"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна.
Орчуулгын төрөлд дээр дурдсанчлан 40 орчуулагч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 6 орчуулагчийг шигшин авч, бүтээлийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 6 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Шилдгээр шалгарсан орчуулагчдын бүтээлийг нийтлэхдээ ямар нэг дэс дараалал харгалзаагүйг анхаарна уу!
Уралдаанд бүтээлээ ирүүлсэн орчуулагчдаас шилдэг ЗУРГААД багтсан дараагийн хүн бол Энхбилигийн Мөнхзаяа: Тэрбээр Оросын яруу найрагч, зохиолч Валерий Яковлевич Брюсовын "Гантиг толгой" өгүүллэгийг орос хэлнээс орчуулсан юм.
ГАНТИГ ТОЛГОЙ
(Орос хэлнээс орчуулсан Э.Мөнхзаяа)
Тэр эрийг хулгайн хэргээр шүүж, шоронд нэг жил хорих ял оноожээ. Харин миний хувьд тэр өвгөний шүүхэд биеэ авч яваа байр байдал төдийгүй хэргийнх нь нөхцөл байдал гайхшируулж байлаа. Аз болж надад ялтантай уулзах завшаан тохиосон юм. Эхэндээ тэр надтай бишүүрхэнгүй хандаж, дуугарахгүй байсан боловч эцэстээ өөрийнхөө амьдралын талаар ярьж өгсөн юм.
-Таны зөв өө, хэмээн яриагаа эхлүүлсэн тэрбээр цааш ийнхүү өгүүлэв. –Би үргэлж гудамжны золгүй амьтан байж, хоноглох байраар гэр хийж яваагүй юм шүү. Надад бас сайхан үе байсан. Би техникчийн боловсрол эзэмшсэн хүн. Залуудаа хэд гурван мөнгөтэй байсан болохоор үнэхээр дуу шуугиантайхан амьдарч байлаа. Өдөр бүр үдэшлэг, найр наадам хэсч, дандаа л ууж идсээр дуусна. Энэ үеэ би сайн, бүр нэгд нэггүй санадаг. Харин миний дурсамжинд хэсэгхэн завсар бий. Үүнийг дүүргэхийн төлөө би өтөлж ядарсан үлдсэн өдрүүдээ өгөхөд ч бэлэн байна. Энэ бол Нинад хамаарах үе юм.
Түүнийг Нина гэдэг байлаа. Өршөөлт ноён минь, Нина гэдэгт би итгэлтэй байна. Тэр төмөр замын нэгэн жижиг албан тушаалтны эхнэр байсан. Тэднийх гэж үгүйрч хоосорсон айл байв. Гэвч тэр тийм өрөвдөм нөхцөлд тансаг сайхан, онцгой төгс харагдаж чаддаг байсан юм шүү. Нина өөрөө хувцсаа урладаг байсан ч гар нь яг л зорсон мэт өөгүй тэгш. Хямд даашинзуудаасаа гайхамшигтай солиоруулам зүйлийг бүтээж чаддаг. Үнэхээр түүний хүрсэн өдөр тутмын бүх зүйл гайхамшиг болон хувирдаг байлаа. Би өөрөө ч түүнтэй учраад огт өөр, илүү сайн хүн болж, орчлон ертөнцийн хамаг муу муухай бүхнийг өөрөөсөө бороо мэт угааж хаясан.
Тэр надад хайртай байсан нүглийг нь бурхан өршөөх болтугай. Ойр хүрээллийнх нь бүгд бүдүүлэг улс байсан болохоор тэр залуу, сайхан, өч төчнөөн шүлэг цээжээр урсгадаг надад дурлахгүй байж чадаагүй биз. Харин би түүнтэй хаана, хэрхэн учирснаа ой санамжаасаа огт сэргээж чадахгүй байна. Тас харанхуйгаас хэсэг бусаг зураг л гарч ирдэг. Жишээ нь бид театрт байна. Тэр маш их аз жаргалтай, хөгжилтэйгөөр (тийм байх нь ховорхон байдаг) жүжгийн үг бүрийг өөртөө шингээж, над руу инээмсэглэж байх юм... Түүний инээмсэглэлийг би санаж байна. Дараа нь бид хаа нэгтээ хоёулхнаа байх юм. Тэр толгойгоо бөхийлгөөд, надад хандан “Чи бол миний богино настай аз жаргал гэдгийг мэднэ. Ямартай ч би амьдарч үзлээ” хэмээн хэлнэ. Энэ үгийг санаж байна. Гэхдээ түүнээс хойш юу болсон, бас Нинатай болсон бүхэн үнэн үү? Мэдэхгүй байна.
