг сонссон билээ. Хөгшид сэрэхдээ даасан бурхан, дагуулсан чөтгөрөө ч урив. Нялхас уйлж сэрээд, ноход мэтэс даган гийнаж, бас улин алдав. Хэсэгтээ л бүгд таагүйцэн байгаад буцаад унтчихаж билээ. Бид чинь ийм л нойрмог амьтад шүү дээ. 

Харин өглөө нь өвгөн, өргөмөл ганц охинтойгоо байшингаас амьгүй олдсон юм. Угаартсан гэх, чимээгүйхэн шувтарч буй өвлийн тийм нэг шөнө зэргэлсэн түлш нь асаж үл чадан уугьсан нь ийм гэмд хүрсэн байж. Тэр өдөр шуудангийн Балдан хотоос ирсэн захиаг хүргэх гээд хаалга балбахад, хүн тайлаагүй учир нохойгүй хашаанд яваад орчихож л дээ. Ганц модны зулай дээр боссон байшингийн хаалга нээхнээ, охиноо чирсэн өвгөн хаалгаа налаад суучихсан байж. Хөөрхий өвгөн нэг зүтгэсэн ч чадал нь цуцсан болтой. Чимээгүйн гүнд ууссан шиг нүдээ аниад сууж байсан гэдэг. Харин охин нь нэг л хачин эд үзсэндээ ч тэр үү, айхавтар томоор амаа ангайгаад амь татарчээ.  Ангайсан эрүүг нь хаах гэсэн ч хэн ч чадаагүй тул аргагүй эрхэнд эрүүдэн шүүгч Эрлэгт тийм байдалтай мордуулжээ. Ачир дээрээ хамаатан садан ч үгүй өвгөний хойдыг бид нийлэн үйлдсэн юм. Харин буцаж ирэхдээ бүгд гайхаш алдах нь тэр. Өмнө нь ямар өнгөтэй байсныг нь мэдэхгүй ч Хярваа өвгөний байшин цусан улаан өнгөтэй болчихсон байжээ. Тунарсан тийм өнгөтэй байсан гэдгийг тэд баттай мэдэх ч өмнөх өнгийг ерөөс санаагүй гэдэг. Уушги голт бөхөрсөн эзнээ алдан ухилахдаа тийм шийдийг үзүүлсэн байшингийн босгыг дахин давах хүн хэсэгтээ л олдоогүй юм. Дандараас өмнөх улаан байшингийн түүх ийм болой. Цагаан цас, улаан байшин.

II. Илтэд тийн гийгүүлэгчийн нэгэн түүх.

Ханд авгай нохойгоо дагуулан хоршоо зүг алхана. Хар алаг нохой нь хормой хоттой нь зууралдаад ер гишгүүлэхгүй. Хөлийнх нь дундуур гарч нэг шарвалзана. Хормой доогуур нь орж нэг гүйнэ. Хоршоо хавийн хүмүүс сэжиглэн хараад харцаа буруулна. Хаж бас жиг шивнэлдэн хоцорно. Тийм бяцхан тосгонд хов хэлэлцэхээс өөр юугаа ч хийх билээ.

Ханд авгай харихаар гэрийнхээ зүг эргэхэд өнөөх Дандарт түүнийг харж ажих зав байсангүй. Элсэрхэг хөрсийг хуу татан, цацлаад өнөөх жорлонгоо ухна. Энгийн хүн харвал цацсан шорооных нь тал буцан бууж ирэх. Дандар энэ ажилдаа өдрийн талыг барж байгаа ч ер ядарсан шинжгүй, ухсаар л байлаа. Хашааных нь буланд хоёр хүүхэн ярилцахыг Дандар даанч тод сонсов.

-       Хүүе, чи сонсов уу?

-       Юу тэр вэ?

-       Хүнд хэлэх юм биш ээ. Сэжиг хүрмээр эд хэмээн нэг нь маягтай боловч цааргалсан байдлаар үгээ зөөж ядан хэлнэ.

-       За алив ээ хэлээд орхи. Хүн тарчлаачих юм хэмээн нөгөө нь шавдуулна. Цаадах нь,

-       Энэ Ханд авгай... хэмээгээд цааргалан дуугаа хураав бололтой.

