Амарбаатарын Урантогос хэмээх энэ эрэмгий, гоо шүлэгчийн тухай илүү үг нурших юун. Түүний гэгэлгэн-хүчтэй, ялдам-эрэмгий, энхрий-тэрслүү, этгээд-гоо шүлгүүд шинэ үеийн яруу найргийн үгүйсгэшгүй содон өнгө төрх, том орон зай болж байдаг билээ. Урантогос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Олон Улсын Харилцааны мэргэжлээр төгссөн. Өдгөө БНХАУ-д эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг горилохоор суралцаж байна. Яруу найргийн “Өдөр бүхний элегия” (2010), “Гуравдугаар сарын байшин” (2013), “Эрсийн зуун” (2017) түүврүүд хэвлүүлсэн.
Алсаас дуулж, ойроос төөнөж, дандаа дүрэлзэн шатавч үнс нурам нь нойтон байдаг цайлган, уйлган, цангинасан гоо найрагчийг дуу хоолойгоор нь та бүхэнтэй уулзуулж буйдаа "Үлдэх үг" баяртай байна.
***
Хайрт минь яв даа яв
Хачин учрал жигтэй төгсдөг
Бяцхан цэцэг уйлдаггүй
Би ч гэсэн нулимсгүй
Өрцөн доторхи шувуу чинь
Үүрд чамайг хамгаална
Турьхан амиа чамд өгөх
Түүний нэр Тогосоо.
"Яруу найраг"
Яруу найраг бол маш халуун тамлалт, бүр бодсоноос ч хэрцгий санагдах
Адгуу таашаалтай урвуулсан зүрх сэтгэлийн ариун явдал
Тэртээ дээр цөлөгдсөн оддыг санаад л ганцаардахад
Тэмчих гарынх нь үзүүр духанд минь хүрсэнийг хараач!
Гэхдээ.. энэ бол, энэ хашилтан доторх яруу найраг гэдэг бол
Хааяа бодогдоод замхрах зүүд, мухар зөн мэт
Хаалгыг минь хүлээлгэх тэр эрийн харц мэт
Нүдэн дотор орчихоод тархи судас тэмтэчдэг
Нөгөө л амьдралд байх бидний таних ахуй
Гэхдээ... энэ яруу найраг
Гэрлийн шил аль эсвэл болор хундагатай адилхан
Энгийн үнэнийг олоход гадаад төрх нь дайсагнадаг
Ээжийг минь ээж болгосон цаг хугацааны заль юм
Гэхдээ... гэгээн сайхан эсвэл гүн гүнзгий дороос
Гэтлэж үл таних хэн ч биш нэгэн
Энэ бүхнийг бодож, миний гараар хийлгэчихээд
Эцэс сүүлд нь элгээ хөштөл инээж байх мэт санагддаг
Эмгэнэл юм, яруу найраг.
"Эрсийн зуун"
Нэг нэг шөнө гох ээлжгүй дарсаар
Надаар тэд ийн хүлээн зөвшөөрүүлж
дөнгөв
Эрсийн зуунд толгой өндийж, хүзүү тэнийх сайхан байна
Эрсийн тухай ярихад эмс шуугих хэрэггүй
Чанга дуу хэрэггүй тэд босож мэднэ
Азаар бид олуулаа тэдэнд чөлөө өгөхгүй
Эрсийн зуунд тэд хундага мэт дүүрэн байг!
Ээж минь өршөө, тэд биднийг үүсгэсэн
Жаргах нар мэт дундуур, яг тийм бүлээн
Жаргалын тухай дуулахуй энэ мэт эрчүүд
Хоригдсон сар мэт эрчүүд, хавирган сар мэт эрчүүд
Хэтэрхий олон эрчүүдээр зүрх хахаж
байхуй
Сум мэт, салхи мэт, сорви мэт эрчүүд
Шархдаж, дуулж, шатаж амьдрах минь аргагүй
Дүрс мэт, дүүгүүр мэт, далавч мэт эрчүүд
Дурлаж, уйлж, дутаж явах минь гарцаагүй
Эрсийн зуун гэдэг алдагдах цаг хугацаа
Эцэст нь тэдний хэн нь ч эр биеийн нууцгүй
Эрс бол үлгэр, бэлэг тэмдэгийн шинжтэй
Эрсийн зуун үнэндээ эмсийн гараар бичигдэнэ
Ээ гэлээ ч, гэгээн бурханы төлөө
Эмэгтэй хүн бүрийн ариун шөнийн төлөө
Эрсийн зуунд толгой өндийж, хүзүү тэнийх сайхан байна
Эрсийн зуунд өтлөх эмэгтэй байхад л хангалттай.
***
Хацрын чинь дүүрэн
жаргалыг минь хэмжинэ,
үр минь
Хэн хэндээ чи бидэн
үйлийн үрийн бурхад
Харцны гэгээ, хамрын сүүдэр
төдийхөн
Хаа эрт эдгэж орхисон
шаналлуудыг сануулна
Өнгөрсөнд бурхад байдаггүй,
тэд ч туучиж орхисон
Өндийх тоолонд сэрвэлзэх
өө өрөвдөм зөнт минь,
Ээж нь ч нэгэн цагт
туйлдсан сахиусан тэнгэр
Энд ирсэнээ мэдэхгүй
тэнгэрийн харъяат байлаа
Гэвч, одоо тэр бүхэн
гэгээн зүүд төдий
Халуун цуснаас амилсан
эгшиний дэргэд
Хэлж үл болох, үг ч үл тэнцэх
чиний дэргэд
Ээж нь ээж хэвээр
амьд үлдэж чадна,
Амьд үлдэхэд хэрэгтэй бүхэн
амьсгалд чинь бий,
Чиний үнэр шиг сайхан зүйлийг
яруу найраг ч өгүүлэхгүй
Хувь тавилангийн жихүүн өвөл
хүйтэн гартаа мэс атгахад
Энгэртээ намайг тэвэрсэн
энэрэл буян чи,
Эхийнхээ үл таних, үл ухаарах
эгээрч үл болох
тийм ариун зүйл.
2018.02.02