Үүсгэн байгуулагчдийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор батлав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн сангийн бүтэц, эрх зүйн байдал, удирдлага зохион байгуулалт, зорилго, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулна. Үүсгэн байгуулагчдаас сан байгуулах шийдвэр гаргаж, дүрмийг баталснаар байгуулагдсанд тооцно.
1.2. Санг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртpгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
1.3. Сан нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн тэмдэг, бэлэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.
1.4. Сан нь гишүүнчлэлгүй, нийгэмд тустай, тусгай зорилготой нийгмийн тусын төлөө үйл ажиллагаа явуулна.
Хоёр. Сангийн нэр болон хаяг
2.1 Сангийн оноосон нэр:
“Гэгээн шувуу” сан
2.2 Сангийн албан ёсны хаяг
Монгол улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг, 3-р хороо
5-р хороолол, 26-21 тоот
Харилцах утас: 1. 88018309 2. 88080033
Гурав. Сангийн зорилго ба үйл ажиллагааны чиглэл
3.1 Сангийн үндсэн зорилго:
“Гэгээн шувуу” утга зохиолын сангийн үндсэн зорилго нь үндэсний утга зохиолын үнэ цэн, чанарыг дээшлүүлэх, үндэсний уран зохиолын нэр хүнд, хүртээмжийг дотооддоо болон олон улсад өргөн дэлгэрүүлэхэд өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан идэвхийлэн туслахад оршино.
3.2 Нийгэмд тустай зорилгодоо хүрэх арга нь хөрөнгө төвлөрүүлэх байна.
3.3 Сан нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагаа явуулна:
- Залуу уран бүтээлчдийн уран зохиолын боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөр, тэтгэлгүүдтэй хамтран цаашид сурч боловсроход нь туслах.
- Үндэсний уран зохиолын нэр хүндийг олон нийтийн дунд өргөхийн тулд сангийн нэрэмжит нэр хүндтэй, жишиг шагнал бий болгож уран бүтээлчдийг алдаршуулдаг байх, түүгээрээ дамжуулан зохиолчдын уран бүтээлийн чанарт томхон шалгуур тогтоох.
- Үндэсний утга зохиолын бүтээлүүдийг олон улсад гаргах, олон улсын уншигчдад сурталчлан таниулах үйл ажиллагаанууд зохион байгуулах.
- Олон улсын яруу найраг, утга зохиолын фестиваль, томоохон арга хэмжээнүүдэд дотоодын уран бүтээлчдийн оролцоог ханган ажиллахын тулд дэлхийн нэр хүнд бүхий утга зохиолын байгууллага, институтуудтай хамтран ажиллах.
3.4 Сан нь зөвхөн дор дурдсан зориулалтаар бусдад мөнгө хандивлаж болно.
- Сангийн зорилгод нийцсэн бол хувь хүний сургалтын төлбөр болон түүнтэй холбогдох бусад зардал хувь хүнээс явуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг санхүүжүүлэх.
- Иргэдийн нийгэмд тустай үйл ажиллагааг урамшуулах.
Дөрөв. Сангийн бүтэц, эрх барих дээд байгууллага
4.1 Сан нь удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хяналтын зөвлөл гэсэн бүтэцтэй байна.
4.2 Сангийн эрх барих дээд байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирах зөвлөл нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
4.3 Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийг 2 жилд 1 удаа явуулна.
4.4 Удирдах зөвлөлийн гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж болно. Удирдах зөвлөлийн гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон, нас барсан зэрэг тохиолдолд нөхөн сонгууль явуулна.
4.5 Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- Удирдах зөвлөлийн даргыг сонгох.
- Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах.
- Санг өөрчлөн байгуулах, татан буулгах.
- Сангийн жилийн төсөв батлах.
- Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх.
- Сангийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох.
- Сангийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах.
- Сангийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг батлах.
- Сангийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хянах.
- Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг нь хэлэлцэх.
- Шаардлагатай үед гүйцэтгэх захирлаас зохих мэдээллийг гаргуулан авч сангийн үйл ажиллагаатай танилцах.
- Дүрэмд заасан бусад бүрэн эрх.
Тав. Сангийн удирдах зөвлөлийн даргын эрх, үүрэг
5.1 Санг гадаад дотоодод төлөөлөх.
5.2 Удирдах зөвлөлийн хуралдааны товыг зарлах, даргалах, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих.
5.3 Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй.
5.4 Удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх удирдлага байхыг хориглоно.
Зургаа. Сангийн удирдах зөвлөлийн шийдвэр гаргах журам
6.1 Сангийн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
6.2 Сангийн удирдах зөвлөлийн хуралдаанаас хурлын тэмдэглэл, шийдвэр, тогтоол гаргана.