Мэдээж би түүнийг эхэлж хаясан. Ингэх нь хэвийн зүйл гэж бодсон юм. Миний найз нөхөд ч бас тэгдэг л байсан. Нөхөртэй хүүхэнтэй учир ургуулаад хэсэг хугацаа өнгөрсний дараа хаядаг байлаа. Би ч бас бусдын адил алхам хийж байхдаа ухаанд минь тэнэг зүйл хийж байна гэсэн бодол ч орж ирээгүй юм. Мөнгө хулгайлах, өрөө төлөхгүй байх, хов жив тарих бол базаахгүй үйлүүд. Харин амрагаа хаяна гэдэг хэвийн л зүйл. Миний өмнө гялалзсан сайхан ирээдүй байна. Би өөрийгөө хайр сэтгэл гэгчээр дөнгөлж болохгүй. Надад харамсалтай, маш их харамсалтай байсан ч би өөрийгөө хүчилж, энэ гунигийг даван туулах шийдэмгий хүчтэй болсон байв.
Сураг сонсох нь ээ, Нина сүүлд нөхөртэйгөө өмнө тийш нүүж, удалгүй нас барсан юм билээ. Гэхдээ Нинагийн тухай дурсамжууд намайг зовоодог байсан болохоор түүний талаарх элдэв сураг чимээ дуулахаас зориуд дөлдөг байв. Би түүний талаар юу ч мэдэхгүй, бодохгүй байхыг хичээсэн. Надад түүний хөрөг үлдээгүй, явуулсан захидлыг нь буцаасан, хоорондын танил гэх хүмүүс байгаагүй болохоор Нинагийн дүр төрх миний сэтгэлээс алгуурхан арчигдаж байлаа. Би Нинаг бараг мартах тийшээгээ хандаж байсан гээд бод доо. Зүс царай, нэр ус, хоёр биеийнхээ хайр гээд л бүгдийг ор тас мартаж орхижээ. Яг л миний амьдралд огт байгаагүй юм шиг... Ээ хөөрхий, мартана гэдэг хүний ямар ичгүүртэй мөн чанар вэ!
Он жилүүд улиран өнгөрчээ. Харин танд хэрхэн “карьер ахиснаа” ярихгүй. Нинагүйгээр мэдээж би зөвхөн гадаад амжилт, мөнгөний талаар мөрөөдөх болсон. Хэсэг хугацаанд би бараг л зорилгодоо хүрч, мянга мянгаар нь үрдэг болсон төдийгүй хилийн чанадад амьдарч, гэрлэж, хүүхдүүдтэй ч болсон. Удалгүй бүх зүйл алдагдаж, бодож сэдсэн ажил бүтэмжгүй болж, эхнэр маань ч нас нөгчив. Хүүхдүүдтэйгээ хоцорсон би тэднийгээ төрөл саднуудаараа тарааж орхилоо. Харин одоо хүүхдүүд минь амьд мэнд эсэхийг ч мэдэхгүй юм даа, өршөөлт ноён минь. Ямартай ч би уугаад л, тоглоод л явсан... Нэг албан газар байгуулсан ч бүтэлгүйтэж, сүүлчийн мөнгө, хүчээ үрэн таран хийгээд дууссан даа. Ажлаа тоглоомоор орлуулах гэж оролдсон ч золтой л шоронд орчихоогүй. Мэдээж ямар ч үндэслэлгүйгээр нарсанд сууна гэж юу байх билээ... Танилууд маань надаас нүүр буруулж, миний уналт эхэлсэн дээ.
