ҮЛДЭХ ҮГ ПОДКАСТ I Мө.Батбаяр: Хүсэл мартагдсан хойноо биелэх шиг...
2019-12-24 Podcast нэвтрүүлэг 4625

Шинэхэн цасны хялмаа Улаанбаатарын гудмаас тэртээ баруун алтайн сарьдаг уулсын оройд хүртэл гялбалзсан уудам Монголын мөнгөн өвлийн жаврыг бидэн үгийн дулаанаар ээж, шүлгийн айзмаар хөглөхөөр энэ удаагийнхаа "Үлдэх үг"-ийг бэлтгээд байна. Подкастад маань "Өртөөн дээр хэлэгдсэн үгс" нэрт шинэхэн түүврээ хэвлүүлээд удаагүй буй, яруу найрагч, орчуулагч Мөнхцолын Батбаяр уригдлаа. Шинэхэн түүврээсээ онцолж арван шүлгээ аванхайлсан энэ удаагийн дугаар тантай үгсийн яруу, утгын гүнээр ханьсаж, голын жаврыг уярааж, уулын нөмрийг хуваалцана гэж итгэнэм. Та бүхэн шинэ оноо сайхан угтаарай! 


***

Тээр шовх сарьдагийн наанаас
Тэмээтэй нүүдэл дөшиж байна.
Бууж хөглөрдөггүй зэрлэг манан доогуур
Бөхийсхийгээд нэг хүн орж байна.

Бурантаг дээр нь ертөнцийн ингэн будан налмайхад
Буйланд дадсан ат гунганасхийгээд урагшилж байна.
Тэмдэгрэж байгаа дэлхийтэй татах хүч булаалдан
Тэнгэр өөдөө атнууд зүтгэж байна.

Тэн дотор нь ах, дүү хүүхэд зээр, бугын шагайгаар 
Тэмцэлд хэн нь ялахыг мэргэлэн наадаж байна. 
Буцаж харах эрхгүй тэмээдийн нүд бүлтэлзээд байхаар
Буурал наран сөргөн мандаж зүрхлэхгүй байна.

Дэлхийн төв, ертөнцийн шуугианаас хамгийн зайдуу газарт ирэхэд
Дээлтэй хүн ачаагаа тэгшилж, чөрхлөөгөө бөхөлж  гаансаа нэрж байна. 
Огторгуйн цээлд хүрдлэн  яваа тоонын чагтагаар
Олон цувааны эхнийхийг бурантагласан байна.

Сүүлчийн нүүдэлчдийн бараа уулын оргил дээрээс
Сүмийн оройгоос гялбах алтраа шиг тасран одох гэж байна.
Зүүд хүртэл давтагддаг ядмагхан хорвоогоос
Зүйлийн устал мэт нүүдэлчид холдож байна.
Хоцросхийн дагасан нохос үе үехэн
Хойшоо харан улин хуцаж байна.  

Уулын оргилоос хоёр талруугаа уйлж өнхөрсөн чулуудыг 
Уулзуулахаар ачаад хөдөлсөн энэ нүүдлийг,
Цаст ар луу нь тэх гулдаж, ишиг тоглосон энэ уулын 
Зурвасхан балархай жим барьж хөдөлсөн энэ нүүдлийг,
Тэн дотор анган цанган яваа хоёр хүү
Тэнгэрээс цас аван үмхэж байгаа энэ нүүдлийг,
Уруугаа ташихгүй, хажуулан хэрэхгүй  явсаар
Уулнаасаа өндөр болж буй энэ нүүдлийг,
Хөлөөр нь өнхөрсөн чулуу тэртээ доор 
Хавцлын булгийг тас цохин тогтож буй энэ нүүдлийг,
Өөрсдөө тэр хад чулуу шигээ 
Өнхөрч хэрхэвч болохгүй энэ нүүдлийг,
Бөхөнд нь зүүгээтэй айраг эсэж, хуурын хөг тэгширсэн
Бүх Монголыг ачаалсан энэ нүүдлийг
Ижий минь дагаж
Эцэг минь бараадаж яваа юм. 
Магнайн атны хоргол сүүлчийн тэмээн дээр унадаг 
Манай ачаалсан тэмээдээс бөмбөрцөг ч тасраад унаж байгаа юм.

***

Би 
цонхоор ширтэнгээ, тамхи татангаа, кофе ууж байна. 
Тамхи татангаа, ширтэж байгаа цонхоороо, ууж байгаа аягатай кофегоо хаялаа гэхэд
хямдхан шаазан хагарч, хэсэгхэн кофе цемент пялтаж,
өдөр гарахдаа би аяга худалдаж авах хэрэгтэй болно, өөр яах ч үгүй.  

Хүний оршихуй үүнээс болж, хүндэт титмээ унагана гэж юу яахав,
бидний үхэл ч гэлээ алдхан газар цусдах, 
халаглал төдийхний л үнэтэй билээ. 
Угтаа үхэгсдийн төлөөнөө ч бус цусдуулж бузарлагдсан
чулуун замд харамсан шогширч байдаг юм.

Тийм учраас би аяга шидсэнгүй, тамхиа унтрааж,
цонхоо хаагаад үүнийг бичиж эхэлсэн юм. 
Амьдрал минь ядаж
чамтай уулзахдаа өмсөхөөр хадгалж буй шинэ цамц шиг,
чамтай уулзахаасаа өмнө засуулах гэж буй хур үс шиг
алив нэгэн зүйлд зориулагдан бэлтгэгдэж байгаасай хэмээн хүссэн юм. 

Товчхондоо би зүгээр л анхны уулзалтандаа зориулж авсан энэ цамц шиг
өөрт чинь зориулагдсан  ямархан нэгэн зүйл
болмоор байгаа юм. 

Ийм л учраас 
цонхон талын суудалд шигдээд залуус нь 
цүнхнээсээ шүлгийн ном гаргаж хэзээ ч уншдаггүй энэ хотод
цогшуу сэтгэлтэн, уй харцтан, чиний шүтлэгтэн би
цаг хугацаа, залуу нас, хувь заяагаа
хүсэл мөрөөдлөөрөө дуртайяа арилжиж яваа юм.

Түр хүлээнэ үү...
Top