Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн явуулдаг "Үлдэх үг" утга зохиолын подкаст маань МҮОНРТ-ын P3 богино долгионы радиотой хамтран зочинтой ярилцлагын дугааруудаа сонсогчид, уншигчиддаа хүргэж эхэллээ. Энэ дугаартаа бид УИХ-ын гишүүн асан, физикийн шинжлэх ухааны доктор Агваанлувсангийн Ундрааг урилаа. Бид зочноо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, олон нийтэд хэдий нь танигдсан улс төрч гэдгээс арай өөр өнцгөөс нээн ярилцахыг хичээв. А.Ундраа бол уран зохиолын өндөр боловсролтой уншигч, урлагийн нарийн мэдрэмжтэй хэрэглэгч, дэмжигч гэдгийг цөөн хүн мэдэх биз ээ. Тиймийн тул бид түүнтэй уншихуй хийгээд бүтээхүйн тухай дэлгэр хууч дэлгэж, шимтдэг ном, шилж уншдаг зохиолчдыг нь тухайлан сонирхлоо. Яруу найраг мэдэрдэггүй хуульчид бүү итгэ гэж үг бий. Яриа минь танд сонирхолтой байх болтугай.