-       За Ханд авгай яасан гэж вэ хэмээн шүлэнгэтсэн янзтай хоолой нь түүнийг хурдхан шиг хэлээд аль гэсэн байртай сонсогдоно.

-       Энэ Ханд чинь нохойтойгоо хурьцдаг гэнэ лээ ш дээ.

-       Хээ, бүү үзэгд. Чи чинь хэнээсээ ийм хачин бэлгэгүй юм сонсчхоод бураад явдаг амьтан бэ гэж саяхан л буцалж байсан аазгай нь царцчих шиг боллоо.

-       Үгүй ээ. Энэ шуудан Балдан хоёр гурван өдрийн өмнө Ханд авгайнд цай уух гээд очиж гэнэ. Түлээгээ авах гээд тонгойход нь өнөөх  хар алаг нохой нь дээр нь гарчхаад хөдлөөд л долоон шид болсон гэнэ. Хүний харахгүйг харсан Балдан чиг бушуухан гэртээ харьчихаад эхнэртээ хэлсэн нь тэр юм байх.

-       Хээ хайрхан минь. Хаа сайгүй л дагуулж явдаг өнөөх халтар алаг нохой нь хормой сугаар нь орж гараад явуулдаггүй нь тийм учиртай байжээ гэж хэлж дуусаагүй байтал Дандар ухсан нүхээсээ үсрэн гарч ирээд, хашаа өөдөө цоройн,

-       Хэрэгтэй, хэрэггүй юм бурж явдаг мамууд та нар чинь. Бушуу зайл гээд хэлэх үгсийнхээ хагасыг залгин зандрав.

-       Энэ галзуу өмөөрөөд, горьгүй дэг шүү хэмээн хэргийг өгүүлсэн эм зориглон нүүрэлдтэл, нөгөөх нь айсан байртай чирсээр одов. Тоос манарсан гудамны тийш зугатан яваа хоёрын нэг нь нөгөөдөө “Яах гэж галзуу амьтантай маргадаг юм” хэмээн хэлээд цааш одож буй нь Дандарт бүү хэл надад ч тод сонсогдож билээ.

            Дандар “За, үгүй ер дөө. Муусайн мамууд, манай Ханд эгч сайн хүн шүү” гээд нүх рүүгээ буцан үсрэн оров. Хажиг жижиг сууринд ирсэн анхных нь шөнө Ханд гуай л Дандарыг гэрээдээ аваачин, хоол залган, хонуулсан билээ. Харин тэр үед хөнжил дээр нь муур шиг цагираглан хэвтээд, хялам харж байсан багавтар нохойг нь тэр нэхэн санав. Хариглах бодлоо цуцаах гэж жоотуугаа газар луу нэг хүчтэй зоов. “Ханд эгч маань сайн хүн...” гэж ахин үглээд жоотуугаа сугалтал хачин ногоон ялзмаг эхлэн урсаж байгаад, цусан улаан өнгөөр тодрон олгойдож эхлэв. Дандар айсангүй гайхан, юу байгааг нь харна хэмээн хоёр гурван хүрз шороог хаятал өөдөөс нь улаанаараа гархилсан хоёр нүд ширтэж байх нь тэр. Улаан нүд.

            Тийн заларсан би ийн сонссон нэгэн цаг дор. Өвч хүн бүр цугаар адил тэгш байсан үе санж. Сахь эр эм үүтгэлээр ялгаран эс чадав. Өлсөх зовлон эс нүүрлэсний учир нь сайн чухаг баяслаас төрсөн нэгэн идээгээр өөрийн амийг арчилж тэтгэн ихэд дэлгэр сайхан орчин байв. Өвдөх өвчингүй, үүрэглэх нойргүй, шунах гэм нүгүүд онхи холдсон нэг үе тэр байж. 

