Үр дүнд бус үйл явцад төвлөрөхүй...
2023-10-30 Podcast нэвтрүүлэг 542

Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт Шведийн нэрт найруулагч Ингмар Бергманы "Миний амьдрал кино хальсанд" номын тухай орчуулагч Нармандахын Өнөржаргалтай ярилцлаа.

Хүний сэтгэлийг тэнгис далай юм гэвэл дурсамжийг нь чулуутай зүйрлэж болом. Ус руу чулуу шидэхэд цалгилан долгилж мяралзаад, эргээд тогтуун болдог доо. Шведийн нэрт кино найруулагч Ингмар Бергман найруулагчийн замнал хийгээд амьдралынхаа түүхийг уудалсан энэхүү номоо бичихийн тулд бүтэн хоёр жилийн турш сэтгэлийнхээ тэнгис рүү дурсамжийн чулууг эгээ л уургаа хаях загасчин мэт уйгагүй шидэж, баялаг, өрнүүн атлаа басхүү уйтай, тун ч үзэсгэлэнтэй долгисыг бүтээн бидэнд харуулжээ.

Бүх цаг үеийн хамгийн агуу найруулагчдын нэгэнд зүй ёсоор тооцогддог эл эрхэм цаг ямагт агуу байгаагүй гэдгээ чин шударгаар хүлээн зөвшөөрч, өөрийн доторх турьгүй бяцхан хүү, өтөл өвгөн, сахиусан тэнгэрүүд хийгээд ад зэтгэрүүдээ ч нуулгүй илчлэн хүүрнэснийг энэхүү номоос та унших болно.

Уран бүтээлч хүнд үр дүн бус, үйл явц хамгаас чухал аж. Эдүгээ бидний гүн гүнзгий танилцах эл найруулагч киноныхоо дүрүүдэд баяр жаргал, уй гуниг, цөхрөл шаналал, хөөр догдлол гээд дотоод ертөнцийнхөө бүхий л тусгалыг юүлэн харуулж чаддагаараа эрхгүй ялгардаг билээ. Тэрээр үзэгчдийн бэлхнээ таашаан буй үр дүнд хэнийх нь ч тааварлаж мэдэхгүй ямар нарийн үйл явцаар дамжин хүрдгийг зураглан үзүүлэхдээ оюун санааны давчуу орон зайгаас хальж, сэтгэлээс сэтгэл рүү эгээ л ус мөрөн лугаа адил цутгах энгүүн агаад хүчирхэг “хэлээр” хүүрнэсэн нь эдүгээ таны өмнө дэлгээтэй буй энэ ном билээ.

 Н.Өнөржаргал

Түр хүлээнэ үү...
Top