УРАЛДААНЫ ШИЛДЭГ ШҮЛЭГЧИД: М. САРАНДАГИНА
2020-04-24 Гэгээн шувуу 5167

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 140 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 7 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 7 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 7 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.


Шилдэг шүлэгчдийн бүтээлийг танилцуулах цувралын дараагийн шүлэгч бол Мөнх-Учралын Сарандагина юм.  1999 онд Хэнтий аймгийн Дархан суманд төрж, Бор-Өндөр сумын ЕБС-ийг 2016 онд төгссөн. Соёл урлагийн их сургуулийн Радио телевизийн сургуулийн Сэтгүүл зүйн 4-р курсийн оюутан.

 

***

Үймрэн хөрвөөсөн өчнөөн хөндүүрт нар мандаж байна
Үүнд хэн ч буруугүй ээ, эмзэг доройхон мэдрэмж минь!
Өөрийгөө өрөвдөж нулимс унагахаас өөр хүчгүй,
Хөшигний үзүүрээс дүүжлээтэй үхсэн бяцхан аалз
Хөлийн минь дэргэд харагдвал айж цочих тийм л...
Гэлээ ч нүдэндээ нулимстай, гэзэг үсэндээ хориг
Гэдсэндээ хүүхэдтэй, гэртээ харих хүслээр дүүрэн
аж төрнөм.

 

***

Цаас агаарт хөвж, дээр нь бичсэн үгсээс ч болсон уу
Цас болоод гэнэтхэн нүдрүү минь будрах шиг
Зуунмодын өвөл цэвцийн жингэнэнэ.
Үр минь амгалан нойрсоно.
Намар байсан бол эртлэн босож хүүгээ тэврээд
Найман өндөглөгч, нэг азарган тахиаг нь харахаар
Хөршийн хашаа руу өнгийх сөн.
Даанч өглөө бүр өвөл
Цагираг тээрэмд хулгана гүйх шиг
Цаг хугацааны уйт чимээ хүрчигнэнэ.

 
***

Тэр хавар аавд тань хөтлүүлээд Зуунмодын эмнэлэг орсон
Тэгэхэд чи минь арван нэгэн долоо хоногтой
Аав чинь хэлэхдээ чамайг чавга шиг л жаахан гэсэн
Амьдрал чавга шиг харагддаг гэдгийг би мэддэггүй байлаа.
Эмчийн өмнө гэмтэн шиг бөхийж, далавчаа хумьж
Эмэгтэй би хорин настай, гэхдээ хүүхэд төрүүлэх гэж байна! хэмээн хэлэхдээ
Эрмэг үсгийнхээ өмнө халирч зогссон.
Ийм халшрам үгс амьдралд хичнээн тохиох бол оо?

Орчуулагч, яруу найрагч А.Урантогос:

М. Сарандагинын шүлгүүдийг уншаад эх хүн хүүдээ хайраас өөр хэлгүй хэмээн дуу алдлаа. Бондгор хөөрхөн гэдсээ илээд цас харан санаашрагч жирэмсэн бүсгүйн дүр, бяцхан сууринд ганцаардавч жаргалтай дурсамж нь энд хөврөх залуухан эхийн дүр, эрх чөлөөг хүсэвч илүү их санаж сарвайх амьдралд хайртай гэргийн дүр... Хангалттай ухаалаг басхүү нууцлаг, залуу нас шиг гэнэн, санаашрагч шүлэгч юм тэр. Үнэн сэтгэлээ шингээсэн шүлгийн мөр шиг сайхан зүйл, илүү амжилт гэж юу байх билээ! Бичээд байгаарай гэж ерөөе дөө.

Түр хүлээнэ үү...
Top