Мө.Батбаяр: "БОЛОВСРОЛЫН ТУХАЙ БОДРОЛ" РАДИО ТЭМДЭГЛЭЛ
2023-07-24 Podcast нэвтрүүлэг 867

Тагтаа хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионтой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын радио тэмдэглэлийг хүргэж байна.  Тэрээр “Монгол гэр” соёлын сайн дурын байгууллагын урилгаар Европын орнуудаар аялан, монгол уншигчидтайгаа уулзаад ирсэн билээ.

Энд сурч буй нэг охин надад нэг ийм түүх ярьсан юм. Анх аав ижийгээ ууган эгчийнхийгээ бараадуулж орхиод хашаа, байшинг нь зарж хаалттай дансанд байршуулах учиртай 11000 евротой болоод ийш ирж. 11000 евро бол нэг жилийн хугацаанд түүний амьжиргаанд зарцуулагдах мөнгө. Арван хоёр сардаа хуваагаад сар бүр 800 евро түүний дансанд орж ирсээр дараа жилтэй залгах учиртай. Эхний жил дуусахад ахиад өнөөх хаалттай дансандаа 11000 еврогоо байршуулж баймаажин сургалтын виз сунгагдаж ахин нэг жил эндээ үлдэх эрхтэй болно. Чи дараагийн жилийнхийгээ тэгээд яаж болгосон юм бэ гэж намайг асуухад "Эхний жил байршуулсан мөнгөнөөс сар бүр надад олгох 800-гаа гар хүрэхгүй хойш хурааж байгаад л дараа жил нь буцаагаад хийчихдэг юм. Эцэг эхээ хэдий том охин нь ч гэлээ айлын хаяанд үлдээгээд гал голомтыг нь зараад ирсэн надад үүнээс хойш зарах гал голомт ч үлдээгүй шүү гэж өөртөө байн байн сануулдаг байлаа. 'Удахгүй гурвуулаа эргээд бүүр гоё хашаа байшинтай болно оо' гэхэд хөөрхий ижий минь 'За тэр яах вээ миний охин л болж байвал' гээд нулимсаа арчиж байсан" гээд тэр зангирлаа. Сарын амьжиргааны зардал болох 800 евродоо ам хүрэх эрхгүй хойно хичээлийнхээ хажуугаар ажиллах, ажиллах ажиллахдаа бүр хоёр ажил зэрэг хийдэг тухайгаа, асрагч, цэвэрлэгээ, дэлгүүр, буудал, кофе шоп гээд очоогүй газар байхгүй гэдгээ ч өчив. "11000 мянган еврогоо үрээгүй яваа болохоор манай гал голомт байсаар байгаа шүү дээ. Монголд амьдрах байсан хашаа байшиндаа би энд амьдарч явна гэж боддохоор тайтгардаг. Яагаад гэвэл намайг энд байх эрхийг олгож байгаа зүйл бол манай хашаа, байшингийн энэ мөнгө. Хашаа байшингаа зараад олсон мөнгө гэдэг хашаа байшин мөн биз дээ?" гэж тэр надаас асуув. Би бушуухан мөн байлгүй яахав, мөнгөний нэг зэвүүн чанар чинь наадах чинь шүү дээ гэлээ.

Түр хүлээнэ үү...
Top