Улмаар таны одоо харж байгаа энэ зэрэгт хүртэл доошилсон хэрэг. Оюунлаг нийгмээс “тасарч”, ёроолд нь буусан гэж хэлэх гэсэн юм. Хувцас муутай, үргэлж шахам согтуу явдаг би өөр ямар байр суурь эзлэх сэн билээ? Сүүлийн жилүүдэд би архи уугаагүй үедээ хэдэн сараар үйлдвэрт ажиллах болов. Харин уусан үедээ Хитров зах, хоног төөрүүлэх газруудаар хэсүүчлэх болсон. Хүмүүст маш ихээр хорсож, хувь заяа гэнэт өөрчлөгдөн би дахиад баяжиж байна гэж үргэлж мөрөөддөг байв. Огт байхгүй өв залгамжлал ч юм уу, тиймэрхүү зүйлийг хүлээж суудаг байлаа. Шинэ нөхдөө ийм найдваргүй улс хэмээн хардан сэжиглэнэ.
Нэгэн удаа даарч чичирч, өлссөн амьтан айлын хажуугаар гэлдэрч явтал ямар тохиол нь хатгасан юм бэ, бүү мэд. Гэнэт л тогооч нь над руу “Хөөе, нөхөөр, чи слесарь уу” гэж хашхирах нь тэр. Би ч “Слесарь мөн” гэж хариулж орхилоо. Намайг бичгийн ширээнийхээ цоожийг засч өгөөч гэж дуудав. Ингээд л алтадмал тансаг гэгчийн өргөөнд орж үзлээ. Хэрэгтэй гэснийг нь хийж дуусмагц хатагтай надад рубль өгсөн юм. Гэтэл мөнгөө авч байхдаа би гэнэт цагаан багана дээр гантиг толгой байхыг харав. Эхэндээ яагаад гэдгийг нь мэдэхгүй, ухаан алдах дөхөв. Хараад нүдэндээ ч итгээгүй. Өмнө минь Нина байх нь тэр!
Өршөөлт ноён минь, танд л гэж хэлэхэд би Нинаг ор тас мартчихсан байсан бөгөөд түүнийг ой санамжнаасаа авч хаясан гэдгээ тэр л үед ойлгож билээ. Гэнэт түүний дүр төрх нүдний өмнө хөвөн гарч ирж, сэтгэлд минь булшлагдсан хорвоогийн бүхий л мэдрэмж, мөрөөдөл, бодол санаа Атлантид мэт сэргэж, амилав шүү... Би тэрхүү гантиг цээж баримлыг харж чичирснээ “Хатагтай, энэ юун баримал толгой вэ гэдгийг мэдэж болох уу” хэмээн асуулаа. –“Аан, энэ үү. Маш үнэтэй эд дээ. 500 жилийн өмнө XV зуунд урласан эд” хэмээн тэр хариулав. Уран барималчийнх нь нэрийг хэлсэн боловч юу хэлж байгааг нь ойлгосонгүй. Нөхөр нь энэ толгойг Италиас авч ирсэн, үүгээр Итали, Орос танхимынх нь хооронд бүхэл бүтэл дипломат харилцаа үүссэн гээд л ярив. Тэгснээ өнөөх хатагтай “Юу гэж? Эсвэл танд энэ таалагдсан юм уу? Гэхдээ та ямар сонин мэдрэмжтэй юм бэ. Чих нь байрандаа биш, хамар нь зөв бус...” гээд л урсгаж гарав.
Би тэндээс яг л хүүхэд шиг гүйн гарлаа. Энэ бол зөвхөн төстэй биш, зүгээр л хөрөг, бүр түүнээс ч илүү, гантигаар амьдралыг дахин бүтээсэн зүйл юм аа. XV зууны уран барималч ямар гайхамшгаар миний мэдэх тэрхүү хамгийн жижиг, муруйдуухан суусан чих, бага зэргийн сөлөрдүүхэн нүд, тэгш бус хамар, урт, хэлтийдүүхэн духыг урлаж, түүгээрээ хамгийн сайхан, хамгийн дур булаам эмэгтэйн дүр төрхийг гаргасан байж болохыг хэлээд өгөөч? Ямар гайхамшгаар ав адилхан хоёр эмэгтэй нэг нь XV зуунд, нөгөө нь өнөө үед амьдарсан байж болох вэ? Баримал толгой хийсэн нь Нинатай зүс царайгаараа төдийгүй зан араншин, сэтгэлээрээ ив ижилхэн байгаа нь юуных вэ, би үүнд юунд эргэлзэхгүй байгаа юм бол?
