Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.
Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 140 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 7 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 7 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 7 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.
Шилдэг шүлэгчдийн бүтээлийг танилцуулах цувралын дараагийн шүлэгч бол Төмөртогоогийн Бямбасүрэн. Тэрбээр 1997 онд Төв аймгийн Жаргалант суманд төржээ. 2013 онд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ахлах сургуулийг дүүргэж, 2019 онд АШУҮИС-ийн Хүний их эмчийн анги төгссөн. Яруу найргийн анхны түүврээ "Үдэлт" нэртэйгээр 2018 онд хэвлүүлсэн. Өдгөө найрагч маань Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байна.
***
Би дандаа л
дуугаа хураасан хүн шиг шүлэг
Бичье гэж боддог сон.
Дуугаа хураасан төрх дур булаам,
урууландаа зуусан тамхи хүсэм,
халаасандаа нуусан гар атгам...
Хамгийн сайхан нь үг хэлэлгүй
Хань болж болом...
Би даанч
дуугүйд нэвтэрч сураагүй л явна.
Ердөө ганц л удаа, голын эрэгт
Есдүгээр сарын
агаарт шидэгдэх навчийг харж билээ.
Олзоороо тоглох муур адил салхи
навчийг сэгсчин хийсгэж
Орчлонгоос тасарсан амиар
наадаж байх шиг харагдсан сан.
Аясхан гол өлмийд нь бидэртэхэд,
Усны гүнээс
ус өөрөө цойлон гарч ирээд
навчийг тэврэн авахыг
надаас илүү хүсэж байх шиг санагдахад
Агшин зуур сэтгэлд минь
анир чимээгүй болсон сон.
[Тө. 2020.01]
***
Шинэхэн цасны эрэгт өгүүлэх түүхийнхээ эхний үсэг мэт зогсном.
Эр хүн эхнэртэй болдог ч эхнэрийнх болдоггүй! гэж тэд хэлдэг
Эрүүнээс нь сахлын ёзоор хана руу шивсэн өргөс шиг харагддаг тэдний
Эвлэрэхээс аргагүй согог шигээр хэлсэн гунигт хоолойг дурснам.
Өнь Хийгён-ы "Ядуу эрийн эхнэр" өгүүллэгийг уншнам.
Яг л чи бид хоёр шиг санагдсаныг,
яагаад ч юм чамд уншуулахаас айснаа дурснам.
тэрхэн хоромд чамд хичнээн хайхрамжгүйгээ ухаарнам.
Энхтайваны хамгийн арын гудамд амьдардаг хөгшин зураачийг дурснам.
Чилж зөөлөрсөн нүднийх нь харц
Чи намайг "ах" гэж дууддаг байсан үеийг санагдуулсанд гайхнам.
Яагаад ч юм тэр эгшинд
Хуучин хайртыгаа хүний гэргий болсныг мэднэм... гэж бичтэл
Хувь заяа нэгэн ачааг минь авчих шиг уужирсныг дурснам.
Шинэхэн цасны эрэгт өгүүлэх түүхийнхээ эхний үсэг мэт зогсном.
Хөршийн хөхүүл жингэр хашаанд минь явж асан шөнийг дурснам.
Яараагүй, хоол шиншлээгүй, зүгээр л бодлогоширч явах шиг санагдсаныг,
Яруухан сар тэргэл, зүүнээс дөчөөд хэмийн налуу тусаж байсныг төсөөлнөм.
Атиралдан нойрсох чинь тэр шөнө улам энхрийхэн харагдсаныг
Ай, даарсан хөлөнд минь дулаан хөлөө нааж,
нойрон дундаа зөөлөн үнссэнийг чинь хайрланам.
[Тө.2020.02]
***
Эзэнгүй тахиан байр,
нуруулдсан аргал,
хужир дүүргэсэн онгоцны дэргэд
Элгээрээ унасан саалийн сандалыг босгож
салхинд сэвлэгээ хийсгэн суулаа.
Амьдрал минь
балчир насны сэтгэлийн тэнхээ,
бардам мөрөөдөл, итгэл найдварын биелэл!
Амь заяанд минь тохиосон бусад төлөвлөөгүй зүйлс ч мөн!
Ингэж бодон дэлхийнхээ эргэлттэй нийлэн
Илүү хөдөлгөөн хийлгүй нарыг даялж байна.
Би боддог юм, бичилхээн бөөмсийн адил
Бидний гараг ч огторгуйн ширхэгхэн эс байх даа гэж!
Тэгвэл бие минь, биеэрээ туулж яваа өдрүүд минь
Энгүй, тоо томшгүй эст Огторгуйн
Эрвэгнэх, гижиг хүрэх, загтнах, хорсох... гэх мэт
Энгийн, үл мэдэг зурсхийсэн мэдрэмжүүд байх даа гэж!
Ёзоороосоо ногоорч буй дөрөвдүгээр сарын өвс,
Ёроолд нь хайлсан бүтэн өвлийн цас... тэд ч бас
Бидний л ижилхэн мэдрэмж мөн гэж!
Амьдрал минь эгэл өчүүхэн, ганцаардмал хүчгүй ч
Агуу зүйлийн доторх жижигхэн хөдөлгөөн хэдий ч
Амин хэрэгцээтэй нь байж болох уу? хэмээн төсөөлж суулаа.
[Тө.2020.04]
Тө.Бямбасүрэнгийн шүлгүүдийг уншаад өдгөө Жагарын оронд номд суугаа эрхэм найрагч Батжаргалын Одгэрэл сэтгэгдлээ ийн сийрүүлжээ.
Бид угаас ховор тохиолддог яруу найрагч шинээр төрж буй үйл явдлын гэрч болж байна. Мөр бадаг бүхэндээ мэдрэмж, дүрслэл, утгасын эрдэнэсийг гар татахгүй цацдаг бийлэгжүү хүнтэй амьдралдаа нэг л удаа таарч явлаа. Энэ гуравхан шүлгийг уншиж байхад тэртээ цагийн тэр явдлыг эргэн санагдууллаа. Монголын уянгын яруу найргийн санд өөрийн хувьтай хүн ирж байгаад итгэлтэй байна.