Харшлахуйн шалтгааныг барин чадаад, харь нэгэн эр эм хоёр хүмүүн бүхний тэргүүнээ бургасан бутыг огтолсонд нэгэн чихрах чимээн гарч гэнэ. Үндэс ишнээс нь чимээгүй нэгэн тунамал цус урсах нь тэр. Бүхний хүслийг хангагч цогт чандмань эрдэнэ лугаа модыг огтлоход бүхний байдал хувирав гэнэ. Хачин чимээ хамаг олныг үймүүлэн олноороо өлсөн зовоод, тачаахуйн эрхэнд баригдан бэлэгс салав. Өлсөхүйн эрхэнд өвс ногоог зулгаан зажлавч амтгүй дээр шим дутуу тул учрыг үл ухна. Асар их эрдэнээс бүтсэн мэт ариун тансаг орон нь үтэр дэгдэх цухлын галд үзэмж бууран доройтов.

            Язгуур сайн заяат олон хэрхэн ийм болсон шалтгааныг үл мэдэхийн учир, хоолойн гэмийг даран чадаад, яруу уясах нэгэн шидийг олсон, нэгэн архирах дуунаар живаа модот ойн түмэн амьтны зүрхийг хураан чадах гөргөөдийн хаан лугаа номыг бадраах нэгэн эр булгилан урсах цусны эх болсон бутны эхнээ залран суумуй.  Хүрдэн мэт эргэх орчлонгийн жамыг ухахад балчирдах, олон ард хотол баясгалант эрийн зүг чин сүжигтэй харсанд нэгэн түүх хайлсан билээ. 

            Шороон замаар ийш тийш савчин, хурдлан давхих хоёр эрийг харах нь ээ нэг нь шуудан Балдан, нөгөөх нь эмнэлгийн Гомбо байв. Дандар өөрийн гэмийг ухсангүй. Юунд би энэ хоёртой ийн явдаг билээ хэмээн бодов. Ухаан балартсан уу, яав, юу болсныг эс санана. Гэтэл нэгэн хүмүүн “Та” хэмээн өчиггүй нарийн хоолойгоор түүнийг урин дуудах нь сонстов. “Та, бүхний тийн чадсан…” хэмээн бүдэг дуугаар, үл ялиг, бараг сонсогдомгүй шивнээд байх нь тэр.  Хаанаас юу хүн шивнээд байдаг билээ хэмээн тэр бодсон ч олсонгүй. “Та…”

            Ийн тэр хайсан ч эс олов. Баруунш, зүүнш, сандлынхаа доод руу хүртэл харав. Юу ч байсангүй. Ийн унтах, сэрэхийн завсар ухаан гажуу явахад, эмнэлгийн Гомбо жолоогоо зүүн тийш дарахдаа,

-       Энэ Дандар баатар дахиад л солиорчхоо юу? хэмээн асуух сонстов.

-       Ээ дээ, уул нь хавар л эвгүйтдэг юм. Яасан юм бүү мэд. Өчигдөр өглөөхөн л угаартдаг улааны хажуугаар гарах нь ээ Ханд гуайн нохой эдний ухсан нүхний хажуунаас ер холдож өгөхгүй хуцаад л. Гайхаад, яадаг ландархай вэ гээд очоод үзтэл мань эр нүхэн дотроо өөртэйгөө ярьчихсан сууж байдаг байгаа.

-       Ай даа, манай эндээс хот хол байсан бол чи бид хоёр энэ нэг амьтныг хүргэж өгөх гэж зүдэхгүй юу хэмээн эмнэлгийн Гомбо хэлэхтэйгээ зэрэгцэн хар замд нийлсэн тул хурдаа нэмэн зүтгэв.

            Хэлсэн ярьсан нь тод сонсогдохгүй ч “Та минь” хэмээн үглэх өнөөх амьгүй шахуу хоолой өөрийг нь бэдэрсээр л байлаа. Эмнэлгийн тэргэнд хэвтэх Дандар намайг хэн дуудав хэмээн гайхшаа баран баран явав. Ийн духаа маажих гээд гараа өөрийн зүг татсанд, нэгэн жижиг хүмүүн түүний зүг “Та минь” гэсээр ширтэн зогсох ажээ.