Энэ өдөр миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм. Би өнгөрсөнд бузар булай явснаа ч, өөрийнхөө уналтын гүн гүнзгий шалтгааныг ч ойлгосон. Нина бол хувь заяа надад илгээсэн сахиусан тэнгэр байсныг, түүнийг нь би мэдэлгүй алдсанаа ч ойлгосон. Өнгөрснийг буцааж болох биш дээ. Гэвч би Нинагийн тухай дурсамжуудаа хагарсан үнэт ваарны хэлтэрхий бүрийг түүхтэй адил шуналтайяа цуглуулж эхэлсэн. Тэдгээр дурсамж ямар цөөхөн байсан гээч! Би яаж ч хичээгээд бүтэн болгож чадахгүй байв. Бүх зүйл хэлтэрхий, тасархай. Харин би сэтгэлээсээ ямар нэгэн шинэ зүйл олох тоолондоо ямар их баярлаж байсан гээч! Би бодож, дурссаар цаг хугацааг өнгөрөөдөг болов. Хүмүүс намайг дооглож байсан ч би аз жаргалтай байлаа. Хэдий би хөгширч, амьдралыг шинээр эхлүүлэхэд оройтсон ч гэлээ сэтгэлээ өнгөрсөн бодол, хүмүүст хорсох сэтгэл, бүтээгч эзэндээ дургүйцэх зэргээс чөлөөлж чадаж байв. Нинагийн тухай дурсамжаараа би өөрийгөө цэвэрлэх аргыг олсон юм.
Би тэрхүү баримлыг дахин харахыг маш их хүсч байлаа. Ингээд гантиг толгойг харахыг хичээн байшингийн ойролцоо бүтэн оройжин хөлхсөн боловч даанч баримал цонхноос хол юм. Бүр шөнө болгон байшингийн өмнө хүлээн зогсдог боллоо. Ингэж явсаар тэр байшинд амьдардаг бүх хүн, өрөөнүүдийн байршлыг нь мэддэг болж, зарцтай нь ч танилцаж амжлаа. Зун болж, эзэд нь зусландаа гарсан юм. Энэ үед би аль хэдийн өөрийн хүсэлтэйгээ тэмцэж чадахгүй болсон байв. Гантиг Нинаг дахиад ганц л харчихвал бүх зүйлийг дуустал нь саначих юм шиг санагдсан хэрэг. Энэ бол миний хувьд сүүлчийн жаргал, цэнгэл минь байв. Ингээд л би шийдэн хөдөлж, түүнээсээ болоод шүүгдээд сууж байна. Би юу хийж чадаагүй гээч. Намайг үүдний өрөөнөөс л барьж авсан даа. Шүүхээр намайг слесарийн дүрээр өрөөнд орж ирсэн, гэрийн ойролцоо байхыг нэг бус удаа харсан гэж тогтоосон юм даа... Би гуйлгачин нэгэн, бас цоожийг нь эвдсэн хүн... Ерөнхийдөө энэ түүх ингэсгээд дууссан, өршөөлт ноён минь!
-Гэхдээ бид давж заалдаж болно шүү дээ. Таныг буруугүй л гэнэ хэмээн намайг хэлтэл
-Яах гэж? хэмээн өвгөн уурсав. –Миний ял эдэлж байгаа нь хэнийг ч уй гунигт автуулаагүй, хэний ч нэр төрийг гутаагаагүй шүү дээ. Тэгээд ч Нинагийн тухай хоноглох байранд ч бодсон, шоронд ч бодсон ялгаагүй биш үү?
Би юу гэж хариулахаа мэдэхгүй байтал өвгөн гэнэт над руу гал цог нь буурсан жигтэй нүдээр ширтсэнээ ийн шивнэв:
-Нэг л зүйл намайг зовоодог. Нина гэдэг эмэгтэй хэзээ ч байгаагүй, миний тэнэг ухаан архинд мансуурсандаа болоод тэр гантиг толгойг хараад л ийм хайрын түүх зохиож бодсон бол яах вэ?