ХЕРБЕРТ УЭЛЛС: СОХРЫН ОРОН
2023-05-30 Podcast нэвтрүүлэг 1496

Тагтаа хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш, яруу найрагч, зохиолч, судлаач Ядамсүрэнгийн Баяраа оролцож, Английн нэрт зохиолч Херберт Уэллсийн "Сохрын орон" өгүүллэгийг уншлаа. 

Уран сэтгэмжит зохиолын Шекспир гэгддэг эл зохиолчийг бид  "Үл үзэгдэгч хүн", "Цаг хугацааны машин" зэрэг  номуудаар нь мэдэх билээ. Энд уншигдах "Сохрын орон" өгүүллэгийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, орчуулагч Намбарын Энхбаяр дуун хөрвүүлжээ.  

"...Нунес үзэсгэлэнт сэрүүн цэцэг ургасан бөглүүхэн нугад очиж хоёр нүдээ тахил болгон өргөх цаг ирэхийг тэнд хүлээе гэж боджээ. Гэвч замдаа санаандгүй дээшээ харвал сахиусан тэнгэр лүгээ адил тал тал тийшээ алтан туяа цацраан өглөө авхай тэртээ өндрөөс тал нутаг руу уруудан айсуй. Энэ гайхамшигт сүр жавхлангийн өмнө түүний бие, хөндийн Сохрын орон, хайр дурлал нь цугаараа өчүүхэн нүгэл мэт санагджээ. Хажуу тийшээ эргэнэ гэж санаж байсан боловч хаашаа ч эргэсэнгүй шууд явсаар энэ нутгийг хүрээлсэн хадан хаалгаар гарч хад чулуу бүхий уул өөд мацаж, тэртээ өндөрт нарны гэрэлд гялалзаж байсан мөсөн оргилоос харц салгахгүй байлаа. Тэр бүхний хэмжээ хязгааргүй гоо үзэсгэлэнг бишрэн харж хүссэн хүсээгүй санаа сэтгэл нь уулсын дээгүүр даван нисэж, саяхан хүртэл бараг бүрмөсөн мартагдаад байсан ертөнц рүү учиргүй тэмүүлнэ. Нэгэн цагт амьдарч байсан, хожим түүнээс хүслээрээ бус харгис оногдсон хувь тавилангаар хагацсан аугаа их эрх чөлөөт ертөнцөө дурсан санаж, уулсын цаадах уулс болон хүний сэтгэлийг оргилуулсан мянга мянган, түм түмэн гоо үзэсгэлэнтэй, нарны гэрэлд сүр жавхлантай, шөнийн цагт хүний сэтгэлийг татах нууцыг агуулсан, хаашаа л харна сэтгэл баясгасан орд харш, сэрүү татуулсан усан оргилууртай, уран гоё барималтай, нүд гялбам цагаан байшин барилгатай, хаанаас ч гэсэн ойрхон санагддаг Богота хот бүхий ертөнцдөө дахин эргээд очсон юм шиг нүдэнд нь тодоос тод дүрслэгдэв. Хүн бүхэн өдрийн турш энэ уулсын бартаанаас айлгүй явбал хөл хөдөлгөөн ихтэй Богота хот нэлээн дөхөж очно доо гэж бодов. Тэгээд аугаа Богота хотоос завиар гарч өргөн уудам ертөнцийг зорин олон хоногийн турш аялбал замдаа жижиг хот тосгод, өтгөн ой, өргөн говь, цөл нутгийг гэтэлж, цааш бүр олон хоногоор аяллаа үргэлжлүүлбэл явсаар байгаад голын хоёр эрэг холдож, гол өргөсөн тэлээд олон арван усан онгоц үзэгддэг болж, эцсийн эцэст мянга мянган аралтай аугаа эх дэлхийг тойрон эцэж цуцахыг мэдэхгүй зогсоо зайгүй явж байдаг, эрэг дээрээс тэртээ алсад бүдэг бадаг харагддаг усан онгоцнууд бүхий зах хязгааргүй далайд хүрнэ гэдгээ бодов. Тэгвэл тэр хүн эндхийн таваг шиг бяцхан тэнгэрийн оронд гүн хөх өнгөтэй ёроолгүй тэнгэр, мөн түүнд хөвөн сэлж буй од мичидийг үзнэ дээ. Тэрбээр тал талаас нь хүрээлсэн уулсаар бүтээсэн хөшгийг сайтар ажин ширтэв. Тухайлбал хүн ингэж явсаар байгаад тэр хана өөд өгсөж, тэр харагдаж байгаа хадан хясаанд хүртэл их амыг даган уулын оройд хүртэл эгнэн ургасан нарс модонд очиж чадах байлаа. Тэгээд дараа нь яах вэ? Цаана нь харагдах эгц энгэр өөд мацсаар орой дээр нь гарч болох юм шиг байна. Дараа нь уулын цаст оргилын дээр бий эгц хадан энгэр  өөд авирч болох юм. Хэрэв тэнд харагдаж байгаа эгц хадыг давж чадахгүй гэж бодвол зүүн талд нь байгаа өндөр хад руу авирч, орой дээр нь гарч болмоор санагдана. Тэгээд дараа нь яах вэ? Нэгэнт тэнд хүрсэн цагт нарны туяанд хув мэт шаргалтан гялалзаж буй цаст оргилд гарч, хүний хөл хүрээгүй сүрлэг сайхан уулсын хамгийн дээд оргилд нь тун дөхөж очно доо.

Нунес тосгон руу эргэж харснаа баруун тийш харж, анхааран ширтэж гарлаа. Медина Саротегийн тухай бодов. Одоо бүсгүй сэтгэлд нь алслагдаж, бүдэг бадаг дурсгал болжээ. Өөдөөс нь уруудан айсуй өглөөг угтан эгц уул өөд эргэснээ яаралгүйхэн мацаж эхлэв. Тэрбээр нар жаргах үед нэлээн өндөрт гарчхаад амсхийж суулаа. Энэнээс өндөрт ч гарч болох л байжээ. Гэвч одоо ч гэсэн чамлахааргүй өндөрт гарсан байлаа. Хувцас хунар нь урагдаж, хөл гар нь энд тэндээ шалбарч, цус шүүрэн гоожиж, мөн бие нь олон газар хөхөрсөн боловч огт зовж зүдэрсэн шинжгүй хэвтэх бөгөөд нүүрэнд нь инээмсэглэл тодорч байв. Одоо өөрийнх нь амарч байсан газраас сохорчуудын суудаг тал нутаг бүтэн бээрийн тэртээ хол оршиж буй жирийн нэг нүх мэт санагдана."

Түр хүлээнэ үү...
Top