Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.
Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 140 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 7 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 7 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 7 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.
Шилдэг шүлэгчдийн бүтээлийг танилцуулах цувралын дараагийн шүлэгч бол Баянмөнх овогтой Мөнхдурсгал.
2002 оны 9 дүгээр сарын 2 нд өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. Одоо Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч.
***
Аав минь хашаагаа цэнхэрээр будчихаад
Далай болохыг нь хүлээх шиг сүүдэр бараадна
Ээж минь ёроолыг нь ногооноор будаад
Эрэг болохыг нь хүлээх мэт аавын араас алхана...
Хуучин цаг хугацааг ханзлах шиг, дүү бид хоёр
Шавар наалдсан дүрэмт хувцастайгаа гүйж ирээд
Загас болон хувилж далайд баахан сэлнэ.
Аав ээжийн хөлс гэмээр гашуун амтагдах энэ далай...
Хашааны шонгууд цуварсан завь мэт алсархад
Сүүдрээс нь үлдсэн зүйл
Багадсан дүрэмт хувцасны минь нугалаас шиг
Аав ээжийн нүүрэн дэх үрчлээ л байлаа.
***
Эл хульхан гудамжиндаа би ганцаархнаа
Ядаж байхад өнөөдөр өвөл болж байна
Нам гүмхэн цас
Түүний минь гомдол шиг том томоор будраад
Мөрийг минь сульдааж орхилоо.
Тэр минь намайг
Тунирхал хийгээд гомдоллын өмнө
Мөхөс гэдгийг мартчихсан юм болов уу?
Мөрөн дээрх цасаар бөмбөг хийгээд
Буцаая гэж нэг шүүрс алдсанаа
Гэнэт
Тэр минь ч бас надтай ижил гэдгийг санаад
Бээрсэн гараа халаасандаа улам гүн шургуулна
Би... эл хульхан гудамжиндаа
Ганцаараа.
***
Гутал минь бүр элэгдэж орхижээ...
Бүтэн зуны турш би эрвээхэй хөөж
Номын хуудас бүрт хавчуулсан.
Хачин томоогүй тэр өдрүүдтэй хамт
Элэгдсэн гутал минь ханзарч хоцрохдоо
Саваагүй занг минь надаас хуу татчихсан мэт...
Харин
Сая л нэг
Хөлийн минь шалбархай хорсож
Энэ намрын хүйтэн хяруу
Эрвээхэйнүүдийн нулимс шиг санагдлаа.
Б.Мөнхдурсгалын шүлэгт МУИС-ийн багш, доктор Д.Нямдорж:
Эрлээ эхэлж буй хүнд юу хэлэх билээ? “Хашаагаа цэнхэрээр будчихаад далай болохыг нь хүлээх”, “Ёроолыг нь ногооноор будаад эрэг болохыг нь хүлээх”, “Цаг хугацааг ханзлах”, “Цас мөр сульдаах” гэх илэрхийллүүдийг уншаад надад итгэл төрж байна. Магтаалд урамшиж, муушаалд урам хугарах үе бий ч авьяас билигт аль нь ч нэмэр үгүй. Уран бүтээлч өөртэйгээ, өгөгдөлтэйгээ л үлддэг. Эхэн үедээ ил адилтгал (зүйрлэл)-уудад хууртах нь элбэг. Хэчнээн хийсвэрлэлээ ч адилтгагч болоод адилтгуулагчид төсөөтэй шинж байдаг. Энэ хоёрын дундаас л урлаг төрдөг. Ил адилтгалууд нь далд болж, эрэлхийлэл нь илэрхийлэл болох цаг (удахгүй) ирнэ гэж найдна хэмээжээ.