"ТАГТАА" УТГА ЗОХИОЛЫН ШАГНАЛ ЗАРЛАГДЛАА
2020-03-10 Гэгээн шувуу 2321

“Гэгээн шувуу” утга зохиолын сангаас үндэсний утга зохиолын үнэ цэн, чанар чансааг дээшлүүлэх, үндэсний уран зохиолын нэр хүнд, хүртээмжийг дотооддоо болон олон улсад өргөн дэлгэрүүлэхэд өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан  дэм болох зорилготойгоор "ТАГТАА" шилдэг бүтээлийн уралдаан, утга зохиолын шагналыг гурав дахь удаагаа зохион байгуулж, гардуулах гэж байна. 

Энэ шагнал нь залуу уран бүтээлчдийн уран бүтээл туурвих боломж бололцоогоор хангах, тэдний зохиол бүтээлийг олон нийтэд хүргэх, уран зохиолын шигшмэл сайн бүтээлийг шилж сонгоход жишиг тогтоох, залуусын уран бүтээлийн өсөл хөгжилтөд дэмжлэг үзүүлж өөрийн бие даасан бүтээлтэй болоход туслах, цаашлаад хэвлэлийн газрынхаа үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах ч гарцуудыг нээж өгөх олон талт зорилготой юм. 

"Тагтаа" утга зохиолын шагнал зохион байгуулагдсан анхны жилээсээ л маш өргөн цар хүрээтэй байж, залуу уран бүтээлчдэд хүрсэн үр өгөөжийн хувьд ч тэмдэглүүштэй олон сайхан үйл явдлыг дагуулсныг дурдахгүй өнгөрч боломгүй. Жишээлхэд "Тагтаа" утга зохиолын шагналын 2017 оны сунгаанд 120 яруу найрагч, 93 зохиолч, 46 орчуулагч бүтээлээ ирүүлж өрсөлдсөн юм. Үүнээс өгүүллэгийн төрөлд тэргүүлсэн Б.Батзаяа өөрийн яруу найргийн түүврийг "Тагтаа Паблишинг" компанийн нэр дээрээс хэвлүүлж уншигчдад хүргэсэн бол орчуулгын төрөлд дэд байр эзэлсэн Б.Сувддулам "Тагтаа Паблишинг" компанитай хамтран ажиллаж Канадын зохиолч Янн Мартелын "Пигийн амьдрал" роман, Францын зохиолч Франсуаза Саганы "Сайн уу, Гуниг минь" бэсрэг романыг орчуулсан нь оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд" шагналыг шилдэг орчуулгын төрөлд хүртсэн билээ.  Мөн тус жилийн орчуулгын төрөлд тэргүүлсэн Мө. Батбаяр "Тагтаа паблишинг"-тай хамтран ажиллаж Хятадын өнөө цагийн нэрт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" "Цусаа худалдсан тэмдэглэл" романыг орчуулсан билээ.

"Тагтаа" утга зохиолын шагналын 2018 оны шилдэг оролцогчидоос М.Сугар-Эрдэнэ, Б.Баттогтох нар манайхтай хамтран ажиллаж А.Булгаковын "Нохойн зүрх" Бохумил Храбалын   "Дөтлөн үзэгдэх галт тэрэг" туужуудыг орчуулж уншигч танаа өргөн барив. 

Энэ жилийн уралдаанаас шинэ залуу олон авьяастан төрөн гарч та бүхний нүдний гох болсон уран бүтээлч болно гэдэгт итгэлтэй байна. 

Түр хүлээнэ үү...
Top