            Дандар цочих шиг, хэрхэхийг үл мэдэн, балмагдаж хэсэг чимээгүй суув. Өнөөх жижиг амьтныг дарчихна хэмээн айхдаа гараа өвөр дээрээ тавин ер хөдөлсөнгүй. “Та, тийн…” хэмээн хэлэхтэй нь зэрэгцэн түүн рүү харав.

-       Таныг тэмцэн ийн ирсэн намайг таалан болгоо хэмээн өнөөх жижиг хүн дүрст өгүүлэв. Дандар түүнээс нэг их айсангүй.  Өнөөх бичил хүмүүн ийн өгүүлрүүн,

-       Би вээр таныг илтэд цочоон ширвээтүүлсэн тул хуран үйлдсэн сэтгэлийн гэмийг дарахын тулд нэгэн түүх ярьж өгюү хэмээн өгүүлжээ. Хотол сайн чуулсан орноо би ийн сонссон билээ. Эрт цагт Сайн дуут хэмээн нэгэн балгаснаа Чимэгт тэргүүтэн хэмээх хаан Цэцэг баригч хэмээх нэгэн хатантайгаа амьдран сууж ажаам. Ийн тэд нэгэн жарныг хамт элээсэн ч үр эс олов. Зүйл бүрийн аргыг сэдэж зүтгэсэн ч тусыг эс олов.  Зүрхэндээ булагт аглагийг зорин, мэргэн гэгээнээс үрийн авшиг гуйхаар очив гэнэ. Хамгийн гохыг олсон мэргэн тойн тэднийг хараад,  “Тийн илтэд гийгүүлэгчийн номыг бүхний тэргүүнээ сонссон хар алаг өнгөт, хаж бас сүүж нь цоорхой нэгэн нохой танай балгасанд буй. Түүнээ тэтгэ. Тэгвээс үр олно” хэмээн айлдав. Хаан хатан хоёр дээдийн гэгээнээс номыг сонссон тул баясал төрөн тайвшралыг олж, гурвантаа мөргөн буцав гэнэ. Балгадын хаяа дөхөхөд нэгэн доголон нохой сүүдэр бараадан явахыг үзээд Чимэгт тэргүүтэн хаан хөсөг сүйхээсээ бууж, зорин очив. Хөл муут нохойг адгуус хэмээн айсангүй өргөн, хөсөгтөө тээн Сайн дуут хэмээх балгасны зүрхнээ байрлах орд руугаа хурдлав гэнэ. Ийн нэгэн оныг барж, дуут аянга хотыг нь эргэсэн шөнө хатан хөл хүнд болсноо анирдан мэдэж гэнэ. Шид хэрхэн эргэснийг нь мөхөс би айлдахад та итгэмгүй билээ хэмээгээд, өнчин жижиг биет Дандар луу харан өгүүлрүүн,

-       Өчиж би олон үгийг бурав. Өнөө та алжаагаагүй бол ихэд бага дуут би цааш өгүүлэх үү хэмээн алга хавсран ажаам.

-       Тэг ээ тэг хэмээн Дандарыг хэлэх нь ээ “Ханд гуайн цагаан алаг нохойг алахаас даа, амьтан хэл ам…” гэхчлэн ярьж дуусаагүй байхад нь гэнэт дуугарсан Дандар луу Гомбо гайхан харав гэнэ. Өчүүхэн биетэн ийн цааш өгүүлрүүн,

