Аливаа зохиолчийн бичлэгийн арга барил, уншихгүй өнгөрөөж ч болох дотоод сэтгэлийн үгс, өөрт үл ойлгогдох ертөнцтэй зөрчилдөх замбараагүй хүсэл, азаар түүнийгээ хориглож чадах сэтгэлийн их уужим дэвсэг багтсан тийм ном уншигчийн өмнө цэлийтэл хуудсаа нээхэд гэрэл гэгээ, харанхуй аль алийг нь цэх сөрөн алхаад орчих шиг сайхан нь уншигч хүнд үгүй.
“Орой намрын хөдөө. Олон шарга адуу дэргүүлэн ирэх шиг хонгор бараатай. Тэр бараа тээр хол тэнгэрийн хаяанаас, тээр гүн өвсний үндсээс шаргалтан шаргалтсаар наашлан наашилсаар ирж намрын хөдөө нагал шаргал өнгөнд умбах нь улаан ангир галууд усанд шумбах шиг ээ”. |“Намрын гань” 7-р тал|
Намар мэндэлсэн уг ном намрын тухай ийм зураглалаар эхэлж байна. Өвс үндсэндээ ногоорон буйг мэдэхгүй. Ямартаа ч түрүүгээсээ эхэлж ганддаг нь үнэн. Толгойн түрүүч нь гандаж онгосон өвснүүд намар үдшийн зөөлөн салхинд дохилзох нь үнэхээр л шарга зүсмийн олон адууны зоо хондлой үзэгдэх шиг болно. Тэр зургийг намрын улиралд ширтэж суугаа хүн “хонгор бараатай” гэжээ. Үнэхээр өөр ямар зүсийг намрын хөдөөд оноож дөнгөхсөн билээ гэж бодогдоно. Өвс бөхөлзөхөөс өөр аниргүй онгосон шаргал намрын тал тийм л зүстэй байх болов уу.
Энд би зөвхөн эхлэлээс нь тасалж аваад өгүүлэхэд л олон олон өгүүлбэр утга санаагаа бүрэн ойлгуулах юм бодол төрж байна. Тиймээс энэ мэтчилэн “нээрээ л тиймсэн дээ” хэмээн уулга алдмаар, учирлаж хэлсэн эхийн үгийн санагдуулмаар, бага насны дурсамжуудыг нүдний тань өмнө босгоод зогсоочихсон баймаар зураглалууд үсэг холбож үг урласан, үг урлаж өгүүлбэрээр бүтээсэн “Чамд хүсэх зуны орой”, “Буугаад, бороо өнгөрөөгөөд мордоорой” зэрэг найруулалд бий.
Нийтлэлч, яруу найрагч Б.Алтанхуяг "Хөндүүр хэмээх цасны дуу" нийтлэлээс