6.3 Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг олонхийн саналаар гаргана.
6.4 Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааныг улирал тутам, ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3-оос доошгүй нь хүсэлт гаргаснаар тус тус зарлан хуралдуулна.
6.5 Хуралдааны товыг удирдах зөвлөлийн гишүүдэд 7 хоногийн өмнө мэдэгдэж, шаардлагатай гэж үзвэл хэлэлцэх асуудлыг тэдэнд бичгээр хүргүүлнэ.
6.6 Удирдах зөвлөлийн гишүүдийн 60-иас дээш хувь ирсэн тохиолдол удирдах зөвлөлийн хурлыг хүчинтэйд тооцно.
6.7 Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй оролцоно.
6.8 Удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна.
6.9 Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
6.10 Шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай удирдах зөвлөлийн гишүүн энэ тухай тайлбараа бичгээр гаргах ба уг тайлбарыг шийдвэрт хавсаргана.
6.11 Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвар, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ.
Долоо. Сангийн гүйцэтгэх захирлын эрх үүрэг
7.1 Сангийн эрх барих дээд байгууллагаас томилогдсон гүйцэтгэх удирдлага нь өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлагаар хангах.
7.2 Сангийн ажлын албанд ажиллах хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх.
7.3 Эрх зүйн харилцаанд санг төлөөлж, удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд сангийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах.өмч хөрөнгийг захиран зарцуулах.
7.4 Сангийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хугацаа, түүний эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, цалин урамшуулал зэрэг асуудлыг удирдах зөвлөлийн даргатай хийх гэрээгээр нарийвчлан зохицуулна.
7.5 Сангийн гүйцэтгэх удирдлага нь дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа эрх барих байгууллагаараа хэлэлцүүлж, хариуцан тайлагнана.
7.6 Сангийн гүйцэтгэх захирал нь өөрийн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг удирдах зөвлөлд, санхүүтэй холбоотой мэдээллийг хянан шалгах зөвлөлд зохих журмын дагуу өгөх үүрэгтэй байна.
7.7 Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаан улмаас сангийн нэр хүнд унасан, түүний явуулж буй үйл ажиллагаа нь сангийн зорилготой зөрчидсөн болон гэрээнд заасан үндэслэлээр гүйцэтгэх захирлыг хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлж болно.
Найм. Сангийн хяналтын зөвлөл
8.1 Сангийн хяналтын зөвлөл нь 3 -аас доошгүй сондгой тооны гишүүнтэй байна.
8.2 Сангийн удирдах зөвлөлөөс хяналтын зөвлөлийг сонгох бөгөөд даргаа дотроосоо сонгоно. Хяналтын зөвлөлийн гишүүд 1 удаа улиран сонгогдох эрхтэй.
8.3 Хяналтын зөвлөл нь сангийн санхүүгийн болон үйл ажиллагаа, эд хөрөнгийн захиран зарцуулалтанд хяналт тавих чиг үүрэг бүхий дотоод хяналтын нэгж байна.
8.4 Хяналтын зөвлөл нь сангийн санхүү, үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж удирдах зөвлөлийн ээлжит хурал дээр мэдээлэл хийнэ.
8.5 Хяналтын зөвлөл нь дараах бүрэн эрхийг эдэлнэ:
- Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гарсан зөвчлийг арилгуулахыг шаардах
- Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлагыг тавих.
Ес. Сангийн санхүүжилт
9.1 Сангийн орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно.
- Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив.
- Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого.
- Төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө.
9.2 Сан нь жил бүр олсон ашгийнхаа 50-аас доошгүй хувийг дүрэмд заасан үйл ажиллагаандаа зарцуулна.
Арав. Сангийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
10.1 Сангийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд дүрэмд орсон өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.
Арван нэг. Сангийн үйл ажиллагаанд хориглох зүйл
11.1 Сан нь дүрмийн зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулахгүй
11.2 Сангийн орлогоос ноогдол ашиг хувиарлах, иргэн, аж ахуйн нэгж бусад байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн өмнөөс тайлбар хийхийг хориглоно.
11.3 Сан нь ямар нэгэн сонгууль улс төрийн сурталчилгаанд хандив өгөхийг хориглоно.
Арван хоёр. Санг татан буулгах
12.1 Сан нь өөрийн дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах шаардлагагүй гэж үзвэл Сангийн Удирдах зөвлөл энэ тухай шийдвэрийг гаргана.
12.2 Сан нь татан буугдахад зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстөй зорилго бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд ийм байгууллага байхгүй бол сангийн зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
Арван гурав. Сангийн үйл ажиллагааны тайлан
13.1 Сан нь жилийн үйл ажиллагааны тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор гаргаж, бүртгэх байгууллагад өгнө.