-       Тийн есөн сарыг үнэн хайрт хөвгүүнээ тээн нэгэнтээ баярлаж, удалгүй бие учирна хэмээн яаран хоёронтоо догдолж суухуйд Цэцэг баригч хатанд тунарсан их ус үзэгдэв. Чимэгт тэргүүтэн хаанд хатан төрөх гэнэм хэмээн хэлээд, ихэд ойр шадарлагч нэгэн авхай цааш гүйн одлоо. Сайн дуут балгасанд нэг гэрэл тунаран зөөлөн эерүү дуун хадахад, Цогт-Очир хэмээх нэгэн хөвгүүн төрсөн билээ. Төрөхөд нь хаан Чимэг тэргүүтэн төлөгч дуудан шидийг үзүүлэв гэнэ. Төлгөч оройд нь буурал суусан толгойгоо өргөөд “Байлдан биеийн чадлыг хичээвэл улсын хаан болох, бие сэтгэлээн нэгэн зүг чиглүүлбэл бүхний хаан болох...” хэмээснээ мянга оны өмнөх улаан бургасны гэм өдий дарагдаагүй учир тэр мэтийн дээр нэгэн орд барин хүүг суулгавал сайн хэмээн айлдав. Ийн түмэн газрын хязгаараас цагаан гантиг цуглуулан, нэгэн ордыг бүхний үүтгэл дээрх улаан бургасны орой дээр барив гэнэ. Ханхүү хөлд орлоо, хүлэг морь унан эрийн цээнд хүрэв. Бүхнийг баясган, ятга татан эгшиглүүлэв. Мэлмий ихэд тунгалаг түүний харцанд багтах гэсэн эмс хийгээд эрс бүгдээр орчлонгийн орой дээрх бутны тэргүүнээ гийх цагаан гантиг харшин гадаанаа цугладаг байнам. Гэвч сайхны хараалыг яалтай. Тунгалаг нэгэн өдөр уянгалан шадарлагч бүсгүйчүүд лимбэ тэргүүтнийг үлээн, Цогт-Очир хан хөвгүүн ятгыг мэтгэн байхуйд наран гэнэт харанхуйлав гэнэ. Түмэн газрын хязгаараас тодрон үзэгдсээр нэгэн улаан нүдэт шувуу бүхний тэргүүн төгс хан хөвгүүнийг шүүрэн одов гэнэ. Сайн дуут балгасны ард айн мэгдэж, яах учраа олсонгүй. Хотлын эзэн Чимэг тэргүүтэн хаан халуун голын ганц хөвгүүнээ хайн, уул бүхний оройг түмэн цэргээр самнуулж, ус далайн ёроолыг нэгжин хайсан ч эс олов гэнэ. Түмэн өдөр ханхүүг эрж явсан эрс,  газар ширтсээр зарим нь бөгтөр болж, тэнгэр шагайсаар зарим нь ягнагар болсон учир Цэцэг баригч хатан цийлгэнэх нулимсаа барин ийн айлдав. “Хүү минь өнгөрчээ. Хорыг нь хараад чандманийг нь авч чадаагүй орчлонг яалтай билээ” хэмээгээд, ганц утас нь тасарсан ятгыг нь бүхний нүдээ ил уулын бэлд оршоов. Сайн дуут балгасны ард цугаар ухилан уйлав. Хатуу хар нулимс гол мөрөн шиг урсав гэнэ. Хамгийн тэргүүнээ залрагч хан хөвгүүний цагаан гантиг орд цусан улаан өнгөтэй болсон байжээ.

 Аргагүй гэмт түүх сонссон Дандар нэгэнтээ санаа алдахад, өнөөх эрхий хуруу лугаа адил ямх хүмүүн “Бүх үлгэр сайнаар төгсдөггүй шүү дээ. Өнгөрсөнд ч гэсэн гуниг байж л таараа” хэмээн хэлээд үл мэдэг инээмсэглэл тодруулав.

III. Цасны сүүлээр

Энэ хэргээс хойш нэгэн оныг тойрчээ. Намрын халуунаар одсон хүн дараа оныхоо өвлийн сүүлээр ирэх нь тэр. Цасаар шуураад л хавар эсвэл өвөл нь мэдэгдэхгүй нэг тийм зэврүүн өдөр алсаас Дандар алхсаар бяцхан сууриндаа ирэв. Хүн зон нь бахь байдгаараа өнөөх л амьдрал. Хүрч ирэхэд нь тосох хүн байхгүй ч хараад сууж байж магад хэмээн Ханд гуайн тийш зүглэв. Хашаа нь ундуй сандуй, хүн байхаа удсан мэт байшин хоосон хохийно. Гэрийнх нь хаалгыг татаад орохнээ Ханд гуай орон дээрээ хэвтэж байв. Өндийх ч чадалгүй болсон болтой өнөөх авгай “Хэн бэ” гэж өнөөх бичил хүмүн шиг дуугарав гэнэ.

-       Би байна аа, Ханд гуай, би ирлээ гэхэд,

-       Өө, Дандар уу хэмээгээд, Ханд гуай нь ч удахгүй болох шив дээ. Ингээд л хэвтэж байдаг боллоо гэв.  Гэр дотор ч ундуй сандуй, эмх замбараагүй. Хүний гар хүрээгүй юм бүхэн орчлонгийн аясад буртаглагддаг хойно. Тоос шороонд өвч дарагджээ. Дандар,

-       Ханд эгч ээ, таны бие яагаа вэ хэмээхэд,

-       Энэ хөл л горьгүй, босож чадахаа ч байлаа. Аргалаад аргалаад өдөрт нэг эсвэл хоёр босох юм гээд дуугаан хураав. Дандар,

-       Ээ золиг... гээд суухын эцэсгүй жавар хургалсан хүйтэн байсан тул хэдэн мод гаднаас оруулан ирж гал асаав.  Харь хүн биш Ханд гуай хойно гээд хэдэн шаазан хурааж байхдаа,

-       Ханд гуай, хар алаг нохой чинь хаачаа вэ, тантай ханьтай уул нь их зүгээр байдаг сан хэмээн асуув.

-       Байхгүй ээ, хүү минь. Ээ дээ бараг чамтай л цуг алга болсон байх шүү гээд ядаж ядаж, зүтгэж зүтгэж хажуулдан хэвтэв. Дандар,

-       За би гэрээдээ дөхөөд, өнөөх хүрзийг чинь аваад ирье. Хашаа хорооны хог шороо гэж авах юм алга. Тэглээ ч түлээний тэнд байгаа модны хог,  үрдэс, зомголыг хамж байгаад түлчихвэл элчтэй юу хэмээн хэлээд гарав.

          Тосгон өнөөх л хэвэндээ хүмүүс гадуур холхихгүй. Цонхоороо байдлыг шинжсэн эмгэд, хүүхнүүд гадагш харан сууна. Дандар өөрийн биш гэртээ ирлээ. Зэгстэйн дөрөв. Ухилсан мэт улаан байшин. Хүнгүй удсан байшингийнхаа хаалгыг татаж ороод, хүрзээ хайв. Хана туурга, шал шавхай энэ тэнд тавьсан юм алга. Одоо хэрхэх билээ хэмээн цааш хайв. Булан тохой, хөндий хүрч болох бүх газраа хайлаа. Арга мухардсан тул гэрээс гаран алхав. Өнгөрсөн жил ухаж байсан нүхэндээ орхисон байж магадгүй хэмээн хашааны булан луу зүглэв.

            Хошуу нь зэвэрсэн өнөөх хүрз нь хөндий нүхний наана хэвтэж байв. Хүн амьтан оролдсонгүй бололтой. Ухаад орхисон нүхэнд нь унаж шороо орсон байж магад хэмээн шагайн харав.

            Таг зогтусах нь тэр. Ноднин Ханд авгайг охдог гэнэ гэж хавийн улсын цуурхаж асан хар саарал нохой жижиг боловч гүн нүхэнд нь үхсэн хэвтэхийг танив гэнэ. Зэм болсон нохойн хачин улаан өнгөтэй сүүл уг нь хар алаг юм шүү би гэх шиг тодорч байлаа. Харин түүнийг тойроод дөрвөн гөлөгний сэг гавал цайрч байх нь тэр. Хоёр нь хорвоог орхих доо эхийнхээ хөхийг үлгэж байсан бололтой, элгэнд нь наалдан өнгөрч, хойно үлдсэн хоёр нь хорвоогийн нарыг тод харахаар дээш мацан шороо самардаад тэнгэрт дэвшсэн байжээ. Хоолойн дээр нь юм тээглэх шиг. “Хорвоогийн нүглийг өөр дээрээ үүрч, гэмгүй амьдрах чинь яасан түйтэй юм” хэмээн үглээд Дандар өнөөх нүхийг булж эхэллээ.

 

 

Түр хүлээнэ үү...
Top